Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“Гавьяат хуульч”-ийг төрүүлсэн хуралдаан

Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгч өөрөө даргалан дараагийн чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар боллоо.


Улс орон даяар нийгмийн тогтолцоог өөрчлөх ардчиллын давалгаа ид хүчээ авсан 1992 оны хавар миний бие Баянхонгор аймгийн Намын хорооны даргын ажлыг аваад удаагүй байхад АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгууль зарлагдаж нэр дэвшүүлэх компанит ажил улс орон даяар өрнөв. Энэ сонгуульд шинээр үүссэн улс төрийн нам, иргэний хөдөлгөөний нэр дэвшигч, бие даагчдыг хөдөлмөрчдийн хурлаас нэр дэвшүүлэх бүрэн боломж олгосноор өргөн ардчилалтай сонгууль болох нь тодорхой байв.

Бөмбөгөр сумын төвийн иргэдийн хурлаас миний нэрийг АИХ-ын депутатад дэвшүүлж багийн хурлуудаар дэмжлээ. Миний өрсөлдөгч тус сумын МоАХ-ны  зохицуулагч Халтар багш надтай уулзаж, “Та харьцангуй залуу хүн, нөгөө талаар саяхан орон нутагтаа ажиллахаар ирсэн зэргийг бодолцоод  би нэрээ татахаар шийдвэрлэсэн, харин та сайн ажиллаарай” гэж билээ. Ингээд нийт сонгогчдын 98 хувийн санал авч АИХ-ын депутатаар сонгогдсон түүхтэй.

АИХ-ын анхдугаар чуулганаар Монгол улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд, хоёр шадар сайдыг сонгож батлах асуудлыг шийдвэрлэснийг санаж байна. Тэр үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга  П.Очирбатыг нэг их маргаангүйгээр Монгол улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгон баталсан. Харин Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Зориг, Р.Гончигдорж нараас депутатууд түмэн жорын асуулт асууж зарим нь байцаах шахуу юм болов. Тухайлбал, морь унаж чадах уу ч гэх шиг. Хотын хүү С.Зориг тэр шалгуурт бүдрэх жишээтэй. С.Зориг зарим утга учиргүй асуултад нэг их ач холбогдол өгөлгүй нэлээд хошин маягаар хариулж оноо алдсан тал бий байх. Одоо бодоход дэд Ерөнхийлөгч морь унаж чаддаг байгаад яах билээ. Ингээд хөдөөний амьдрал мэддэг гэсэн илүү үнэлгээгээр Р.Гончигдорж дэд Ерөнхийлөгч болж байв. Гэхдээ аль аль нь шижигнэсэн сайхан залуу тул нэг их алдаагүй.

Харин Ерөнхий сайдад Д.Бямбасүрэн, Гунгаадорж нар нэр дэвшиж, ширүүн өрсөлдсөний дүнд Бямбасүрэн гуай ялалт байгуулж уг албан тушаалд томилогдож билээ. Шадар сайдад нэр дэвшсэн Ганболд, Дорлигжав нар ногоон гэрлээр гарч байлаа.

Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгч өөрөө даргалан дараагийн чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар боллоо. 

Шинэ Үндсэн хуулийн анхны төслийг ард түмэн, хөдөлмөрчдөөр өргөн хэлэлцүүлж гарсан саналыг бүх шугамаар комисст хүргүүлж байв. Архангай аймагт АИХ-ын депутатууд аймгийн захиргааны удирдлагуудын бүсчилсэн уулзалт хэлэлцүүлэг болж бид оролцов.

Ингээд 1991 оны арваннэгдүгээр сард эхэлсэн ээлжит чуулганаар  Үндсэн хууль батлах хариуцлагатай үүрэг ноогдож бид бүхэн Төрийн их танхимд хуран цугларсан билээ. Ерөнхийлөгч П.Очирбат гуай депутат бидэнд хандан “Үндсэн хуулийн төсөл сайн боловсрогдсон тул 10-13 хоногт багтаан батлах юм шүү” хэмээв. Хуралдаан эхэллээ.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал, дэгээс эхлээд гацах нь тэр. Зөвхөн энэ асуудалтай 2-3 хонов. Дараа нь Үндсэн хуулийн нэр, Улсын нэр ихээхэн маргаан  дэгдээлээ. Төсөлд хуулиа “Их цааз” гэж нэрлэхээр оруулж ирснийг  депутатууд эрс эсэргүүцэн байр сууриа ширүүхэн илэрхийлцгээв. Улсын нэр дээр бас их үзэлцсэн. 

Улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэхгүй коммунист бус өөр нэр өгнө гэж Улаанхүү депутат санал гаргатал хэн нэг нь тэгвэл чи эхлээд нэрээ өөрчил гэх маягийн хөгжилтэй маргаан өрнөдөг байлаа.

Төрийн сүлдийг тун нухацтай хэлэлцсэн боловч оновчтой шийдэж чадаагүй гэж боддог. Шонхор шувуутай сүлд зохиомжийн хувьд  үнэхээр сайн байсан. Бидний сэтгэлгээний инерц давамгайлаад энэ төслийг хүлээж аваагүй байхаа. Махчин шувуу төрийн сүлдэндээ тахих гэж байна гэж олонх нь шүүмжилсэн боловч баталсан сүлд маань хийсвэр талруугаа жаахан хазайсан болов уу. Ямар сайндаа л Ц.Балдорж асан “Бид чинь бөглөө мултлагч шиг морь баталчихлаа”  гэж шогширч байхав. Гэхдээ дажгүй ээ. Гэр бүл, нийгмийн асуудал хэлэлцэх үед Баян-Өлгийн депутатууд учир битүүлэг байдлаар гаргасан томъёоллыг эсэргүүцэн мухардалд оруулчихав. Их удаан маргалаа, зарим нь бухимдаж хий холхин нэг хэсэг нь гарч гүйж байв. Гэнэт Төв аймгийн нэгэн залуу депутат Гантөмөр ерөөсөө хоёр эхнэртэй байж болох асуудлыг хуульчлах санал хураалт явуулъя гэх нь тэр. Танхим тэр чигээрээ шуугилдан сэргэж, Уртнасан дарга санал хураалгахаар алхаа дэлдэв. Дэлгэц дээр 100 гаруй хүн зөвшөөрсөн тоо гарах нь тэр. Хуралд оролцсон депутатууд хажуудах байхгүй нөхдийнхөө товчлуурыг дарснаас болж  тэр заалтыг золтой л баталчихаагүй. Маргааш нь уг саналыг Дорноговийн нэр нэгт депутат гаргасан мэтээр нэгэн сэтгүүлч сонинд ташаа мэдээлэл гаргаснаас нас ахисан сум-нэгдлийн дарга эр хэдэн өдөр уйлж гутарч билээ. 

Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн тухай асуудалд нэг хэсэг нь эмзэглэлээ. Үндсэн хууль, УИХ-ын дээр хэмжээгүй эрхт хэдэн хүн гарах нь гээд хэсэг нөхөд бууж гарах нь тэр. Зарим нь ерөөсөө энэ Б.Чимид өөрийнхөө албан тушаалыг бэлтгэж байна гэж хардав аа. 

Хөөрхий Б.Чимид гуай би түүнд чинь очихгүй гэж тангараглах шахуу юм болж байв. Энэ мэтчилэн хөгтэй, хөгжилтэй бас гэнэн гэмээр мэтгэлцээн 76 хоногийн турш Төрийн ордонд өрнөж билээ. Тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын дарга Ж.Уртнасан, депутат Б.Чимид, Р.Гончигдорж, С.Баяр, М.Энхсайхан, Л.Цог, Б.Галсандорж асан, Дашбалбар асан, иргэн Ламжав нарын шилдэг сэхээтнүүд бид бүхнийг чиглүүлж чадсан гэж үздэгээ нуух юун. Дашбалбар асан “Бие даасан депутатуудын бүлэг” гэх  100 гаруй хүнтэй албан бус бүлэг байгуулан ширүүхэн үзэлцэж эх орны тусгаар тогтнол, өмч хувьчлал, Ерөнхийлөгчийн эрх хэмжээ зэрэг зүйлүүдэд олон чухал заалтууд оруулсан.

