Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

ДУРСАХУЙ: Чулуу уйлуулсан ХҮН

Д.Норовын зохиолын онцгойрох чанар нь зохиолчийн дуу хоолойг далд өгүүлэгч, эсвэл зохиолчийн хувиар яг оносон цэгт, хэрэгтэй үед, тэгсэн хэрнээ үйл явдалд хутгалдахгүйгээр чадварлаг шигтгэсэнд байдаг.


(“Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулганд)

Хэдэн жилийн өмнө хуучин номын худалдаанаас мөнгөний хариултад түүний “Алтан богдын шил” романыг авснаас яриагаа эхлүүлж болох юм. XIX зууны сүүл үеийн Барууны нүсэр романчдын шүүмжлэлт реализмын туг далбаа болсон зохиолоор “амь зогоож” явсан оюутан тэрхүү нимгэн, жижиг номыг Д.Норов гэсэн нэрнээс нь болоод 1000 төгрөгийн хариултад авсан юмдаг. Хэдхэн  хоногийн өмнө орчин үеийн уран зохиолын семинар дээр Д.Норовын “Хөх тавилан” туужийг хэлэлцүүлж, Хөөрхөн эмгэний дүрийн талаар багагүй маргаан өрнөсөн болохоор сонирхол татсан хэрэг л дээ. Энэ бол түүний туужуудыг  уншихаас, өгүүллэгүүдийнх нь ур маягийг олзуурхахаас, дадлагын оюутан болж очихоос  ч өмнийн хэрэг.

Түүнээс хойш багш нарын ярианаас хөх Норов, Говь-Алтайн хөх харцуулын нэг ч билүү дурдатгал яриаг хааяа дуулж, дээд ангийн ах нар зохиолынх нь талаар бишрэнгүй агаад мэдэмхийрэн ярихыг сонсож явтал нэг өдөр багш дадлага хийх газрын талаар асуулаа. Нэгэнтээ сэтгүүлчийн замаар явахгүй гэж хатуу шийдсэн би бодож цөхөлгүйгээр Үндэсний телевиз рүү Норов ах дээр очно оо гэчихлээ. Ингээд зургаан сарын сүүлчээр, дуниартсан манан тоорогтой нэг өдөр Үндэсний телевизийн үүдэнд нэрийг нь барьсаар очсонсон.

Энэ бяцхан дурсамж үүсэхээс өмнө түүний “Алтан богдын шил”, “Уулын хөх сүүдэр” романууд, эрхиний тоогоор хэвлэсэн Монголын уран зохиолын дээжсийн 97 дугаар дэвтэрт хэвлэгдсэн туужуудыг нь уншчихсан, амьхандаа маадгар амьтан явж. Гэтэл “нэг уншсанаа уншсанд тооцвол чамд зохиолч болох найдвар алга” гэсэн Ф.Достоевскийн ёж үг “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган”-ыг дахин унших үед толгойд бууж байна.

“Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийн чуулган бол Д.Норовын богино хэмжээний хүүрнэл зохиолын шилмэл эмхэтгэл. Түүний уран бүтээлийн дунд үеийн богино хэмжээний хүүрнэлүүдээс бүрдсэн энэхүү түүвэрт шилмэл арван хоёр өгүүллэг, гурван тууж багтжээ. Утга зохиол судлаач, доктор Д.Галбаатарын хэлснээр түүний бүтээлийг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээр үе нь 1970-аад оны сүүлчээс 1980-аад оны дунд үеийн бүтээлүүд буюу уянга сэтгэлзүйн, өмнө үеийн зохиолчдын арга барилыг залгамжилсан шинжтэй бол хоёрдахь үе буюу 1980-аад оноос хойших бүтээлүүдэд уянгын зөөлөн өнгө аяс өөрчлөгдөж, дүрийн сэтгэлзүйд нэвтрэх, нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээний өнгө аяс голчилсон. “Тэжээвэр” түүвэрт ихэвчлэн хоёр дахь хэсгийн зохиолууд багтсан учраас тэдгээр зохиолын талаар ярих болно.

