Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хөрөг: Хамгийн анх хүйсээ солиулсан Ричард Раскиндын ЭГЭЛ БУС ТҮҮХ

“Багаасаа л охин байхыг, Рене гэдэг нэртэй болохыг хүсдэг байлаа” хэмээн ярьсан тэрбээр бүр 60-аад оноос эмэгтэй даавар ууж эхэлсэн гэдэг.


70-аад оны сүүлчээр дэгдсэн тэрхүү дуулианыг залхуу нь ч ярьж байх зуур тэрбээр мэргэжлийн теннист нэрээ гаргасан анхны эрэгтэй бас эмэгтэй тамирчин гэдэг нь тодорч амжлаа. Америкийн дундаж давхаргын, бусдаасаа юугаар ч үл ялгарах юмгүй айлд хүү болон мэндэлсэн түүнд анх Ричард Раскинд хэмээх нэр хайрлажээ. Хийлээс эхлээд хөлбөмбөг зэрэг урлаг, спортын аль алиныг нь сонирхдог, теннис тоглохдоо гарамгай хүү сурлагадаа ч амжилт үзүүлж байв. Йелийн их сургуулийг эмч мэргэжлээр амжилттай дүүргэж, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд алба хаасныхаа дараа нүдний мэс заслын салбарын тэргүүн ажилтан болтлоо ажилласан аж. Царайлаг, сайхан биетэй, эрдэм мэдлэгтэй, бусдын хайрыг татсан залуу бол ердөө л гаднах дүр гэдгийг тэрбээр мэдрэн олон жил шаналж явсан гэдэг. Бүсгүйчүүдийг өөртөө татсан амжилт, гадаад төрхний цаана 40 жилийн турш өөртэй нь хамт өсөн, насанд хүрч, гадагш халин гарахад бэлэн эмэгтэй сэтгэл зүй амьдарч байжээ.

Арьсан дор нь “амьдарсаар” буй хоёр дахь БИ-гээ  эрт хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Багаасаа л охин байхыг, Рене гэдэг нэртэй болохыг хүсдэг байлаа” хэмээн ярьсан тэрбээр бүр 60-аад оноос эмэгтэй даавар ууж эхэлсэн гэдэг. Анхны удаа, сэтгэлзүйн хүйсдээ үнэнч байхаар шийдэн Касабланкагийн алдарт эмч Жорж Бюрт хандахаа зориглосон ч Ричард түүнийг дийлжээ. Тэрбээр Рене болж чадалгүй, тэр үед хүйс солих мэс засал хийдэг байсан ганц эмчийн үүднээс буцсаныхаа дараа жирийн л, өөрийг нь ялан дийлсэн Ричардын амьдралаар амьдарч эхэлжээ.

Тэр бүсгүйчүүдийн анхаарлыг татаж чаддаг залуу байлаа. Их сургуулийн теннисний багт багтсан тамирчин байхаас нь л түүнийг харах гэж талбайн гадна охид олнооро зогсдог байж. Ричард Барбара хэмээх бүсгүйтэй гэрлэж, Ник хэмээх хүүтэй болсон ч тэдний гэрлэлт таван жилийн ч нас хүрэлгүй төгсгөл болжээ.

Ричард өндөр боловсролтой, сайхан эхнэртэй, хөөрхөн хүүтэй, спорт загварын машин унадаг, өөрийн онгоцоороо сардаа нэг аялдаг, жилд 75 мянган ам.долларын орлого олдог, хамгийн сайн мэс засалчдын нэг хэмээгдсэн Ричардын хоёр дахь амьдрал, удаах нислэг 1975 онд Нью-Йоркийн хувийн эмнэлэгт болсон аж. Раскиндын эцэг эх, ах дүүс, эхнэр, хожим нь хүүгийнх нь хувьд энэ үйл явдал хүнд цохилт авчирчээ. Амьдралынхаа туршид босгосон бүхнээ тэр удаах амьдралынхаа төлөө золиосолсон нь зүгээр нэг хүслээ биелүүлэх төдий биш, ус агаар мэт хэрэгцээгээ биелүүлснийх байжээ. Доторх Ренег, мөрөөдлөө, хүслээ, мөн чанараа бусдын үхэн хатан мөрөөддөг зүйлсээс худалдахыг хүсээгүй тэрбээр “Яагаад ижил гомосексуалууд шиг амьдарч болоогүй юм бэ?” гэсэн асуултын хариуг хүмүүст өгсөн билээ. “Ричард эсрэг хүйстнээ сонирхдог эр хүн байсан шиг Рене ч тийм л байсан. Рене зөвхөн эр хүнтэй байж л таашаал авах биш, эр хүнтэй бүсгүй хүний ёсоор байж гэмээнэ жаргалтай байх байсан” гэсэн юм.

Ийнхүү Ричард Раскинд 40 настайдаа албан ёсоор “таалал төгсөж”, түүний оронд нь Рене хэмээх мөн л 40 настай эмэгтэй хорвоод мэндэлсэн. Рене хожим өөрөө ч хүсээгүйгээр дуулианы гол баатар болохдоо “Хүйсээ солиулах шйидвэр гаргахдаа мэргэжлийн спортод хөл тавина гэж үнэндээ бодоогүй” хэмээн өгүүлсэн нь үнэний ортой биз ээ. Дуртай ажлаа хийж, өвчинд шаналсан олон хүнийг эмчлэн, хайрлаж, хайрлуулахыг хүссэн тэрбээр Өмнөд Калифорнид амьдран, энэ дэлхийн өнцөг булан бүрт тааралдаж болох жирийн л гэрийн эзэгтэйн амьдралаар амьдарч байжээ.

