Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Ц.Мөнхцэцэг: Хиллари Клинтон Ерөнхийлөгч болоогүйн учир шалтгаан

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг бичиж байна.


Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

Сүүлийн жил гаруйн хугацаанд дэлхий дахины анхаарлыг татаж байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль БНН-ын нэр дэвшигч Дональд Трампын ялалтаар өндөрлөв. Трампын ялалт дэлхийн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гайхашруулж эхэллээ. Дональд Трамп ялах нь тодорхой болоод ирмэгц дэлхийн хөрөнгийн биржүүд дэх индексүүд уналтад оров. Лос Анжелос, Нью-Йорк зэрэг Америкийн томоохон хотуудад Трампыг эсэргүүцсэн жагсаал боллоо. Ойрхи Дорнодын улсууд, түүний дотор Сирийн иргэд Доналд Трампын бодлого  бүс нутагт нь олигтой юм авчрахгүй гэж сэтгэл дундуур байна. Ази дахь Хятадын нөлөөг хязгаарлана хэмээж байсан Дональд Трамп сонгогдсоныг Хятадын хэвлэлүүд “Америкийн ардчиллын сул тал” гэж тодорхойлов. 

Тэгвэл АНУ-ын тэргүүн хатагтай, Сенатын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон яагаад Ерөнхийлөгч болж чадаагүй юм бол. Ялагдлын шалтгаан юу байв? 

Сонгогчдын олонх Хилларид саналаа өгсөн боловч Трамп сонгогчдын коллегийн саналаар ялалт байгуулав

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа ч БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп сонгогчийн коллегийн олонхийн санал авч АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдох нь ойлгомжтой болсон. Харин өрсөлдөгч АН-ын нэр дэвшигч Хиллари Клинтон 270 сонгогчийн коллегийн санал авч чадаагүй учраас ялагдав.  

Одоогоор зарим мужид санал тоолох үйл явц үргэлжилсээр байгаа хэдий ч CNN, Лос Анжелос Таймс зэрэг хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Хиллари нийт сонгогчдоос авсан саналаараа Трампаас тэргүүлж байгаа аж. Түүний төлөө 59,755,284 сонгогч саналаа өгсөн нь 47.7 хувь болж байгаа бол Дональд Трампын төлөө 59,535,522 сонгогч саналаа өгсөн нь 47.5 хувь болж байгаа юм.

Ийнхүү иргэдийн өгсөн санал буюу popular vote нь сонгогчдын коллегийн саналтай зөрдгийг америкийн зарим улстөрчид Америкийн ардчиллын “гамшиг” гэж нэрлэдэг билээ. Америкийн түүхэнд энэ явдал хэд хэдэн удаа тохиолдож байсан. Тухайлбал, 2000 оны сонгуульд бага Жорж Буш яг ийм байдлаар ялж байсан юм. Жорж Бушийн өрсөлдөгч Аль Гор иргэдийн 48,4 хувийн санал авсан бол Жорж Буш 47, 9 хувийн санал авч байжээ. Харин сонгогчдын коллегийн 271 саналыг авснаар Жорж Буш ялалт байгуулсан бол Аль Гор 266 санал авч ялагдсан юм. Мөн XIX зуунд Эндрю Жексон, Самуэль Тайдэн, Кровер Клевланд нарын гурван нэр дэвшигч иргэдээс авсан саналаар тэргүүлсэн боловч сонгогчдын коллегийн саналаар ялагдаж байсан юм. 

Хиллари ийнхүү сонгогчдын коллегийн саналыг цөөн авахад хүргэсэн гол шалтгаан бол хүн ам олонтой Калифорни, Нью-Йорк, Иллинойс зэрэг томоохон мужид олон сонгогчийн саналаар давамгай ялсан байхад Трамп хүн амын тоо цөөн Өмнөд болон төвийн дийлэнх мужид цөөн саналын илүүгээр ялсан явдал юм. Газар нутгийн хэмжээ, нэг улс болон нэгдсэн түүх, эдийн засаг, соёл, цагаачлалын урсгал зэргээс болж Америкийн газар нутаг, мужуудад хүн амын тархан суурьшсан байдал нь өвөрмөц билээ. Калифорни, Флоридад, Мичиган, Пенсильвани зэрэг арваад мужид Америкийн нийт хүн амын тэн хагасаас илүү нь оршин суудаг. Харин хүн амын тоотойгоо харьцуулахад эдгээр мужид ногдох Сонгогчдын коллегийн тоо хүн ам цөөтэй бусад мужийнхаас цөөн байдаг. 

