Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Д.СУМЪЯА

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг  

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА (Олимпийн мөнгөн медальт жүдоч)

"Олимпийн баатар"

Олимпийн мөнгөн мeдальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа. Тэр бол 25 насандаа Монгол Улсад олимпийн 25 дахь мeдалийг авчирсан, Монголын анхны олимпийн мeдальт эмэгтэй жүдоч. Pиогоос ирснийх нь дараахан, шигшээ багийн нүүрийг Монголд, Монголын нүүрийг дэлхийд тахалсан баатраас ярилцлага авахаар хошуурч байсан хэвлэл мэдээллээс өрсөж түүнтэй уулзах гэж багагүй зүтгэл гаргаж билээ. Үр дүнд нь “Олимпийн мөнгөн мeдальт Д.Сумъяа” гэж дуудуулах болсноос нь хойших анхны ярилцлагыг би авсан юм. 

Түүнтэй уулзаад төрсөн анхны сэтгэгдэл дэлхийн шилдэг жүдоч, олимпийн аварга, “чоно” хочит Японы бөхийг хориодхон секундэд ялж, бидний магнайг хагартал баярлуулан, огшоож, уйлуулсан олимпийн мөнгөн медальт баатар гэхэд итгэмгүй, хүүхдээрээ ч гэж болох бүсгүй байв. Ярилцах тусам тун ухаалаг, хэрсүү, зорилгоо гүнээ ухамсарласан, хүрэх оргилоо тодорхойлсон, өөртөө итгэлтэй, цаанаа л нэг өөр бүсгүй гэдэг нь мэдрэгдэнэ. Багаасаа л ийм охин байж. Аав, ээж нь хүүхдүүддээ гэрийнхээ ажлыг хуваарилж өгдөг бөгөөд Сумъяа хичээлээ тарж ирээд оногдсон ажлаа хийчихээд секцэндээ явах ёстой. Зургаан хүүхэдтэй айлын ууган охин болохоор ихэвчлэн оройн хоол бэлтгэх ажилд томилогдоно. Найман ам бүлийн хоол бэлдэнэ гэдэг жаал охинд бүү хэл ээжүүдэд тийм амар ажил бил үү дээ. Гурил элдлээ гэхэд 6-7 дугуйгаас наашгүй. Цагтаа амжихын тулд нэг дугуй гурилыг нэг минутанд элдэх ёстой гэж өөртөө тушаагаад цаг тавьж, секундийн зүүтэй уралддаг байжээ. Бэлтгэлээсээ хоцорно гэдэг түүний хувьд хүнд асуудал, таслана гэдэг бүр байж болохгүй зүйл.

2000-аад оны эхэн үе, тэгээд хөдөөнөөс орж ирээд бүрэн төвхнөж, байр сууриа олоогүй айлын амьдрал ямар л элбэг хангалуун байв гэж. Спортын төв ордонд анх дагуулж очихдоо аав нь “Миний охин бэлтгэлээ л сайн хийгээрэй. Аав нь охиноо автобусны мөнгөөр таслахгүй ээ” хэмээн амалснаараа 50-ийн ундаа, 80-ын гөөхий, автобусны мөнгө таслахгүйг хичээнэ. Аавынх нь дугуй засварын орлого гэр бүлийнхээ өдрийн хэрэгцээнээс илүү гарахгүй үе таарна. Тийм үед Дөлгөөн нуурын арын хорооллоос Спортын төв ордон руу гүйнэ. Таван дүүтэй, айлын том охины үүрэг хариуцлага ямар ихийг тэр эрт ойлгосон. Аав, ээждээ нэмэр болох гэж зуны амралтаараа зайрмаг зарж, машин угаана. Тэр тухайгаа, “Дөлгөөн нуур, 32-ын тойргийн тэр хавиар явахад алчуураараа даллаад зам дагуу зогсож байдаг хүүхэд олон байсан даа. Тэдний нэг нь би шүү дээ” хэмээн цагаахан инээмсэглэл цацруулан дурссан. Тэр ийм л амьдралаас төрсөн жүдоч.

Ийм энгийн амьдрал, хэн нэгний хувьд анхаарлыг нь татахгүй, сэтгэгдэл төрүүлэхгүй байж болох ч өөр нэгний хувьд онцгой сэтгэгдэл төрүүлэх түүх болж, амьдралыг баялаг, өнгө будаг дүүрэн, сонирхолтой болгодог билээ. XXI зууны, хорин хэдэн настнуудын дунд Сумъяа тун ч баялаг, сонирхолтой амьдралтай бүсгүй.

Тэр тун төлөвлөгөөтэй, цуцашгүй, өөртөө үнэнч нэгэн. Арван хэдэн настайдаа бөхийн секцэнд орсноосоо хойш зуны амралт, хөдөө гадаа зугаалах гэдгийг “мартсан”. Харин энэ намар хүссэн амжилтаа гаргаж, зорилгоо биелүүлсэн хүний хувиар өөртөө долоо хоногийн амралт өгч, өндөр ачаалалтай их бэлтгэлээ түр хойш тавьж, бие болон сэтгэлийн “ачаа”-гаа буулгаж орхиод, өөрийг нь чиглэсэн реакцууд, магтаал сайшаал, уулзалт, хүлээн авалтаас түрхэн холдож, шувуу жиргэж мод шуугихаас өөр чимээгүй буйдхан газар долоо хоног амрах хүслээ биелүүлсэн. Одоо тэр дараа жилийн дэлхийн аваргын бэлтгэлээ хийж байгаа. 

Х.Уянга нь хөрөг, ярилцлагын чиглэлээр дагнан бичдэг. Д.Сумъяатай олимпийн мөнгөн медаль хүртсэнээс нь хойш анхны хөрөг ярилцлага хийсэн нь уншигчдын сэтгэлд хүрсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
15 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
28
29
0
0
0
0
0