Хэрэв теннис гэдэг спорт огт байгаагүй бол, эсвэл Ричардын гол хообий энэ байгаагүй бол хүмүүс Рене гэгчийн тухай огт мэдэлгүй амьдран байсан биз. Ричард мэс засалд орох хүртлээ Америкийн шилдэг теннисчдийн нэг, 35-аас дээш насны ангилалд тоглогчдын дунд “од” байлаа. Энэ спортод дурлах сэтгэлийг Рене Ричардаас өвлөсөн агаад орон нутгийн чанартай бүх л тэмцээнд оролцож, эмэгтэй тамирчидтай нөхөрлөж амжсан юм. Нэр хүндтэй тэмцээнд ялалт байгуулсных нь дараа нэгэн сонинд хүйсээ солиулсан хүн ялагчаар тодорсон хэмээн бичсэний дараа Ренегийн хувьд төдий л нууцалдаггүй ч бусдын хувьд мөн л таамаглаагүй байсан өнгөрсөн амьдралынх нь тухай Америк даяараа шуугиж эхэлжээ. “Хэн нэгэн бидний амьдралд хүсээгүй байхад минь оролцож, хушуугаа дүрж, юу хийх, яаж байхыг минь заадаг тийм л нийгмийг бид өөрсдөө бүтээж, заримдаа ухамсаргүйгээр зааварлагчийн дүрд дуртайяа тоглодог болохыг тэгэхэд л мэдэрсэн” гэж дуулиант нийтлэлийн дараа тэр ярьсан.
Рене бүх л амьдралынхаа турш өөрөөсөө урваж, өрөөлд нийцэж амьдрахыг хүссэнгүй. Хүссэн зүйлээ хийж, спортоор хичээллэнэ гэдгээ мэдэгдсэний дараа “Ренед” гэж хаягласан мянга мянган захидлыг хар арьстнууд, хоригдлууд, хиппи, ижил хүйстнүүд, мексик гаралтай америкчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, транссексуалуудаас тэр хүлээн авсан гэдэг.

“Гадуурхал, ялгаварлал, өө хайсан нүд, илүү үг унагасан амны бай болж, бусдаас ямар нэгэн байдлаараа өөр болохоороо л нийгэмд үл таашаагддаг олон хүний төлөө зориглохыг хүссэн юм” гэж Рене онцолжээ.

“US Open-1976” тэмцээнд оролцох хүсэлтийг нь Америкийн теннисний ассоциац хүлээж аваагүй шалтгаанаа “Гаднаасаа эмэгтэй хүн шиг харагдавч генетикийн талаасаа эр хүн” гэж тайлбарласан бөгөөд карьерийн төлөө хүйсээ солиулах тамирчин олширч, теннис хэмээх спорт хүйсийн холион болно гэж түшмэд үзэж байлаа.

1977 онд Нью-Йоркийн дээд шүүх Ренегийн талд шийдвэр гаргаж, мэргэжлийн тамирчидтай эн зэрэгцэн тэмцээнд оролцохыг зөвшөөрлөө. Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл байв. Талбайд түүнтэй өрсөлдөх тамирчдын олонх нь эм дүртэй эр хүнтэй өрсөлдөхөөс цааргалж, зарим нь тэмцээнээс нэрээ татаж эхэллээ. Ренетэй тоглохыг зөвшөөрсөн цөөхөн тамирчдын нэг, 15 настай Кэролайн Столл “Чи мөнгөний төлөө энд гарч ирээ юү?” гэж асуужээ. “Нүдний эмч байхдаа би жилд 100 мянган ам.долларын цалин авдаг байлаа. Чи бол сая долларын төлөө хүйсээ солиулах байсан уу?” гэж Рене хариуд нь асуусан юм гэдэг.

Рене мэргэжлийн теннист олон жил ноёрхох аргагүй байлаа. 40 настай, хагалгааны дараа ихэд турсан, байнга уудаг гормоны улмаас тамир нь тасардаг, хурд нь саарсан гээд түүнд эрүүл мэндийн хувьд олон асуудал байсан юм. Тэрбээр дөрвөн жил теннис тоглоод карьертаа цэг тавьж, “Second Serve” хэмээх ном бичсэнээр нь дэлгэцийн бүтээл ч хийсэн. Шоу бизнест хөл тавибал толгой эргүүлэм амжилт олохоор олны анхааралд өртсөн Рене харин нам гүм амьдралыг сонгон, анагаах ухаанд буцан очжээ. Тэр урьдын адил мэс засалчаар ажиллаж, Нью-Йоркт Арлин Ларзелер хэмээх туслахтайгаа амьдарч буй.

Адармаатай хувь тавилан, алаг эрээнтэй өнгөрснийг нь хүлээн зөвшөөрөх эр хүн түүний амьдралд гарч ирсэнгүй. Ричард байхдаа гэрлэсэн, хүү төрүүлж өгсөн эхнэртэйгээ төдийлэн харьцдаггүй, хүүгийнхээ хувьд эцэг нь хэвээр үлджээ. “Надад нэг л ээж хангалттай. Аав минь заан болж хувирсан ч бай, би түүнийг эцгээ л гэж дуудах болно” хэмээн Ник ярьсан.

Ричард хэн бүхний зориглохооргүй шийдвэр гаргасандаа харамсаж байгаагүй, Рене ч хатуу, хэцүү өдрүүд, хувт заяаны эргэлтэд гомдоллоогүй. “Намайг үхсэний дараа булшны чулуун дээр минь “Теннисчин, трансжендер Рене Ричардс” гэж бичих биз. Гээд яах билээ? Би харамсахгүй” гэж тэрбээр өгүүлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
38
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.