Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB.LIFE-ийн туршилт: Утаанаас хамгаалах маскийг хэрхэн сонгож, хаанаас авах вэ?

​П.Номинбилэг, Б.Очирхуяг нар Vogmask, Neoshield, 3M, Монгол маск-МЦЖ маскуудыг туршиж үзсэн сэтгэгдлээ хуваалцлаа.


Улаанбаатарын агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байгаа энэ үед утаанаас хамгаалах маск зүүж эрүүл мэндээ хамгаалахаас өөр дорвитой хийж чадах зүйл бидэнд алга байна. Гэвч хотын гудамжинд маск зүүсэн хүн ганц нэгхэн зөрөх аж. Ихэнх хүмүүс утааны эсрэг маск зүүхгүй байгаа шалтгаанаа хаанаас авч, хэрхэн сонгож авахаа мэдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Иймд бид зэх зээл дээр зарагдаж байгаа утаанаас хамгаалах маскуудыг хэрэглэхэд хэр тохиромжтой, зүүхэд ямар байгаа вэ гэдгийг туршиж үзэхээр П.Номинбилэг, Б.Очирхуяг нарыг “UB.LIFE-ийн туршилт” буландаа урьсан юм. Тэд хоёул энэ өвлөөс утаанаас хамгаалах маск зүүж эхэлсэн байна. Туршилтад оролцогчид "Монгол маск – МЦЖ" болон "3M" маск болон өөрсдийн хэрэглэдэг "Vogmask", "Neoshield" маскуудын тухай ийнхүү ярьж байна.

Туршилтад оролцогчид:

П.Номинбилэг “Vogmask” болон “Монгол маск – МЦЖ”, Б.Очирхуяг "Neoshield" маск болон 3M 9001V маскуудыг зүүж, хэрэглэсэн сэтгэгдлээсээ UB.LIFE-ийн уншигчдад хуваалцлаа.

Б.Очирхуяг:

Би өнгөрсөн арванхоёрдугаар сараас утаанаас хамгаалах маск зүүж эхэлсэн. Нэлээн хэдэн газраар явж, олон төрлийн маск судалж байгаад франц технологиор Вьетнамд үйлдвэрлэдэг "Neoshield" маскийг сонгосон. Бүр хоёр жилийн өмнөөс л өвөл утаанаас хамгаалдаг маск зүүнэ дээ гэж бодсоор байгаад утаан дунд өнжсөн. Харин энэ жил ажил хэрэг болгож хайж байгаад авсан маань энэ.

Би гадаадад амьдарч байгаад 2014 оны өвөл Монголдоо буцаж ирсэн юм. Тэр үед өвлийн агаарын бохирдлыг хараад бараг шоконд орсон шүү. Агаарын бохирдол, утаа гамшгийн түвшинд хүрчихээд байсныг тэр үед биеэрээ мэдэрсэн. Тухайн үед манайхан утааг нэг их анхаардаггүй, утааны хор хохирлын тухай мэдээлэл, мэдлэгтэй хүмүүс ч ховор байж. Агаарын чанарын мэдээг Америкийн элчин сайдын яамны вебсайтаас л хардаг байлаа. Тэгээд гэртээ агаар шүүгч авч тавьсан. 

Агаарын бохирдол аймшигтай болчихоод байхад олон нийт одоог хүртэл анхаарахгүй байгаад бүр гайхаад барахгүй байгаа шүү. Эрүүл мэнддээ анхаардаг, мэдээлэл сайтай хэсэг бүлэг хүн л маск зүүж байгаа харагддаг. Маск зүүгээд гудамжуур яваа хүмүүсийг гайхаж харах биш, хүн бүр маскийг өдөр тутмын хэрэглээ болгох хэрэгтэй байгаа юм даа. Манай найзууд дунд гэхэд маск зүүж байгаа хүн тун ховор. Утаа аймшигтай байгааг мэдсээр байж маск зүүхгүй байгаа нь хачирхалтай.

П.Номинбилэг:

Бээжинд амьдардаг эгч маань бид хэдийг өнгөрсөн жилээс хойш маск зүүгээч ээ гэж байнга хэлдэг байсан. Энэ жил ямар ч байсан заавал маск зүүнэ гэж бодож байгаад аравдугаар сард “Маскута” гэдэг маск авч зүүсэн. Тухайн үед маскны тухай мэдээлэлгүй байсан болохоор шүүлтүүрийг нь сольдог, бас үнийн хувьд боломжийн гэдэг утгаар нь тэр маскийг авсан л даа. Харин дараа нь агаарын бохирдлын тухай багагүй зүйл уншиж, судалсны дараа агаарын бохирдлоос хамгаалдаг маск нь бүхэлдээ хамгаалалтын материалаар хийгдсэн байж сайн хамгаалдаг гэдгийг олж мэдсэн. Үүний дараа хэд хэдэн маск зүүж байгаад "Vogmask" дээр тогтсон. 

