Хайх зүйлээ бичнэ үү

Түүний бие даасан үзэсгэлэн хоёрдугаар сарын 5-ныг дуустал Хүннү Моллд дэлгэгдэнэ.

"Хүннү Молл"-д өөрийн хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргаад буй Б.Бат-Оргил зөвхөн өөрт харьяалагдах өвөрмөц ертөнц, тууштай үзэл бодолтой нэгэн. Гэрэл зургаар дамжуулан бодол санаа, ертөнцөө бусдын нүднээ ил гарган тавьж, үүгээр ч зогсохгүй хойч үедээ өвлүүлэх хүсэлтэй түүний уран бүтээлийн үзэсгэлэн ойлгож, мэдэрдэг хүмүүсийн хувьд заавал зорин очих ёстой газар. Гэрэл зургийн урлагт шинэ салхи оруулж, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст биш нийтлэг хүрээнд урлагийн гоо сайхны мэдлэгийн өөрчлөлт, хувьсал хийхээр зэхэж буй түүний ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

-Бие даасан үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Та өөрийн “Metro Metropolis Metrosexual” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ ямар хугацаанд бэлдсэн бэ?

-2011-ээс 2014 оны хооронд Москвад байхдаа зургуудаа авсан. Өнгөрсөн арванхоёр сард би дахиад Москва, цаашаа Беларусь орж тэндхийн метронуудын зургийг авсан. Үзэсгэлэнгээ гаргахын тулд бодож төлөвлөх зүйл их байсан. 

-Хүмүүс яагаад таны үзэсгэлэнг очиж үзэх ёстой вэ. Та үзэсгэлэнгээрээ юуг ойлгуулахыг зорьж байна?

-Хүмүүсийн сэтгэлгээ маш сөрөг байна. Тэр тусмаа бие биенээ хүндлэх тал дээр их ажиглагддаг. Зам тавьж өгөх, хаалга үүд нээх зэрэг дээр бусдыг хүндлэх хандлага байдаггүй. Метрополис хотод бол бие биенээ хүндлэх, энэхүү соёлыг цааш түгээх гэсэн оролдлого, хандлага байдаг. Тэр бүхнийг өөртөө төлөвшүүлээсэй гэж хүсэж байна. Үзэсгэлэн маань хоёрдугаар сарын 5-ныг дуустал байна.

-Өнгөрсөн онд хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан. Энэ оны эхэнд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Цаашдын зорилт, зорилго тань юу вэ?

-Янз бүрийн техник ашигламаар байна. Даанч манайд тэр техникүүд хараахан орж ирээгүй байна. Хорин нэгдүгээр зуунд гэрэл зураг урлагийн нэг томоохон хэсэг болсон. Орчин үед янз бүрийн техникээр, жишээ нь төмөр бар дээр зургуудыг буулгах боломжтой болсон. Цаашдаа холимог техникийг ашиглаж үзмээр байна. Сая Орост явж байхад “Гараж” контемпорари урлагийн үзэсгэлэнд очсон. Бүх зураг хар цагаан. Техник нь авсан зургаа нимгэн гаргаад, дээрээс нь нүүрсээр ажилласан ажилбарууд байсан. Тийм чиг хандлага руу орохыг хүсэж байна.

-Таны төлөвлөж буй дараагийн үзэсгэлэн юу вэ?

-Дараагийн үзэсгэлэнгийн зургуудыг би Токиод авна гэж бодож байгаа. 2020 онд Токиод олимп болно. Энэ чинээгээрээ маш их хөгжил авчирна байх. Баримтат зургууд гэхээс гадна маш их ажиллагаатай зургуудыг гаргана. “Дэлхийн нүүдэлчид” гэх өөр үзэсгэлэнг бодож төлөвлөөд зургуудыг нь авч яваа. Бид өөрсдөө нүүдэлчин ард түмэн. Дэлхийн өнцөг булан бүрт таран тархсан, урлаг соёл, шинжлэх ухаан, техник, эдийн засаг, бусад чиглэлээр манай улсыг төлөөлж байгаа гайхамшигтай хүмүүсийг хөрөг зурганд буулгах төсөл байгаа юм. Гэхдээ яг үзэсгэлэн гаргана гэвэл магадгүй дөрөв, таван жил болох байх.