МӨНХИЙН УСНААС ХАР ГЭГЭЭ ХҮРТЭЛХ МӨХӨЖ БУЙ ХҮН СҮРГИЙН ТЭМДЭГЛЭЛ 

Дадлага ч яахав тэгсхийгээд өндөрлөв. Гар хөлийн үзүүрт гүйж, Норов ахын бичсэн нэвтрүүлгийн зохиолыг уншиж, шивсээр сар орчмын хугацаа дорхноо л өнгөрлөө. Бичгийн цаасыг таллаад, нэвтрүүлгийн зохиолоо үзгээр тун чамбай бичнэ. Харин надад тэрхүү гар эхийг цахим тооцоолуурт хувиргах үүрэг оногдоно.

Мань хүн олон үггүй. Анх уулзахад хямсгардуу, ихэмсэг гэмээр хөх хүн. Ёстой л нөгөө Засагт ханы хөх харчуулын сүүлчийнх нь байх гэж бодмоор энэ хүнийг дотроо хэчнээн зөөлөн аядууг уншигчдад зохиол нь (зарим нь), надад үйлдэл нь харуулсан юмдаг. Гэтэл яагаад баатрууд нь ийм хүйтэн цэвдэг, хааяа бачимдмаар байдаг юм бол оо. Эс бол тэр жинхэнэ хүний эрэл дунд тийм гунигтай, харгис аяг аашийг олж үзээд ганцаарддаг ч байж мэднэ.

Уран зохиолын үйл явдлыг сайн, муу гэсэн хоёр туйлаар дэнслэн уншдаг, Барууны боевик киноны бүтцээр дайсны тал, манай тал гэсэн хоёр хэмжүүрээр уран зохиолыг ойлгодог уншигчдад Д.Норовын зохиолууд туйлбаргүй санагдана. Социалист уран зохиолын дүрслэлийн сонгодог арга болсон чин үнэний туйл, сайн талын баатар, тэр чигээрээ муугийн жишээ болсон сонгодог муу баатрын загвар түүний зохиолд харагдахгүй. Өөрөөр хэлбэл, гол дүрийг хэвшмэл шинжээр нь дүгнэдэг түрүү үеийн ойлголтоор түүний зохиолыг хэмжихэд хэт өрөөсгөл.

Тухайлбал, “Үхэл хүлээх газар” өгүүллэгийн Бахуут бол насаараа хулгай зэлгий хийхээс өөрийг үл ажиран, үл бүтэхээр амьдарсан хүн. Үр хүүхэдгүй өнчирч, ганцаардсан Дамбийг хорлож, асрамжийн газрын хөгшдийн юмыг хумсалж буй егзөр өвгөний дүр тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Гэтэл хүний мөс чанарын сайн, мууг тийм ч амархан дэнсэлчихэж болдог зүйл биш. Өгүүллэгийн төгсгөл дэх “За Болд минь чи яв даа. Би эндээ үлдэнэ” хэмээн саяхан хүүхдийн нялхарсан үнэр, хүний мөрөөсөл болон энэ үхэл үнэртсэн газраас хурдхан арилъя гэж шийдээд байсан Дамбийн сэтгэл огт өөрөөр эргэж, харин ч мөнөөх Бахуутаа өрөвдөх, хайрлах сэтгэл төрж, зохиолын өгүүлэмж огт өөрөөр хувирдаг.

“Эр хүн” өгүүллэгийн Дагдангийн дотроо буцалтал үзэн ядсан Шархүү зохиолын төгсгөлд жинхэнэ эр хүн байж таардаг шүү дээ. Зохиолынхоо гол баатрыг нууцлан далдалж, гол бус дүрээр сөргөлдүүлсээр эцэст нь үйл явдлынхаа учиг зангилааг тайлдаг бичлэгийн арга барил түүний өгүүллэгүүдийг онцгой “амттай” болгодог биз. Хүний мөс чанарыг сөрөг дүрээр сөргүүлэн гаргасан, уншигчийн сэтгэлд санаанд оромгүй эргэлт хийсэн өгүүллэгүүдэд “Үхэл хүлээх газар”, “Эр хүн”, “Чихмэлчин”, “Хар гэгээ” өгүүллэгийг багтааж болно.

