Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

"Брексит"-ийн дүн: Шууд

Британичууд Европын холбооноос гарахаар санал өглөө


16.30

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон огцрохоо мэдэгдэв. Тэрбээр ирэх гурван сард албаа хашиж байгаад аравдугаар сард суудлаасаа бууна гэлээ. "Би Их Британийг Европын холбоонд үлдээхийн тулд чадахаараа тэмцсэн" хэмээгээд "Европын холбооноос гарахыг би дэмжихгүй байгаа ч Их Британи бие дааж чадна гэж бодож байна. Нэгэнт шийдвэр гарсан учраас хэрхэн зөв зүйтэйгээр хэрэгжүүлэхээ бодолцох хэрэгтэй. Үүнд би чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулна" гэв. 

 

15.50

Лисбоны гэрээ 50 дугаар заалтын дагуух хэлэлцээ хоёр жил үргэлжлэх заалттай. Гэвч энэ хугацаанд Европын холбооны 27 гишүүний дийлэнх буюу 20 нь хүлээн зөвшөөрөхгүй бол хэлэлцээрийн хугацаа сунгагдана. 

 

15.30

Британичууд шинжээчдийн таамагласанчлан 52/48 хувийн харьцаагаар гарах шийдвэр гаргав. Хагас цагийн дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Даунинг гудамжнаас мэдэгдэл хийнэ. Лондоны хөрөнгийн бирж мөн энэ үеэр нээгдэх тул зах зээлийн өөрчлөлтийг шууд ажиглаж болох нь. 

 

15.00

Брюсселийн цагаар 10.30-д Евро зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Евро комиссын дарга Жан-Клод Юнкер, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте нар уулзаж, Их Британийг хэрхэхийг, Лисбоны гэрээний 50 дугаар заалтаар хэлэлцээ хэзээ эхлүүлэхээ хэлэлцэнэ. 

 

14.40 

Их Британийн хувьд энэ юуг илтгэж байна вэ? 

  • Их Британи Европын холбооноос гарснаар цагаачдын урсгал саарна. 

  • Жил бүр Европын холбооны төсөвт нийлүүлдэг 8.5 тэрбум фунт "гэртээ үлдэнэ". Гэвч Их Британийн газар тариалангийн салбарынхан Холбооноос авдаг 2.4 тэрбум фунтаа алдахаас гадна Вант улсын амьдралын түвшин харьцангуй муу мужуудын хангамжийг Засгийн газраас нь нөхөж чадах, эсэх нь эргэлзээтэй болж байна. 

  • Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээтэй орнуудтай дахин хэлэлцээ хийх шаардлагатай. Сингапур, Канад, БНСУ зэрэг улс үүнд багтана. 

 

14.20

Дэлхийн томоохон хэвлэлүүд Их Британи гарахаар болсныг зарлав. 

Энэ талаарх хамгийн сонирхолтой ковер "New Zealand Herald" сониных байв. 

14.00

Консерватив намыг шүүмжлэгч, "Брексит"-ийг дэмжигч Эндрью Брижен Д.Камерон суудалдаа үлдэх ёстой гэв. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр торичуудад шинэ удирдагч хэрэгтэй, парламентын сонгууль явуулъя гэхчлэн уриалж байсан юм. 

 

13.20

Их Британи Европын холбооноос гарах нь тодорхой болов. "New York Times", BBC тэргүүтэй аваргууд "Брексит"-ийн ялалтыг шийдвэртэй зарласан нь эргэлзээг үгүй хийж байна.

Их Британи "Брексит"-ээс хэр хохирохыг удахгүй тоймлон хүргэнэ. Үргэлжлэл бий.  

 

13.10

Японы "Никкэй" индекс 2011 оны Фукушимагийн газар хөдлөлтөөс хойшх хамгийн доод түвшиндээ хүрэв.  Азийн хөрөнгийн зах зээл савалж эхэлсэн байна. 

 

13.00

Шар-үлдэх, цэнхэр-гарах 

Дийлэнх хэвлэлүүд Их Британи гарахаар боллоо хэмээн бичиж байна. Лондон, Шотландад үлдэх санал үнэмлэхүй байсан бол бусад газарт дийлэнх нь гарах сонирхлоо илэрхийлэв.  