-Цаашдаа гэрэл зургийн чиглэлээр суралцахыг хүсдэг үү. Манайд улсад заадаггүй, гадаадын хичээлийн хөтөлбөрт байдаг ямар хичээлийг үзэхийг хүсэж байна?

-Би бизнесийн чиглэлээр бакалаврын дипломтой. Хэрэв цаашаа магистрт суралцана гэвэл би урлагийн менежментийг сонгож болно. Гэхдээ гэрэл зургийн чадвараа илүү хөгжүүлжээд тэтгэлэг авч явахыг эрмэлзэж байгаа. Гэрэл зургийн хамгийн сонирхолтой хичээл минийхээр бол гэрэл зургийн сэтгэл зүй. Жишээ нь, баримтат гэрэл зурган дээр хүнийг яаж уйлуулах, инээлгэх зэрэг дээр хүний сэтгэл зүйтэй харьцаж, ярилцаж, түүний үндсэн дээр агшнуудыг гаргаж ирдэг. Туршлагынхаа хувьд сэтгэл зүйтэй нь жоохон ч гэсэн харьцаж болоод л байна. Гэхдээ яг ном хичээлээр нь дамжуулан ойлгож, өөрөө бараг сэтгэл зүйч болж байж ажиллавал энэ тэс ондоо болно байх. Бас хальс боловсруулалтын янз бүрийн техникийг сурахыг хүсдэг. Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуульд гэрэл зургийн анги байдаг байсан. Одоо байхгүй болчихсон л доо. Өөр сургуулиудад гэрэл зургийн хичээл мэр сэр ордог ч зөвхөн түүх, онол л ярьдаг. Баримтат гэрэл зураг, арга техникийн хичээл орж, гэрэл зурагчин гэх мэргэжлээр төгсгөдөг сургууль байхгүй.

-Энэ чиглэлээр хичээл зааж багшлахыг хүсдэг үү?

-Би бизнесийн чиглэлээр төгссөн, инженер болохыг, багшлахыг хүсдэг гэх мэт маш олон сонирхолтой. Яагаад ийм олон зүйлийг сонирхдог, бас багшлахыг хүсдэг вэ гэхээр би өөрийн хураасан мэдлэгээ зүгээр л авсандаа аваад орчихвол харамсалтай. Тэр тусмаа ийм цөөхөн хүнтэй улс орны иргэд бүгдээрээ урлагийн, гоо зүйн мэдрэмжтэй болчихвол Улаанбаатар хот, цаашлаад бусад хотууд хөгжих суурь болж өгнө шүү дээ. Бүгд л өөрийн багахан ч гэсэн мэддэг чаддагаа бусдад зааж сургах нь чухал.

-Очиж зураг дарахыг хүсдэг сонин содон газар бий юу?

-Москвад байхдаа би янз бүрийн үзэсгэлэн, урлагийн хүмүүсийн зургийг авах их дуртай байсан. Бээжинд 798 арт галерей гэж байдаг. Улс орон болгоны ийм соёлыг судалдаг. Харин яг очихыг хүсэж байгаа газар гээд нэрлэх гэвэл чадахгүй нь.

-Танд дарахаас эмээдэг зураг бий юу. Ийм л юм авахгүй дээ гэсэн тийм бодол?

