Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хятад Монголыг буланд шахахыг “найз” Энэтхэг нь харсаар л

Энэтхэгийн “The Citizen” сайтад улс төр, олон улсын харилцааны чиглэлээр бичдэг сэтгүүлч Шастри Рамачандаран Монголын талаар нийтэлснийг орчуулан хүргэж байна.


Энэтхэгийн “The Citizen” сайтад улс төр, олон улсын харилцааны чиглэлээр бичдэг сэтгүүлч Шастри Рамачандаран Монголын талаар нийтэлснийг орчуулан хүргэж байна. Тэрбээр БНХАУ-д ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долоодугаар сард Монголд болсон Ази, Европын хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакторуудын уулзалтад оролцсон аж.

Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд. Одоо харахнээ очсон нь бурууджээ. Тэрбээр Монголд манай улсаас айлчилсан сүүлчийн Ерөнхий сайд ч болж мэднэ.

Итгэмтгий нөхөрсөг хүмүүст худал яриагаа итгүүлсэн худалдаачны чихэр шиг үлгэрт төгсгөл ирэв. Монгол Далай ламын айлчлалаас үүдэн уучлал эрж, дахин урихгүй хэмээн амлахаас өөр аргагүй болсныхоо дараа л Энэтхэг амлалтаа биелүүлж, нөхрийн гараа сунгахгүй гэдэг хатуу үнэнийг ойлгож авлаа. Бээжин ийн Монголыг бөхөлзүүлж, Энэтхэгт алганы амт үзүүлээдхэв.

Түүх 2015 оны тавдугаар сард эхэлсэн. Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-аас Монголд очиж, Чингис хааны эх нутгийнханд тус улсыг Монголтой холбож байгаа буддизм тэргүүтэй олон зүйлийн талаар ярьж уяраасан. Бас нэг тэрбум ам.долларын зээл өгнө гэж, олон салбарт дэмжлэг үзүүлж, Монгол руу гаргах экспортоо нэмэгдүүлнэ хэмээн ам гарч, Монголын удирдагчдыг итгүүлж дөнгөсөн юм. Уулзалтуудаас гарсан мэдээлэл гэвэл ийм байна. Монгол морины зоог илж, сум харваж (сум мэдээж Бээжинг чиглэсэн) буй Модигийн зураг мэдээж тарсан. Айлчлалын хэтийн зорилго Бээжинг чиглэсэн байлаа.

Н.Модигийн нэг тэрбум ам.долларын амлалт БНХАУ, ОХУ-ын завсар хавчигдсан Монголын хувьд чухал хөшүүрэг болох байв. Цагтаа Монгол Хятад, Оросын булаалдахыг тайвуухан ажиглаж, нэгийнх нь гаргасан цоорхойг нөгөөгөөр нь нөхөж ирсэн түүх бий. Хүсэлтийг нь Москва хүлээж авахгүй бол Бээжинд хандах (мөн эсрэгээр) хувилбар ямагт байсан.

Сүүлийн үед харин энэ байдал өөрчлөгджээ. ОХУ, БНХАУ түншүүд болж, Крымийг нэгтгэснээсээ болж АНУ-ын хоригт өртсөн Орос өөрөөс нь том гүрэн болсон Хятадаас мөн хамааралтай болов. Ингээд Монгол Бээжинтэй санал зөрөлдөхөөрөө Москвад хандах аргагүй болсон юм. 35 орчим тэрбум ам.долларын ДНБ-тэй буурай Монгол ОХУ, БНХАУ-ын дунд “жинхэнэ утгаараа” хавчигдаж эхэлсэн нь ийм учиртай. Дээр нь, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга бүсийн цорын ганц томоохон төсөл байдаг.

Эргээд Модигийн айлчлалын зорилгын талаар ярья.  Энэтхэгийн хувьд энэ айлчлал Бээжингийн халаасыг тэмтэрсэн үйлдэл байсан. Энэтхэгийн “халаасны улс” болох Шри Ланкад нөлөөллөө нэмэгдүүлэхийг хүсвэл Хятад өөрийнхөө атгасан газарт Энэтхэгтэй нүүр тулахаас өөр аргагүй гэх илгээлт үүний цаана нуугдаж байлаа. Шуудхан хэлэхэд, Н.Модигийн амласан нэг тэрбум БНХАУ-ын Шри Ланк руу цутгасан хэдэн тэрбумд барьсан хариу байсан.

