Эрчим хүчний яамны "Төрийн нарийнаар" Саранжав ажиллахгүй


Image Э.Намуун       677

Яг одоо Төрийн албаны зөвлөлийн танхимд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд горилогчдоос шалгалт авч байна. Энэхүү сонгон шалгаруулалт болон бусад асуудлаар ТАЗ-ийн ахлах референт Д.Баатарсайханаас тодрууллаа.

-Яамдын Төрийн нарийн бичгийн даргад ямар хүмүүс очих нь олны сонирхлыг ихээхэн татаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны ТНБД-ын сонгон шалгаруулалт хойшилсоор байсан нь ямар учиртай юм бэ? 
-ЭМЯ-ны ТНБД-ын сонгон шалгаруулалт есдүгээр сарын эхээр болох байсан ч өмнө нь ажиллаж байсан хүн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. Ингээд тус шүүхийн шүүгчийн захирамж гарч, сонгон шалгаруулалт хийх боломжгүй болсон юм. Эрүүл мэндийн яам бараг сүүлийн дөрвөн жил ТНБД-гүй байлаа. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндтэй холбоотой төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээ тасалдаж байгаа. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга бол эрүүл мэндийн яамны аппаратыг хариуцдаг, мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг гаргах, санал оруулах, санхүүгийн асуудалд гарын үсэг зурах зэрэг чухал үүрэгтэй албан тушаал. Тиймээс Засгийн газар, ТАЗ-өөс Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан. Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Энэхүү шийдвэрийн дагуу бид ЭМЯ-ны ТНБД-ын сонгон шалгаруулалтыг өнөөдөр хийж байна.  

-Тус албан тушаалд хэдэн хүн шалгуулж байна вэ.  Хэзээ шийдвэр нь гарах вэ. Хэн хэн оролцож байгаа бол?
-Нийт 6 хүн бүртгүүлсэн, одоогоор хууль эрхзүйн шалгалтаа  өгч байна. Үүний дараа мэдээлэл технологи, ярилцлага, бичгийн шалгалт авна. Яг одоо Оюун, Энхбаяр, Алтайсайхан, Очирбат, Ариунцэцэг, Амаржаргал гэсэн 6 иргэн шалгуулж байна. Шалгалт өнөөдөр дуусна. Шалгалтын дүнг маргааш ТАЗ-ийн хуралд танилцуулснаар, шийдвэр гарна. 

-Зарим яамны Төрийн нарийн бичгийн даргад томилогдсон хүмүүсийг хэн нэгэн эрх мэдэлтний ойр дотны хүн, танил талаараа тухайн албан тушаалд томилогдлоо гэсэн хардлага гарч байгаа тухайд юу хэлэх вэ? 
-Сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан. Захиалагч байгууллага буюу Засгийн газрын хүсэлтээр ТАЗ сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлдэг.  Тухайн хүний боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар нь зарласан ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан бол хэн ч ирж шалгуулж болно шүү дээ. Жишээлбэл, өнөөдөр 6 хүн ирж шалгуулж байна. Энэ бол багагүй тоо. Сонгон шалгаруулалт зарласан цагаас өрсөлдөөн эхэлдэг. Тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан, эсвэл өөр ажил эрхэлж байсан хэн ч шалгуулж болдог. 

-Өчигдөр болсон БСШУСЯ болон Эрчим хүчний яамны ТНБД-ын сонгон шалгаруулалтын талаар ямар мэдээлэл байна вэ?
-Өчигдөр БСШУСЯ, Эрчим хүчний яамны ТНБД, Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн даргын болон Говьсүмбэр, Дорноговь, Төв, Хэнтий, Увс аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалт болсон. Мөн Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичиг гээд нийт 10 албан тушаалд 16 иргэн шалгалт өглөө.  Шалгалтын дүн гарсан. Маргаашийн хуралдаанаар эцсийн шийдвэр гарна. 