-Байгаа. Хуучин метро цагаан цэнхэр өнгөтэй байгаагүй. Харин би нэг удаа цагаан цэнхэр өнгөтэй их гоё метронд суусан. Зургийг нь авсан чинь буланд сууж байсан нэг настайдуу эгч над руу салаавч гаргасан. Би бүр шоконд ороод яахаа мэдэхгүй сууж байх үед "Би энэ зургийг авах ёстой" гэсэн бодол төрсөн. Гараа яг татаж авах үед би зураг дарж амжсан л даа. Энэ бол маш ховор агшин байсан гэж хэлж болно. Гэхдээ тэрнээс би юуг анзаарсан бэ гэхээр, миний сэтгэл зүй бэлэн болоогүй байна гэж бодсон. Найз нөхдөөрөө тоглоод тийм зураг даруулах үе байх ч яг гадны хүн над руу хандаад гаргаж байна гэхэд үнэхээр цочирдом. Бас 2010 онд болсон гэрэл зурагчдын шоунд ганц л ялагч тодрох байсан. Тэрэнд гэрэл зурагчин Тавка ялагч болж Японоор аялах эрх хожсон юм. Түүнийг өглөө нисэх үед Японд цунами болсон. Тийм учраас бүтэн тойрч чадалгүй, тайван байгаа газруудаар яваад ирсэн. Харин би тэр үед шууд гамшиг болсон гал голомт руу нь явах байсан гэж боддог байсан. Дараахан нь би байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн тухай баримтат кино үзэж байгаад зураглаач болон бусад хүмүүс үхсэн хүмүүсийн зураг бичлэгийг шууд авч байгааг харсан юм. Үхсэн хүмүүсийн дүрс бичлэгийг зүгээр л аваад яваад байсан. Хэрэв үнэхээр тийм зүйл болж, надад зургийг нь авах боломж олдвол магадгүй би авч чадахгүй байх.

-Танд хөрөг зургийг нь авах юмсан гэж бодож явдаг хүн бий юу?

-Германд очвол Урна Цахар Тугчигийн зургийг авна даа. Мөн Петр Павленский бол миний хувьд асар том уран бүтээлч хүн. Сая шоронд сууж байгаад гарч ирсэн. Улаан талбай дээр өөрийнхөө төмсгийг хадсан. Чихээ огтолж, амаа оёсон. Багахан хэмжээний бослого гаргаж дугуйнууд шатааж байсан. Оросууд бол түүний сэтгэцийг шууд судалж эхэлсэн. Харин хүмүүс энэ бол орчин үеийн урлаг гэж хүлээн зөвшөөрч эхлээд байгаа юм. Хэрэв би төв талбай дээр очоод өөрийн үзэсгэлэнгийн зургуудыг шатаачихвал хүмүүсийн хараанд өртөх юм л даа. Нэг талаараа энэ бол үзүүлбэр. Манайх шиг хүн ам цөөтэй газар нутагт бол дорхноо хүмүүсийн хараанд өртөнө. Гэхдээ бас л галзуу солиотойгоороо дуудуулах байх л даа. Тэгээд ч манайхан ийм зүйлд хараахан дасаагүй. Энэ хүмүүсийн хөрөг зургийг дарахыг хамгийн ихээр хүсдэг дээ.

-Та зураг авахаас гадна маш олон сонирхолтой. Бичих дуртай, бас богино хэмжээний кино хийнэ гэж байсан. Энэ хэр явж байгаа вэ?

