Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Кисэносато буюу оройтож цол хүртсэн аваргууд

Котозакүра 32 настайдаа ёкозүна болсон.


2017 он гарч, мэргэжлийн сүмогийн шинэ улирал эхэллээ. Энэ жил шинэ ёкозүна төрөх болов уу гээд л бөх сонирхогчид хүлээн суугаа нь лавтай. Цол горилогч озэки нараас ёкозүна цолонд хамгийн ойр байгаа нь Кисэносато гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ тэр одоо 30 настай. Өнгөрсөн жил анхныхаа түрүүг хүртэцгээж, аварга цолны төлөө дайралт хийгээд үзсэн Котошёогикү 32, Гоэйдо 30 настай, бүгд л ахимаг бөх. Гэхдээ сүмогийн түүхэнд нас ахисан хойноо аварга болж чадсан жишээ цөөнгүй бий.  
Китанофүжи


“Орчин үеийн ёкозүна” хэмээн нэрлэгдэж явсан түүнийг аварга болох гэж тун удсан гэхэд хүмүүс гайхдаг. Мэргэжлийн сүмод ороод 74 башёгийн дараа ёкозүна болсон тэр аварга болохдоо 27 нас 10 сартай байлаа. Багаасаа бейсбол тоглож өссөн тул хөдөлгөөн сайтай байсан ч жин нэмэгдэж, таргалахгүй байсаар дээд зиндаанд дэвших гэж долоон жил зарцуулсан байдаг. Нийт 10 удаа түрүүлснийхээ долоог нь ёкозүна цолтойдоо манлайлсан.
Котозакүра


32 нас 1 сартайдаа ёкозүна болсон. Хамгийн ахимаг насандаа аварга болсон бөх. Мэргэжлийн сүмод ороод 85 башё, дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш 60 башё зарцуулж байж ёкозүна цол хүртжээ. 1972 оны 11, 1973 оны нэгдүгээр сарын тэмцээнд дараалан түрүүлж, ёкозүна цолны болзлыг биелүүлсэн. Озэки цолтой 30 башё барилдахдаа 2 удаа түрүүлсэн ч 13 башёд 10-аас бага давж байв. Насыг нь бодсон ч ёкозүна болох нь битгий хэл зодог тайлах дөхөж байна гэж хүмүүс ярьдаг байсан тул “Оройтож цэцэглэсэн сакүра” гэж нэрлэгдсэн. Ид үедээ том данхар толгойгоороо мөргөөд л ялаад байдаг байсан тул “Бух” гэсэн хочтой байв. Ёкозүна болоод гурав дахь тэмцээндээ түрүүлсэн ч найман башё барилдаад зодог тайлсан. Харин ояката болоод Котоказэ, Котоошюү, Котомицүки гэсэн гурван арслан төрүүлсэн сайн ояката болсон юм. 2007 онд 66 настайдаа нас барсан.  
Миэноүми


31 нас 5 сартайдаа ёкозүна болсон нь Котозакүрагийн дараа орох үзүүлэлт. Харин сүмод орсноосоо хойш 97 башё барилдаад аварга болсон нь хамгийн удаанд тооцогддог. Мөн дээд зиндаанд дэвшсэнээс хойш 60 башё зарцуулж ёкозүна болсон нь ч “сөрөг” рекордын нэгт бичигдэж байна. Бие, хүч чадал дутуу байсан тул 34 тэмцээн барилдаж байж, жюүрёод дэвшиж, 27 нас 11 сартайдаа озэки болсон. Озэки цолоо алдаж, сэкивакэд буусан ч дараагийн тэмцээнд 10 ялж, цолоо буцаан авсан. Үүний дараа барилдаан нь тогтворжиж, байнга 10-аас илүү давдаг болжээ. 1979 оны Зуны тэмцээнд 13 ялж, дараагийн Нагоя башёд 14 ялж, аль алинд нь түрүүлээгүй ч ёкозүна цол хүртсэн бөх. Озэки цолоо алдсан бөхчүүдээс дараа нь ёкозүна цол хүртсэн бөх түүнээс өөр байхгүй. Аварга цолтой наймхан башё барилдсан ч хоёр тэмцээн дараалан түрүүлэх зэрэг аваргын энтэйгээ харуулж амжсан билээ. Зодог тайлаад Мүсашигава дэвжээг удирдаж, ёкозүна Мүсашимарү, озэки Мүсояма, Дэжима, Миябияма гэсэн 1 аварга, 3 арслан төрүүлсэн. Сүмогийн холбооны тэргүүний албыг хашиж байв.
Таканосато


