Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

АН-ын даргын сунгаанд Л.Гантөмөр С.Эрдэнэтэй тунах уу?



Ардчилсан намын даргын сунгаа дуусахад 15 хоног үлджээ. Эхэлснээсээ хойш бүхэл бүтэн нэг сар, нэг хоног үргэлжилж байгаа энэхүү сунгааны үйл явцыг ажиглахад таван нэр дэвшигч тус бүрийн өмнөө тавьсан ил болон далд зорилго улам бүр тодорч эхэллээ. Тэдний хэн ямар зорилгоор АН-ын даргад өрсөлдөж байгааг тодорхойлж үзвэл сунгааны төгсгөлд Л.Гантөмөр, С.Эрдэнэ хоёр тунаж, үзүүр түрүүнд “барилдаж” мэдэх дүр зураг бодитой урган гарч байна.
Сунгаа нь нэг талаасаа улс төрийн өрсөлдөөн боловч АН-ын даргын албан тушаалд дүйх чансааг шинээр тодорхойлох улс төрийн том бодлого юм. Тиймээс таван нэр дэвшигчийн хувьд өөр өөрийн улс төрийн дүр төрхийг шинэчлэн таниулах ховор завшаан гэж харж болно. Энэ бол АН-ын даргын сунгааны гэхээсээ, эдгээр таван нэр дэвшигчийн хувь улстөрчийн хувьд маш том сорилт, мөн цаашид улс төрд хэн болохоо таниулах чухал үйл явдал болж байна. 

Н.Алтанхуяг ба Ерөнхийлөгч

Улс төрийн нас, туршлага, зангаргаараа Н.Алтанхуяг бол энэ тав дотроо яах аргагүй нэгдүгээр хүн. Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж олон нийтэд ил тод зарласан нь түүний удаах шийдвэр буюу АН-ын даргын сонгуульд оролцох мэдэгдлээс илүү тод сонсогдсон хэвээр байгаа. Тиймээс Н.Алтанхуягийн хувьд АН-ын даргын сунгааны эцсийн бариа намын даргын алба бус, Төрийн тэргүүний суудалд дөхөх марафон болон өрнөж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хүртэл хагас жил ч хүрэхгүй хугацаа үлджээ. Тиймээс АН-ын даргын сунгаанд нөгөө дөрөвтэйгөө мөр зэрэгцэх маягтай, хэдхэн хоногийн дараа АН-ын ирээдүйн даргаар тодорч Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг удирдан явуулах нэр нь үл мэдэгдэх “цэргээ” дагуулан улс орноо бүхэлд нь тойрч яваа нь Н.Алтанхуяг шиг алсын зайны тоглогчийн түрүүлж харсан нүүдэл юм. Хэрвээ энэ олон км замыг ганцаараа туулна, намынхаа гишүүдтэй нэг бүрчлэн гар барина гэвэл сунгаанд гараснаасаа 5 дахин их зардал гаргаж таарна шүү дээ. Тиймээс Н.Алтанхуяг АН-ын даргын сунгаанд өрсөлдөгч гэхээсээ шууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн дүрээр харагдаж байна. 

Ж.Батзандангийн бие халаалт

Түүнтэй адил халаасанд нь АН-ын гишүүний үнэмлэх явдаг олон мянган гишүүн Ж.Батзанданг АН-ын даргаар сонгох бүү хэл, нэг нам гэдэгтээ ч эргэлзэж явдаг нь нэр дэвшигч 5 эрхмийн дотроос зөвхөн түүнд оногдож буй хамгийн муу тал. Ж.Батзандан яг энэ чанараараа УИХ-ын 2016 оны сонгуульд ялсан байх талтай. АН-ын гишүүн гэхээсээ илүү хувийн тоглолттой, “бие даагч” гэж эндүүрмээр улстөрчийн сондгой дүр төрхийг бүрдүүлсэн энэ хүн намын даргын сунгаанд түрүүлнэ гэвэл том эндүүрэл. Энэ тухай шүүмжийг сунгаанд оролцож буй бусад нэр дэвшигчийн зүгээс Ж.Батзандан хэдэнтээ сонсоод амжжээ.

Гэхдээ Ж.Батзандангийн АН-ын даргын сунгаанд оролцож буй зорилго намын даргын суудал огтоос биш. Сунгаанд оролцогч тус бүрийн төлөх ёстой 250 сая төгрөгийг ч бас өөрөөсөө гаргаагүй. Энэ өрсөлдөөн түүний хувийн имижид эерэгээр нөлөөлж, “Би АН-ын нөлөө бүхий хүн шүү” гэдэг сурталчилгааг намын анхан, дунд шатны гишүүдэд хүргэх ёстой. Ж.Батзандангийн энэ “бие халаалт” үүргээ гүйцэтгэж, байгаа оносон байх аа.    

Л.Гантөмөр “нэр дэвшигч”

Сунгаа гуравны хоёроо элээсэн энэ өдрүүдэд түүний өрсөлдөөн нэлээд онцгойрч, Л.Гантөмөрийн дүр төрх улам тодорч байгаа нь илэрхий анзаарагдаж байна. Түүнийг тойрсон шүүмжлэлүүд нэлээд хурцдаж ирсэн төлөв байдал нь Л.Гантөмөр АН-ын даргын сунгаанд нөлөө бүхий дэвшигчийн байр суурин дээр бат зогссоны бодит нотолгоо юм. Одоо үлдсэн хугацаанд улс төр сонирхогчдын анхаарлыг өөртөө төвлөрүүлж чадах өрсөлдөгч бол гарцаагүй Л.Гантөмөр болж байгааг цахим ертөнцөд өрнөж буй олон нийтийн хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээний гол дүр болж чадсанаас нь харж болохоор. 