Энэ нь Монголын сонгуультай харьцуулж хэлэхэд хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдох гишүүдийн тоо орон нутгийн тойргуудынхаас хэд дахин цөөн байдагтай агаар нэг юм. Мөн том хотуудад Хиллари давамгайлж хүн ам цөөтэй хөдөөх мужуудад Трамп давамгайлсан нь манай ерөнхийлөгчийн сонгуулиудын үр дүнтэй ойролцоо харагдаж байна. Монголын ерөнхийлөгчийн сонгуулиудад МАН-аас нэр дэвшигчид хөдөөгийн тойргуудад, АН-аас нэр дэвшигчид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад сонгогчдын олонхийн саналыг авч ирсэн уламжлалтай.

Ийнхүү сонгогчдын өгсөн санал, Сонгогчдын коллегийн санал хоёр зөрүүтэй байгаа тул өдгөө Нью Йорк, Чикаго, Сан Франциско зэрэг иргэдийн олонх нь Хилларид саналаа өгсөн том хотуудад Трампыг эсэргүүцсэн жагсаал болж байна. Мөн Хиллариг дэмжигч сонгогчид болон нийгмийн хөдөлгөөнүүдийн зүгээс уриалга гаргаж хүмүүсийн гарын үсгийг авах аян өрнүүлж  эхлэв. Өнөөдөр Хилларигийн дэмжигчдийн багаас Сонгогчдын коллегийн гишүүдэд хандан 2016 оны 12 сарын 19-нд албан ёсоор нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхдөө Трампад бус Хилларид саналаа өгөхийг уриалав. Хэдийгээр Сонгогчдын коллегийн бүрэлдэхүүнд орж байгаа 538 төлөөлөгч тухайн мужид хэн олонх болсон тэр хүнийхээ төлөө л саналаа өгөх ёстой тул тэдний олонх Трампыг дэмжих ёстой. Гэвч Америкийн түүхэнд Сонгогчдын коллегийн гишүүд мужийнхаа ялсан нэр дэвшигчийн эсрэг өгч байсан 157 тохиолдол байдаг. Үүнээс 71 нь тухайн ялсан нэр дэвшигч Сонгогчдын коллегийн санал хураалтаас өмнө нас барсан, 82 нь коллегийн гишүүн санаатайгаар ялагдсан нэр дэвшигчид өгч байсан аж. Тийм учраас ялсан нэр дэвшигчид өгөөгүй Сонгогчдын коллегийн гишүүдийг “Найдваргүй сонгогч” гэж нэрлэдэг.

Байдал ийм байгаагаас Хиллари Клинтоны дэмжигчид Сонгогчдын коллегийн гишүүд улс орны ерөнхийлөгч байхад тэнцэхгүй хүн болох Дональд Трампын төлөө биш, Хилларигийн төлөө саналаа өгч сонгуулийн дүнг үнэн шударгын талд, Америкийн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийн төлөө өгөхийг уриалж эхлэв.

Үүний зэрэгцээ  Америкийн сонгууль дахь Сонгогчдын коллегийн системийг өөрчлөх, нийт иргэдээс олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчөөр  сонгох ёстой гэсэн хөдөлгөөн өрнөж байна. 2000 оны сонгуульд иргэдийн олонхийн санал авсан Аль Гор ерөнхийлөгч болж чадаагүйн улмаас Сонгогчдын коллегийн механизмыг өөрчлөх зорилгоор Олон нийтийн саналын төлөөх мужууд хоорондын хэлэлцээр хэмээх санаачилга анх өрнөсөн билээ. Энэ хэлэлцээр нь АНУ-ын ерөнхийлөгчийг нийт иргэдээс олонхийн санал авсан хүнийг сонгодог болгох зорилготой юм. Үүнд одоогийн байдлаар 10 муж, Колумби тойрог нэгдээд байгаа нь нийтдээ 165 Сонгогчдын коллегийн санал буюу нийт саналын 30,7% болж байгаа юм. Хэрвээ мужууд нэмэгдсээр нийтдээ 270 сонгогчдын коллегийн санал болчихвол энэхүү механизм хуулийн дагуу хүчин төгөлдөр болох юм. Тийм учраас Хиллариг дэмжигчид энэхүү аянд нэгдэхийг уриалж байгаа бөгөөд хэрэвзээ аян үндэсний хэмжээний том хөдөлгөөн болж амжилттай яваад 2018 оны Конгрессийн завсрын сонгуулиар АН олонх болох үедээ үүнийг хуульчлан баталж 2020 онд ерөнхийлөгчөө иргэдийн саналаар сонгодог болно гэж найдаж байна. 

