Хайх зүйлээ бичнэ үү

Анх уулзаж байгаа хэрнээ ил цагаан инээмсэглэл, шулуухан яриа хөөрөө дэлгэх нь түүний талаарх анхны сэтгэгдэл шуудхан л гялалзан орж ирэхэд хүргэсэн юм. Тэр нээлттэй, нөхөрсөг хүн болов уу. Бас аар саар зүйлийн тухай ярихдаа хүртэл мэр сэр албаны үг хэллэг хавчуулах нь ажлын хэнхэгтэй нэгэн ч гэмээр. Анхны уулзалтын дараа надад шалмаг хөдөлгөөнтэй, хурц тод хэлтэй, шавилхан энэ бүсгүйн талаар иймэрхүү бодол төрсөн юм. Ингээд Өмнөговь аймгаас УИХ-ын сонгуульд ялж, анх удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Намсрайн Амарзаяаг www.ub.life сайтынхаа уншигчдад илүү сайн танилцуулахаар ярилцлаа. 

-Та ямар гэр бүлд төрж өссөн бэ. Эцэг, эхийнхээ талаар ярихгүй юу?

-Миний аав Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүн. Аав, ээж хоёр маань Улаанбаатарт МУИС-ийн хими, биологийн факультетад суралцаж байхдаа танилцаж, ханилж суухаар шийдсэн юм билээ. Ээж маань Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, буриад эмэгтэй. Тэд их сургуулиа төгсөөд Мал аж ахуйн хүрээлэнгийн харьяа Өмнөговь аймгийн Булган сумын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллахаар ирсэн. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсний дөрөв дэх нь би юм. Аав минь Мал аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил эрхэлж, улсын эдийн засагт болон малчин айл өрхийн амьдралд өгөөжөө өгөх нээлтүүдэд гар, оюунаараа оролцсон нь хөдөө аж ахуйн салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Ээж минь дунд сургуульд насаараа багшилсан, олон сайхан шавийнхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн буурай бий. Миний өсөж хүмүүжсэн орчин бол яах аргагүй социализмын үеийн шилдэг сэхээтэн гэр бүл. Тэр үед хүн болгон тэр социализмын эс ширхэг байх үүргээ ухамсарладаг, хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшлийг ч тэр чигт хандуулдаг гэр бүлийн соёлтой байсан шүү дээ. Би олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, хувиа хичээхийг маш дорой явдалд тооцдог  тийм л гэр бүлд өсөж хүмүүжсэн. Би аавыгаа төр, нийгэм, улс төрийн зүтгэлтэн байж дээ гэж боддог юм.

Аав минь 1992 оны анхны ардчилсан сонгуулиар олон түмнийхээ итгэлийг хүлээн, аймгийн депутатаар сумаасаа сонгогдон ажиллаж байсан. Би бас дараа нь орон нутгийн сонгуульд хоёр удаа сонгогдож, аавынхаа үйлийг үргэлжлүүлж байлаа. Аав маань сумын ИТХ-ын орон тооны бус даргаар ажиллаж байхдаа хуралдаанд сум орныхоо хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьж байгаад бие нь хүндээр өвдсөн. Их халуун өдөр байсан юм. Тэр явдлаас хойш аавд ажлаа урьдын адил идэвхтэй үргэлжлүүлэх боломж хомсдож ирсэн дээ.

-Ингэхэд Та хэдэн онд намд элссэн юм?

-Би 1998 онд МУИС-ийн физикийн ангийг төгсөөд, ханьтайгаа гэр бүл болж, нэг жил хөдөө мал маллаж байгаад 1999 онд Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын III сургуульд багшаар ажиллаж эхэлсэн. Тэр ондоо тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-д элссэн. 

-1999 он гэдэг чинь нийгмийн шилжилтийн эхэн үе шүү дээ. Залуучууд улс төрд цоо шинэ сонголт хийдэг байсан цаг үед хуучинсаг улс төрийн хүчнийг дагасан нь үзэл бодол нэлээд төлөвшсөн хүний л хийх үйлдэл байх шүү?  