-Богино хэмжээний киногоо хараахан хийгээгүй байгаа. 48 цаг нэвтрүүлэгт хэд хэдэн удаа орсон. “Чи зураг авдаг юм чинь бичлэг, кино хийх чинь амархан” гэж хүмүүс ярьдаг л даа. Гэхдээ нэг юмаа төгс хийж, түүнийхээ оргилд гарч байж дараагийн алхам руугаа явах ёстой. Тэгэхгүй “Энэ гоё юм байна, энийг бас оролдоод үзье” гэдэг. Нэг талаараа юм юмны захтай л болж байгаа юм л даа. Гэхдээ барьцгүй болж, хольж хутгаад, ялгаж салгахаа мэдэхээ байдаг. Тэрэндээ ороогдоод дахиад л төөрчихдөг. Нэг юмаа бүрэн эзэмших хэрэгтэй. Киноны хувьд зохиолыг нь бичвэр болгоод гаргачихсан байгаа. Би зохиолоо илүү ойр мэдрээд байгаа учраас өөрөө тоглож таарах байх. Гэхдээ надад маш сайн баг хэрэгтэй байгаа. Тэгснээр маш гоё бүтээл болох байх гэж боддог. Диалогтой, хүний дотоод сэтгэлийг харуулсан, тэр болгон хүмүүсийн олж хардаггүй мэдрэмжүүдийг тусгаж өгч, уран бүтээлч хүн яаж ганцаарддаг, яаж хэцүү амьдардаг гэх мэт олон зүйлийг харуулахыг зорьсон.

-Таны хувьд дуртай кино, кино найруулагч хэн бэ?

-Би кино урлагийн тухай тийм сайн мэдэхгүй. Хараахан судалж эхлээгүй байгаа. Ийм нэг онол байдаг. Жишээ нь би гэрэл зурагчин. Тэгээд янз бүрийн зураг үзээд л байлаа гэж бодъё. Гэхдээ тэрний оронд үзэхгүй байж байгаад авсан нь дээр байдаг. Олон зураг үзэх биш, заавал үзвэл зохих хэдэн гол зургаа үзээд бусад үед үзээгүй нь дээр. Үзсээр байгаад яг тэдэн шиг болчих юм шиг надад санагддаг. Кино ч бас адилхан. Яг аливаа нэг найруулагчийг дагнана гэхээсээ илүү би зүгээр л баримтат кино, намтарчилсан бүтээл, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн, ийм төрлийн кинонд илүү дуртай. Дараа нь үзэж байгаад "Аан энэ кино чинь тэр найруулагчийнх байсан юм байна шүү дээ" гэж мэдэх илүү амттай байдаг.

-Та ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ? Уншигчдад ямар дуу, дуучин санал болгомоор байна?

-Би амьд хөгжимд дуртай. Хүмүүс амьд хөгжим гэхээр рок гэж ойлгодог. Гэхдээ сонгодог хөгжим ч бас тэр чигтээ амьд хөгжмөөр тоглогдож байгаа. Тэгэхээр амьд хөгжим бол дан ганц рок биш шүү дээ. Би одоо дандаа үндэсний хөгжим сонсож байгаа. Н.Норовбанзад гуай бол агуу дуучин. Бас нийтийн дууны П.Адарсүрэн гуай. Одоо бол хүмүүсийн тархийг угаасан зохиолын дуу давамгайлж байна. Зохиолын дуу, нийтийн дуугаа ялгаж салгахаа болиод байна. Орчин үед Н.Норовбанзад гуай шиг дуулж байгаа, цааш нь энэ урлагийг авч явж байгаа хүн хэн бэ гэвэл би Урна гэж хэлнэ. Тэр Монголд хоёр удаа ирсэн. Эхний удаад Космополитаны нээлтэн дээр ирж байсан. Гэтэл хүмүүс ойлгохгүй лаазтай ундаа гэх мэт зүйлс авчраад тавьчихсан нь маш бүдүүлэг байсан. Дараа нь драмын театрт тоглосон. Би тэр үед үзэхийг маш их хүсэж байсан ч даанч энд байгаагүй. Тэр тоглолтыг үзэж чадаагүйдээ маш их харамсдаг. Урнаг халамцуу байхдаа ч юм уу, сайн анхаараад, хажуунаас нь сонсоход хүн уйлна. Драм дээр болсон тоглолтон дээр хүмүүс уйлж байсан гэж надад хэлсэн. Ер нь бусад хүмүүсийг заавал сонсож үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Тайвшрал, бодролууд, бас зөндөө олон зүйлийг мэдэрч болно.

-Олон нийтийг урлагийн боловсролтой болгохын тулд юу хийх ёстой вэ?

