Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Тэд бидний тухай: Хээр талын орон Монголын зах зээлийг судаллаа

Зах зээл нь жижиг ч өрсөлдөгч цөөнтэй одоо л Монголын зах зээлд орох хамгийн том боломж байж мэдэх юм.


Японы ”Kanpasar” сонин “NEXT ASIA” буландаа манай улсыг танилцуулжээ. Тэд Монголд хөрөнгө оруулахад хэр тохиромжтой талаар судлаж, Монголын зах зээлд нэвтэрсэн Японы компаниудын жишээг татсан байна.
The daily NNA ”Kanpasar” сонин 2017.01.20
Зах хязгааргүй уудам хээр талын орон Монгол. Энэ орон түүх, эдийн засаг, соёл гээд бүхий л салбартаа Орос, Хятад гэсэн аварга том хоёр хөршийнхөө нөлөөнд явж иржээ. Монголчуудын хувьд хамгийн ойр дотно улс нь энэ хоёр орон мөн үү? Японы компаниуд энд ямар байр суурьтай байна? Эдийн засаг, зах зээлд монголчуудын хамгийн ойр хөрш нь хэн юм бол гээд олон зүйлийг судлаж үзлээ.
90 жилийн түүхтэй “Номин” их дэлгүүр


Нийслэл Улаанбаатар хотын төвд байх Энхтайваны өргөн чөлөөнд Чингис хааны талбай зэрэг жуулчдын сонирхлыг татсан газруудаас гадна дээд зэрэглэлийн зочид буудал, их сургууль, ЭСЯ-нууд зэрэгцэн байрлажээ. Энд Монголын хамгийн том “Номин” их дэлгүүр бий. 1924 онд байгуулагдсан энэ их дэлгүүр улсын мэдэлд байсан ч цахилгаан барааны “Номин” групп худалдан авсан юм. Зургаан давхар энэ дэлгүүр хувцас, цахилгаан бараа, бэлэг дурсгалын хэсгүүдтэй. Цахилгаан барааны тасагт Сони, Самсунгийн том телевизүүд өрөөстэй байгаа нь Азийн бусад орны дэлгүүрээс ялгагдах юмгүй. Гадуур хувцас ч гэсэн Мизүно, Найк, Levi Strauss, North Face зэрэг брэндүүд. Доод давхарт байх хүнсний дэлгүүрт гадаадын янз бүрийн бараа байх аж. Их дэлгүүрийн ойролцоо кафе, ресторан олон тул гадаадын жуулчид их. Америкийн Burger King ч энд салбараа нээжээ.
Улаанбаатарын Акихабара “Тэди” төв


Монголын гар утасны зах зээлийг ойлгохын тулд “Номин” дэлгүүрээс алхахад 10 минутын зайтай орших “Тэди” төвд очих хэрэгтэй. 4 давхар барилгын нэгдүгээр давхарт Японы KDDI-гийн хөрөнгө оруулалттай Монголын харилцаа холбооны том компани болох “Мобиком” байрлана. 2-4 давхарт гар утас, шинэ хуучин сэлбэг зардаг лангуунууд байх нь Улаанбаатарын Акихабара юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Орж үзвэл “iPhone 4” утас 200 мянган төгрөгийн үнэтэй. Хуучин утас зах зээлийн ихэнхийг эзэлдэг. Монголчууд нэгдүгээр давхарт Мобикомтой гэрээ байгуулаад дээд давхарт нь хуучин утас худалдан авдаг байна.
Японы компани 1 “Yamaha Motor Company” зах зээл нь хөдөө орон нутаг