-Аавыг биднээ орхин одоход надад нэгэн бодол төрсөн юм. Тэгэхэд би оюутан байсан. Юу гэвэл, бидний зургаан хүүхдээс хэн нэг нь хүмүүсийн төлөө амьдрал, сэтгэлээ тэр чигээр нь зориулсаар ирсэн мундаг зүтгэлтэй аавынхаа үйл хэргийг залгах ёстой, тэр нь би ч байж болно гэж. Аав минь 1997 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, би сайхан аавынхаа замналаар л олныхоо дунд ороод явчихсан. Тухайн үед би 23-хан настай байсан учраас улс төрийн үзэл бодол, чиг баримжаа айхтар хатуу төлөвшсөн байна гэж юу байх вэ дээ. Би зүгээр л улс нийгмийнхээ төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж амьдардаг, зовж зүдэрсэн нэгэнд тусалж, урам хугарсан нэгэнд нь итгэл, зориг нэмж явдаг тийм сайхан аавынхаа үргэлжлэл нь байх гэсэн үр хүүхдийн бодлоор л шийдсэн хэрэг. 

-УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн АН-ыг шооконд оруулж дөнгөсөн шигээ сонгогчдын таамагт байгаагүй олон хүнийг МАН-аас УИХ-ын гишүүн болгосон. Тэдний нэг “азтан” нь Та юм. Өмнөговийн иргэд Таныг УИХ-д илгээсэн нь Таныг дайрсан сохор аз уу, эсвэл Та тэдний хувьд шийдвэртэйгээр гаргасан сонголт нь уу?

-Манай сонгогчид яавч сохор мухар сонголт хийгээгүй, би бол тэдний хувьд хатуу шийдвэр нь. Энэ бол миний анхны сонгууль ч биш. 2008, 2012 онд нэг тойргоос 2 удаа аймгийн ИТХ-д сонгогдосон. Тиймээс би иргэдийн хандлага, нөхцөл байдлыг мэдэрнэ шүү дээ. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, сонгогчидтой хийсэн анхны уулзалтаараа л өөрийгөө ялах юм байна гэдэгтээ бат итгэсэн. Хамгийн том даваа нь намын шийдвэр байдаг. Би Өмнөговьд МАН ялагдсан найман жилийн хугацаанд аймгийнхаа намын гал тогоог “алгадаж”, дэд дарга, дарга гэсэн удирдах албан тушаалыг долоон жил хашсан. 2016 онд МАН ялах итгэл найдварыг бодитой болгохын төлөө өөрт байсан бүх бололцоогоо дайчлан ажилласан. Намайг олон нийт сайн мэдэхгүй байх. Харин намынхаа бүх түвшинд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Өмнөговийн Амарзаяа” гэхэд андахгүй болтлоо танигдсан даа. Энэ бол миний уйгагүй зүтгэл, хөдөлмөр юм. Мэдээж, өнгөрсөн дөрвөн жилд улс оронд бий болсон улс төр, эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал ч иргэдийг 2016 онд илүү хариуцлагатай сонголт хийхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

-Таныг найзууд чинь “Амбага” гэх юм билээ?

-Уг нь хар багад өгсөн гэрийн нэр юм. Манай гэрт Зузуу, Жөнжиг, Амбага, Азаа гэж дөрвөн охин байлаа. Зузу, Жөнжиг хоёр маань сургуулиа төгсөөд сум, аймагтаа амьдрахгүй, төвийн хүмүүс болчихсон учраас тэр хоёрын гэрийн нэр тэр дороо мартагдсан. Би л аймагтаа олон жил ажиллаж амьдарсан болохоор ингэж дуудуулаад өдий хүрчихлээ. Гэрийнхэн, найзууд, ер нь манай аймгийнхан “Амбага аа” л гэдэг юм. Харин энд намайг тэгж дуудах хүнгүй, зүгээр ч юм уу, бүтэн нэрээрээ дуудуулаад... (инээв).   
 

-Нутгийнх нь элгэнд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том орд байдаг өмнөговьчуудад энэ их баялгаас сайн, саар хаялгын аль нь илүү тусдаг бол?

