Хайх зүйлээ бичнэ үү

Одоогийн байдлаар Монголын Засгийн газрын өр тийм их биш.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, “Mongolian mining corporation”-ий ТУЗ-ийн гишүүн Ч.Хашчулуун ОХУ-ын Буриадын хэвлэлд ярилцлага өгчээ. Орчуулан хүргэж байна.  


“Информ Полис” Виктор Ян
Харилцан визгүй болсноос хйош Буриадын иргэдийн хувьд Монгол хамгийн боломжийн гадаад улс болсон билээ. Мэдээж манай хамгийн ойр хөрш, ах дүү Монголын ард түмэн 2016 оноо эдийн засгийн ямар үзүүлэлттэй өндөрлүүлснийг мэдэхийг бүгд хүсэж байгаа. Энэ талаар бид Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн Ч.Хашчулуунтай ярилцсан юм.


- Иргэд хоорондын харилцаа болон хэвлэл мэдээллээс харахад Монголын эдийн засаг хүнд байдалд байгаа нь харагдаж байна. 2017 онд төлөх ёстой их хэмжээний гадаад өр байна. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр туслах боломжтой ч энэ хөтөлбөрт хамрагдвал Засгийн газар, эдийн засгийн хувьд үйл ажиллагаа явуулахад янз бүрийн хязгаарлалттай болно. Байгалийн баялгийн орд газруудаа зарах цаг болсон биш үү?
- Одоогийн байдлаар Монголын Засгийн газрын өр тийм их биш. 12 тэрбум ам.долларын ДНБ-тэй манай улс дөрвөн тэрбум орчим ам.долларын өртэй байгаа. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Кыргызстан, Гүрж зэрэг улсаас хавьгүй их. Бидэнд ойрын хугацаанд эргэн төлөлт хийх учиртай хоёр өр бий. 2017 оны гуравдугаар сард 580 сая, 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт тус бүр хийнэ. Хүүгээ цаг тухайд нь төлж байгаа тул асуудал байхгүй. Монголын төсвийн хэмжээ жилд дөрвөн тэрбум орчим ам.доллар. Экспортын орлого бас үүнтэй ижил. Япон зэрэг донор орноос тусламж авч магадгүй. Тэгэхээр заавал орд газруудаа зарах шаардлага байхгүй. Стратегийн 15 том ордоос өнөөдөр Оюутолгойг л ашиглаж байгаа. Тавантолгой дахь нүүрсний ордод гадаадын хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа эхлээгүй байна. Гэрээ хэлэлцээр үргэлжилж, олон улсын хамтарсан консорциумаас дөрвөөс дээш тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцэж байна. Хэлэлцээрт Монгол, Япон, БНХАУ-ын компаниуд оролцож байгаа. Экспортод гаргах зах зээл бол Номхон далайн бүс нутгийн орнууд. Шинэ орд газар хөгжүүлэх тал дээр ахиц гарсан, өөр олон шинэ төсөл бий. Тийм болохоор эдийн засгийн хямралаас гарах нь энэ төслүүд хэр хурдан батлагдахаас хамаарна. Монгол Улс үр тариа, төмс, махаар өөрийгөө бүрэн хангадаг. 60 сая мал байна. Байгалийн асар их баялагтай. Зэс нүүрс баяжуулах үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэх үйлдвэрүүд ашиглалтад орсон. Тиймээс Монгол эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үедээ эргэн орж чадна.


- Хэрэв Монгол ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орвол усан цахилгаан станц барих зардал ихтэй төсөлд Дэлхийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авч чадах уу?
- УЦС болон бусад хөрөнгө оруулалтын төсөлд ОУВС шууд холбоогүй. ОУВС-гаас тусламж байвал сайн ч заавал туслуулах гээд байх шаардлага байхгүй. Жишээ нь, одоо хоёр УЦС баригдаад, амжилттай сайхан ажиллаж байна. Баруун аймагт дахиад нэг УЦС баригдаж байна. Өөр ч төслүүд ч бий. УЦС барих нь юуны өмнө усны урсгалыг тогтворжуулах, хаврын үерээс хамгаалах, усны нөөцийг үр дүнтэй ашиглахад чухал. Санхүүжилтийн тал дээр ямар ч асуудал байхгүй. Манай улс эрчим хүчний импортод маш их мөнгө зарж байгаа. УЦС болон Тавантолгойн нүүрсний станцын төсөл эрчим хүчний хараат байдлыг арилгах болно.