 

 

 

 

 

 

 

 

 

12.40

"Брексит"-ийг дэмжигчид нэг сая орчим саналаар тэргүүлж эхэллээ. Шинжээчдийн олонх нь Их Британи Европын холбооноос гарна гэж таамаглаж байна. Лондоны дүн гарахаар дүр зураг хэр өөрчлөгдөхийг хүлээе. 

"The Guardian"-ий зураг талуудын нөхцөл байдлыг төгс илэрхийлж байна. "Брексит"-ийг дэмжигчдийн дуу чангарч, Тусгаар тогтнолын намын дарга Найжел Фараж тэргүүтэй улстөрчид торичууд руу давшилсан мэдэгдлүүд хийж эхлэв. 

Энэ шуурганд тэсэж үлдэх боломж Д.Камероны хувьд тун ч хязгаарлагдмал болов. Батлан хамгаалахын сайд асан Лиам Фокс Их Британи Европын холбооноос гарахаас үүдэх тогтворгүй байдал дунд улс орноо замчилж чадах хүн бол яах аргагүй Д.Камерон гэх байр суурь илэрхийлжээ. 

 

12.10

52% / 48%

Одоогоор нийт 217 хот, захиргааны нэгжийн саналыг тоолж дуусаад байна. 165 хотынх хүлээгдэж байна гэсэн үг. 

Нийт 382:

Дүн нь гарсан 217. Үүнд: 

Үлдэх: 69 

Гарах: 148

"Брексит"-ийн тал 500 мянган саналаар давамгайлж байна. 

 

12.00

Их Британийн сүүдрийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд Хилари Бэнн "Брексит"-ийг дэмжигчид дийлбэл Д.Камерон ажлаа өгөх ёстой гэж үзэж байна. "Тийм нөхцөлд суудалдаа үлдэх нэн хэцүү" хэмээжээ. 

 

12.00

Уэльсийн 22 хотын 18-ынх нь дүн гарчээ. Ердөө гурав нь Европын холбоонд үлдэхээр санал өгсөн байна. Сүүлийн жилүүдэд Европын холбооноос их хэмжээний санхүүжилт авсан хотууд хүүртэл "Брексит" талд зогсов. 

Харин Умард Ирландын иргэдийн дийлэнх нь үлдэхийг дэмжиж байгааг дүн харууллаа. 

 

11.50

Нэг фунт 1.36 ам.доллартай тэнцэж, фунт стерлингийн ханш зургаан хувиар унасан нь тус валютын түүхэн доод үзүүлэлт болов. Энэ нь тус улсын ITV суваг Их Британи Европын холбооноос гарах магадлал 75 хувь гэж тооцоолсонтой холбоотой аж. 

 

11.30

Их Британи Европын холбооноос гарвал дотоодод нь улс төрийн тогтворгүй байдал үүсэх нь тодорхой. "Брексит"-ээс болж намуудын дунд хагарал үүссэнээс гадна дагалдах хямралаас үүдэн Уэльс, Шотланд тусгаар тогтнохоор тэмцэх магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна.  

Шотландууд Европын холбоонд үлдэхийг дэмжиж буй. 

 

11.10

Америкийн улс төр судлаач Иан Бреммер фэйсбүүк хуудастаа энэ зургийг нийтлээд "Тавьж болохгүй шүү. Аль аль нь өвтгөнө" хэмээжээ. 

 

11.00

Азиас Америк хүртэл дэлхийн удирдагч, бизнесмэнүүд бүх нийтийн санал асуулгыг анхааралтай ажиж буй. АНУ-ын Холбооны нөөцийн банкны дарга Жанет Йеллен "Энэ асуулга дэлхийн эдийн засаг, зах зээлд нөлөөлөх магадлал өндөр" хэмээн онцолсон. Ийм ч учраас бодлогын хүүгээ өсгөхөө түр азнана гэсэн юм. 

