Тамирчны хөрөг: "Би яг л дарс шиг. Удах тусам чанар нь сайжирдаг" буюу Златан Ибрахимович


Image М.Анар       646

Английн хөлбөмбөгийн лигийн арванхоёрдугаар сарын шилдэг тоглогчоор 36 настай, хосгүй нэгэн авьяастан тодорлоо. Мань эр хэдий тамирчны замналаа төгсгөх үедээ Английн алдарт “Манчестер Юнайтед” багт ирсэн ч хатуу ширүүн, дайчин тоглолтоо үзүүлж, уран тансаг гоолуудаа оруулсаар байгаа нь шүүмжлэгчдийн амыг тагласаар байна. Тэрээр Юнайтед багийн түүхэнд эхний 16 тоглолтондоо 11 гоол хийсэн нь голландын хөлбөмбөгчин Рууд Ван Нистелрой-н /12/ дараа орох үзүүлэлт бол Английн хөлбөмбөгийн лигийн түүхэн 25000 дахь гоолыг 2016 оны арваннэгдүгээр сарын 6-нд Свонси багийн эсрэг хийжээ.

Энэ эр бол Шведийн алдарт хөлбөмбөгчин Златан Ибрахимович.

Бага нас ба Мальмо

1977 онд Югославаас цагаачлан ирсэн Боснийн муслим Сефик Ибрахимович, Хорватын католик Журка Гравич нар Шведийн Мальмо хотод гэрлэсэн байна. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 1981 оны аравдугаар сарын 3-ны өдөр ирээдүйн сод авьяастан Златан мэндлэсэн билээ.

Түүний бага насны он жилүүд тийм ч дардан шулуун байсангүй. Эцэг эх нь салж, ээж нь хүүхдүүдээ өсгөх гэж өглөөнөөс шөнө болтол ажиллах хэдий ч ганц цэвэрлэгчийн цалин хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Бяцхан Златанд энэ бүхэн хүндээр тусаж тэрээр гадуур сэлгүүцэх, хулгай хийх, зодоон цохионд оролцох зэргээр эцэг эхийнхээ чихийг халууцуулж эхэлсэн энэ үед түүнийг аав дээр нь өсгөх шийдвэрийг цагдаагийн газраас гаргасан юм. Түүний аав хэдий архи их уудаг, эхнэр хүүхдүүддээ анхаарал халамж муу нэгэн байсан хэдий ч хөлбөмбөгийн үнэнч дэмжигчийн хувьд Златаныг хөлбөмбөгчин болох замыг нээж өгсөн гавьяатай нэгэн билээ. Хожмоо нэгэн ярилцлагадаа “Миний бага насны тэрхүү хүнд үе одоогийн энэ эрч хүч, хүсэл тэмүүлэл, тэр байтугай ааш занг минь бэлдэж өгсөн” хэмээжээ.

Анх хөлбөмбөг тоглож эхэлсэн үеэ тэрээр “Зовлон гунигаа мартаж, өдрийг эцээхэн шиг өнгөрөөх хамгийн сайн туслагч хөлбөмбөг юм байна гэдгийг Югославийн дүрвэгсдийн дүүргийн “Балкан ФК” хүүхдийн хөлбөмбөгийн багт анх элсэн ороод ойлгосон. Харин “Мальмо” надад хөлбөмбөг бол аз жаргал, сайхан амьдрал, баяр баясгалан гэдгийг мэдрүүлсэн нь намайг урагш ахихад нөлөөлсөн” хэмээн ярьжээ.

Златан Шведийн “Мальмо” багт гурван жилийн турш 40 тоглолтонд оролцохдоо нийт 16 гоол оруулсан нь хэдий бага үзүүлэлт мэт санагдавч 18 настай хүүгийн хувьд бол чамлахааргүй амжилт байлаа. Үүнээс ч илүү үнэ цэнэтэй нь “Мальмо”-гийн энэхүү гурван жил түүнийг мэргэжлийн тамирчны хувьд бэлтгэл, их амжилт, алдрынх нь өмнөтгөл болсон юм.