- Яагаад АНУ Монголын эдийн засгийн хөгжилд бага оролцож байна вэ. Монголд хөрөнгө оруулахад ашиггүй гэж бодож байгаа юм болов уу?
- АНУ хөнгөлттэй зээл, санхүүжилт гээд олон жил Монголд туслаж байгаа. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх, хувийн салбарын хөгжил гээд АНУ-ын үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ хагас тэрбум орчим ам.долларт хүрсэн. Америкийн тусламжийн гол хэсэг нь Мянганы сорилт сангийн шугамаар орж ирдэг. Удахгүй шинэ гэрээ байгуулна, урьдчилсан ажил өндөрлөж, хамрагдах төслүүдийг сонгосон байгаа. АНУ-ын олон компани манайд хөрөнгө оруулалт хийдэг, харамсалтай нь олон компани хүнд суртлыг давж чадахгүй байна. Бусад олон орноос ялгаатай нь АНУ улс төрийг хөрөнгө оруулалттай хатуу чанга холбодоггүй. Сүүлийн жилүүдэд Америкийн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар манайд айлчилсан ч нүүрсний тендерт тус улсын “Пибоди” компани ялагдал хүлээсэн. Монголд Америкийн KFC, Pizza Hut, Ramada, Best Western зэрэг франчайз амжилттай ажиллаж байна. Caterpillar, John Deere, General Electric, General Motors, Ford хөрөнгө оруулалт хийж, худалдаа наймаа явуулж байна. Монголын “МИАТ” компани “Боинг” онгоц худалдан авсан (2018 онд 2 онгоц авна). АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар хэлэлцэж байна. Америкийн компаниуд манайд нүүрс, байгалийн хий боловсруулахад хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ч одоо манай зах зээл тийм төрлийн хөрөнгө оруулалтад таатай бус байгаа.


- Саяхан ОХУ-ын “ARD” цахим сэтгүүлийн эзэн Бато Очиров телевизээр ярихдаа Монголыг эдийн засгийн хувьд Хятадын хойд муж гэж нэрлэсэн. Үнэхээр Монгол орон Хятадын түүхий эдийн л бааз гэж үү?
- Би энэ сэтгүүлийг мэдэхгүй юм. Гэхдээ үл ойлголцол гарлаа гэж үзэж байна. Жишээ нь, Евразийн эдийн засгийн холбооны улсууд хоорондоо тун нягт холбоотой. Тэглээ гээд хэн ч Кыргызстаныг Оросын муж гэж нэрлэдэггүй. Монгол Хятадын эдийн засгийн харилцаа худалдаагаар хязгаарлагддаг гэж хэлж болно. Хөрөнгө оруулалтын хувьд манай гол хөрөнгө оруулагчид Канад, Австрали. Хамгийн том хөрөнгө оруулагч бол Япон. Мэдээж тэрбум давсан хүн амтай Хятадын зах зээл манай компаниудын сонирхлыг татдаг. Харамсалтай нь, Хятадын зах зээл янз бүрийн татвар, хориг ихтэй. Одоогийн байдлаар манай улс нүүрс, хүдэр, бага зэрэг нефть гэсэн хязгаарлагдсан тооны бараа нийлүүлж байна. Хятадын тал хүнсний бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн барааны зах зээлээ нээхийг бид хүсэж байна. Ойрын жилүүдэд Хятадтай хамтарсан хэд хэдэн том төсөл хэрэгжих магадлалтай. Юуны өмнө эрчим хүчний салбарт. Энэ нь экспортод тун их шаардлагатай байна. Худалдан авах чадвараар дэлхийд тэргүүлдэг зах зээлтэй Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын салбарт Японтой ахиц гарч байгаа. Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судлаж байна. Хятад бол олон зууны турш Монголын худалдааны гол түнш байсан. Дундад зууны үед Монголын хаад Хятадын зах зээлийг нээхийн төлөө дайн ч хийж байлаа. Хятадтай худалдаа хийх нь хоёр улсын хувьд харилцан ашигтай. Бид асар том энэ зах зээлд улам бүр нэвтрэх сонирхолтой.


- Өндөр технологийн ямар салбарууд Монголыг баялгийн хараалаас гаргаж чадна гэж Та бодож байна вэ?
- Сүүлийн үед манай хүнс, хөнгөн болон барилгын үйлдвэрлэл, уул уурхайн салбарт шинэ технологи хурдацтай нэвтэрч байна. Оюутолгойд газар дор хоёр километрийн гүнд, уурхайтай карьер барьж байна. Алсын зайн удирдлагатай роботууд ажиллахаар төлөвлөжээ.  Монголын залуу инженерүүд шинэ технологид суралцаж байна. Манай “Говь” компани ноолуур будах хамгийн орчин үеийн технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүнүүд нь олон улсын уралдаанд байнга түрүүлж байна. Интернет холбоо хурдацтай хөгжиж, олон орон сууц баригдаж байна. Монголын хотууд нүдэн дээр өөрчлөгдөж байна. Хамгийн дэвшилтэт технологиос дурдвал нүүрс боловсруулах, химийн үйлдвэр, арьс шир боловсруулах нано технологи, өндөр хурдтай LTE холбоо, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийг нэрлэнэ. Салхины эрчим хүчний шинэ парк багригдсан. Дахиад хэд хэдэн станц, тэр дундаа УЦС барихаар төлөвлөж байна. Мэдээж саад тотгор бий. Улс төрийн салбар дахь тогтворгүй байдал, зах зээлийн өөрчлөлт гээд дурдаад байвал олон. Гэхдээ зах зээлийн эдийн засаг гэдэг ийм л байдаг. Сүүлийн 10 жилд ДНБ-ий хэмжээ 1 тэрбум ам.доллараас 12 тэрбум болж өслөө. Монгол Улс эдийн засгийн хөгжлийн хурдцаар дэлхийд тэргүүлсэн. Одоо бид шинэ технологийн шатанд гарч, 2030 он хүртэл ДНБ-ий хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд нөөц боломж байгаа гэдгийг би хэлсэн.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
7
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.