30 нас 9 сартайдаа ёкозүна цол хүртсэн. Макүшитад байхдаа чихрийн шижин өвчин тусаж, хоолны дэглэм барьсан тул зургаан жилийн дараа л дээд зиндаанд дэвшсэн юм. Бусад шигээ идэж, жин нэмэж болохгүй тул хүчний бэлтгэл хийсээр 29 настайдаа озэки болж, жил хагасын дараа аварга болсон бөх. Маш их зовлон үзэж, шантралгүй хөдөлмөрлөсөн түүнийг NHK-ийн олон ангит киноны баатрын нэрээр “Ошин ёкозүна” гэж нэрлэжээ. Ёкозүна цолтой анхны башёдоо 15 даваатай түрүүлж байсан ч гэмтлийн улмаас 15 башё барилдаад зодог тайлсан. Нарүто дэвжээг удирдаж, Кисэносато, Ваканосато нарыг өсгөн хүмүүжүүлсэн ояката. Кисэносатог озэки болохын өмнөхөн 2011 онд 59 настайдаа насан эцэс болсон юм.  
Асахифүжи


Киндай их сургуулийн сүмогийн секцэнд хичээллэж байсан ч сургуулиа хаян, нутагтаа хариад байхад нь мэргэжлийн сүмогийн ояката нар элсүүлжээ. 27 настайдаа озэки болж, дараагийн 10 башёд 14 ялалт хоёр, 13 даваа хоёр, 12 даваа дөрөв, 11 ялалт хоёр удаа гэсэн ёкозүна цолтон шиг сайн барилдсан. Нэг удаа түрүүлж, түрүүлсэн бөхтэй хоёр удаа даваа тэнцсэн ч холбооноос барилдааны агуулга муу, бэлтгэл дутуу хэмээн ёкозүна цол олгоогүй байна. Учир нь түүний өмнө Фүтахагүрог нэг ч түрүүлээгүй байхад нь ёкозүна болгож, Фүтахагүро элдэв асуудалд орооцолдон, холбооноос хөөгдсөн байсан тул Сүмогийн холбоо ёкозүна цолны болзлоо чангатгаад байлаа. Тиймээс Асахифүжиг азгүй бөх гэж нэрлэж болно. Нойр булчирхайны өвчин туссан ч 1990 оны Зуны тэмцээн, Нагоя башёд дараалан түрүүлж, ёкозүна болсон. 30 настайдаа аварга цол хүртсэн тэрбээр дараа нь есөн тэмцээнд зодоглоод зодог тайлсан. Одоо Исэгахама дэвжээнд ёкозүна Харүмафүжи, озэки Тэрүнофүжи нарын багш.   
Ваканохана


Ах дүү Таканохана, Ваканохана нар нэгэн үе сүмогийн ертөнцийг доргиож байлаа. Дүү Таканохана 22 настайдаа ёкозүна болсон бол Ваканохана 27 нас 4 сартайдаа аварга болсон. 180 см өндөр, 134 кг жинтэй сүмод жижигхэнд тооцогдох ч уран сайхан барилдсаар 1993 онд 22 настайдаа озэки болж байв. Гэвч гэмтэл бэртэл, өвчин хуучинд ээрэгдсээр озэки цолтой бүтэн таван жил барилдсан. Гэхдээ энэ хооронд дүүтэйгээ дээд зиндаанд түрүүлэхийн төлөө халз барилдаан хийж даван, нэг түрүүлээд байв. Бөх сонирхогчид ах дүү ёкозүна төрөөсэй хэмээн хүлээж байсан тул Ваканоханаг аварга болоход улс даяараа баярлан хүлээж авсан. Гэхдээ нас ахисан хойноо аварга болсон тул 11 башё барилдаад зодог тайлахаас өөр аргагүй болсон. Екозүна цолтой 50 хувийн амжилт үзүүлээгүй башё ч байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
43
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.