-Одоо ингээд харахад “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль” хамгийн гоё сургууль байж. Би нэг бол 8-10 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан тийм сургууль байгуулах байсан. Тэнд хүүхдийг багаас нь инженер болгож, инженер сэтгэлгээтэй болгож байгаа юм. Гэрэл зураг, хувцас дизайн, онгоцны, машины загвар хийж байгаа. Энэ боловсролыг бүр багаас нь, арван жилээс нь өгч эхлэх хэрэгтэй. Одоо бол зургийн хичээл гээд нэг дэвтэр бариулж, энийг дагаад зур гээд орхичихдог. Усан будаг, бас хэрхэн будах техникийг нь зааж өгдөггүй. Тэгээд зарим хүмүүс нь би гоё зураг зурдаг, би төрчихсөн юм гээд л. Ерөөсөө багаас нь бэлдэх хэрэгтэй. Урлагийн гэр бүлд төрсөн хүмүүс арай өөр л байдаг байх. Багаасаа хажууд нь өссөн учраас. Харин нийтэд бол багаас нь л боловсролоор нь дамжуулаад зааж өгөх ёстой. Ээж маань залуудаа хувцасны дизайн гаргадаг байсан ч түүгээрээ ажиллаагүй.  Тийм мэдрэмжтэй байж байгаад түүнийгээ хаячихаар хүн төөрдөг. Тэр мэдрэмжиндээ байгаад л байвал хүн сэргэлэн цовоо, аз жаргалтай байдаг. Ямагт тэндээ залуугаараа оршин тогтнох боломжтой. 

-Өөрөө өөртэйгөө л хамт байх цагийг хэрхэн гаргаж, хаана байснаар та жинхэнэ өөртэйгөө цуг байдаг вэ?

-Би далайд маш их дуртай. Далай харахаар л баярлаад, хөөрөөд байдаг юм. Далай дээр бороо орж байвал за тэгээд хамгийн сайхан зүйл шүү дээ. Истанбульд явж байхдаа эгч ах хоёрын сурдаг байсан сургууль дээр нь очиж байсан. Сургуулийнх нь нэг давхарт хоолны газар байдаг. Харин цаашаагаа шууд далай харагддаг. Тэгээд сандалтай. Гадаа гараад суу, кофегоо уу, тамхиа тат гэсэн мэт. Тийм л мэдрэмж.

-Зурагчид хүмүүсээс янз бүрийн утгагүй, үл хүндэтгэсэн үг их сонсдог. Хэдхэн зураг ингээд авахад юун үнэтэй юм ч гэдэг юм уу. Та ийм үг сонсоод яадаг вэ?

-Заваан шүү дээ. Хүлээн авалт, хурим найрын зураг хааяа авдаг л даа. Мэдээж амьдрахын тулд, мөнгө олохын тулд хийхээс өөр аргагүй. Гэхдээ тийм их дуртай биш. “Хөөе зурагчин!” гээд л. “Чи ингэ л дээ. Доороос авбал би илүү өндөр гардаг юм. Чи намайг бүтэн оруулж ав л даа. Би энэ талаасаа гоё гардаг юм аа, байж бай, нүүрээ будаадхая” гээд л. Хүн байгаагаараа л байх хэрэгтэй. Тэгж байж л бүтээл, урлаг гарна. Тэгэхгүй хүн бүр маск зүүгээд л, ингэвэл гоё болно, ингэнэ гээд улам өөртөө хана бариад байна. Тэгэхээр гоё үнэн юм байхгүй болчихоод байна. Үнэн юм л амттай шүү дээ.

-Та байгалийн зураг их дардаг уу?