Зарим өгүүллэгийн дүрүүд нь тийм гэхийн  газаргүй, дотор бачимдам харгис хэрцгий хүн байдаг талаар түрүүнд дурдсан. Бүх л зохиолынх нь суурийг өнгөөр зүйрлүүлбэл хүйтэн хөндий, сэтгэлд сэрүү татам хөх өнгө байхсанж. Харин уншаад дууссаны дараа тэр өнгө аажуухан зөөлсөж, хүний амьдралын тухай бодрол, мөс чанарын талаар эргэцүүлэл үлддэг. Эхнэрт нь дурласан сэтгэлээ нээж чадалгүй, нөхрийнх нь бараа сүрэнд дарагдаж явсан шаналлаа нөхрийг нь үхсэний дараа нохойг нь алж тайтгарах “Хонзон” өгүүллэг, сумын төвийнхний ам хэлнээс зугтан амрагаа орхиж зугтсан ядмаг эр Цэвгээ хэрхэн харгис хэрцгий солиотон болсон тухай өгүүлэх “Хулчгар”, “Паанаг” өгүүллэгийн үхсэн эцгийнхээ алтан шүдийг авахаар шунахайрах хүүхдүүд гээд хүний санаанд оромгүй хурц өгүүлэмж, дүрслэлтэй, сэтгэл хирдхийм цочмог бичлэгтэй өгүүллэгүүдийг сэтгэлзүйн хэсэгт багтааж болох юм.

Харин үлдсэн хэсэгт уянгын өгүүллэгүүд буюу өнгөрүүлсэн хором мөч, сайхан дурсамжууд, бүтэлгүй хайр сэтгэл, сэтгэл зүрхнийхээ нарийн ширийнийг уудлан гаргасан баатрууд бүхий, баатруудын дотоод сэтгэлийн хөндүүр газар руу шурган орсон “Цээнэ”, “Ташуур”, “Хоёр нутгийн эрх”, “Өнийн цэнхэр уулс” өгүүллэгүүдийг багтааж болно.

ДУУ ХООЛОЙНЫ ГҮНД

Орчин үеийн хүүрнэл бичлэгт өгүүлэмжийн онолын (манайд ихэнхдээ narratology-ийг ингэж буулгадаг) тулгуур ойлголтууд болох зохиолчийн дуу хоолой, баатрын дуу хоолой, далд өгүүлэгч гэсэн нэршил түлхүү ашиглагдах болсон. Зохиогч зохиолын үйл явдал, өрнөлийг далдуур зохицуулж, зохион байгуулагчийн байрнаас өөрийн үзэл бодол, байр сууриа баатруудын ярианд санаатай болоод санамсаргүйгээр шингээх (зохиогчийн дуу хоолой “author’s choice”), эсвэл зохиолд эшлэл маягаар нэмэлт баримт, сурвалжийг шигтгэх үедээ зохиогч зайлсхийж, хөндлөнгийн өгүүлэгчид өөрийн байр суурийг шилжүүлэх (хөндлөнгийн өгүүлэгч), зохиолын баатрууд уншигчдад бодит хүн мэт хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн гэсэн зан ааш, үзэл бодлоо илэрхийлэх үе (баатрын дуу хоолой) гэсэн хэлбэрээр зохиогч зохиолд өөрийгөө шигтгэдэг.

Д.Норовын зохиолын онцгойрох чанар нь зохиолчийн дуу хоолойг далд өгүүлэгч, эсвэл зохиолчийн хувиар яг оносон цэгт, хэрэгтэй үед, тэгсэн хэрнээ үйл явдалд хутгалдахгүйгээр чадварлаг шигтгэсэнд байдаг. “Энд юм бүхэн бий шиг атал юм бүхэн байхгүй. Хайрлах, дурлах, хүсэх тэмүүлэх, алдах онох, бүтээх эвдэх гээд амьд ахуйн олон юм энд үгүй. Зөвхөн хүлээх, дурсах л бий” гэсэн “Үхэл хүлээх газар” өгүүллэг дэх далд өгүүлэгчийн яриа асрамжийн газрын уур амьсгалыг амьджуулаад зогсохгүй хүнээс сэтгэл хөдлөлийн бүхий л илрэлийг аваад зөвхөн үхлийг хүлээх, өмнөхөө дурсах сэтгэлтэй нь үлдээчихвэл яахсан гэсэн бодол руу хөтөлнө. “Хүчирхэг атлаа тэнэг хүрэн баавгай, эрэлхэг хөх чоно, хошного ухдаг дорго, завхай үнэг, ижлээ хүлээсэн согоо цөм энэ ойд бий. Бас ажилласаг шоргоолж бий. Тэд бол тэнхээ шавхан амь зууж, бэрх өвлийг давах чадлыг олдог билээ. Тэд бол бусдыг мэхэлж өндгөө даруулаад, өөрөө уяхан донгодож суудаг хөхөө биш” гэсэн “Тэжээвэр” туужийн Гөлгөөгийн үг түүнийг тойрон хүрээлэгчид чухамдаа хэн болохыг сэм сануулдаг.

