Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Ц.ЭЛБЭГДОРЖ

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг  

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ (Монгол Улсын Ерөнхийлөгч)

"Шинэ Ерөнхийлөгч"

Ерөнхийлөгчийнхөө хэрхэн ажилладгийг мэдэх хүсэл надад заримдаа төрдөг юм. “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагыг хийж, амжилттай яваа манлайлагчдын ажлын арга барилыг залуу үеийнхэндээ хүргэдэгтээ ч тэр биш, зүгээр л түүнээс суралцах зүйл их гэдэг нь дэндүү тодорхой учраас. Ерөнхийлөгчийг харлуулдаг бүхнийг түр цаашаа тавиад бодоход л тэр бөмбөрцгийн лидерүүдтэй эн зэрэгцэн, дэлхийн тавцанд дуу хоолойгоо хүргэж, гадныхны анхаарлыг эх орондоо татаж чаддаг. Товчхондоо, олон улсад эх орныг маань түүн шиг сайн төлөөлдөг лидер бидэнд байсангүй.

Өнгөрсөн гуравдугаар сард Прага хотноо Ази, Европын сангаас зохион байгуулсан залуучуудын форумд оролцохдоо би дээрхийг өөрийн биеэр мэдэрсэн юм. Сангийн тэргүүн, Прагийн их сургуулийн ректор нар Монголд болох АСЕМ-ийн уулзалтыг өөдрөг сэтгэгдэлтэйгээр хүлээж байгаагаа дуулгаж, монголчуудын зан заншил, соёл, хэв маягийн талаар сонирхож байсан нь таатай байв. Монгол наадмын дэвжээнээ Ази, Европын лидерүүдийг зэрэгцүүлж суулгаад ажлаа амжуулж, асуудлаа хэлэлцүүлэх завшаан тийм ч олон үндэстэнд тохиолдохгүй л байх. 

Нийгмийн амьдрал ороо бусгаа, энд тэнд асуудлаар дүүрэн байгаа улсад энэ их ачааллыг дааж, хариуцлагатай чухал шийдвэрүүдийг гаргангаа иргэдтэйгээ ойр байж, санал бодлыг нь мэдэрнэ гэдэг амаргүй. Энэ тал дээр Ерөнхийлөгчийг мундаг мэдрэмжтэй, сошиал ертөнцөд идэвхтэй байж, хамгийн анхаарал татаж буй “улс төрийн биш уйтгартай” сэдвүүдийг ч алдалгүй барьж авч чаддаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Урьд урьдын төрийн тэргүүд, түшээд дундаас бидэнтэй түүнээс илүү нээлттэй, ойр байсан нь бараг үгүй. 

Гэхдээ Ерөнхийлөгчийн үүрэг гадаад бодлого амжилттай хэрэгжүүлэх, цаг үеийн асуудалд мэдрэмжтэй байхаас хавьгүй өргөн. Хэдийгээр гүйцэтгэх засаглалын хүн биш боловч иргэдийнхээ сэтгэл зүйг удирдах, нийгмийн томоохон асуудлуудыг шийдэхэд хамгийн хүчтэй нөлөөг үзүүлэх боломжтой. Манай үеийнхний хувьд өмнөх үеийнхнээс хавьгүй сайн мэдээлэлтэй, зөвийг дэмжин бурууг жигшин өсөж өндийж байгаа гэж итгэдэг. Потенциал сайтай хэдий ч бэрхшээл ихтэй байгаа улсыг маань илүү зоригтой, илүү шударга, туйлширдаггүй, иргэдийг талцуулдаггүй улстөрчид удирдаасай гэж хүсдэг. Бид замналаар нь бахархдаг, түүхээс нь урамшдаг, үйлээр нь тэтгэгддэг лидерүүдийг, үлгэр жишээ бологсдыг эрэлхийлж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ийм байж чадсан уу, ямар өв үлдээсэн бэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Түүчээлэн оролцсон ардчилсан хувьсгалынх нь дараахан төрсөн залуу хүний хувьд одоогоор хэлж чадах зүйл маань гэвэл, тэр сайн Ерөнхийлөгч, гэхдээ үүнээс ч илүү байх боломжтой байсан. Яагаад гэвэл бидний хүлээлт нэн өндөр.

Хөрөг бичсэн А.Ундрал нь “Unread Media”-гийн үүсгэн байгуулагчдын нэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
4 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
4 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
37
20
0
0
0
0
0