-Би байгалийн зургийг бусад шиг их дардаггүй. Ер нь байгалийн гоё үзэгдлүүдийг авах дуртай. Нэг удаа гэр бүлээрээ хот руу орж ирэх гээд явж байхад нар жаргахын өмнө аянга цахилгаантай бороо орж байсан. Зогсоож байгаад би зураг авах гээд буусан юм. Маш хүчтэй салхитай ширүүн бороо орж, аянга цахилж байхад би зураг дарж эхэлсэн. Ах надаас, “Энэний юу нь тийм гоё байна аа?” гэж асуусан. “Юу яриад байгаа юм бэ. Энэ тэнгэрт төрийн далбаа байгаа биздээ. Соёмботойгоо байгаа биздээ” гэж би хэлсэн юм. Байгалийн зургийг авахдаа дандаа хүнд бодогдуулсан, хүчтэй шүү гэдгийг үзүүлсэн зураг авах дуртай. Эмзэглүүлсэн эсвэл бахархуулсан байгалийн зураг авах дуртай даа. Бас саяхан Хөвсгөл явахад бид нар хогнуудаа уутлаад, бараг арав гаран уут хог тавьчихсан байсан. Тэгээд байж байтал үнэхээр хүчтэй салхилаад, тэр хүчтэй салхи яг манай голомтыг дайрсан. Тэр үед салхи нөгөө хогнуудыг маань бүгдийг нь хамаад, агаарт эргэлдүүлээд аваад одсон. Дөрөвхөн метрийн цаана хуйларч байгаа салхи надад ерөөсөө мэдрэгдэхгүй байхад хогнууд бүр нэг эгнээнд ороод хамуулаад явчихаж байгаа юм. Тэр зургийг буулгах юмсан гэж хүсэж байсан.

-Аль улирал таны хувьд хамгийн сайхан бэ?

-Бүх улирал сайхан л даа. Гэхдээ Москвагийн хавар гоё. Бороо их ордог. Зүгээр бороонд алхаад л, ганцаараа үзэсгэлэн үзээд, дэмий тэнээд л явж байдаг. Бороонд бас саарал өдрүүдэд дуртай. Өнгөний хувьд ч ялгаагүй.  Ер нь өнгийг сэтгэл зүйгээр нь ангилдаг. Би юм бүхнийг аль болох хар цагаанаар л дарахыг боддог. Гэхдээ сүүлийн үед өнгөт зураг авч сураад байгаа юм. Хальс их гоё өнгөөр буудаг. Хуучны юм шиг өнгөнүүдэд их дурлаж эхлээд байгаа. Эсвэл социалист нийгэм шиг. Улаан, ногоон, хар ногоон, бор гэх мэт завсрын өнгөнүүдэд дуртай.

-Та ямар төрлийн ном унших дуртай вэ? Хамгийн их таалагддаг бүтээлээ нэрлэвэл?

-Шүлгийн, өгүүллэгийн ном ч уншина. Бүрэн хэмжээний роман ч уншина. Шашиний холбогдолтой ном уншсан. Гэхдээ сүүлийн үед энэ номыг унших юмсан гэсэн хүсэл байхгүй болчихсон. Одоо олон гоё номнууд орчуулагдаад, олон хүмүүс уншиж байгаа ч уншмааргүй санагдаад байгаа. Гэхдээ би Петр Павленскийн номыг зорьж очиж авсан. Оросоос өөртөө авсан ганц бэлэг нь тэр. Энэ ном тэр чигтээ өөрийнхөө урлагийн, мэдрэмжийн тухай сэтгүүлчтэй ярилцсан диалогууд. Нийгмийг маш их шүүмжилсэн байгаа. Шүүмжлээд л ийм урлаг бүтээж байгаа юм.

-Та бас хэзээ нэгэн цагт зургууд болон өөрийн бодол, мэдрэмжээрээ ном гаргана гэж боддог уу?