Энэ мэт баатрын үг яриа, бодрол, далд өгүүлэгчийн үг, тэмдэглэл байдлаар зохиолын өгүүлэмжийг хөтөлсөн бичлэгийн арга барил нь зохиогчийн бүтээлийг амттай болгодог байж мэднэ. Түүнээс гадна зохиолдоо дүрүүдийнхээ сэтгэл санааны илэрхийлэл, сэтгэл хөдлөлийн тодотгол болгон ардын дууг холбоос байдлаар ашигласан нь уншигчдад баатруудыг ойлгох, түүнтэй ойлголцох орон зайг бий болгох ажээ.

ГУРВАН ТУУЖИЙН ДОТООД РУУ

Нийгмийн шилжилтийн үед бичигдсэн “Тэжээвэр” тууж бол яг тэр цаг үеийн хүмүүсийн олон талт тусгалыг чадварлаг харуулсан бүтээл. Яамны Орлогч сайд, түүний охин Туяа, генералын охин Саргай, эцэг эхгүй өсөөд Орлогч сайдын асрамжид өсч, сүүлд амраг нь болсон Цэнгэл, сайдын ивээлийг хүртэгч Цогоо гээд бусдын шим шүүс, эд хөрөнгө, эрх мэдлийн нөмөрт нуугдсан тэжээврүүдийг хайгуулч Гөлгөөгийн амьдралаар дамжуулан, өгүүлэгч баатруудын жигшин зэвүүцэгч, эсэргүүцэн тэмцэгч, егөөдөн тахалсан өнгө аясаар гаргаж ирсэн зохиол. “Д.Норов туужууддаа манай зохиолчдын төгс ашиглаж чаддаггүй, дүрийн сэтгэлзүйг нээх хамгийн тохиромжтой аргын нэг өдрийн тэмдэглэл, гэрч баатрын үүргийг чадварлаг ашиглаж, уран дүр, далд өгүүлэгч, адал явдлын элемент, санаанд оромгүй шийдэл, зүүд зөн, домог түүхийн материалыг оновчтэй хэрэглэсэн” хэмээн Д.Галбаатар докторын нэгэнтээ бичсэн нь бий. Хэрэв та “Тэжээвэр” туужийг уншсан бол үүний үргэлжлэл маягаар 2001 онд бичигдсэн “Орлогч” туужийг нь олоод уншчих хэрэгтэй.

“Тэжээвэр” түүвэрт сонгогдсон гурван тууж өөр өөрийн гэсэн бичлэгийн болоод агуулгын онцлогтой. “Тэжээвэр” туужийг өдрийн тэмдэглэл хэлбэрээр зохиомжлон, нийгмийн шилжилтийн үе хүнийг хэрхэн шинээр бүтээж, тэр бүтээсэн амьдралд нь ямар ичгүүр нуугдаж буйг уншигчид ний нуугүй дэлгэдэг бол “Мөнхийн дуудлага” туужид уянгын өнгө аясаар гол дүрүүдийн сэтгэлзүйг уншигчдын сэтгэлд мэдрэгдтэл бичсэн байдаг. Долоон жилийн хүлээлтэд бэтгэрсэн эмэгтэйн сэтгэлийг “Мөн ч их хүлээсэн шүү гэж хэлээрэй гэсэн” хэмээх охины үгээр тайлж, хүний сайн сайхан чанар, хайрлах сэтгэл, хүнлэг чанарын хүлээлтийг Хишгээ хүүхнээр төлөөлүүлэн гаргасан нь уянгын туужийн төрөлд нэгэн шинэ дөл нэмсэн хэмээн утга зохиолын хүрээнийхэн үзэх нь бий. Гурав дахь тууж нь “Хөх сайрын чулуу”. П.Баярсайханы “Хөх туурийн тал” өгүүллэгтэй тун төстэй агуулгаар бичигдсэн энэхүү туужид зүүд, зөнг бичлэгийн арга маягтаа тун чадамгай ашигласан. Дэмэдийн ээж шөнө болгон нэгэн ижил зүүдийг үзнэ. Тэр нь цээжин дээр нь хүнд хар чулуу дарах юм уу, давжаа цагаан байдсыг дагуулан дөтлөх дэл ихт хул азарга байх. Тууж дахь энэхүү ер билгийн дүр Дэмэдийн амьдралыг чиг хааш яваад байгааг уншигчдад сануулаг. Тэр нь багын золгүй явдалд тарчлан, эр хүний ёсоор амьдрах эрхээ бүр алдаж, эцэстээ чулуу тэврэн амь хураах хувь тавилангийн ёр билиг аж. Шидлэг зөн, ёр билгийн энэхүү элемент Д.Норов зохиогчийн бүтээлүүдэд түлхүү ажиглагдах нь бий. “Хөх тавилан” туужийн шарга морьтой хүн, “Хөх сайрын чулуу” туужийн хүнд бул чулуу, дэлт хул азарга, “Мөнхийн дуудлага” туужийн хүлээлт гээд хүний санаанаас гадуур, ид шид, ёр бэлгийн гэмээр дүр, дүрслэлүүд үйл явдлыг зангидаж, дагуулж байдаг.

