Хайх зүйлээ бичнэ үү

мин

Алдарт хөлбөмбөгчдийн “алтан” жаалууд

Алдарт хөлбөмбөгчдийн хүүхдүүд аавынхаа замналаар явах нь олон ч амжилт олсон нь тун ховорхон.


Өнгөрсөн Ням гараг Голландын хөлбөмбөгийн түүхэнд онцлон тэмдэглүүштэй өдөр боллоо. Тус улсын аваргын тэмцээний ээлжит тойрогт Клюйверт, Ларссон нар талбай дээр гарсан. Гэхдээ Патрик, Хенрик нар биш тэдний хүүхдүүд болох Жастин, Жордан хоёр нэг нь “Аякс”, нөгөөх нь “НЕК” багийн бүрэлдэхүүнд тоглосон юм. Алдарт хөлбөмбөгчдийн хүүхдүүд аавынхаа замналаар явах нь олон ч амжилт олсон нь тун ховорхон. Тэгвэл тун дажгүй тоглож, алдарт эцгийнхээ шийрийг хатааж яваа “алтан” жаалууд бий. Тэднийг танилцуулья.
Жастин КЛЮЙВЕРТ
Аав: Патрик Клюйверт
Баг: "Аякс"
Нас: 17

Өнгөрсөн бүтэн сайн өдөр “Аякс” багийн ахмад хөгжөөн дэмжигчид нулимс дуслуулан сууж байлаа. “Аякс” баг ээлжит тойрогтоо "Зволле"-той тоглож байхад сэлгээгээр 17 настай довтлогч Жастин Клюйверт гарч ирэхэд тэд алс тэртээ 1994 оныг дурсан санасан нь лавтай. Яг л ийм нэгэн үдэш түүний аав Патрик мэргэжлийн хөлбөмбөгт гараагаа эхэлж байлаа. Гэхдээ эцэг Клюйверт 17 настайдаа анхныхаа тоглолтын гарааны бүрэлдэхүүнд багтаж, гоол хийсэн бол хүү нь сэлгээгээр гарсан. Гэхдээ Жастин хэд хэдэн оновчтой дамжуулалт өгөн, багийнхаа ялалтад хувь нэмэр оруулсан.
Жордан ЛАРССОН
Аав: Хенрик Ларссон
Баг: НЕК
Нас: 19

Патрик Клюйвертийн хүүтэй цуг Шведийн од Хенрик Ларссоны хүү ч мэргэжлийн лигийн анхны тоглолтдоо оролцсон. Жордан Ларссон эцгийнхээ замналыг бараг өвч дууриаж байгаа гэж хэлэхэд болно. Тэр Шведийн "Хегаборг", "Хельсингборг"-т тоглож, дараа нь Голландыг зорьсон. Төрөлх нутгаасаа салах зам нь харин хүүгийн хувьд дардан байсангүй. Хенрикийн удирддаг “Хельсингборг" баг нэмэлт тоглолтод “Хальмстад”-т ялагдан, дээд лигээс хасагдахад уурлаж хилэгнэсэн фэнүүд талбайд гарч, Жорданы өмсгөлийг тайлж хаясан юм. Ингээд л аав Ларссон хүүгээ гадаадын багт илгээсэн. Хенрик Европыг эзлэх аянаа “Фейеноорд” багаас эхэлсэн бол хүү Ларссон даруухан “НЕК”-ээс эхэлж байна.
Энцо ФЕРНАНДЕС
Аав: Зинедин Зидан
Баг: "Реал" Мадрид
Нас: 21

 

Зинедин Зидан дөрвөн хүүтэй, бүгд хөлбөмбөгч. Тэднээс хамгийн авьяастай нь хаалгач Лука гэж тооцогддог байсан ч “Реал” Мадридийн үндсэн бүрэлдэхүүнд хагас хамгаалагч Энцо түрүүлж багтсан. Алдарт Зиданыг залгамжлагч Энцогийн анхны тоглолт гайхамшигтай болсон. Испанийн цомын тэмцээний үеэр хоёрдугаар үед сэлгээгээр гарч ирсэн Энцо холын зайнаас хүчтэй цохин, гоол оруулсан. Гэхдээ өрсөлдөгч нь гуравдугаар лигийн "Культураль" хэмээх сулхан баг байлаа.