Улаанбаатарт мотоцикл бараг харагдахгүй. Өвөл нь 20-30 хэм хүйтэрдэг, монголчууд унаандаа хуучин машин голдуу хэрэглэдэг болохоор тэр. “Yamaha Motor Company”-ийн салбар Улаанбаатарт мотоциклын дэлгүүрүүд байрладаг том гудамжинд байна. Энд ихэнхдээ 125 cc, 200 cc-ийн мотоцикл, замгүй газрын дөрвөн дугуйтууд байх аж. Хамгийн их зарагддаг нь 125 cc-ээс бага, жижиг оврын мотоцикл бөгөөд малчид их авдаг гэнэ. Харин замгүй газрын дөрвөн дугуйтуудыг компанийн захирал гэсэн баячууд худалдан авдаг байна. “Yamaha Motor Company” 2007 онд Монголын дистрибьютор компанитай хамтран, мотоцикл зарж эхэлжээ. Монголд мотоциклийн нийт эрэлт 45-50 мянгад эргэлддэг бөгөөд хөдөө орон нутагт хамгийн хэрэгцээтэй. Энэ зах зээлд “Yamaha Motor Company”-ийн эзлэх хувь маш бага, Хятадын компаниуд ноёрхжээ. Гэхдээ телевизийн зар сурталчилгааны ачаар “Ямаха” брэндийг хүмүүс мэддэг болсоор байна. Хятад мотоциклтэй харьцуулахад бат бөх, чанартай тул монголчууд дуртай. Харин үнэтэй учир жирийн иргэд худалдан авахад хэцүү гэнэ. “Yamaha Motor Company”-ийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ямада “Эдийн засгийн байдал сайжирвал иргэд илүү сайн, чанартай бараа авахыг хүсэх цаг заавал ирнэ. Японы мотоцикл зарагддаг цаг ирэхэд бэлтгэн, энэ зах зээлд ажиллах болно” гэж ярьж байна. Тус компани Монголд Улаанбаатараас гадна дөрвөн газар салбартай. Өвөл нь хэн ч мотоцикл унадаггүй болохоор дэлгүүрээ хаадаг ч засвар, сэлбэг зарах зэргээр ажлаа ямар нэг аргаар тасралтгүй явуулж байх нь Монгол дахь салбарын гол асуудал аж.
Японы компани 2 “Rohto Pharmaceutical” Тэгээс эхэлсэн компани


Японд нүдний эмний салбарт тэргүүлэх байр суурьтай “Rohto Pharmaceutical” Азид анхны салбараа нээсэн нь 1991 оны Хятад байлаа. Монголд 2012 онд дистрибьютор компаниар дамжуулан, нүдний эмээ зарж эхэлсэн. Өмнө нь Монголд тэдний бүтээгдэхүүн Японоос 2-3 дахин илүү үнээр зарагддаг байсан тул бизнес боломж байна гэж үзэн, энд иржээ. “Rohto Pharmaceutical”-ийн Монголыг хариуцсан захирал Нишихара “Европын нүдний эм зах зээлд их байсан ч нүдний эмний сурталчилгаа хийдэг компани байгаагүй. Манай компани телевизээр сурталчилгаа цацаж, автобусанд рекламаа хадан, олон нийтийн сүлжээг ашигласан сурталчилгаанд анхаарлаа хандуулсан” гэж ярьж байна. “Нүдний эмийг нүд өвдөхөд л хэрэглэдэг” гэсэн ойлголт Монголд байдаг ч “Rohto Pharmaceutical” ядарсан үедээ ч хэрэглэдэг эм гэж бүтээгдэхүүнээ сурталчилсан. Үүний ачаар нүдний эм байнга хэрэглэх заншил байхгүй Монголын зах зээлд амжилт олжээ. Одоо Монголын бүх эмийн санд эмээ худалдаалахаас гадна хүүхдийн “Senobic”, гоо сайхны “Acnes” бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Японы компани 3 “CAN DO” Япон үйлчилгээ


Японы өдөр тутмын хэрэглээний барааны худалдаанд Монголд нөлөөтэй болж байгаа нь 100 иэнийн “CAN DO” дэлгүүр. 2015 оны 12 дугаар сард Улаанбаатарт анхныхаа дэлгүүрийг нээжээ. Дэлгүүр нь саруулхан, сайхан бөгөөд Япон дахь дэлгүүртэй нь ижилхэн бараа тавигджээ. Үнэ нь 3499 төгрөг буюу 160 иэн. Өндөг хэр чанагдсаныг өнгөөр хэмждэг багаж зэрэг шинэ бүтээгдэхүүн ч байна. Худалдан авагч орж ирэхэд “Тавтай морил” хэмээн цогтойгоор мэндчилэн угтаж, Японы поп хөгжим дэлгүүртээ тавих зэрэг япон маягийн үйлчилгээгээрээ худалдан авагчдыг татаж байгаа бололтой. “CAN DO” өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар Монголд 6 дэлгүүртэй болоод байна. Япон бараа чанартай гэсэн ойлголт Монголд ч бий. Монгол, Япон улсууд нөхөрсөг харилцаатай, сүмо бөхийн ачаар жирийн иргэд ч харилцаа холбоотой болсон тул япон бараа зарагдах үндэс суурь бол байна.
Хөршүүд
Монгол улс Орос, Хятад гэсэн хоёр том хөршөөсөө хэт хамааралтай болохгүйн тулд Япон, Өмнөд Солонгос гэсэн хөгжингүй орнуудыг “Гурав дагч хөрш” хэмээн нэрлэж, харилцаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй. Бид Монголын зах зээлд хөл тавин, монголчуудад хамгийн ойр ямар хөрш байдгийг судлаж үзлээ.
Амьдралд Өмнөд Солонгос


