Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Дуулиан: "Монгол зэс" корпораци Засгийн газраас 500 сая ам.доллар нэхэмжилнэ гэв


ОХУ-аас "Эрдэнэт Үйлдвэр" -ийн 49 хувийн хувьцааг “Монгол зэс” компани худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг хийсэн. 

Тэгвэл энэ асуудлаар 49 хувийн хувьцааг эзэмшигч “Монголын зэс” компани болон Худалдаа хөгжлийн банк хамтарсан мэдэгдэл хийж байна. Энэхүү мэдэгдэлд ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон болон Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд нар байна. Харин гол худалдан авагч “Монгол зэс” корпорацийг төлөөлж ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар оролцож байна.  

М.Мөнхбаатар: 400  сая ам.доллар болон энэхүү худалдан авалтыг хийхэд гарсан хүүгээс эхлээд зардлуудаа Засгийн газраас нэхэмжилж авна 

Та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдөр өглөө манай компанийг ОХУ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худлдаж авсантай холбоотой хэвлэлийн хурал хийсэн. Тиймээс манай компани болон манайд Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ХХБ-ны удирдлагатай хамтарч хэвлэлийн хурал хийж байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд энд сууж байна.  

Манай компанийн зүгээс Ажлын хэсгийн дүгнэлт, хяналттай холбоотой мэдээлэл авах дөрвөн ч удаагийн хүсэлт тавьсан ч авч чадаагүй ээ. 

Хоёрдугаарт, бид бүх мэдээллийг өөрийн зүгээс хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 11-нд Ажлын хэсгийн асуултад бид гурав хариулсан. О.Орхон, Д.Ганболд бид гурав явсан. Ажлын хэсгийн дүгнэлт хэтэрхий нэг талыг барьсан байгаад харамсаж байна.

Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус талаар Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан. Хэрвээ манай компанийн эрхийг түтгэлзүүлвэл Монгол Улсад хэзээ ч байгаагүй зүйл болно. Манай гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус гэж үзвэл, энэ 49 хувь нь Монгол Улсын Засгийн газарт очихгүй. ОХУ-ын талд эргэж очно. 

Засгийн газар хоорондын протоколын дагуу “Ростех” компани 49 хувийг эзэмшдэг болсон тогтоол бий. УИХ үүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Үүгээр ч зогсохгүй гуравдагч этгээдэд худалдсантай холбоотой 100 сая ам.долларын торгууль ногдуулах талаар Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан. Энэ мөнгийг ч бид Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авна. Мөн худалдан авалтын үеэр гаргасан зардал, хүүгийн төлбөр, ирээдүйд олох байсан орлого зэргийн зардлыг ч нэхэмжлэхээс өөр аргагүйд хүрч байна. 

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: Манай банк Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг мөнгө угаагаагүй. Банкны нэр хүндэд халдсан дүгнэлт гаргалаа 
 

Манай банк энэ худалдаанд зөвлөгч болон санхүүжүүлэгчээр орсныг олон нийт сайн мэднэ. Ажлын хэсэг сая манай банкны талаар нэлээд олон дүгнэлт гаргасан. 

Дүгнэлтүүд хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, банкны нэр хүндэд халдсан дүгнэлт гарлаа гэж үзэж байна. Ц.Нямдорж гишүүний удаа дараа мэдэгдэж байгаа шиг манай банк мөнгө угаахтай холбоотой ямар нэгэн зүйл хийгээгүй гэдгээ хэлмээр байна. Манай банк ууган арилжааны банкны хувьд ганцхан энэ санхүүжилтийг хийх гэж үйл ажиллагаа явуулаагүй ээ гэдгээ цохон тэмдэглэмээр байна. 

Бид өмнө нь төрийн өмчит олон үйлдвэрийг санхүүжүүлж байсан. “Эрдэнэт”, МИАТ, нүүрсний уурхайнууд, МТЗ, “Эрдэнэс таван толгой” зэрэг төрийн өмчит компанийг санхүүжүүлж ирсэн. Мөн хувийн хэвшлийн томоохон санхүүжилт ч хийж байсан. Энэ бол олон улсын стандартын дагуу хийдэг үйл ажиллагаа. Үүнийг хууль бус гэж үзэж болохгүй ээ. Банкны тухай хуулийн дагуу л ажиллаж байна. 