Л.Гантөмөрийг муучилж буй Мүүн, МАНАН зэрэг шалтаг нь өнцгийн хувьд улс төрийн сүлжээнд нэгэнт үүргээ гүйцэтгэсэн, хэн нь хэн гэдэг нь аль хэдийн ил дол болчихсон зүйлс. Ийнхүү шүүмжлэлийн өнцөг цаг хугацааны хувьд хуучирсан, шинээр эргэлдэхээсээ өнгөрсөн нь Л.Гантөмөрийг муухай харагдуулахаасаа илүү өрсөлдөгчдийг нь мэдрэмжгүй, дэмий л өөнтөглөн хийрхэгч болгон харагдуулж эхэллээ.   

Д.Эрдэнэбат “дэмий гонзгой”

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр таван сар ажиллана гэдэг бага хугацаа биш. Д.Эрдэнэбат АН-ын тамгыг атгасан хагас жилийн хугацаанд АН-ын нөлөө бүхий фракцууд болох МҮДН, Шонхор, Алтангадас намын даргын суудалд түүнийг үлдээх тохироог бараг л хийчихээд байсан “алтан” үе бий. Гэвч нөхөд нь замын дунд тохирооноосоо буцаж, түүнийг намын даргаар батламжлахын оронд сунгаагаар тодруулахаар болсон нь том цохилт байв. Тиймээс Д.Эрдэнэбат намын их хурлаас гарсан шийдвэрийн эсрэг зогсож зүрхлээгүйдээ, нэг үгээр хэлбэл ичсэн нүүрэндээ АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн хэрэг.

Одоо ид өрнөж буй АН-ын даргад нэр дэвшигчдийн сунгааны явцад түүн шиг сул дүр алга байгаа нь анхаарал татна. Өндөр нуруутай ч сагсан бөмбөгт маруухан нөхдийг “дэмий гонзгой” гэдэг шиг Д.Эрдэнэбат өрсөлдөөн дунд дэмий л нэг зогсож харагдана.     

С.Эрдэнэ “нэр дэвшигч”

Ийнхүү цагаан толгойн үсгийн дарааллаар АН-ын даргын сунгаанд оролцогч 5 нэр дэвшигчийн дотроос хамгийн нөлөө бүхий С.Эрдэнэ эрхмийн хэсэгт ирлээ. Хэрэв уншигч Та энэ хүртэл уншсан бол 5 өрсөлдөгчөөс Л.Гантөмөр АН-ын даргын сунгааны гол дүр болохыг ажигласан болов уу. Тэгвэл түүний хамгийн том өрсөлдөгч нь С.Эрдэнэ болж байгаа юм. Н.Алтанхуяг АН-ын дарга гэхээсээ Ерөнхийлөгчийн сонгуульд биеэ халааж, Ж.Батзандан хувийн рейтингээ тандах зорилготой яваа бол Д.Эрдэнэбат “дэмий” л нэрээ дэвшүүлсэн гэх ажиглалтыг хийлээ. Тиймээс С.Эрдэнэ, Л.Гантөмөр хоёр АН-ын даргын сунгааг жинхэнэ утгаар нь хүлээн авч, АН-ын даргын суудал, тамгатай хамт гарт нь ирэх эрх мэдэл, жин нөлөөний төлөө хоёргүй утгаар үзэлцэн тунана гэсэн гаргалгаа эндээс уншигдаж байна.

С.Эрдэнэ бол Л.Гантөмөрийн дэргэд хал үзэж, халуун чулуу долоосон, ёстой л нөгөө хөгшин “бурхи”. Тэрбээр 2016 оны сонгуулиар АН-ын дарга З.Энхболдыг өөрийн вант улс гэгддэг Баянголд аваачиж өрсөлдүүлээд далаар нь хаяхдаа “АН-ын дараагийн дарга бол БИ” гэсэн мессежийг өгсөн. С.Эрдэнийн хувьд Л.Гантөмөр гэнэн туулай. АН-ын гишүүдийн бүртгэл нэг өдрийн дотор хэрхэн 160 мянгад хүрсэн “амжилтын” учрыг ойлгоход Л.Гантөмөрийн туршлага хүрэхгүй, харин С.Эрдэнийн их мөнгө, хар зориг хоёр бол мэднэ. 

Ийнхүү “Нэг ардчилал” овогтой залуусын фракцын лидерүүдийн нэг Л.Гантөмөр, “Шонхор-МоАХ” бүлэглэлийн хөгшин толгойлогч С.Эрдэнэтэй үзэлцэж, АН-ын даргын сунгааны үзүүр, түрүү булаалдаж эхлэв. Ялгаатай нь С.Эрдэнэ сурсан зангаараа 27 жил гудамжинд хаягдсан партизануудын гомдол, хорсол дээр дөрөөлж намын даргын суудалд хүрэхийг санаархаж байгаа бол Л.Гантөмөр нь АН-ыг илүү ардчилалтай, хариуцлагатай нам болгоё, АН-аар дамжуулж нийгмээ ардчилья гэж байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
42
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.