Жованни СИМЕОНЕ
Аав: Диего Симеоне
Баг: "Женоа"
Нас: 21

“Атлетико” багийн дасгалжуулагч Диего Симеонегийн хүү аавынхаа алдар нэрийг даван гарах магадлал тун өндөр. Эцэг Симоене хагас хамгаалалтад тоглож байсан ч хатуу ширүүн хамгаалалт, өрсөлдөгчөө өдөөн хатгах чадвараараа нэрд гарсан бол хүү нь өөрийнхөө үеийн хамгийн авьяаслаг довтлогчийн нэгт тооцогдож байна. Жованни хэрүүл маргаанд оролцож, шар улаан хуудсаар торгуулж байгаагүй. Европт ирээд Жованни аавынхаа удирддаг “Атлетико”-г сонгож болох байсан ч Италийн “Женоа”-д очсон нь оносон юм. Жованни гурав дахь тоглолтдоо гоол хийж, алдарт “Ювентус”-ын хаалганд хоёр гоол оруулаад амжсан. Одоогийн байдлаар тэр 7 гоолтой, “Женоа”-гийн гол довтлогч болоод байна.
МАТЕУС ОЛИВЕЙРА
Аав: Бебето
Баг: "Эшторил"
Нас: 22

Матеус Оливейра төрөхдөө л дэлхий дахинд алдаршсан. АНУ-д болсон ДАШТ-ий үеэр Бебето гоол хийх болгондоо хүүхэд бүйвээлж буй мэт хөдөлгөөн хийж байсныг та санаж байгаа байх. Энэ нь Матеус хорвоод мэндэлж, аав нь түүнд бэлэг барьж байсан хэрэг байлаа. Бебето хүүгээ Германы домог Лотар Маттеусын нэрээр нэрлэсэн. Тоглолтын хэв маягийн хувьд хүү Бебето ааваасаа илүү Лотар Маттеустай төстэй тул нэр нь түүний хувь заяаг тодорхойлсон гэж хэлэхэд болно. Мэргэжлийн хөлбөмбөгт 5 улирал тоглохдоо тэр дөнгөж дөрвөн бөмбөг оруулсан. Гэхдээ Португалийн "Эшторил" түүнийг тоглуулсаар байгаа нь Лотар шиг тэмцэгч, дайчин чанарт нь татагдсаных биз ээ.
Лука ЗАХОВИЧ
Аав: Златко Захович
Баг: "Марибор"
Нас: 21

Словенийн хамгийн алдартай хөлбөмбөгчийн хүү Лука гурван оронд тоглоод амжсан. Хөлбөмбөгчийн замналаа “Бенфика” багийн академид эхэлсэн тэрбээр эцэгтэйгээ хамт нутаг буцаж, харин өнгөрсөн жил Голландад тоглосон. Харамсалтай нь “Херенвен”-д бүтэн улирлын турш зургаахан удаа сэлгээгээр талбайд гарч, нэг ч гоол хийгээгүй. 2016 оны зун “Марибор”-т эргэн ирсэн Лука 14 тоглолтод 10 гоол оруулаад байна.
Янис ХАЖИ
Аав: Георге Хажи
Баг: "Фиорентина"
Нас: 18

Карпатын Марадонагийн хүү 16 настайдаа "Вииторула" багийн ахлагчийн туузыг зүүж, дэлхийд алдаршсан. Муу утгаараа алдарт гарсан гэсэн үг. Тус багийн эзэн, ахлах дасгалжуулагч Георге Хажи хүүгээ багийнхаа ахлагчаар сонголоо гээд бүгд дооглон инээж байсан билээ. Гэхдээ Янис ахлагчийн үүргээ муугүй гүйцэтгэж, багаа Европын лигийн тэмцээнд оруулсан гэж байгаа. Өнгөрсөн зун Италийн "Фиорентина" залуу хүүг 2 сая еврогоор худалдан авахдаа өчүүхэн ч эргэлзээгүй. Хүү Хажи Италийн лигийн тэмцээний анхны тоглолтоо 2016 оны аравдугаар сард "Кальяри"-гийн эсрэг хийсэн. Энэ тоглолтын 15 минут одоогийн байдлаар түүний Итали дахь цорын ганц үзүүлэлт юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
28
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.