1999 он. Анхны тоглолт

Нэгдүгээр багийн анхны тоглолтоо 1999 оны есдүгээр сарын 19-ны өдөр Халмштад (Halmstad) багийн эсрэг 17 настайдаа хийсэн бол анхны гоолоо аравдугаар сарын 30-ны өдөр Вастра Фролунда ( Vastra Frolunda) багийн эсрэг хийсэн байна.

2000 он. Златан-Маниа

Мальмо” баг Шведийн 2-р лигт унаад байсан энэ үед 19 настай нэгэн хүү гялалзаж 12 гоол хийн, багаа дээд лигт авчирсан нь Европын багуудын анхаарлыг татаж эхэллээ. Швед даяар түүний талаар яриж, бичиж эхэлсэн ба алдарт <<Златан-Маниа>> нэршил тухайн онд гарсан юм.

2001 он Баяртай Мальмо

Түүнийг Европын олон баг сонирхож эхэлсэн боловч хоёр багийн гэрээ ёсоор Арсенал хамгийн түрүүнд сонирхох ёстой байлаа. Гэвч хоёр баг, тэр дундаа Арсен Венгертэй ойлголцолгүй тохиролцоонд хүрч чадаагүй талаараа эргэн дурсахдаа “ Би гэрээ хийх гэж очсон болохоос шалгуулж, шүүлгэх гэж ирээгүй гэдгээ хэлээд явсандаа” гэсэн юм.  Энэхүү үйл явдлын дараа нилээн олон багийн төлөөлөгчтэй уулзсан ч хамгийн боломжийн саналыг Голландын “Аякс” багийн ерөнхий менежер Лео Бинхаккер (Leo Beenhakker) тавьсанаар тэд гэрээнд гарын үсэг зурж, 8.7 сая еврогоор зарагдан очжээ.

Голланд дахь амьдрал ба Ван Дер Варт

Тэр Голландад өөрийн хүссэн хэмжээндээ тоглож, талбай дээр гайхамшиг бүтээж байсан бол талбайн гаднах амьдралдаа ч азтай байж одоогийн эхнэр Хелена Сегертэй танилцсан юм.

2001-2002 он. Голландын анхны аварга  

Аякс баг өмнөх улиралдаа III байранд ороод байсан бол энэ улиралд 28 дахь удаагаа лигтээ түрүүлсэн байна. Златан 17 удаа гараанд гарч, 16 удаа сэлгээнээс тоглосон ба нийт 1780 мин тоглож 9 гоол, таван оновчтой дамжуулалт өгч эхний улирлаа дуусгав.

2002-2003 он. Аваргуудын лигийн анхны тоглолт

2002 оны аваргуудын лигийн “D” хэсэгт Италийн “Интер Милан”, Францын “Лион”, болон Норвегийн “Росенборг” багуудтай нэг хэсэгт орлоо. Тэрээр аваргуудын лигийн анхны тоглолтоо 2002 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Лион” багийн эсрэг тоглохдоо зүгээр л үүргээ гүйцэтгээд өнгөрсөнгүй, 2 гоол хийж дэлхий нийтэд өөрийгөө таниулсан бол баг нь 2-1 харьцаатай хожсон юм. Тэд хэсэгтээ 2 хожил, 2 тэнцээ, 2 хожигдсоноор 2-р байраар шалгарсан.

Тухайн жил аваргуудын лигийн дүрэмд өөрчлөлт оруулах шийдвэр гарсан ба ирэх улирлаас нь эхлэн хэсгийн тоглолтууд дуусаад шууд хасагдах шатны тоглолтууд явагдахаар болсон юм. Гэвч тэр улиралд өмнөх дүрэм болох дахин хэсэгт орж тоглодог байсан дүрэм үйлчилж тэд хоёр дах хэсэгтээ Испанийн “Валенси”, Английн “Арсенал”, Италийн “Рома” багуудтай таарч тоглосон байна. Энэ хэсэгт тэрээр Валенси болон Рома багуудын хаалганд тус бүр нэг гоол хийж баг нь хасагдах шатанд гарахад томоохон нөлөөг үзүүллээ. Гэвч тэд аварга болох хувьтай Милан клубт 3-2 харьцаатай хожигдсоноор түүний анхны аваргуудын лигийн улирал өндөрлөсөн юм.