Зарим нөхөд хадуураад явчихаар Б.Чимид гуай босоод гөвж өгнө. Ер нь үндсэн хуулийн эхийг жинхэнэ гардаж авсан хүн тэр яах аргагүй мөн.

Бид хуулийн заалт төдийгүй үг үсэг бүрээр, гарч болох эерэг, сөрөг үр дагаварыг дахин дахин хэлэлцэж байсан туршлагыг одоогийн УИХ хэрэгжүүлээсэй билээ. 

Манай аймгийн депутатууд Залуучууд зочид буудалд байрлаж, орой бүр Пүрэвгял бид хоёрын хэн нэгний өрөөнд цуглаж хэлэлцэж буй асуудлаар маргалдан санал бодлоо нэгтгээд маргааш нь 1-2 хүн төлөөлж үг хэлдэг байлаа. Манай Баяндалай, Жагварал асан нар онцгой идэвхтэй байсныг зориуд тэмдэглэх ёстой. 

Миний хувьд 21 удаа үг хэлсний дотор “Хүн амьд явах эрхтэй” гэсэн заалтыг “Хүн амьдрах эрхтэй” гэж оруулъя гэсэн санал төдийлөн дэмжигдээгүй. Оросоор “право на жизнь” гэж  орчуулагддаг. Амьд явах амьдрахын хооронд том ялгаа бий. Тэгээд ч энэ заалтыг өнөөгийн төр засаг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ард түмнийхээ бараг тал хувийг зөвхөн “амьд” явуулаад байгаа ч юм шиг...Цаашдаа бодмоор зүйл юм даа.

Ингээд 13 хоногт багтаахаар төлөвлөсөн хуулийн төсөл маань 76 хоног дээрээ батлагдаж өмнөхөөсөө танигдахын аргагүй өөр болон мэндэлсэн түүхтэй. Үүнийг яагаад хэлэх болов гэвэл улс төрийн зарим хүчин энэ хуулийг гадаадынхны захиалга, шахаасаар баталсан мэтээр гуйвуулж байгаад няцаалт болгох гэсэн юм. 

Үндсэн хууль батлагдахын өмнөх өдөр миний бие хамгийн их хүчин зүтгэл гаргасан Б.Чимид гуайг “Гавьяат хуульч” болгох саналыг хамтарч тавьцгаая гэж аймгийнхаа депутатуудтай ярьж тохиролцоод Л.Пүрэвгялын хамт товч тодорхойлолт бэлтгэж билээ. Ингээд “Үндсэн Хууль” батлагдсан торгон мөчид  хуралдааны индэрт Л.Пүрэвгялыг гарган уг тодорхойлолтыг уншууллаа. Депутатууд нижигнэтэл алга ташихад Ерөнхийлөгч П.Очирбат босч  та бүхний алга ташилтыг хүлээж авлаа гэвээ. Түүний дараахан Ерөнхийлөгчийн зарлиг гарч Б.Чимид гуай “Монгол улсын гавьяат хуульч” цолоор шагнуулан тэр үеийн өдрийн од шиг цөөн гавьяатын нэгэн болж билээ...

Миний нэрийг АИХ-ын депутатад нэр дэвшүүлэн улмаар сонгож төрийн эрх дээд байгууллагад хоёр жил хүчин зүтгэх боломж олгосон Бөмбөгөрчүүддээ баярлаж, талархаж явдгаа энэ  ялдамд илэрхийлж байна. 

Говь хангайн цэнхэр нутгийн ард түмэн Баянхонгорчуудын ажил үйл үргэлж бүтэмжтэй байх болтугай.

АИХ-ын 94 дүгээр тойргийн депутат асан Эрэн овогт Б.Сандуйжав

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.16
“Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
2
2018.11.08
Монгол бахархлын өдөр тохиож байна
3
2018.09.04
The Saway: Бид хүрч чадах эцсийн цэг хүртлээ хамтдаа явна
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
16
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.