-Уул уурхай, эрдэс баялгийн тэсрэлтийн он жилүүд зөвхөн манай өмнөговьчуудад төдийгүй, монголчууд бидэнд сайн болоод саар хаялгаа өгч, хангалттай туршлага үлдээсэн гэж бодож байна. Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлөн хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаагийн хувьд Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд газар дээр нэмж өөр ямар нэг ордын лиценз олгохын эсрэг хатуу байр суурийг баримтлах болно. Өмнөговийн байгаль унаган төрхөө алдаж, ард иргэд эрүүл бус, аюултай орчинд амьдрах эрсдэлд орж байгаа. Тиймээс уул уурхайн бүс нутагт зайлшгүй тавигддаг хариуцлагатай уул уурхайг бид шаардах болно. Мөн Өмнөговь аймгийн хөгжлийг Оюутолгой, Тавантолгойгоос дэмжих нь эдгээр компанийн хариуцлагын салшгүй хэсэг. Хэрхэн, яаж гэдэг талаар Өмнөговь аймгийн шинэ удирдлагуудын санаачилгаар уг компанийнхантай уулзаж, хамтын ажиллагааны гэрээг байгуулах талаар санал бодлоо илэрхийлсэн. Уурхайн ажилчдын 50 хувийг Өмнөговийн иргэдээс бүрдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх замаар тэдний бизнесийг хөхиүлэн дэмжих тухай яриа хэлэлцээ хийгдсэн. Ажилтай, тогтмол орлоготой болсноор алт, чулууны нинжа хийж түр зуурын орлогоор амьжиргаа залгуулах байдал арилна. Тухайлбал, манай тойргийн 20 гаруй мянган сонгогч дотор ажилгүй маш олон иргэн тоологддог юм. Тэднийгээ ажлын байртай болгох боломж гарч ирнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа.           

-Өмнөговь аймагт ажилгүй иргэд олон мөртлөө тэднийг өдөрт 20 мянган төгрөгөөр ажил хийлгэх гэхээр хөлсийг нь голоод гэрээсээ гардаггүй гэнэ. Гайхмаар биш үү? 

-Надад бол гайхмаар гэхээсээ харамсалтай. Сая Ерөнхий сайд Гурвантэс суманд очоод иргэдтэй уулзахад хүмүүс ажилгүй, амьдрал хэцүү байгаагаа ярьсан. Тэд улаан чулуугаа ухаад Хятад руу гаргах хүсэлтэй. Хууль бус зүйл л дээ. Орон нутгийн хувьд хурц тулгамдсан асуудал энэ улаан чулуу болоод байна. Байгалийн баялгийг хил гаалиар нууцаар гаргах гэж байгаад баригдаж амьдралаараа хохироод явж байгаа жишээ олон бий. Гэтэл томоохон уурхайнууд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангая гэхэд цалинг нь голоод ажилладаггүй гэж уурхайн хүмүүс ярихыг сонсоод маш их гайхаж байлаа. Монголын өнцөг булан бүрээс хүмүүс тэдгээр уурхайд ажиллахаар хэдэн мянган километр туулаад ирцгээж л байгаа. Яагаад хажууд нь байж ажилгүй байна гээд байгаа нь анхаарал татаад байгаа юм.   

-Өмнөговь аймгийн дунд сургуулиудыг төгсөгчдийн ЭЕШ-д үзүүлсэн амжилтын дундаж оноо Монгол Улсын хэмжээнд сүүл мушгисан байдаг. Эрдэс баялгийн өлгий нутагт амьдардаг дунд сургуулийн сурагчид нь эрдэм боловсролд хичээхээсээ илүүтэй хаяан дахь Оюутолгой, Тавантолгойн “бэлэн боорцогт” нийтээрээ найддаг болчихсон юм биш байгаа гэсэн бодлыг надад энэ үзүүлэлт өгүүлсэн. Та багш хүний хувьд надтай санал нийлэх үү?

-Энэ асуултуудыг тавьж байхад чинь надад бас эргэцүүлэл төрж л сууна. Магадгүй ээ, манай хүүхэд, залуучуудад бэлэнчлэх сэтгэлгээ тэгж муугаар нөлөөлснийг үгүйсгэх аргагүй юм болов уу. Хамгийн тулгамдсан гол асуудлаа сургалтын чанар гэж үзэж, багш хүний хувьд нэлээд хүндээр хүлээж авч байна л даа. Өмнийн говь нутгийн ирээдүй болсон хүүхдүүд ингэж хохирч болохгүй юм. Манай аймгийн хүүхдүүдээс ирээдүйн Ерөнхийлөгч төрөхийг би хувьдаа хүсэж байна. Өмнөговь аймгийн боловсролын байгууллага сурагчдын амжилт, сурлагын чанар яагаад адагт очсоны, багш нар яагаад идэвхгүй болчихсоны бодит шалтгааныг судалж, энэ дагуу системтэй ажиллах хэрэгтэй. Үүнд маш олон талын хүчин зүйл, нөлөөлөл чухал. Иймээс энэ талаар өөрчлөлт шинэчлэл хийхийг илүүд хүсэж байгаа.