“Аякс” баг лигтээ 2-р байранд орсон ба Златан 35 тоглолтонд гараанд гарч, 7 тоглолтыг сэлгээнээс эхлүүлэн 21 гоол, 4 дамжуулалт гэсэн амжилттай улирлыг дуусгасан байна.

Мөн энэ жилээ анхны дэлхийн аваргын тэмцээнд багтайгаа Япон, Солонгосыг зорьсон ба өөрийн багын шүтээн Бразилын Роналдотай уулзсан талаараа дурсан ярьжээ.

2003-2004 он. Гэмтэл бэртэл ба эвлэрэл

Энэ улиралд Златан гуяны арын шөрмөсний бэртэлээс шалтгаалан олон тоглолтонд оролцож чадалгүй дуусгасан нь багийн амжилтанд нөлөөлж, аваргуудын лигт Италийн Милан, Испанийн Селта Виго, Бельгийн Брюгге багуудтай нэг хэсэгт таарсан ч хэсгийн сүүлийн байранд орсон тааруухан амжилттай улирлыг дуусгасан юм. Харин лигтээ тэд дахин түрүүлж чадсан бөгөөд Златан 15 гоол, зургаан оновчтой дамжуулалт өгсөн амжилттай байлаа. Энэ улиралд түүнийг дэлхийн шилдэг хөлбөмбөгчид нэрийг нь дэвшүүлсэн нь тоглогчийн хувьд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэний илрэл байв.

Златан энэ улирлаас өмнө өөрийн өмсгөл дээр хэзээ ч овгоо бичүүлдэггүй байсан бөгөөд энэ нь аавдаа гомдож явдагтай нь холбоотой байсан юм. Түүний бага насанд хэзээ ч гэр бүлийн аз жаргал, эцгийн хайр, элбэг дэлбэг амьдрал байгаагүйг тэрээр аавтайгаа холбон ойлгодог хэмээн өгүүлжээ. Харин энэ улирал тэрээр аавыгаа уучилж, үл ойлголцлыг ард үлдээсэн нь өмсгөл дээрээ Златан бус Ибрахимович хэмээн бичүүлснээр батлагдав.

2004-2005 он. Амстердам-Турин

Энэ улиралд тэрээр Аяксын бүрэлдэхүүнд дөрвөн тоглолт хийж, гурван гоол, нэг оновчтой дамжуулалт өгсөн ба улмаар Италийн Ювентус багт зарагдсан юм.

Египетийн хөлбөмбөгчин Мидотой хувцас солих өрөөнд үүсгэсэн асуудал нь багийн уур амьсгалыг эвдэж байгаа учраас баг түүнийг зарсан хэмээн олон хүн үздэг. Гэхдээ үнэн хэрэгтээ Аяксаас явах болсон шалтгаан багийн ахлагч Ван Дер Варттай хийсэн хэрүүлээс үүдэлтэй.

2004 оны наймдугаар сарын 18-ны өдөр Швед-Нидерландын нөхөрсөг тоглолтын үеэр Златан бөмбөгний хойноос тэмцэх үедээ Ван Дер Вартын шагайруу жийж орхисон байна. Энэ тоглолтын дараагаас Ван Дер Варт хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түүнийг санаатайгаар нэг багийн тоглогчоо гэмтээх гэж оролдсон мэргэжлийн тамирчин хүнд байж боломгүй зан авиртай гэх мэтээр дайрч эхэлсэн. Нидерландын сонин хэвлэлүүд Ван Дер Вартын талд илүүтэй бичиж эхэлсэн тул Златан хариу мэдээлэл хийж надад тийм санаа байгаагүй энэ бол санаандгүй тохиолдол гэсэн хариуг өгсөн нь олон хоног үргэлжилсэн “драм”-ын эхлэлийг тавьсан юм. Энэ маргаан даамжирч, багийн тоглогчдыг хоёр хуваасан ба легионер тоглогчид Златаны талд, Нидерланд тоглогчид Ван Дер Вартын талд орж эхэлсэн нь дасгалжуулагчдын санааг зовоож, хоёр тоглогчтой удирдлагын түвшинд уулзахаар тохирсон аж.