Улс төрчид болон судлаачдын дунд Сонгогчдын коллегийн систем шударга бус гэж үзэх явдал нэлээд байдаг ч эцсийн дүнд энэ систем нь иргэдийг тэгш төлөөлөхөд бус АНУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, холбооны механизмыг хадгалах зорилгоор мужуудын төлөөллийг хангах явдал билээ. Хэрэвзээ нийт сонгогчдын саналаар ерөнхийлөгчийг сонгодог байсан бол Калифорни, Нью Йорк зэрэг хүн ам шигүү суурьшсан муж улсууд сонгуульд гол жин дарж, улмаар бусад мужийн төлөөллийг бууруулах сөрөг үр дагавар гарна гэж Сонгогчдын коллегийн системийг дэмждэг хүмүүс үздэг.  

Түүхийн гашуун зүй тогтлыг Хиллари Клинтон давж чадсангүй
    
АНУ-ын түүхэн дэх ерөнхийлөгчийн сонгуулийн уламжлал болсон хоёр зүй тогтол энэ удаа давтагдлаа. 

Эхнийх нь хоёр удаа сонгогдон ажилласан ерөнхийлөгчийн дараа түүний намаас нэр дэвшигч сонгуульд ялагдах магадлал 80 орчим хувьтай байдаг зүй тогтол юм. Хилларигийн хувьд гарааны гол бэрхшээл бол АН-аас нэр дэвшин хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан ерөнхийлөгч Барак Обамаг залгамжлан нэр дэвшсэн явдал. Учир нь Америкийн түүхэнд АН ба БНН-аас нэр дэвшсэн ерөнхийлөгч нар ээлжлэн засаг барьсаар ирсэн бөгөөд хоёр удаа сонгогдон ажилласан ерөнхийлөгчийн дараа түүний намаас нэр дэвшигч сонгуульд ялагдах магадлал 80 орчим хувьтай байдаг. Америкийн түүхэнд Жеймс Монро, Теодор Рузвельт, эцэг Буш нарын хэдхэн ерөнхийлөгч л өөрийн намын 8 жил болсон ерөнхийлөгчийн дараа сонгогдож чадсан байдаг. Өөрөөр хэлбэл хоёр бүрэн эрхийн  хугацаанд ажилласан ерөнхийлөгч болон түүний намаас уйдах хандлага сонгогчдын дунд байдаг ажээ.

 

Тийм ч учраас энэ удаа Барак Обама болон түүний АН-аас уйдах хандлага сонгогчдын дунд байсан нь ойлгомжтой. Ер нь аливаа сонгуульд эрх баригч нам сонгуулийн кампани явуулна гэдэг төвөг бэрхшээл ихтэй байдаг нь энэ удаа ч мөн харагдав. Сонгуулийн бүх үед Обамагийн засаг захиргааны явуулж буй бодлогууд Хилларигийн сурталчилгааны сөрөг тал болж ирлээ.

Хоёр дахь нь хоёр нэр дэвшигчийн аль өндөр нь ялдаг зүй тогтол юм. 200 жилийн ардчиллын уламжлалтай, дэлхийн улс орнуудад ардчиллын нүүр царай гэж тооцогддог АНУ-ын улс төрд бидний мэдэхгүй, зарим нь ч бараг ардчилсан бус гэмээр өвөрмөц зүй тогтлууд байдгийн нэг нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль өндөр нь ялж ирсэн явдал юм. 1789 оноос хойш 2016 оны сонгуулийг оролцуулаад 58 удаа ерөнхийлөгчийн сонгууль явагдсанаас 46 удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн аль өндөр нь ялсан байдаг.  Мөн 1965 онд 1888-1960 оны хооронд явагдсан сонгуулиудад бүх намхан нэр дэвшигч нь ялагдаж байжээ.
Энэхүү гашуун зүй тогтлыг Хиллари тойрч гарч чадсангүй. 169 см өндөртэй Хиллари Клинтоныг 188 см өндөртэй Дональд Трамп яллаа.

