Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцаалаа



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид уг төслөө буцаахаар болжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад ийм шийдвэр гаргасан байна. МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн болон зохион байгуулалтын  хувьд олон хүндрэл дагуулахаар байгаа. Сонгуулийн ерөнхий хороо 2016 онд зохион байгуулсан сонгуулийн туршлагаас хуульд нэлээд өөрчлөлт хийх шаардлагатай байна гэсэн үндэслэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдтэй хамтарч Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлгийн шатанд олон нийт, улс төрийн намууд, хэвлэлийнхнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн нэгдсэн хуулиас тусад нь хэлэлцэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Ийм учраас бүлэг энэ асуудлыг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5-ыг үндэслэн, гурван үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гарган саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салган батлах үед Сонгуулийн нэгдсэн хуульд заасан нийт 189 заалт хүчингүй болгох шаардлага гарлаа. Хоёрт, МАН УИХ дахь 65 суудалдаа үл дулдуйдан парламентын зөвшилцлийг хадгалах сонирхолтой байгаа учраас зарчмын  зөрүүтэй 149 санал гарсныг энэ хуулиар нэгдсэн ойлголцолд хүрээгүй гэж бид хүлээн авлаа. Гуравт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаа хэтэрсэн. УИХ дахь намын бүлэг хуулийн төслөөр завсарлага авч, хуулийн хэлэлцүүлгийн хугацаа сунжирсан. 

Эдгээр гурван үндэслэлээр Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах боломжтой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзлээ гэж Я.Содбаатар гишүүн тайлбарлав. 

Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс 149 зарчмын зөрүүтэй санал гарсан гэлээ. Эдгээр санал дотор анхаарал татсан, буцаах үндэслэл болсон ямар заалт орсон юм бэ. Ер нь цаашдаа бүх шатны сонгуулийг тус бүрт нь өөр өөр хуулиар зохион байгуулах асуудлыг оруулж ирэх үү?
Я.Содбаатар: Зарчмын зөрүүтэй санал дотор ямар нэгэн улс төрийн агуулгатай томоохон өөрчлөлт байгаагүй. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хууль нь бүх шатны сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа. МАН төдийгүй Сонгуулийн ерөнхий хороо ингэж дүгнэсэн. Тийм учраас цаашид бүх шатны сонгуулийг тусад нь бие даасан хуулиар зохин байгуулах нь зүйтэй. Гэхдээ энэ гурван хуулийг тус бүрт нь биш, нэгэн зэрэг өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай байгаа. Ингэх юм бол хууль хэлэлцэх процедурт ямар нэгэн алдаа гарахгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэзээ зарлах вэ?
-Өнөөдөр энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоол батлагдсаны дараа Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтооно.
-Хууль санаачлагч анх төслөө өргөн барихдаа 180 гаруй заалт хүчингүй болно, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлнө гэдгийг тооцоолоогүй байсан гэсэн үг үү. 20 орчим хоног энэ төслийг хэлэлцлээ, хайран цаг хугацаа, хөдөлмөр биш үү?
Н.Цэрэнбат: Ажлын хэсэг энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор бусад хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг нягталсан. Гэхдээ хэдхэн заалт дээр л цаг алдсан. УИХ-ын гишүүд өргөн барьсан төсөл болон хүчин төгөлдөр байгаа хуультай бүрэн гүйцэд танилцахгүйгээр зарим нэг зүйл заалтыг улс төрийн өнгө аясаар тайлбарлаж, түүнийгээ туйлын үнэн гэж итгүүлэхийг оролдож хугацаа их алдсан. Тухайлбал, нэр дэвшигч гадаадад зургаан сараас дээш оршин суугаагүй байх гэдэг заалтыг албаар оруулж байна гэж мэдэгдэл хийсэн. Энэ бол 1993 онд УИХ-аас Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тогтоолд туссан, 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд албан ёсоор орсон заалт. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд ч ийм заалт бий. Гол нь  зарчмын зөрүүтэй 149 санал гарснаас гадна одоо хүчин төгөлдөр байгаа хуулиас 189 санал хүчингүй болгох шаардлага үүссэн учраас татаж авахаар шийдсэн юм. МАН зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзэн шийдвэр гаргасан. Мөн Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнийхээ дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үүргээ биелүүлж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
10 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
11 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
45
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.