Энэ уулзалтаар Ван Дер Ваарт өмнөх зүйлээ ярих үед Златан “Би чамд энэ бол санаандгүй үйлдэл гэж олон удаа хэлсэн би чамаас уучлалт гуйсан. Хэрэв ахиад энийгээ ярисаар байвал би одоо гараад чамайг бэлтгэл дээр санаатай хөлийг чинь хугалаад өгье” гэсэн байна. Багийн удирдлага энэ үед “Златан чи бол манай багийн довтлогч, Ван Дер Варт бол миний багийн ахлагч тиймээс би ахлагчаа талбай дээр хармаар байна. Харин чамайг довтлогчоор хармаар байна. Тиймээс чи ахлагчаасаа уучлалт гуй” гэсэн юм. Энэ нь Златаны дургүйг хүргэж тийм бол би энэ багт тоглож чадахгүй, намайг одоо явуул гэснээр 16сая еврогоор Ювентуст зарагдах болсон байна.

Италийн хамгийн том багууд ба өөрчлөлт

Италид ирээд тэрээр хөлбөмбөг гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгов. Фабио Капелло хэмээх агуу дасгалжуулагчийн нөлөөгөөр хэрхэн эр хүн болсон талаараа тэр үргэлж талархан ярьдаг юм.

Ювентуст ирэх үедээ тэрээр 84 кг байсан бол хэсэг хугацааны дараа 98 кг биетэй, хамгаалагчдын шүдний өвчин болсон шилдэг довтлогч гарч ирсэн бөгөөд энэхүү өөрчлөлтийн талаар тэрээр эргэн дурсахдаа “Аяксын бэлтгэл сургуулилалт бол үнэхээр жаргалын орон шиг санагдаж билээ” гэсэн юм. Златан Ювентус хэмээх энэ агуу түүхтэй багт дэлхийн хэмжээний одууд л тоглодог болохыг бэлтгэл болон тоглолт дээрээс ойлгож өөрийгөө дайчилж эхэлсэн байна. Тэнд маш олон топ зэрэглэлийн тоглогчид байсан ба тэд бүгд өөр өөрийн гэсэн зан араншин үзэл бодолтой хүмүүс гэхдээ тэд нэг л зүйлийг хамгийн ихээр ойлгодог нь Фабио Капеллогийн үг бол энд хууль гэж түүнийг хүндэлдэгт байсан юм. Тэр хүнээс авч чаддаг бол эргүүлээд өгч чаддаг тийм л агуу хүн. Түүний зарчим ердөө энгийн чи эндээс хүссэн хэмжээний цалингаа авч ажилаа хийж байгаа тиймээс чи ажилаа хийсэн шиг хий чиний бусад асуудал надад огтоосоо хамаагүй түүнд гэр бүлийн зовлонгоо ярьж чөлөө авах гэж очвол зүйл дуусаа хэмээн инээн хэлжээ. Златаныг анх ирэхэд түүнийг маш ихээр бэлтгэл хийлгэж бэлтгэлийн дараа үлдээж 2 болон 3-р хаалгачидтай бэлтгэл хийлгэж эхэлсэн нь түүнд таалагдаагүй ба энэ талаараа Капеллогийн туслахаас асуухад чиний наад биенд байгаа Аяксын унжгар,нялцгай байдлыг чинь арилгаж нас биед хүрсэн эр хүн гэдгийг чинь ойлгуулах гэж хэлсэн байна. Түүний багын амьдралд сул дорой байвал хүн болгон чамайг дээрэлхэх учраас хатуу чанга байхыг шаардаж байсантай адил нөхцөл байдал Ювентуст угтсан нь Златанд таалагдаж эхэлсэн. Энэ талаар “Фабио Капелло бол сул дорой, нялцгар байдалд дургүй хүн тиймээс бидний үзэл бодол таардаг байлаа” хэмээн  хэлсэн байна.  Тэрээр анх Ювентуст тоглолтоо олохгүй нэг л идээшиж өгөхгүй байсан нь хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалж шүүмжлэлийн бай болж эхэллээ. Ювентусын амьд домог Алессандро Дел Пиерог сэлгээнд суулгаж гоолгүй довтлогч Златаныг гаргах болсон Фабио Капелло түүнтэй ганцаарчилсан уулзалт хийн сэтгэл зүйг бэлдэж нэмэлт бэлтгэлийн хуваарь гаргаж байлаа. Гэхдээ хамгийн том өөрчлөлт бол торгуулийн талбайд хэрхэн тоглох талаар маш их зөвлөгөө өгсөн нь үр дүнгээ өгч тэр улирлын дундаас гайхалтай тоглолтоо үзүүлж эхэллээ. Түүнийг бэлтгэлийн дараа үлдээж Ван Бастен хэмээх торгуулийн талбайн мэргэжилтэн хэмээн дурсагддаг довтлогчийн бичлэгийг маш ихээр үзүүлдэг байсан талаар тэрээр хожимоо дурсан ярижээ. Фабио Капелло хэмээх энэ зарчимч эрхэмээс маш их зүйл сурахаас гадна хатуу чанга эр хүн шиг байх ёстой гэдгийг ухаарч ойлгосон байна. Тэрээр дасгалжуулагчийнхаа талаар “би Фабиог Капеллог харахаар л айсандаа өмдөндөө дусаачих гээд байдаг юм. Тэр үнэхээр дарангуйлагч” хэмээн хэлжээ.