400 сая ам.долларын энэ том төслийг ганц банк санхүүжүүлсэн гэсэн өрөөсгөл ойлголт өгсөн байна билээ. Тийм биш юм. Манай банкны нийт зээл нь гурван их наяд төгрөг орчимд хүрч байна.
Эх үүсвэрийн хувьд Хөгжлийн банкны эх үүсвэр манайд байхгүй. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг хөтөлбөрийн зээл бий. Гэхдээ бусад эх үүсвэртэй энэ худалдан авалтыг холбож, хадгаламж эзэмшигчдэд ташаа мэдээлэл тархааж байна. 

Манай банк бүх хуулийн дагуу албан ёсны татсан эх үүсвэрээс зээл олгож байгаа. Бид мөнгө угаагаагүй. 

Зээл олгосон байдал, гадагшаа төлбөр хийж байгаа байдал нь Монгол Улсын холбогдох байгууллага болон олон улсын байгууллагаар шалгагдаж явсан. Бид газар дээрх шалгалтыг явуулж, Монголбанк манайхыг шалгах бүрэн эрхтэй байгууллага. Жилд хоёр удаа шалгуулдаг.  
Ажлын хэсгийн дүгнэлтэд манай банк хууль зөрчөөгүй гэдгийг хэлсэн байгаа. 

ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ: Ц.Нямдорж байнга дайралт хийж байна. Энэ хувийн эрх ашиг уу, улс төрийнх үү гэдэг нь гайхширч байна

Яагаад би энэ хуралд ирсэн бэ гэхээр ХХБ-ын үүсгэн байгуулагчийн нэг нь би юм. Би хоёр ч удаа энэ банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм. 

Өнөөдрийн дүгнэлтийг нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлт хийж байна гэж харж байна. Манай банкны үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтээ бүрэн хангаж байна. Ажлын хэсэг арилжааны банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй юм. 

Монголбанк эсвэл олон улсын аудитын байгууллага дүнгээ тавьдаг. Энэ хоёр байгууллагын дүгнэлтээр манай банк үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Манай банкны нэр хүндийг гутаах гэсэн далд санаа яваад байна уу даа гэж бодогдож байна. 

Бид олон улсын зах зээлд босгосон 115 сая ам.долларын дөрөв дэх бондоо бүрэн төлсөн. Төлбөрийн чадвар сайн байгаагийн илрэл шүү дээ. 

Ниргэсний дараа хашхиарав гэгч болов оо. Хэдэн он бэ, ямар нийгэм бэ. Венесуэльд ийм юм болсон шүү дээ. Уга Чаос төрийн өмчит компаниа хувьчлаад, бүх зээл тусламж нь зогсчихсон шүү дээ. 

Манай тал Америкийн номер нэг хуулийн фирмээр шалгуулсан шүү дээ. Энэ 49 хувьтай холбоотойгоор Монгол Улсаас хэн ч хохироогүй шүү дээ. 51 хувьд хяналт тогтоогоод ирэхээр төрөөс төрдөг тэрбумтанууд, шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм болов уу. Хэрвээ бид ингээд буцвал Оросын компанид дахиад 100 сая ам.доллар нөхөн төлбөрт төлнө. 

Ц.Нямдорж гишүүн байнга дайралт хийж байна. Энэ хувийн эрх ашиг уу, улс төрийнх үү гэдэгт гайхширч байна шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм уу, эсвэл Төрийн банкны хувьчлалыг өөрийн хүмүүст авч өгөх гээд байгаа юм болов уу. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.02
Жан Себастъян Жак: Цахим эрин манай салбарт томоохон эргэлт авчирна
2
2018.10.22
Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: КАТАР, ВЕНЕСУЭЛЬ (1)
3
2018.06.11
TerraCom Өмнөговь аймгаас нүүрсний шинэ орд илрүүлжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
34
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.