Авсан зургуудаа эмхэтгэж, хажууд нь бодролууд нэмээд ном гаргана гэж боддог байсан. Гэхдээ сүүлийн үед би ерөөсөө бичиж чадахгүй байгаа. Өмнө нь Орост сурж байх үедээ зөндөө их бичдэг байсан. Одоо бичих гэхээр маш олон бодол, санаа зэрэг орж ирээд, нэг санаагаа гүйцэд гаргаж чадахгүй, ойлгомжгүй ч юм шиг бичээд байгаа. Яаж илэрхийлэхээ мэдэхгүй төөрчихөөд байгаа юм л даа. Гэхдээ номоо гаргана аа. Амьд байгаагийн гурван даалгавар байдаг шүү дээ. Мод тарих, ном бичих, хүүхэд төрүүлэх гээд. Одоо бол энэ дундаас модыг нь л тарьчихаад байна.

-Энэ чиглэлээрээ шавь төрүүлэх хүсэл танд байгаа юу?

-Байгаа. Би ингэж боддог юм. Ямар нэгэн бүтээл гаргаж байгаа хүн өөрөө зөв хүн байх ёстой. Би уран бүтээлч, би урлагийнх гээд томроод, хүн зодоод ч юм уу явдаг хүмүүс байгаа. Тийм хүмүүс мэдээж мундаг бүтээл хийж болно л доо. Гэхдээ би тэднийг урлаг хийж байна гэж хэзээ ч хэлэхгүй. Үлгэр дуурайлал болж, урлаг хийж байж хүмүүсийг дагуулна уу гэхээс зүгээр нэг бүтээлээ гаргаж тавьчихаад нийгэмтэй яаж харьцаж байна, түүн шигээ байгальтай харьцаад байвал энэ буруу. Бодь хүн болоогүй байж урлаг хийгээд явна гэхээр утгагүй. Харин би “зөв” шавьтай болохыг хүсэж байна. Гэхдээ шавь нь багшийнхаа эрдмээс суралцаад муу юм хийгээд явдаг  тохиолдлууд байдаг. Би тэрнээс айдаг. Хэрэгтэй зүйлсийг нь заагаад өгөхөд би лаг болчихлоо гээд ханадаг байж болохгүй. Хүмүүс багш шавийн барилдлага барьдаг шүү дээ. Хүндэтгэл байх ёстой. Заавал багшаа гэж дуудуулах гээд байгаадаа биш. Хэдий хэлэхгүй байлаа ч сэтгэлдээ үргэлж “Та” гэж боддог байх ёстой. Гэтэл ихэнх нь тийм биш. Үсрээд л дөрвөн насаар ах юм чинь ямар хамаатай юм гэдэг. Армид бол нэг сар, нэг хоногоор ах байлаа ч ах гэж дууддаг. Тийм л болох хэрэгтэй.

-Та ирээдүйд өөрийгөө юу юу хийгээд бүтээчихсэн байна гэж боддог вэ. Ийм зүйл хийвэл сэтгэл минь ханалаа гэж боддог зүйл тань юу вэ?

-Шинэ онгоцны загвар. Манай өвөө байлдааны нисгэгч, аав холбоочин, тэгээд хөдөлгүүрийн инженер гэх мэт дандаа нисэхийн хүмүүс байдаг. “Нисэхийн хонхорынхон” гэж ярьдаг юм. Миний нэг тал бол тэнд байгаа гэсэн үг. Тэнгэрийн замыг татаж байгаа юм. Хүссэн хүн тэнгэрт байхгүй шүү дээ. Усны хүн усандаа гэдэг шиг тэнгэрийн хүн тэнгэртээ байх ёстой.