Ювентуст 2 улирал тоглохдоо Сериа-А аваргаар 2 удаа. Италийн супер цомын аваргаар 1 удаа.  Шилдэг гадаад тоглогчийн шагнал /2004-05/. 92 тоглолт 26 гоол 16 дамжуулалт гэсэн амжилтаар дуусгалаа.

Дээд зэрэглэлийн довтлогч

2006 онд Ювентус клуб хээл хахуулийн хэрэгт орооцолдож сериа Б-д унасан нь түүнийг Интер Миланд очих шалтгаан болсон байна. Ингээд тэрээр Италийн бас нэгэн том багт 24.8 сая еврогоор очлоо. Интер Миланд тэрээр 3 улирал тоглохдоо 117 тоглолтонд 66 гоол 29 дамжуулалт өгсөн ба Сериа-А аваргаар 3 удаа, Италийн супер цомд 2 удаа түрүүлсэн байна. Италийн шилдэг хөлбөмбөгчин 2 удаа / 2007-08, 2008-09/, Шилдэг гадаад тоглогч 2 удаа /2007-08, 2008-09/ Шилдэг мэргэн бууч 1 удаа /25гоол, 2008-09/ Жилийн хамгийн шилдэг гоолоор 2008 оны 10 сарын 14-нд Аталантагийн эсрэг хийсэн гоол нь тодорлоо. Интер Миланд тэрээр жинхэнэ дээд зэрэглэлийн тоглогч болж дэлхий нийтэд танигдсан бөгөөд энэ талаар миний хувьд хамгийн жаргалтай мөчүүд минь Миланд өнгөрсөн бөгөөд энд би шилдэг тамирчин болохоос гадна анхны хүү Макс /Максимлян Ибрахимович/ минь төрсөн сайхан үйл явдал болсон  юм гэжээ.