-За, одоо Таны хувийн амьдралын талаар ярилцъя. Та УИХ-ын гишүүн болсноор Улаанбаатарын иргэн болсон уу?

-Өмнөговьдоо бүртгэлтэй хэвээр байгаа. 

-Тэгвэл 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох хотын даргын шийдвэрээс урьтаж амжсангүй дээ?

-Яахав, яахав. Өмнөговиос шилжиж ирэх бодол угаасаа байхгүй. Ажлын шаардлагаар л нутгаас гарч байгаа юм чинь. Хөдөө сайхан ш дээ, одоо нутаг руугаа зорих тоолондоо бүүр саначихсан байгаагаа мэдэрч байна даа. 

-Одоо танайх Улаанбаатарын аль хороололд амьдарч байна вэ?

-Хан уулын XIX хороололд.

-Оюутан байхдаа түр оршин сууж байснаас хойш нийслэлд одоогийнх шиг суурин амьдарч байгаагүй юу?

-Тийм ээ. Ээж маань аль 1998 онд Улаанбаатар хот руу шилжиж ирсэн учраас хотод ээжийндээ байнга ирдэг байсан. Харин яг амьдран суурьшиж бол үзээгүй ээ. 

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Ам бүл гурав. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Гэрлээд 20 жил болж байна. Бид хоёр чинь арван жилийн нэг ангийн хоёр л доо. Хүү маань зургаан настай, 52 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Гэр бүлийн хүн Өмнөговийн уугуул, санхүүгийн мэргэжилтэй. 

-Танайх хотод хэр идээшиж байна? 

-Ээжийн минь суугаа газар гэдэг бас их өөр л дөө. Надад бол болж л байна. Нөхөрт маань л дасал болж өгөхгүй оргиод байх шиг. Харин хүү маань их азтай, сургуульд ордог жил нь ингээд Улаанбаатарт гэрээрээ амьдрах болсонд түүнийхээ өмнөөс олзуурхаад байгаа шүү. Төрийн өмчит сургуулиудын шилдэг 8-д багтдаг, олон жилийн туршлагатай 52 дугаар сургууль гэрт маань ойрхон байж таарлаа. Хүүхдүүд нэг ширээнд гурвуулаа сууж байгаа ч гэсэн сайн багшийн ангид өгчихсөн гээд сэтгэл амар байгаа.

-Танай нөхөр ажлаа шилжүүлж чадсан уу?

-Урьд нь хийж байсан ажлаа хүлээлгэж өгсөн, энд ирсээр ажилд ороогүй байгаа. Аав нь хүүгээ сургуульд өгч, аваад л таарах юм. Хичээлийг нь давтуулах, гэрийн даалгаврыг нь хийлгэх гээд манай гэрийн хамгийн хариуцлагатай ажлыг даагаад авчихсан. Манай хүн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 14 жил ажилласан, нэг байгууллагад удаан ажилласан болохоор хамт олонтойгоо ижил дасал болчихсон, тэднээсээ салаад ирнэ гэдэг амаргүй л байсан байх, үдэлт нь сая оны өмнө ч үргэлжилсээр л байсан. 
 

-Бяцхан хүүд Улаанбаатар таалагдаж байгаа болов уу?

-Өө, гоё юм гэсэн. Кинотеатр, хүүхдийн тоглоомын газарт очих бөөн дур. Харин хотод хүүхэд ганцаараа гарч болдоггүй нь л хүүд минь жаахан онцгүй байх шиг. “Одоо дулаарахаар тэгээд дугуйгаа хаана унана даа айн, ээж ээ” л гэж асуух юм байна шүү дээ (инээв).