Монголын удирдагчид Н.Модигийн айлчлалыг Хятадыг сөрөх чадалтай шинэ хүчний дэмжлэгийн илрэл хэмээн хүлээж авсан. Тэр бол БНХАУ-ын өөдөөс нүүр бардам харахад Энэтхэг тусална гэх найдвар байлаа. ОХУ ирээд аварчихаж чадахгүй энэ нөхцөлд БНХАУ-ын дарамт хэт хүндэдвэл Энэтхэгийн мөрийг түшин өндийнө гэж Улаанбаатар найдсан биз. Ерөнхий сайдын айлчлал эдийн засаг, геополитикийн хувьд тун ч ашигтай шинэ цагийн хүлээлтийг үүсгэсэн. Иймдээ ч Энэтхэг бол Бээжингийн эсрэг зогсох цаг ирэхэд хажууд нь байх түнш хэмээн монголчууд гэнэнээр итгэсэн юм.

Энэтхэгээс ирнэ гэж эндүүрсэн хүч дэмжлэгийн сураг намайг долоодугаар сард Монголд очиход “цуурайтаж” байсан. Энэтхэгээс тэрбум ам.доллар ирэх сургаар энэтхэг хүн бүрт найз нөхөр мэт хандаж байлаа. “Зээлийн мөнгө хэзээ орж ирэх вэ” гэж таарсан хүн бүр асууж байсансан. Би л лууг дарахаар заантай ирсэн баатар мэтээр намайг харахад нь итгэл найдварыг нь хөсөрдүүлэх үг хэлэхээс эмээж байснаа санаж байна.

Зөрчил өнгөрсөн арваннэгдүгээр сард оргил цэгтээ хүрсэн.

Магадгүй Энэтхэгийн дэмжлэгтэйдээ эрдсэн Далай лам Монголд дөрвөн хоногийн айлчлал хийв. Хөргийг нь олон сүмийн хананд залж, шүтсэн монголчууд дээр ес дэх удаагаа очсон нь тэр. БНХАУ айлчлалыг эсэргүүцэж, хүлээн авч болохгүй хэмээн Улаанбаатарт сануулга хүргүүлж байв. Гэсэн ч Монгол Энэтхэгийн дэмжлэгт итгээд Бээжинг үл тоон Далай ламыг хүлээн авлаа.

Хариуд нь БНХАУ эдийн засгийн саад хялбархан хийгээдхэв. Хил дээр Монголын бараа, чингэлэгт тэргүүдээс авах татвараа нэмэгдүүлж, хориг Монголын эдийн засаг, худалдааг царцаалаа. Хятадаас хамааралтай Орост хандаж чадахгүйгээс хойш Монгол Энэтхэгээс мөнөөх нэг тэрбумынхаа талаар асуув аа.

Элчин сайд Г.Ганболд Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй уулзахдаа хэвлэлд “Хатуу өвөл хаяанд ирсэн энэ цагт иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж буй Хятадын түншээ бодоогүй үйлдлийг Энэтхэг шүүмжлэх нь чухал. Дуугүй өнгөрнө гэдэг Хятадын үйлдлийг үл хэрэгсэнэ гэсэн үг” хэмээн ярьсан. Гадаад хэргийн яамны төлөөлөгч хариуд нь “Гуравдагч хөрш, оюун санааны хөршийн хувьд Энэтхэг ойрын түнш Монголынхоо иргэдэд хүнд цагт туслах болно” хэмээжээ.  

Үйл явдал ийн эргэхэд Моди дарга дуугарсан нь үгүй. 2015 оны тавдугаар сард Улаанбаатарт ирэхдээ гайхуулсан хүч чадал нь хаачив гэмээр. Монголын зовлонг нимгэлэх ямар ч үйлдэл Хятадын хилэнг төрүүлэх байсан учраас тааварласан ёсоор Энэтхэгийн удирдагчид Монголын хүсэлтийг сонсоогүй мэт өнгөрөөсөн.

Энэ бүхний эцэст, арванхоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар Бээжингээс уучлалт гуйв. Монголын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай лам Монголын хилээр нэвтрэх эрхгүй болсон хэмээн ам гарлаа. Улаанбаатар Бээжингийн заасан зүгт алхаж, 4.2 тэрбум ам.долларын царцсан хэлэлцээр “амилсан”. Хятадын тусламжгүйгээр Монголын эдийн засаг сүйрэх тул аргагүй.

Энэ бол Бээжингийн эхлүүлж, ялсаар яваа тоглоом. Угтаа Монгол, Далай лам, Энэтхэгийн Засгийн газар сайтар тооцоолсонсон бол нөхцөл байдал ийм болохгүй л байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Өчигдөр
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Өчигдөр
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
44
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.