Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Судалгаа: 2017 онд СҮЙРЭХ найман орны нэгээр Монголыг нэрлэжээ

Засгийн газар болон хувийн хэвшлийн бондын өрөө төлж дийлэлгүй, энэ онд дефолт зарлах орнуудтай танилцаарай


Гэрэл зураг: www.akipress.com

Хөгжиж буй зах зээлтэй орнуудын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниуд нийт 300 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг энэ онд хийж чадахгүй, дефолт зарлах төлөвтэй талаар “Ройтерс” мэдээлжээ. Харьцуулахад, 2016 онд үүнээс гурав дахин бага зээлийг улс орнууд хугацаандаа эргэн төлж чадахгүйд хүрсэн байдаг. Сонирхолтой нь, шинжээчид дээр дурдсан найман орны нэгээр Монголыг нэрлэжээ. 

Дефолт зарлагчдын тоо огцом өсөж байгаад АНУ-ын мөнгөн тэмдэгт ноён ногооны ханш бусад валютын эсрэг өнгөрсөн таван жилийн хамгийн дээд түвшиндээ хүрч чангарсан нь голчлон нөлөөлж буй аж. 

БНХАУ

Хятадын компаниуд гаднын зах зээлд 18 их наяд ам.долларын өртэй(ДНБ-ий 170 хувьтай тэнцэж байна). Үүнээс энэ онд 800 тэрбум ам.долларын зээл болон бондын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүд нь төлнө. Өнгөрсөн 2014 оноос хойш тус улсын 85 компани дефолт зарлажээ. Тэгвэл БНХАУ-ын үнэлгээний “Chengxin” компаниас зөвхөн 2017 онд үүнээс ч олон компани дефолт зарлаж магадгүй гэж таамагласнаа танилцуулсан байна. 

Юанийн ханш сүүлийн 8 жил хагасын хамгийн доод түвшинд хүрсэн. Энэ нь БНХАУ-ын Ардын банкны гадаад валютын нөөцийг 2010 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүргэж байна. Тус улсын зах зээлд ам.доллар хангалттай байхгүй учраас компаниудад зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй байгаа гэнэ. Банк бус санхүүгийн байгууллагууд гэхэд л энэ жил 530 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийх товтой тухай Олон улсын санхүүгийн корпорацаас мэдээлжээ. 

Турк

Туркийн мөнгөн тэмдэгт лирагийн ханш ам.долларын эсрэг энэ жил огцом суларсан. Ингэснээр ам.доллараар зээл авсан тус улсын компаниудыг мөн л айдаст автуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагууд ирэх 12 сард багтааж 79 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ. 2009 оноос хойш анх удаа банкны чанаргүй зээлийн хэмжээ нь энэ оны эхний улиралд эрс өсөх тооцоотой байна. 

 

Мозамбик 

Энэ оны нэгдүгээр сард тус улсын Засгийн газар 60 сая ам.долларын купоны төлбөр төлөх учиртай. Тэд 727 сая ам.долларын “Туна бонд” олон улсын зах зээлд гаргаж байжээ. Мөн тус улсын хувийн хэвшлийн компаниуд 1 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг бонд эзэмшигчдэд энэ жил төлнө. 

Конго

2029 оны зургаадугаар сард хугацаа нь дуусах бондын купоны төлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улс хийж чадсангүй. Тиймээс олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг “Хөрвөх чадварын эрсдэлтэй” гэх ангилалд багтаажээ. Санхүүгийн сорилт Конгог тосч байна гэж тайландаа тэмдэглэсэн байна.  

Монгол

Байгалийн баялгаар асар баян энэ орны эдийн засгийн өсөлтийн бүүмд төгсгөл ирж, 1 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг 2017 оны гуравдугаар сар болон 2018 оны нэгдүгээр сард хийх товтой. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” компани хэдийнэ дефолт зарласан. Хөрөнгө оруулагчид тус улсын Засгийн газрыг ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах, эсвэл хөрш БНХАУ-аас тусламж авах хоёр сонголтын нэгийг хийнэ гэсэн найдлага тээж байна. 

Венесуэл 

Тус улсын төрийн өмчит, газрын тосны PDVSA компани өрийн дарамтад оржээ. Эл компани нийт гаргасан бондынхоо 2.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнийхийг 2035 он хүртэл хугацааг сунгаж, хойшлуулсан байна. Гэхдээ энэ жил 10 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийх хэрэгтэй байгаа аж. 

Венесуэлд хүнсний хомсдол нэгэнт үүссэн. Түүнчлэн гурван оронтой тоонд эргэлдэх инфляцийн хэмжээнээс болж тус улсын Засгийн газар хэдий хүртэл тэсэхийг хэлэхэд бэрх болж байна.  

Суринам 

Өмнөд Америкт байрлах тус улсын эдийн засгийн өсөлт саарч буйг ОУВС онцолжээ. Тус улсын Засгийн газар 500 сая ам.долларын бонд босгосон. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард эхний купоны төлбөрөө төлөх учиртай дээрх бондоос босгосон мөнгөө нийгмийн халамжид зарцуулж байгааг шинжээчид шүүмжилж байна. 

Белиз 

Энэ улсын Засгийн газар 2038 онд хугацаа нь дуусах товтой 530 сая ам.долларын бондоо өөрчлөх хүсэлтэйгээ өнгөрсөн онд илэрхийлжээ. Бондын купон 5-аас 6.767 хувьд хүрсэн байна. 2017 онд уг бондын купоны төлбөрийг төлөх ёстой. 

Эх сурвалж: www.jakartaglobe.id

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
46
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.