-Энэ утаанд хэр дасаж байна. Танайх хөдөөгийн цэвэр агаараас ирсэн болохоор мэдрэг байгаа байх?

-Өмнөговийн төв бас их утаатай болсон шүү дээ. Манайхан ялгаагүй нүүрс их түлнэ. Тэгээд говь учраас салхи багатай. Даланзадгадад өглөө, үдэш гарахад л хоолой хорсож ханиалгадаг. Сумдаас аймгийн төв рүү шилжин ирэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, сүүлийн 15 жилийн дотор хүн ам хоёр дахин нэмэгдэж, 20 гаруй мянга давчихаад байгаа юм. Би УИХ-ын гишүүний хувьд аймгийн төвийн цахилгааны хэрэглээг шөнөд тэглэх, өдрийнхийг нь нарны эрчим хүчний үүсгүүрээр шийдэх, иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлээд байгаа, боломж байвал тууштай дэмжиж ажиллана.

-Өмнөговийнхон гэж ийм цайвар шар царайтай хүмүүс байдаг юм уу. Говийн хүн гэхээр л хөрслөг бор арьстайгаар төсөөлөх гээд байдаг?

-Цаг агаарын мэдээгээр “Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 40 метр хүрч шуурна” гэж зарладаг даа. Би бол яг тэр нутгийн хүн шүү дээ. Зундаа 40 градус хална. Өвөл оюутны амралтаар харьтал ээж маань “За өнөөдөртэйгөө яг 60 хоног шуурлаа. Маргааш шуурахгүй бол шуурга зогсоно, үгүй бол дахиад 90 хоног шуурна даа” гэчихсэн сууж байсан. Тэгтэл маргааш нь шуураад, тэр шуурга яг 90 хоног тавьсан даа. Тийм л эрс тэс уур амьсгалтай нутагт бид амьдардаг мөртлөө яагаад ч юм ихэнх нь шар хүмүүс. Ялангуяа бүсгүйчүүд нь бүр ч цайвар царайтай байдаг нь нутгийн онцлог байх. 

-Улстөрч байна гэдэг олны нүдэн дор амьдарч, хэл амны бай болоод түвэгтэй ажил шүү дээ. УИХ-ын гишүүн болоод байдал бүр хурцдаж байгаад Та хэр эмзэглэж байна вэ?

-Харин ч олон хүнтэй газарт хэл ам харьцангуй бага байдаг бололтой. Хүн ам цөөн байх тусам тэр хэл ам гэдэг зүйл их байдгийг би яс махаараа туулсан. Аймгийн намын хорооны даргаар эмэгтэй хүн ажиллана гэдэг бол сайнаасаа саарыг илүү амсуулдаг, ер нь юу эсийг сонсгоно гэж бодно? Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллах хугацаанд чих ёстой л алт болчихсон. Миний ажлын зарчим байна, би өөрөө хувь хүнийхээ хувьд хэлсэн амандаа хүрч, хийсэн ажилдаа эзэн болоод зөв явахад л болоо. Үүнээс өөр юунд ч би санаа зовохоо больчихсон. 23 настай төдийгөөс өдий хүрэхэд нам, улс төрийн ажилд нухлагдлаа, төрийн ажилд олон хүнийг нэг чигт залж, зангидсан гар шиг хамт олон болгож хүртэл явлаа. Аливаа асуудалд эмзэглээд, сандраад, түгшээд байдаг үе ард өнгөрсөн байх аа.

-Анх удаа УИХ-ын гишүүн болсон хүн хувцасны шүүгээгээ бараг 100 хувь өөрчлөх шаардлагатай болдог байх, тийм үү?

-Төрөө хүндэтгэх, төрийг төлөөлөн хүмүүстэй харилцах, төрийн албаны ёс зүйд нийцэж ажиллахын тулд түүнд дүйх хувцаслалт шаардагдах нь ойлгомжтой. Тэгэхээр тэр шүүгээнд өлгөөтэй эд зүйлс бол өөрчлөгдөхөөр барах уу л юм болж байна. 

-Таны дээл их сайхан зохижээ. Цулгуй хар торгон, өөрөөр нь эмжсэн ийм дээл трэнд болж байх шиг?