Би ер нь утаа харьцангуй багатай газар амьдарч, ажилладаг. Гэр, ажил хоёр ойрхон болохоор ихэвчлэн алхдаг. Утаа ихтэй газраар алхдаггүй мөртлөө маск харлаж, битүүрч байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Ямарваа нэг зүйлийг дагаад олон төрлийн бизнес хөгждөг. Энэ жилээс агаарын бохирдол хурцаар яригдаж эхэлснээс хойш зах зээл дээр янз бүрийн маск худалдах болж. Тийм болохоор хүмүүс утаанаас хамгаалах маскаа сонгож зүүхдээ их анхаарах хэрэгтэй болов уу. Хорт утааг бараг шүүхгүй байгаа маскийг өөрийгөө зовоон байж зүүгээд байх шаардлагагүй шүү дээ. Нэгэнт л маск авъя гэж бодож байгаа бол сайныг нь авч хэрэглээсэй гэж хүмүүст зөвлөмөөр байна.

VOGMASK

Давуу тал:

Vogmask-ийн "microfiber" хэмээх тусгай материал нь PM 0.3-аас дээш буюу маш нарийн ширхэглэгт тоосонцорыг шүүдэг. Бас идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүртэй. Тэгэхээр утаанаас гадна хорт хий шүүдэг гэсэн үг. Мөн угааж хэрэглэх боломжтой болохоор нэг авсан маскаа 2-3 сар хэрэглэж болох юм билээ. Аль хэдийнэ угаагаад амжсан. Өөрчлөлт ажиглагдаагүй. 

Өнгө үзэмжийн хувьд бусад маскнаас илүү. Бас авсаархан болохоор халааслаад, мартахгүй үргэлж биедээ авч явахад хялбар байдаг. Маск зүүхийн нэг том давуу тал нь, аль ч маск маш дулаахан. Маск зүүхгүй явахаар салхи үлээгээд, хацар, хамар даараад байдаг шүү дээ.

Сул тал:

Зах зээл дээр худалдаалж байгаа маскууд дундаа өндөр үнэтэйд тооцогддог. Хүн бүр 69 мянган төгрөгөөр маск аваад байж чадахгүй шүү дээ.

МОНГОЛ МАСК – МЦЖ

Давуу тал:

Энэ маск зүүхэд тун эвтэйхэн, амьсгалахад хялбар юм билээ. Хөндий хэлбэртэй болохоор нүүрэнд наалддаггүй нь надад их таалагдсан. Уруулаа хааяа тод өнгөөр буддаг болохоор арьсанд наалддаггүй нь их амар байсан.

Мөн толгойндоо углаж өмсдөг болохоор их барьцтай юм билээ. Чанга барьдаг болохоор хоёр талаараа агаар нэвтрүүлэхгүй гэсэн үг. Олон улсын стандартаар ингэж өмсдөг маск хамгийн сайн гэдэг юм билээ. Үнийн хувьд хямд (1500 төгрөг).

Сул тал:

Гэхдээ углаж өмсдөг нь зарим үед өмсөж, тайлахад бэрх байдаг. Бас хатуу, хэлбэртэй болохоор нугалаад, халаасандаа хийж явах боломжгүй.

Бас маск зүүгээд явахаар нүдний шил амархан цантах гээд байдаг. Цантаж байна гэдэг нь аль нэг хэсгээр агаар алдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг өөрийн нүүрний хэлбэрт тохирсон маскаа олж зүүх хэрэгтэй. Хамар хэсэг дэх төмрөө хэлбэржүүлж сайн дарсны дараа нүдний шилээ зүүхэд цантдаггүй юм билээ.

NEOSHIELD МАСК

Давуу тал:

Агаар шүүгч сайтай, шүүгчээ сольж угаах боломжтой учраас би Neoshield маскийг авч зүүсэн. Нүүрний хэлбэрт сууж, барьж өгдөг болохоор хортой агаар нэвтрүүлэхгүй нь энэ маскны хамгийн том давуу тал юм билээ. Агаар гадагшлуулдаг хоёр хэсэгтэй болохоор агаарын солилцоо хурдан явагддаг нь таалагдсан.