Ерөнхийдөө Америкийн иргэдийн дунд ерөнхийлөгч залуухан, эрүүл чийрэг, спортлог, хүчтэй, өндөр хүн байх ёстой гэсэн хүлээлт түгээмэл байдаг. Тэгвэл сонгуулийн сурталчилгааны үеэр нэг удаа Хиллари Клинтоны бие муудаж тухайн арга хэмжээг дуусгахгүй явсан нь хүмүүст эрүүл мэндийн хувьд ерөнхийлөгчийн албыг хаших чадвартай эсэхэд эргэлзэхэд хүргэсэн байх талтай. Энэ талаар Трампын баг хангалттай сөрөг сурталчилгаа явуулсан нь сонгогчдын тодорхой хэсэгт нөлөөлсөн байж болох юм.

Хөвөгч мужууд Трамп руу эргэв

Дональд Трамп Техас, Индиана, Алабама, Өмнөд Каролина зэрэг өмнөд болон төвийн 20 мужид, Хиллари Клинтон Калифорни, Нью Йорк, Иллинойс, Массачусетс зэрэг баруун, зүүн эргийн 14 мужид ялалт байгуулах нь эртнээс тодорхой байсан. Харин ерөнхийлөгчийн сонгуулиудад аль нэг намыг тогтвортой дэмждэггүй хөвөгч сонгогч ихтэй бусад 16 “хөвөгч муж” энэ сонгуулийн хувь заяаг шийдвэрлэх байв. Эдгээр хөвөгч мужуудаас Хиллари Флорида, Аризона, Умард Каролина, Невада, Висконсин, Пенсильвани зэрэг мужид ялалт байгуулна гэж тооцоолсон боловч чадсангүй. Эдгээр мужид АН-ын гол дэмжигч сонгогчид болох африк гаралтай америкчуудын сонгуулийн оролцоо маш доогуур байв. 2008 болон 2012 онд Барак Обамаг ялахад африк гаралтай америкчуудын идэвх оролцоо чухал үүрэгтэй байсан бол энэ удаа тэгсэнгүй. Хэдийгээр эдгээр мужид латин гаралтай америкчууд сонгуульдаа идэвхтэй оролцож Хилларид саналаа өгсөн боловч нийт сонгогчдын дунд эзлэх хувийн жин бага учраас олигтой нөлөө үзүүлсэнгүй. Тийм учраас хөвөгч мужуудын олонход БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулав.

Клинтоны алдаа юу байв?

Хиллари Клинтоны кампанид ерөнхийлөгч Обама Клинтон дэндүү их оролцсон нь ялагдалд хүргэсэн нэг шалтгаан гэж зарим ажиглагчид үзэж байна. 
Обамагийн засаг захиргааны алдаатай бодлогууд, Сирийн дайн, Америк дахь алан хядагчдын үйл ажиллагаанаас болоод олон нийтийн дунд ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд сүүлийн хоёр жилд эрс унаад байсан юм. Ийм нөхцөлд Барак Обамагийн зүгээс Хилларигийн сонгуулийн сурталчилгаанд олонтаа оролцож байсан нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй.
 
Албан үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгч дараагийн нэр дэвшигчийнхээ сонгуулийн кампанид ингэж их үүрэгтэй орж байсан тохиолдол урьд өмнө төдийлөн байсангүй.
Ялангуяа Хиллари төрийн нарийн бичгийн дарга байх үедээ хувийн майлыг албан ажилдаа хэрэглэж, тэр нь ил болмогц устгасан хэрэг дэх Обамагийн оролцоог өрсөлдөгчид нь ихээхэн шүүмжилж байсан юм. Хилларигийн майлны хэргийг мөрдөн шалгаж байсан Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагаад Төрийн департамент хөндлөнгөөс нөлөөлж авилга өгсөн гэж Дональд Трампын багаас мэдэгдэж байв. Энэ явдал нь Америкийн улс төр авилгад автсан, элитийн явцуу бүлэглэл төрийн шийдвэрийг гаргаж байна гэх мэтийн дуулианыг дагуулсан билээ.
Дээр өгүүлснээр Америкийн сонгуулийн системийн онцлог болон бусад шалтгаан нөхцлүүд Хиллари Клинтон бус Дональд Трамп ерөнхийлөгч болоход голчлон нөлөөлсөн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
1
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.