Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Жүжигчний хөрөг: Испани "мужик" буюу бадрангуй Хавиэр Бардем


Мужик. Эл орос үг эр хүн гэсэн утгыг илтгэх боловч эрүүндээ сахалтай болгонд наалддаггүй хэргэм зэрэг шиг тодотгол буюу. Үг хэдий үнэгүй боловч гамнаж байхад гэмгүй. Хэдий тийм гэвч мужик гэх орос үг Хавиэр Бардем гэх испани эрд л чухам зориулагдсан мэт зохиж буй тохиолдолд дуугүй өнгөрч яахин болох. Үлэмж бие, догшин төрх, ухаалаг харцтай Хавиэр Бардем кино урлагт дан ганц испани улсыг төлөөлөөд зогсохгүй жинхэнэ эр хүний хэв шинжит дүрийн биелэл болон оршиж буй нь чухам сайн хэрэг. Гэхдээ энэ сайн хэрэг биеллээ олохгүй байх магадлал муугүй их байсныг санах хэрэгтэй.

Хавиэр бараг л кинон дунд мэндэлжээ. Учир нь түүний эмээ, өвөө, ээж, ах, эгч нь Испанийн нэрт жүжигчид байсан бол нагац ах нь кино зохиолч байж. Эцэг Хосе Карлос Доуссинаги нь уг нь бизнесмен байж, энэ гэр бүлд шинэ цус сэлбэсэн боловч удаан тэсээгүй. Хавиэрийг дөнгөж төрсний дараа гэрлэлтээ цуцлуулж, тэр ахиад л цэвэр цусны жүжигчдийн сүргийн нэг гишүүн хэвээр үлдсэн юм. Кино зураг авалтын талбай, кино театрын хооронд хүүхэд насаа өнгөрүүлсэн Хавиэр ихээ эрт энэ бүхнээс залхахдаа уран зураг сонирхож эхэлжээ. Азаар түүнд авъяас байлаа. Явсаар Мадридийн томоохон урлагийн сургуульд уран зургаар дөрвөн жил суралцаж, бараг л зураач болно гэдэгтээ итгэчихсэн байв. Энэ зуур тэр кино, жүжгийн туслах дүрүүдэд үе үе харагддаг байсан нь уран зургийн хэрэгсэл авах мөнгө олох ганц л зорилгын төлөө байж. Гэвч тэр сонирхогчийн түвшний зураач, мэргэжлийн жүжигчний “сүнс”-тэй байсан учраас нэгэнт зурагдсан хувь тавилантайгаа өөрийн эрхгүй эвлэрэв.   

Түүнд жүжигчнээр суралцах хэрэг байсангүй, дүрийн саналууд шууд л ирж байв. Эхэн үедээ тэр инээдмийн кинонд хүч сорилоо. Хавиэр Бардемын авъяас кино багийнхныхаа урмыг хугалж байгаагүй шиг олох мөнгө нь ч муугүй байв. Гэхдээ инээдмийн кино яагаад ч түүний төрөл биш байлаа. Хамгийн анхны уран сайхны кино JamonJamon испани даяар нэр хүнд оллоо. Сонирхолтой нь, тэр энэ кинонд өөрийн ээж Пилар Бардем, хожмын эхнэр Пенелопе Крузтэй хамтран тоглосон байдаг. Дотуур хувцасны моделийн дүр нь ч амьдралаас нь тэс ондоо зүйл байгаагүй. Тайчих клубт хэсэг зуур ажилласан түүх арвин намтрынх нь нэгээхэн хэсэгт байдаг юм.

Тоглосон кинонуудаараа испани хэлт ертөнцөд алдар суу нь түгэж байсан ч хилийн чанадад тэр ‘иргэн Хавиэр Бардем’ хэвээрээ л байлаа. Уг нь хэд хэдэн барууны кинонд тоглох санал ирсэн ч хэлний бэрхшээлээс болоод татгалзсаар байв. Тэгж явсаар2000 онд найруулагч Жулиан Шнабелийн “Before night falls” кинонд Жонни Дэппийн хамт тоглосон нь жинхэнэ “бомба” болсон юм. Кубийн нэрт яруу найрагч, зохиолч, бас ижил хүйстэн эр Рэйнальдо Аренасын намтраас сэдэвлэсэн энэхүү киноны дүрээр тэр дэлхийн бүхий л томоохон кино наадмуудад, тэр дундаа “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшсэн нь барууны кино урлагт нэрээ дархалсан хэрэг болов. Энэ үед тэр 31 настай байсан ч Испанийн кино урлагийн нэрийн хуудас болсон гэр бүлийнхнийхээ хэний ч хүрээгүй амжилтад хүрсэн юм. Энэ гэхдээ зөвхөн эхлэл байлаа.