Ер нь энэ төслийн хүрээнд би өөрөөсөө маш их мөнгө гаргаж, мөнгөтэй хүн шиг л хальсаар тоглосон. 36 кадр авахын төлөө арван доллар төлдөг. 12 кадр авахын төлөө арван таван доллар. Хоолоо хасаад кадраа худалдаж авдаг. Тэнд суралцаж байх үед манай гэрийнхэн камер өгч явуулдаггүй байсан. Тэгэхгүй бол хичээлээ хийхгүй гээд. Энэ төсөл бараг дөрвөн жилийн хугацаанд бий болсон. Гэхдээ цаашдаа нэг нэг жилээр гаргаад явах боломжтой. Гол нь ингэхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Яг миний зорилго санааг ойлгох хүмүүс байгаа байх. Энэ бол ямар ч ашгийн төлөө бус зүгээр л амьд байгаагийн үүрэг минь. Хойч үедээ үлдээчих юмсан гэсэн хүсэл. Хүмүүс Бат-Оргилын бүтээл гэсэн өнцгөөс харж болно. Гэхдээ миний бүтээл гэхээсээ илүү өгүүлэгдэж байгаа юм нь илүү чухал. Би нэг л өдөр яваад өгөх юм чинь. Амьдралын зорилго, утга учир нь юм бүтээх гэж боддог. Мөнгөний төлөө явж байгаа хүмүүс байна. Амьдрал нь мөнгө болоод хувирчихсан, сүнсээ худалдаад л яваад байдаг.

Хүмүүс энэ тэнд гоё галерей нээгдлээ гэдэг. Гэхдээ тэднийг стандарт хангаж байна гэж хэлэхгүй. Зүгээр л тэд урлаг хийвэл мөнгө олох юм шиг байна гэж боддог. Хотын төвд нэг галерейд үзэсгэлэнгээ гаргачихвал олон хүн үзнэ, энэ нь илүү амар гэж хүмүүс боддог. Үзэсгэлэнг хүмүүс хажуугаар нь зөрж өнгөрөхдөө биш зорьж очиж үзэх ёстой. Хотын төвийн хамгийн гоё галерей гэвэл “Урчуудын эвлэлийн хүрээлэн” гэж би хэлнэ. Бас Зайсанд байдаг “Q Art Gallery”. Хүмүүс хол байна гэдэг. Үнэндээ ойрхон байхгүй юу. Үсрээд гурван км. Үнэхээр үзэхийг хүсэж буй хүнд 10 км ч ойрхон. Хүннү Молл руу  ч бас үсрээд л 7 км.

Би юмыг ер нь дандаа нухацтай хүлээж авах гээд байдаг. Өөрөө ч серьёзны  хүн. Наргиан, тоглоом шоглоомыг бас тийм ч сайн мэдэхгүй. Би өөрөө тоглох гэхээр хэтрүүлээд тоглочихдог. Юм болгоныг чухалчилж авч үздэг. Харин би өөрөө бизнесийн чиглэлээр төгссөн болохоор төлөвлөгөө гаргасан л даа. Шинэ жил дуусаад, цагаан сар арай болоогүй байгаа энэ үед хүмүүсийн оюун санаа амарна. Энэ хугацаанд л яг тэсрэх бөмбөг шидэх ёстой. Бүх хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхийг бодож байгаа. Нэг талаасаа өөрийгөө харуулж байгаа эго юм шиг боловч энэ бол хүн болгоны дотор нуугдаж байдаг чанар. Гэхдээ хэн ч үүнийгээ ил гаргадаггүй. Нийгэм нь өөрөө ийм болгож байгаа юм. Тэгэхээр би нийгэмтэй дандаа тэрсэлдэнэ.

Хамгийн сайхан санаа бол Монголд утопи байгуулах санаа. Манайд боломжтой. Чи улсдаа өдөрт хэдэн цаг ч байдаг юм ажиллана, улсаас хэрэгтэй бүх юмыг чинь өгнө. Орост 30 гаруй уран бүтээлч цөм хусаж байсан. Жинхэнэ утопи. Дүрслэх урлаг, уран зохиол, барилга дээрээ ч тэр битүү хийсвэр. Үүнийг бүр улсаас нь дэмжээд өгчихөж байгаа юм. Ингэснээр хүн бүрийн сэтгэлгээнд тэсрэлт хийгдсэн. Манайд ч ийм зүйл боломжтой гэж би итгэдэг.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.