-Баярлалаа. Ийм дээл бас их гоё байгаа биз дээ. Би нутагтаа хэдэн сайн оёдолчноор дээлээ оёулчихдаг байлаа. Тэгээд энд ирээд бас нэг оёдолчинтой болсон. Түүгээрээ оёулсан юм. Хувцасны хэв маягаа өөрөө тодорхойлсоон. Сая шинэ жилээр ихэвчлэн монгол загварын дээлээр гоёлоо. Дээл өмсөхөд эвтэйхэн, бас таатай хувцас шүү.  

-УИХ-ын гишүүд Цагаан сараар дээл өмсдөг уламжлалтай. Та дээлээ оёулсан уу?

-Бэлдсэн. Хар өнгийн дээлэн дээр хантааз өмсөнө. Ер нь би өөрөө элдэв янзын загвартай ч юм уу, хэтэрхий чамин зүйлд өөриймсөж чаддаггүй. Төв маягийн хийцтэй дээл хийлгэсэн.

-Таны дуу хоолой тод чанга сонсогдох юм, сайхан дуулдаг ч байж магадгүй санагдлаа?

-Тийм ээ, би дуулдаг. Ер нь дуулах дуртай. Миний хамгийн дуртай дуучин “Харанга” хамтлагийн Чулуунбат. Чука ахын дуунуудыг сонсох, дуулах бүр ч дуртай. Амьдралд ухаарал хайрласан шүлэгтэй, маш уянгалаг аязтай. Бас ч хүн бүр дуулж чаддаггүй, өвөрмөц дуунуудтай шүү дээ. Би нээрэн сая УИХ-ын гишүүдийн шинэ жилээр Д.Эрдэнэбат гавьяаттай “Цасны танго” дууг хоршиж дуулсан, дуулж болохоор юм билээ. Ер нь миний багын олон гоё мөрөөдлийн нэг нь урлаг байлаа.

-Танай үеийнхэн спортод ойр өссөн байдаг шүү дээ. Та ямар нэг төрлөөр хичээллэж байв уу?

-Спортоор хичээллэнэ ээ, маш их сонирхолтой, багаасаа бөмбөг хөөж өссөн дөө. Сүүлийн үед шөрмөсөө тасалчихаад бөмбөгөө орхичихсон байгаа. Ер нь гар бөмбөг, теннис, сагсан бөмбөг тоглодог. Хүмүүс итгэхгүй л байх даа, би бас хөлбөмбөг ч тоглоно (инээв). Спортод их адтай, бас "хоншоортой" байсан цаг үе бий. 

-Та ямар нэг шашин шүтдэг үү. Та аз од, хийморь, энергитэй байхын тулд юунд ханддаг вэ?

-Хувь хүнийхээ хөгжил, ухамсар, философио харахад миний чинад дахь зөн совин, хүсэл мөрөөдөл буддын шашин л юм билээ. Төрсөн нутагтаа өөрийн шүтдэг овоо хайрхантай. Сүлд хийморь, энергиэ сэргээе гэвэл нутаг усандаа л маш их биширч сүсэглэдэг дээ. Манай гэр бүл нөхрийнхөө эцэг өвгөдийн бурхан тахилыг уламжилж, шашны үйлийг үргэлжлүүлэн залгаж яваа. Өөрийн хүндэлж явдаг ламынхаа гэгээн дурсгалд зориулж төрсөн нутагтаа 2010 онд бурхны сайхан сүм хийд байгуулсан. Аглаг бүтээлийн хийд гэдэгтэй агаар нэг, говийн уул хангайд бясалгалын хийд байгуулах ажлыг тэр ламын шавь, одоо манай лам багш маань хийгээд явж байна. Манай Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уул гэж эмэгтэй хүний шүтээн уул бий. Түүний баруун уулын энгэрт миний төрсөн нутаг оршдог. 200 орчим км үргэлжилсэн говь хангай бий. Гурван сайхан уулаа байнга аргадаж, өглөө бүр цай ундныхаа дээжийг өргөж, сүслэн залбирч явдаг даа.

Ер нь эмэгтэй хүн ч хийморь лундаатай, эрч хүчтэй байж болно. Хийморь лундааг эрэгтэй хүнд л байдаг гэж ойлгож болохгүй. Хүн л юм хойно хийморь лундаагаа сэргээх, эрч хүч энергиэ авах, зөвхөн материаллаг эд зүйлээр биш, уул хангай, агаар салхи, нар сарнаасаа адислан, сэтгэлээ ариусгаж байх ёстой. Өөрийгөө бүрэн дүүрэн чөлөөтэй болгох зүйл хүнд яалт ч үгүй хэрэгтэй. 
 