2006-07 он

Эхний улиралдаа дасгалжуулагч Манчинигийн хамт хоёр цом өргөж аваргуудын лигийн шөвгийн 16 хүртэл явсан бөгөөд гараанаас 34, сэлгээнээс хоёр тоглолтонд оролцож 15 гоол 9 дамжуулалт өгч дуусгасан юм.

2007-08 он

Энэ улирал түүний хувьд үлгэрийн гэмээр өрнөсөн бөгөөд хамгийн сүүлийн тойрогт Пармагийн эсрэг түүний хийсэн хоёр гоолоор баг түрүүлсэн юм. Улирлын эхэнд Златан болон түүний баг маш тогтвортой тоглолтыг үзүүлж, Сериа-А-г итгэл төгс тэргүүлж байсан боловч хоёрдугаар сард Швед довтлогч гэмтэл аван хоёр сар гаран талбайд гарахааргүй болсон байна. Энэ хооронд Рома баг маш сайн тоглож, тэднийг гүйцэн ирсэн ба сүүлийн тойрогт бүх зүйл шийдэгдэх нь тодорхой болсон хүнд нөхцөлд Златан талбайдаа иргэн ирж багтаа аваргын цомыг авчирсан билээ. Аваргуудын лигийн тэмцээнд мөн л шөвгийн 16-д хожигдсон.

Харин түүний хувийн амьдралд нэгэн баярт үйл явдал болсон нь хоёр дахь хүү Винсент Ибрахимович мэндэлсэн юм.

2008-09 он

Энэ улирал онцгой нэгэн буюу Жозе Моурино ирсэн нь түүнийг бас дахин нэг шат ахиулсан дасгалжуулагч хэмээн өөрөө дүгнэдэг. Тэрээр энэ улиралд шинэ дасгалжуулагчийн удирдлага доор хоёр цом өргөсөн бол өөрөө анх удаа 29 гоолтойгоор лигийн мэргэн бууч болсон байна. Энэ удаа аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-д Манчестер Юнайтед багт хожигдсон нь түүнийг өөр баг руу явах шийдвэрээ гаргахад нөлөөлсөн билээ. Энэ талаараа “Би маш сайн формтой байсан ч  Италийн аварга, Италийн супер цомоор өөрийгөө хуурах нь утгагүй санагдаж байлаа надад аваргуудын лигийн тэмцээн илүү үнэ цэнэтэй байсан. Тиймээс би илүү сонирхолтой шинэ аялалд л гарахыг хүссэн” хэмээн хэлжээ.

Барселона болон Пеп

Тэрээр Испанид нэг л улирал тоглосон бөгөөд Мессид зориулсан Пеп Гвардиолаагийн тактикийн золиос болсон хэмээн шинжээчид үздэг юм. Барселона түүний наймаанд Самуэл Это болон Александр Хлеб нарыг оролцуулан 40 сая еврог нэмж Интер Миланаас авчирлаа. Златан нарлаг Испанид эхэндээ маш аз жаргалтай өөрийн хүсэж байсан багтаа хүссэн тоглолтоо үзүүлж эхэлсэн боловч дасгалжуулагчийн тавьсан шаарлага түүнийг унтрааж орхисон билээ.  Златаны тоглолтын онцлог дураараа тоглож талбай дээр өөрийнхөөрөө байх нь түүнийг улам их хурцалж онгодын оруулдагт оршдог юм. Хамгийн анх бэлтгэл дээр Феррари унаж ирэхэд Пеп дуудаж уулзаад бэлтгэл дээр хэзээ ч үнэтэй машинтай ирж болохгүй гэснээр тэдний зөрчил эхэлсэн. Энэ талаар өөрөө дурсахдаа “Дүүлэн нисэж буй шувууг торонд хорьсонтой адилхан байсан” хэмээн хожим хэлжээ.