Сул тал:

Ийм маск зүүхэд ам, хамар амархан хөлөрч, цантаад байдаг. Бас угаагаад удаан хугацаанд ашигладаг болохоор эрүүл ахуйн талаасаа бага зэрэг асуудалтай юм шиг санагдсан. Тогтмол угааж, арчиж, хатааж байхгүй бол нян вирус үржих магадлалтай болов уу. Би 70 орчим мянган төгрөгөөр авсан. Үнэ нь ерөнхийдөө өндөр. 

3M 9001V МАСК

Давуу тал:

Хөнгөн, авсаархан болохоор марталгүй үргэлж биедээ ойр авч явахад дөхөм юм билээ. Мөн 5-7 хоноод л сольж хэрэглээд байх болохоор эрүүл ахуйн талаасаа зүгээр санагдсан. Мөн нэг удаагийнх гэдэг утгаараа үнийн хувьд тун боломжийн. 2500 төгрөгөөр худалдаалж байгаа болохоор хүн бүр авч хэрэглэхэд асуудалгүй. 

Сул тал:

3М маск агаар их амархан алддаг юм шиг санагдсан. Нүүрний хэлбэрт яг сууж, барьж өгдөггүй болохоор зай гарч, агаар алдагдах магадлалтай. Тийм болохоор утаа орж ирээд байх шиг санагдсан шүү. Бас резинен оосор нь эвгүй юм билээ.


П.Номинбилэг:

PM 2.5, PM 0.3 зэрэг нарийн ширхэглэгт тоосонцор хүний биед орчих л юм бол цусаар дамжаад биеийн бүхий л хэсэгт хүрч, хүнд өвчин үүсгэдэг. Тийм болохоор одоо бидний нүдэнд бодитоор харагдахгүй байгаа ч бие организмд маань энэ хорт бодисууд "зугаалж", биеийн бүхий л хэсэг рүү тарж байгааг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр маск зүүж дасаагүй хүмүүст эхний ээлжинд эвгүй байж болох ч хэсэг хугацаанд тэвчээртэй зүүгээд дасчихвал эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Зарим хүмүүс утаатай агаараар амьсгалж байгаад нэг сайхан агаарт гарчихвал зүгээр болчихно гэж эндүүрдэг. Гэвч нэгэнт таны биед ороод цусаар урсаж байгаа тэр хатуу биет тэглээ гээд устахгүй шүү дээ.

Өвөл бид даарахгүйн тулд хүссэн хүсээгүй ороолт, малгай, бээлий зүүдэг. Яг үүнтэй адил бие махбодоо хордуулахгүйн тулд маскийг зүүж хэвшээсэй гэж уриалмаар байна. Маскийг ч бас заавал өмсөж, зүүх ёстой нэг “хувцас” гэж ойлгоод сурчих хэрэгтэй юм шүү.

Засгийн газраас утааг багасгахын тулд хэрэгжүүлж байгаа ажил хэзээ үр дүнгээ өгч, хэзээ бид цэвэр агаараар амьсгалахыг таашгүй. Тийм болохоор одоо бид өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хамгаалалтын маск зүүх зайлшгүй шаардлага байгааг ойлгож, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх цаг болсон гэж хэлмээр байна. 

Б.Очирхуяг:

Агаарын бохирдлын түвшин аймшигтай болчихоод байгааг бүгд мэдэж байгаагаас хойш одоо өөрсдийгөө хамгаалж маск зүүж хэвших цаг нэгэнт ирсэн. Бүх хүнийг маск зүүж хэвшээсэй, ялангуяа бага насны хүүхдүүддээ өдөр тутам маск зүүлгэж сургаасай гэж хүсэж байна.

Утаан дунд инээд алдаад явж байгаа хүүхдүүдийг харахаар санаа зовж, өрөвдөх шиг болдог. Одоо бидэнд шууд утгаараа өвдөлт, зовлол шаналал нь мэдэгдэхгүй байгаа ч хэсэг хугацааны дараа агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ асар их хохирно шүү гэдгийг хүмүүст хандаж хэлмээр байна.

Таван өдөр зүүсэн 3M маск хэрхэн харласныг та харж байна.

Долоон өдөр зүүсэн Монгол маск - МЦЖ

Холбоотой нийтлэл: UB.LIFE-ийн тайлбар: Утаанаас хамгаалахын тулд ямар маск зүүх вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.