-Та ямар төрлийн ном уншдаг вэ?

-Уран зохиолын ном унших цаг заваар маруухан байна, ний нуугүй хэлэхэд. Харин сэтгүүл зүйн сайн бүтээлүүд, нийтлэл, ярилцлага, түүхт хүмүүсийн өнгөрүүлсэн амьдралын намтар, Монголын үүх түүхтэй холбоотой мэдээллийг олж харахыг хичээдэг. Мөн хүмүүстэй уулзаж, санаа бодлыг нь сонссоноор бусдын санаа бодлууд дотроос өөрийгөө хөгжүүлэх арга замыг ч олж болдог. 

-Та ямар хамт олон дунд, ямар хүмүүсийн хүрээлэлд маш тавгүй болдог вэ?

-Санаа нэгдээгүй, зорилго нь тодорхой бус орчинд эвгүй байдаг. Аливаа юмны зорилго, үйл ажиллагаа тодорхой, цугласан хүмүүс нь юуны төлөө зорьж байна, түүнийгээ хийчихээд гараад явж байх нь чухал. Ер нь олон санаатай, зорилгогүй, янз бүрийн юм ярьж хөөрсөн, нэгийгээ үгүйсгэсэн хүмүүсээс аль болох хол байхыг боддог. Би ер нь ямар ч хамт олны дунд орохоороо нийтэч болчихдог. Тэр дотор болохгүй хүн байсан ч засаад авчихаж чадахын төлөө, ер нь л манлайлагчийн үүрэг гүйцэтгэхийг зорьдог. Хамт олныг удирдах чанар надад байдаг шиг байгаа юм. Болохгүй байгаа зүйлийн алдааг нь засаж, голдиролдоо орж байвал тухайн хамт олонд орших миний үнэ цэнэ юм. Гөлийгөөд, надад хамаагүй, би чадахгүй гээд сууж л огт чадахгүй юм билээ дээ. Улс төр бол хамт олны урлаг, асуудлыг шийдэх гарц шүү дээ. Энэ дотор би өөрөө зөв оршиж, зөв явах юмсан гэж боддог. Өнөөдөр энд улааныг хараад, маргааш тэнд шарыг харж, энд ч тэнд ч хүний сэтгэлээр тоглоод байвал тэр хүн улс төрд явшгүй ээ. Хэцүү. 

-Ардын нам хүлээн зөвшөөрдөггүй л болохоос, үзэл бодлын хэд хэдэн бүлэгт хуваагдан, тодорхой лидерүүдтэй оршдог. Тэд Удирдах зөвлөлийн шийдвэр, Бага хурлын шийдвэртээ нөлөөлдөг. Тухайлбал, одоо М.Энхболдын, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, ахмадуудын гээд дөрвөн фракц лав яригдаж л байна. Та алинд нь ойр байна? 

-Фракцыг би хүлээн зөвшөөрдөггүй ээ. Намын дүрэмдээ захирагдах ёстой. Намын зарчим, байр суурь ямар байна, тэрний төлөө л явах ёстой гэж боддог. 

-Энэ олон жил Та намд ажиллахдаа намын шийдвэрийн эсрэг сөрж зогссон удаатай юу? 

-Сөрж зогсоод аймгийн намын хорооны дарга болсон.

-Энэ түүхээ хуваалцаач?