Улаанбаатарын хаана ч очсон солонгос хоолны газар бий. Өмнөд Солонгосын оддын зургийг хадсан үсчин, гоо сайхны газар ч их. Хүнсний дэлгүүрийн бэлэн хоолны тасагт бараг тэр чигээрээ солонгос бэлэн хоол тавиастай. Энэ бүхнээс харахад Өмнөд Солонгосын бараа, соёл монголчуудад тун ойр дотно болжээ. Социалист байсан Монгол орон Зүүн Азид дипломат харилцаа тогтоосон анхны орон нь Өмнөд Солонгос бөгөөд ард иргэдийн харилцаа холбоо хүчтэй тул аргагүй биз ээ. “Монголын бүх гэр бүлд заавал Өмнөд Солонгост ажиллаж байгаа хүн байдаг” гэсэн яриа ч байдаг аж.
Орос бараа ч их


Дэлгүүрт байгаа бэлэн хоолон дээр монголтой ижил кирилл үсгээр бичсэн байгаа ч энэ нь үнэндээ орос хэл. Оросоос ирж ирсэн бараа. Монголчууд социализмийн үеэс ЗХУ-ын тусламжийг авч байсан болохоор энд ахмад настнууд дунд оросоор ярьдаг хүн олон.
Хятадын эсрэг үзэл
Нүүдэлчин ард түмэн болох монголчууд эрт дээр үеэс газар тариалан эрхэлдэггүй байлаа. Тийм болохоор одоогийн монгол хоолонд бууз, хуушуур, мантуу зэрэг Хятад соёлын нөлөөг авсан хоол олон. Гэхдээ Манж улсын дарлал, социализмийн үеийн сөргөлдөөнөөс үүдэн Монголд урд хөршдөө дургүй хүн их бий. Тиймээс гадаад худалдааны 90 хувийг эзэлдэг Хятадаас эдийн засгийн хараат байдалд орсон тал бий ч хятад брэнд Монголд газар аваагүй бололтой.
Монголчуудын амьдрал


Улаанбаатарт амьдардаг монголчуудын амьдралтай танилцахын тулд Батагаагийн гэрт зочиллоо. Тэднийх орон сууцанд амьдардаг. Гэрийн эзэн санхүүгийн компани удирдаж, эхнэр Золоо нь ч ажил хийдэг. Монголд дунджаас дээгүүр давхаргад тооцогддог өрх. Тэднийд Япон, Өмнөд Солонгосын эд зүйл их. “Гэр ахуйн цахилгаан бараа Японых сайн ч телевиз бол Өмнөд Солонгос илүү” гэж Батагаа ярьлаа. Мэддэг япон компаниа нэрлэхийг хүстэл Комацү, Ниссан, Тоёота гээд машины компаниуд голлон хэлж байна. Батагаа хоол хийх дуртай “Япон хоол эрүүл мэндэд сайн гэгддэг ч сайн мэдэхгүй” гэж байна. Гадаад хоолноос солонгос хоолонд дуртай гэх бөгөөд гэрт нь кимчи бэлэн байх аж.   
Батагаа 36 настай, эхнэр Золоо 35 настай. 13 настай хүү, 3, 1 насны хоёр охинтой. Улаанбаатар хотын уугуул. Сард 1 сая 500 мянган төгрөгийн орлоготой. Ирээдүйн мөрөөдөл нь хотын ойролцоо газар авч, хувийн байшинтай болох.
Судалгааны дүнд бид Монголын зах зээлийн татах хүчийг В гэж үнэллээ. Засгийн газрын тусламж, сүмо бөхийн нөлөөгөөр монголчууд Японд дотно сайн ханддаг нь ажиглагдсан. Нөгөө талаас өдөр тутмын хэрэглээнд япон бараа бараг харагдахгүй, зах зээлд нэвтрэн ороход өргөн боломжтой. Япон бараа төлөөлөн худалдаалдаг эрхтэй компани олон байдаг гэнэ. Зах зээл нь жижиг ч өрсөлдөгч цөөнтэй энэ цаг үед хамгийн том боломж байж мэдэх юм. Одоо эдийн засгийн байдал хэцүү байгаа ч байгалийн баялаг, уул уурхайн хөгжлийн дүнд татвар төлөгчдийн худалдан авах чадвар нэмэгдэх нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
31
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.