Тухайн үед Барселона багт Ибрахимович төвийн довтлогч харин Месси баруун жигүүрт тоглодог байсан боловч нэг өдөр Месси дасгалжуулагчийнхаа өрөөнд орж би төвийн довтлогчоор тогломоор байна гэсэн шаардлага тавьсанаар бүх зүйл орвонгоороо эргэсэн юм. Энэхүү шаардлагыг Пеп хүлээн авч Мессиг төвийн довтлогчоор Златаныг үзүүрийн довтлогч болгосон бөгөөд бүх бөмбөг Мессигээр дамжиж харин Златанд 16 дотор унасан хогонд явахаас өөр ажилгүй болсон байна. Энэ өөрчлөлт түүнд үнэхээр таалагдаагүй учраас дасгалжуулагчдаа дараах саналыг хэлсэнээр тэдний хооронд үүссэн үл ойлголцол даамжирсан юм.

Златан дасгалжуулагчтайгаа ганцаарчлан уулзахдаа “98 кг жинтэй, 1.95 метр өндөртэй над шиг тоглогч ингэж их гүйж, ингэж их ноцолдож тоглох утгагүй байна. Энэ тактикаа өөрчилж, надаар тоглолтоо дамжуулаачээ” гэсэн шаардлагыг тавихад Пеп судалж үзье гэсэн байна. Гэвч цаашид байдал өөрчлөгдөх бус улам дордож эхэлсэн бөгөөд дасгалжуулагч Пеп Гвардиола өөрөөс нь зугтаж эхэлсэн нь түүнийг улам бүр галзууруулж эхлэв. Аз жаргалгүй байгаадаа сэтгэл дундуур байсан ч тэрээр хийх зүйлээ хийж, гоолоо оруулсаар байсан үед Пеп түүнийг дуудан, “Ирэх улиралд чи сэлгээнээс тоглоход бэлэн үү. Бид шинээр хоёр довтлогч авчрах гэж байгаа” хэмээн хэлсэн нь түүнийг явах шийдвэр гаргахад хүргэсэн байна. Барселонад өнгөрүүлсэн хугацаанд тэрээр 21 гоол, 12 дамжуулалт өгсөн бол Ла Лигийн аврага, Испанийн супер цомын аврага, УЕФА супер цомын аврага, Бгийн дэлхийн аврага болсон юм. Ингээд тэрээр эргэн Итали руу нислээ.

2010-11 он

Тэр Италийн Милан хотод хуучин багийнхаа заналт дайсан AC Милан багт газардлаа. Златан ирсэн улиралдаа 21 гоол 13 дамжуулалт өгч багаа Италийн аварга болгосон нь Интер Миланы хөгжөөн дэмжигчдийг жинхэнэ галзууруулах шиг болсон юм. Италийн хэвлэлүүд “Гранд эргэн ирлээ”, “Тэр энд байхдаа аз жаргалтай”, “Бидэнд инээмсэглэл бэлэглэгч” гэсэн гарчигтай нийтлэлүүд гарч байсан бол Интерийн хэвлэлүүд “Барселонагийн гологдол”, “Мөнгөний тоглогч” “Жижиг багийн од” гэх мэтээр шүүмжилж байлаа.

2011-12 он

Тэрээр энэ улирал гайхалтай байж 35 гоол 12 дамжуулалт өгсөнөөр лигийн шилдэг мэргэн бууч болсон хэдий ч баг нь Сериа-А –д Ювентусийн ард хоёрдугаар байранд орсон юм. Түүний хүсэж байсан аваргуудын лигт баг нь дахин хожигдсон энэ үед Францийн Пари-Сен-Жермен багийг Катарын тэрбумтан худалдан авч шинэ төсөл хэрэгжүүлэхдээ түүнийг нэг хэсэг нь болгох хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Златан энэ талаар “Бид дэлхийн шилдэг тоглогчдоор багаа бүрдүүлж олон цом хүртэх болно. Ялангуяа Аваргуудын лигт. Түүний нэг хэсэг нь чи байгаасай гэж хүсэж байна” гэснээр би Францруу ниссэн дээ” хэмээжээ.

Олон цом олон ялалт гэвч...