"Брексит"-ээс үүдэн олон улсын хөрөнгийн зах зээлд тогтворгүйжиж, ХБНГУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж гарснаасаа хойш анх удаа энэ сарын 14-нд хасах заасан. Үүнээс хоёр өдрийн дараа Швейцарийн бондын өгөөж мөн унасан билээ. Их Британийн Сангийн сайд Алистер Дарлинг "Нөхцөл байдал 2008 оны хямралаас ч хүнд болно" хэмээн таамагласан юм. 

Их Британийн Европын холбооны экспорт, импортод эзлэх хувь маш өндөр. Европын холбоондоо эдийн засгаараа Германы дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг Их Британи ХБНГУ, Испани тэргүүтэй зургаан орны голлох импортлогч учраас "Брексит"-ийг дэмжвэл Холбооны эдийн засгийг шууд унагах таамагтай. 


10.40

50/50

Сүүлд дүн нь гарсан 10 хотын гурав нь үлдэхээр санал өгөв. 298 хотын дүн хүлээгдэж байна. 

 

10.20

Евро зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск Германы “Bild” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Холбооны гишүүн 27 орон тус бүр, Евро парламент бүх нийтийн санал асуулгын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд хамгийн багадаа таван жил шаардагдана. Тэглээ гээд олигтой үр дүн гарахгүй дээ” хэмээсэн. Ингэж хэлээд тэрбээр Европын холбооноос гаргахаар шийдвэл Их Британи долоон жил хүлээлгийн байдалд байна хэмээн анхааруулсан юм. Тийм нөхцөл байдал үүсвэл Их Британийн бараа бүтээгдэхүүнд тавих татвараас эхлээд зорчих нөхцөл хүртэл хэлэлцэх асуудал олон бий.

 

10.10

54% / 46%

Дүн нь сүүлд гарсан 10 хотын ес нь гарахаар санал өгөв. 

 

10.00

Энэ удаагийн санал асуулгаар иргэд Европын холбооноос гарахаар шийдсэн ч Ерөнхий сайд Дэвид Камерон парламентад санал хурааж, үлдээх талд олонхын санал авбал Лисбоны гэрээний Европын холбооноос гарах тухай 50 дугаар заалтын дагуу гишүүнчлэлээ цуцлах хэлэлцээ эхлүүлэхгүй байх боломжтой. Бүх нийтийн санал асуулгын дүнг шууд мөрдөхөөр хуульчлаагүй байдаг учраас тэр. Гэхдээ Д.Камерон иргэдийнхээ саналыг хүндэтгэнэ гэж удаа дараа ам гарсан тул энэ хувилбар биеллээ олохгүй гэж шинжээчид таамаглажээ. Угтаа "Брексит"-ийн эсрэг Д.Камеронд тийм эрх бий. 

 

09.50

53% / 47%

Өөр дөрвөн хотын дүн гарч, хоёр талын харьцаа 53% / 47% болов. 

 

09.30

52% / 48%  

Их Британи Европын холбооноос гарах, эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга өндөрлөж, хотууд дүнгээ зарлаж эхлэв. Одоогийн байдлаар 12 хотын дүн гараад байгаа бөгөөд саналын тоогоор “Брексит” буюу Европын холбооноос гарахыг дэмжсэн тал давамгайлж (52%/48%) байна. Ньюкасл, Оркни, Клакманнаншир, Силлийн арлууд, Шетланд, Данди, Баруун Данбартоншир үлдэхээр санал өгсөн бол Кэттеринг, Свиндон, Броксбурн, Өмнөд Тайнсайд, Сандерландын оршин суугчид гаргах хүсэлтэй гэх дүн гарчээ.

Лондон ба зарим томоохон хотын дүн Лондоны цагаар үүрийн 3-4, Гласгоу, Ливерпул, Манчестерийн дүн таван цагийн үед гарах төлөвтэй. Одоо Лондоны цагаар шөнийн 1.30 минут болж байна. Ирц 70 орчим хувьтай байсан гэж “The Guardian” мэдээлэв.

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
2
1 цагийн өмнө
Гейбл Стивсон олимп ч үгүй, мэргэжлийн бөх ч үгүй боллоо
3
2 цагийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
санал болгох
1
2 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
4 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
21
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.