Эрчим хүчний яамны ТНБД-аар Саранжав томилогдоно гэсэн шуум гараад байгаа. Энэ үнэн үү?
-Эрчим хүчний яамны  Төрийн нарийний шалгаруулалтад Саранжав гэдэг хүн ороогүй.

-БСШУСЯ болон ЭХЯ-ны ТНБД-ын албан тушаалд хэн хэн өрсөлдсөн бэ? 
-БСШУСЯ-ны ТНБД-ын сонгон шалгаруулалтанд Болормаа, Цэрэн, Баярсайхан, Даваадулам нарын зэрэг 5 хүн оролцсон. Нэг нь сорилын шалгалтын шаардлага хангаагүй учраас 4 нь дараагийн шалгалтандаа орсон. ЭХЯ-ны ТНБД-ын сонгон шалгаруулалтанд Мэндсайхан, Батсайхан гэх 2 хүн оролцсон. Хоёул шалгалтаа сайн өгч, нөөцөд орох болзлыг хангаад байна. 

-Төрийн жинхэнэ удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт хэдэн үе шаттайгаар болдог вэ. Шалгаруулалтаар тухайн хүний ямар чадварыг чухалчилдаг вэ?
-Эхлээд ТАЗ-д захиалагч талаас хүсэлт ирнэ. Ингээд ТАЗ болон салбар зөвлөл хэлэлцээд нийтэд зарлан мэдээлнэ. Зарлан мэдээлэх хугацаа нь ажлын 21 хоног байдаг. Энэ хугацаанд хүмүүст өөрсдийгөө бэлдэх, бичиг баримтын бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг бололцоог олгодог юм. Аль болох олон хүн хамруулах үүднээс хугацааг хангалттай зааж өгдөг. 2003 оны УИХ-ын 13 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу ийм зохицуулалт хийдэг. Үүний дараа бүртгэл эхэлнэ. Бүртгэхдээ иргэний үнэмлэх, диплом болон сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ зэрэг бичиг баримтын бүтэн байдлыг харгалздаг. Бүртгэснээс хойш 3 хоногийн дотор сонгон шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулалтаар 7 удаагийн үнэлгээ, дүн тавьж, 3 багц шалгалт авдаг. Нэгдүгээрт, ерөнхий шаардлагын шалгалт буюу боловсрол, туршлага, мэргэшсэн байдлын үнэлгээ гаргаж, 35 хүртэлх оноо өгдөг. Хоёрдугаарт, удирдах ур чадварын түвшин буюу сорилын үнэлгээ, мэдээлэл технологийн ур чадварын үнэлгээ, бичгийн шалгалтын үнэлгээ зэрэг нь 40 хүртэлх оноотой. Үүний дараа бие даасан шалгалт буюу ярилцлагын шалгалт бий. Нийт 5 асуулттай, 15 минутанд хариултаа авдаг. Жишээлбэл, Төрийн алба, Төсвийн тухай хуультай холбоотой асуулт асууж, санхүү эдийн засгийн мэдлэгийг сорьдог. Мөн тухайн албан тушаалынх нь ангилал, зэрэглэл, чиглэл үүрэгтэй холбоотой болон зан харилцаа, багаар ажиллах чадварыг шалгасан асуулт бий. Хамгийн сүүлд чөлөөт сэтгэлгээний асуулт тавьдаг юм. Манай нэг онцлог нь асуултыг ТАЗ-өөс асуудаггүй. Цахим технологид суурилсан программын санамсаргүй сонголтоор асуултыг тодруулдаг. Ингээд нийлбэр шалгалтын дүн гарна. Гэхдээ энэ бол албажаагүй дүн гэсэн үг. Энэ сонгон шалгаруулалтын дүн, тайланг ТАЗ-ийн хуралд танилцуулж, хүн нэг бүрээр хэлэлцээд, хамтын шийдвэрээ гаргаж, Засгийн газар руу нэр дэвшүүлж томилуулах  тухай  саналаа хүргүүлдэг. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Их уншсан