Францад тэрбээр нийт дөрвөн улирал тоглохдоо 156 гоол хийж, 12 цом хүртсэн ч олон жил хүсэж мөрөөдсөн Аваргуудын лигийн цомоо өргөж чадаагүй билээ. Шинэ багийн том төсөл мэдээж олон шилдэг тоглогчид цугласан ч тэд аваргуудын лигт хасагдах шатнаас хэтрээгүй юм. Түүнийг Францад ирэхэд хүмүүс мөнгөний тоглогч хэмээн шүүмжлэх үед “Хүмүүс намайг мөнгөний төлөө олон баг хэсдэг гэх юм. Үгүй дээ, би зүгээр л дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмөгийн гайхамшгийг мэдрүүлэхийг хүсдэг юм” гэжээ.

2012-13 он

Эхний улиралдаа Златан 35 гоол 16 дамжуулалт өгсөн бол баг нь Францын лигийн аврага болсон байна. Аваргуудын лигт хэсэгтээ 15 оноотойгоор тэргүүлж гарч ирсэн бөгөөд шөвгийн 16-д Испанийн Валенси багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 харьцаатай хожиж, дараагийн шатанд шалгарсан. Шөвгийн наймд тэд Барселона багтай таарч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-3 харьцаатай тэнцсэн ч гэсэн талбайн гоолын дүрмээр хожигдлоо.

2013-14 он

Хоёр дахь улиралдаа 41 гоол 16 дамжуулалт өгч Францын лигийн аврага, Францын лигийн цом, Францын супер цомыг хүртэж шилдэг мэргэн бууч , оны шилдэг тоглогч болов. Аваргуудын лигийн тэмцээнд Английн Челси багт мөн л шөвгийн 8-д хожигдов.

2014-15 он

30 гоол 8 дамжуулалт баг нь дөрвөн цом хүртсэн ч аваргуудын лигт дахин шөвгийн 8-д Барселона багт хожигдов.

2015-16 он

50 гоол 18 дамжуулалт өгсөнөөр баг нь дөрвөн цом хүртлээ. Аваргуудын лигт Английн Манчестер Сити багт хожигдсоноор дуусгалаа.

Дахин нэг боломж

Францын багтай байгуулсан гэрээ нь дууссан энэ үед түүний хүндэлж явдаг дасгалжуулагч онцгой нэгэн буюу Жозе Моуриньо дуудсанаар тэрээр Манчестер Юнайтед хэмээх агуу түүхтэй багт ирлээ.

Будант Албионд ирэхдээ тэрээр өсч яваа залуу тоглогчийн дүрээр бус туршлагатай ахмад тамирчны дүрээр ирсэн нь шүүмжлэгчдийн амны бай болж эхэлсэн. Харин Златан бол Златан. “Би энд хааны дүрээр ирсэн гэдгээ харуулаад зодог тайлна” хэмээн ам бардам хэлсэн энэ залуу гайхалтай тоглолтоо харуулсаар байна.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

7 СЭТГЭГДЭЛТЭЙ

Зочин
[49.0.204.248]
Aguu yumaa
хариулах
Зочин
[103.10.23.98]
gaihaltai super dovtlogch
хариулах
Зочин
[59.153.87.11]
хариулах
Зочин
[59.153.87.11]
хариулах
Зочин
[59.153.87.11]
хариулах
Зочин
[59.153.87.11]
хариулах
Зочин
[59.153.87.11]
хариулах

ХХ зууны эхэн үеийн фитнес

Өнгөрсөн зуунд бүсгүйчүүд турах гэж хэрхэн оролдож байсныг харцгаая.

М.Сугар-Эрдэнэ

Азийн аваргад зодоглох Монголын шигшээ баг

Дели хотод тавдугаар сарын 10-14-нд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна.

М.Сугар-Эрдэнэ

Зууны шилдэг хаалгач В.Третьяк

“Би Оростоо л амьдрах дуртай. Би орос хүн, орос маягаар амьдрахыг хүсдэг”

М.Сугар-Эрдэнэ

Их уншсан