Алехандро Аманебарын “Mar Adentro” (Sea Inside) испани хэлт кинонд тоглосон нь түрүүнийхээс дутахааргүй амжилт дагуулав. Энэ кино мөн адил намтар бүтээл байсан бөгөөд Хавиэр Бардем энэ удаа үхэх эрхээ олж авахын төлөө 28 жил тэмцсэн Роман Санпедро болж хувирсан. Хоёр цаг үргэлжилсэн кинонд орноосоо ер босохгүйгээр дүрээ хэрхэн тултал гаргахын гайхамшгийг үлгэрлэсэн түүний жижиглэлт киноны амжилтаас давсан гэж олон шүүмжлэгч дуу алдаж байлаа. Ялангуяа, “Энэ олон жил ортойгоо хадагдаж, гунигаа хэмлэн хэвтэхдээ хэрхэн нулимсаа инээдээрээ илэрхийлэхийг төгс сурсан даа” хэмээн хэлдэг хэсэг хэдий хэдхэн секунд үргэлжлэх ч хамгийн төгс гүйцэтгэл байсан. Роман Санпедро төсөөлөл дотроо далай тэнгис, цэцэгт нуга, өндөр уулсын дээгүүр нисч явдагчлан тэр орноосоо огт хөдлөлгүйгээр хүн төрөлхтөнд бас нэг гайхалтай дүрийг зүрх сэтгэлд нь сийлсэн билээ. Тухайн жилийн Испанийн “Оскар” гэгдэх Гояа шагнал гардуулах ёслолд “Sea Inside” кино 15 төрөлд нэр дэвшиж, 14-ийг нь өөрийн болгосон шиг Хавиэр Бардем Алтан бөмбөрцөгөөс бусдаар оролцсон бүхий л кино наадмынаа шилдэг дүрийн шагналыг хамсан юм. Харин үүнээс гурван жилийн дараа тэр ах, дүү Коэний “No Countries for old man” кинонд зандалчин Антон Чигуарын дүрд тоглосныхоо дараа тэр кино урлагийн нөлөө бүхий шагналуудаас нэгийг ч үлдээгээгүй. Бүр Оскарыг ч орхиогүй бөгөөд уг шагналыг хүртсэн анхны испани хүн болж түүхэнд үлдсэн. Хэрэв удаах жил нь “Biutiful” кино хийгдээгүй бол “No Country for Old Man”-ийг түүний бүх цаг үеийн хамгийн сайн гүйцэтгэл гэж нэрлэх байлаа. Учир нь олон шүүмжлэгч энэ бүтээлээр ах, дүү Коэн болон Хавиэр Бардемийг оргилдоо хүрлээ хэмээн дуу алдацгаасан юм.

“Biutiful”. Зүрх зүсэж, сэтгэл сэмлэсэн энэ киног манай нарны аймаг гэвэл нар нь Хавиэр Бардем байсан болохоор тэр. Өршөөгөөрэй Алехандро Инарриту, энэ гэхдээ үнэн. Угаас Алехандро Инарриту энэ киноныхоо зохиолыг Хавиэр Бардемийг гол дүр нь гэж төсөөлж байгаад бичсэн гэдэг. Учир нь энэ киноны гол дүрд жинхэнэ эцэг, жинхэнэ эр хүн хэрэгтэй байсан. Ийм дүрд Хавиэрээс өөр хэний нэрийг бодох билээ. Тиймдээ ч Хавиэр Бардем Уксбалын дүрд тоглоогүй, өөр доторх Уксбалыг л сэрээсэн юм. Нэрт кино шүүмжлэгч Рожер Эберт “Энэ кинонд намайг автуулсан цорын ганц хүн бол Хавиэр Бардем. Тэр энд жүжигчин байсангүй, тэр хүн байлаа...” хэмээн бичсэн байдаг. Хавиэр уг киноны зохиолыг уншаад бүтэн сарын турш хэнтэй ч ярилгүй, хүн төрөлхтнөөс зайгаа барьсан гэдэг. Сонирхолтой нь, энэ зуур тэр зохиолыг дахин уншаагүй бөгөөд зөвхөн өөрийгөө чагнаж байснаа ярьсан байдаг. Сарын дараа тэр Алехандро Инарриту дээр очоод “Хоёул урьд нь хэзээ ч авирч байгаагүй өндөр уулнаа мацах хэрэг гарлаа. Би бэлэн” хэмээгээд гарыг нь атгасан гэдэг. Эцэст нь, “Biutiful” киноны Уксбалын дүр кино урлагийн хамгийн оргил дүрүүдийн нэг бөгөөд ёстой жинхэнэ “хүрэл зүрх ч хайлам” хүний түүх болсон юм. Түүний энэ кинон дахь гүйцэтгэлийг зарим шүүмжлэгч “Өвгөн тэнгис хоёр”-ын өвгөний дүртэй эн зэргэцүүлэн бичиж байв. Германы суут найруулагч Вернер Хэрцог “Biutiful”-ийг кино-шүлэг гэсэн бол жүжигчин Шон Пэн Хавиэрийг “Last Tango in Paris” дахь Марлон Брандотой зүйрлэсэн байдаг.

Шүүмжлэгчид түүнийг хамелеон гэнэ. Дүрээс дүрд хурдан шилждэг болохоор тэр. Хавчигдсан ижил хүйстэн яруу найрагч (Before Night Falls)-аас үхлээ хүлээсэн хэвтрийн өвчтөн (The Sea Inside), уран бүтээлч (Vicky Cristina Barcelona), зэн-зандалчин (No Country for Old Man) жинхэнэ эцэг, жинхэнэ эр хүнд (Biutiful) хувирч чадна. Удахгүй бид түүний далайчин (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales) төрхийг харна. Ругбийн тамирчин, металл хөгжимд дурлагч, AC/DC-ийн фэн гэдгээс нь ургаад тэр өөр ямар ч дүрээр эргээд ирэхийг тааварлах аргагүй.

Хавиэр Бардем өөрийгөө жүжигчин гэж дуудуулах дургүй. “Намайг зүгээр л ажилчин гэж бай” хэмээн хэд хэдэн ярилцлагадаа хэлж байв. Харин кинонуудыг нь үзсэн хүмүүс түүнийг ажилчин ч гэхгүй, жүжигчин гэхгүй. Хэрэв хүн төрөлхтөн цөмөөрөө оросоор ярьдагсан бол “Мужик” л гэж хэлнэ дээ. Эр хүн! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
35
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.