-2010 онд манай аймгийн намын хорооны дарга өргөдлөө өгөөд, ажлаасаа гарахаар боллоо. Тэр үед би намын дэд даргаар ажиллаж байв. Нэг өдөр намын хүний нөөцийн асуудал хариуцсан Жадамбаа дарга яриад, МАН-ын Удирдах зөвлөлөөс миний нэрийг аймгийн намын даргад дэмжлээ гэдэг юм. Тэр үед би болоогүй, бэлтгэгдээгүй гэж бодоод өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй явсан үе л дээ. Ингээд би аймгийн намын хороон дээр өргөдлөө уншиж, Удирдах зөвлөлийн шийдвэрээс татгалзаж байлаа. 2012 оны сонгуулиар манай нам дахиад ялагдаж, намын дүрмийнхээ дагуу намын даргын асуудал бас үүсэв. Намайг дахиад л намын дарга болох чиглэл ирж, ажлын хэсэг ажиллахад нь 2016 онд ялахыг зорьж л байгаа бол зоригтой, хүчтэй, санхүүтэй, бэл бэнчинтэй хүнд удирдлагаа өгөх хэрэгтэй гээд би нэрээ татаж, гурван хүний нэр санал болгосон. Тэд зөвшөөрөөгүй тул өөр хүнийг Удирдах зөвлөлөөс санал болгосон. Гэтэл тэр хүнийг би хувьдаа хүлээн зөвшөөрөөгүй. Тэгэхэд би Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй л гэсэн үг.

-Тэгээд яасан?

-Удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг сөрж, нэр дэвшиж өрсөлдөөд л намын дарга болсон. Энэ маань намын дүрэм зөрчиж, хувийн эрх ашгаа бодож, увайгүйтсэн үйлдэл бус, ардчилсан зарчмаар намын нийтлэг эрх ашгаа хангах сонголт л байсан. Өнгөрсөн 2016 оны сонгуульд бүх түвшиндээ манай нам яллаа. Үүнд би бас тодорхой, түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Дөрвөн жил намын дэд дарга, дараа нь гурав орчим жил намын дарга хийсэн. Амьдрал, хувь заяагаа намдаа зориулсаан. Тэгээд 2015 оны дөрөвдүгээр сард ажлаа өгсөн. Тэр үед аймгийн намын хороо нэлээд дотоод тэмцэлтэй, амаргүй, хүнд байсан. Би өвдөөд, нэг жил нам, улс төрийн ажлаасаа хөндийрөөд, бизнесийн байгууллагад ажиллаж, ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж байлаа. 

-Дотоод тэмцэл, амаргүй хүнд байсан гэж юу гэсэн үг вэ. Дарамт шахалт үзүүлсэн гэсэн үг үү?

-Дарамт шахалт гэдэгтэй бол би эвлэрч яваагүй ээ, тэгж ч эрхээ бусдын гарт өгөхгүй шүү. Аливаа асуудал хууль, дүрэм журмынхаа дагуу байх ёстой гэдэг зарчмыг ямагт баримталж явдаг. Намын дүрмийн дагуу ажлаа өгөхөөр төлөвлөж, энэ нь багагүй хугацаа шаардсан. Тэр хооронд л асуудал хурцдаж, өрнөхгүй юу.  Иймэрхүү улс төр, албан тушаалын бохир тэмцэлд эмэгтэй хүн оршино гэдэг бас ч амаргүй шүү. Гэхдээ үнэн хэзээд ялдаг.

-Нэлээд тэмцлийн дараа бууж өгсөн үү?

-Намын дүрмийн дагуу ээлжит бус бага хурлаа хуралдуулж байгаад албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. Юун бууж өгөх, ийм асуудал байхгүй. Харин албан тушаалыг нэг өдөр нь авсан бол, дараа өдөр нь сайхан хүлээлгэж өгөх хэрэгтэй, зууралдаж хэрэггүй. Цаг хугацаа харуулна.  

-УИХ-ын 76 гишүүн дотроос Та хэнтэй аминчилж ярихыг хүсдэг вэ? 

-Юу юугүй аминчлан ярих асуудал ч гайгүй л байна. Гэхдээ А.Ундраа гишүүн бид хоёрт нэг сургууль төгссөн, нэг мэргэжилтэй учраас бусдаас илүү аминчлан ярих зүйл гардаг. Мөн ширээнийхээ 2 залуутай аминчилж ярилцаад авна аа. Д.Лүндээжанцан гишүүн сая хуулийн техникийн тухай ном гаргасан байна. Яг одоо миний ширээний ном болчихсон. Зөвлөгөө авах, ажлаас нь суралцах тухайд би Лүндээ гишүүнийг сонгочихоод л сууж байна. УИХ-аар хэлэлцэж буй асуудалд ул суурьтай, нухацтай хандахын тулд зөвлөгөө авахаар туршлагатай гишүүддээ хандалгүй яахав.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
25
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.