“Цэцгийн гурван сар”, “Мөнхийн дуудлага”, “Хөх сайрын чулуу” туужууд бичлэгийн арга барилын хувьд өгүүллэгүүдтэйгээ холбоо бүхий, уянга сэтгэлзүйн чиг хандлагатай бичигдсэн бол “Тэжээвэр” цуврал тууж нь бичлэгийн арга барил, хүний дотоод сэтгэлийн нягт дүрслэл, хүүрнэлийн уянгалаг, баялаг чанараар илт ялгардгийг та анзаарсан байх.

МАРТАЖ БОЛОХГҮЙ, МАРТВАЛ ... 

Эцэст нь надад нэгэн хуучинсаг асуулт тунаж үлдээд байна. Уран зохиол хөгждөг үү. Хоёр талтай. Орчин үеийн онолчдын нэгдэж байгаагаар бол уран зохиолд хөгжил бий, бас байхгүй. Өөрөөр хэлбэл, уран зохиолын сэдэв, агуулга хөгжиж болно. Тэр дүрслэгдэж буй дүрүүд, ер бэлгүүд, зүйрлэлүүд гэсэн хэлбэр талаасаа өөрчлөлт явагдаж байна. Ялангуяа бичлэгийн төрөлд зүйлд өөрчлөлт их гарч байна. Харин бичлэгийн арга барил, өгүүлэмж, хүүрнэлийн агууламж хуучирдаггүй.

Гучаад жилийн өмнө, жирийн малчдын амьдралын талаар, эсвэл шилжилтийн босгон дээрх нийгмийн тухай бичсэн өгүүллэг, тууж дөнгөж өчигдөрхөн бичсэн усан романаас уран зохиолын үнэ цэнээр илүү байгаа нь л ийм эргэцүүлэлд хүргэж байгаа хэрэг. Үгүй дээ л Жюль Вернийн зөгнөлүүдийн дэргэд Оросын сэхээтнүүдийн дунд бэдэрдэг асуулт, библийн сургааль, шашингүй үзлийн “тулаан”-аар дүүрэн “Мастер, Маргарита хоёр” илүү үнэ цэнэтэй байдгийн учир нь тэр.

Шилжилтийн үед уран зохиолын ертөнцөд гарсан шинэчлэлтийн салхинд 80-90-ээд онд ид уран бүтээлээ бичиж байсан хэдэн зохиолчийн бүтээл бүдгэрч үлдсэн шиг санагддаг. Тэр үед өмнөх үеэ үгүйсгэн, өөрсдийгөө тунхаглаж асан залуус хэдийнэ насанд хүрсэн ч уран зохиолын орон зайгаа дүүргэж чадсангүй. Харин энэ цагийн уншигчид цаг үе дагасан усан романыг, эсвэл дульхан орчуулгатай Барууны зохиолоор уран зохиолын, ерөөсөө номын хэрэгцээгээ хангаж байна. Түүнээс арай залуу насныхан англиар голцуухан уншиж, монгол хэлт уран зохиолын амт шимтнээс зугуухан зуларч байна. Яг энэ үед бид хэнээс, юуг нь унших ёстой гэсэн эргэцүүллийг сануулсанд энэ түүврийн онцлог оршиж байна.

Мадаггүй энэ үргэлжилнэ. Энэ үргэлжлэл Монголын уран зохиолд зөв зам нэгээр нэмэгдэж буйн илрэл биз ээ.


 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
3
2023.10.30
Торгоны замын “самурайн илд”
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.