Хайх зүйлээ бичнэ үү

Б.Гангаамаа өөрөө яг л уулс мэт...

Б.Гангаамаа өөрөө яг л уулс мэт... Амлалтаасаа хэзээ ч буцдаггүй чанар нь мөнхөд цэхээрээ цэнхэртэн оршигч уулсыг санагдуулсан. Түүнийг товч, тодорхой илэрхийлье гэвэл “За гэвэл ёогүй” гэдэг үг хамгийн оновчтой болов уу. Уулын спортод Монголынхоо нэрийг гаргаж, “Seven summiteer”-ийн эзэн болсон Завхан аймгийн уугуул Б.Гангаамаатай сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэж байна.  

-Юуны өмнө Монгол Улсынхаа нэрийг дэлхийн уулын спортын түүхэнд мөнхөлж, Монголын анхны “Seven summiteer”-ийн эзэн болсонд баяр хүргэе. Та энэ амжилтад хүрэхийн тулд хэчнээн жилийг зарцуулсан бэ?
 
-Баярлалаа. Энэ бол маш олон жилийн хөдөлмөр шүү дээ. Эхний 10 жилээ хаслаа гэхэд “Seven summiteer”-ийн төлөө бараг 15 жил зүтгэжээ. Уулын спортод анх хөл тавьсан цагаас тооцвол 27 жил болж байна. Ингээд бодохоор маш олон жилийн хөдөлмөр юм даа.
 
-Хүн зүв зүгээр байж байгаад ерөөсөө уулчин болъё гэж шийдэхгүй байх. Та хэзээ уулчин болох гараагаа эхэлж байсан бэ. Тухайн үед уулын спортын талаар хүмүүс тийм ч сайн мэддэггүй байсан болов уу. Түүхээсээ хуваалцаач?
 
-Би ч нэг их ахмад үеийн уулчин биш шүү дээ. Манай уулын спорт үүсч хөгжөөд 60 жил болчихсон. Би дунд үед хамрагдах байх. 1989 онд уулын спортынхон Завханы Отгонтэнгэр хайрханд гарахаар ирж байсан юм. Би тэр үед арван жилийн сурагч, хөдөөний охин байлаа л даа. Биеийн тамир спортын хороонд ажилладаг нэг хүн “Улаанбаатараас уулчид ирсэн. Чи хамт ууланд гарах уу” гэхэд нь би зөвшөөрөөд, багийн ахлагчтай нь уулзсан. Гэтэл надад “Найдан багштай уулз” гэж зөвлөлөө. Тэгээд багштай уулзахад “Чи чадах юм уу” гээд асуухад нь “Чадна” гэж хэлээд л анх ууланд гарсан түүхтэй. Тэгээд л уулын спортод эргэлт буцалтгүйгээр орсон доо.
 
-Түүнээс хойш тасралтгүй авирсан уу?
 
-Анх Отгонтэнгэр хайрханд гарснаас хойш арван жилийн сургуулиа дүүргээд оюутан болж, хоёр гурван жил уулын спортоосоо хөндийрсөн л дөө. Коллежоо төгсөөд, Эрдэнэт хотод мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад, дараа нь аялал жуулчлалын салбар руу шилжсэн.
 
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
 
-Би чинь микробиологич мэргэжилтэй юм шүү дээ. Анагаах ухааны коллежийг төгссөн. Коллежоо төгсөөд мэргэжлээрээ Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт есөн жил ажилласан. Түүнээс хойш аялал жуулчлалын салбар руу орж, уулын спортоороо дагнасан даа. Одоо МУБИС-д дасгалжуулагчаар сурч байгаа. Хавар төгсөнө.    
 
-Тийм үү, олон зүйлийг амжуулж байгаа юм байна даа.
 
-Ямар сайндаа сэтгүүлчидтэй ч уулзаж чадахгүй гүйгээд байгаа нь энэ.
 
-Таныг уулын спортоор хичээллэж эхлэхэд аав ээж, ах дүү нар нь хориглоогүй юу?
 
-Эхний арваад жил дэмждэггүй байсан. Энэ охин хаагуур, юу хийгээд тэнээд байна л гэж боддог байсан юм шиг байгаа юм. Тэр үед энэ талаар мэдээлэл хомс ч байсан болохоор миний байр байдал нэг л тодорхойгүй санагддаг байсан биз. Харин сүүлийн арваад жил энэ хүн зорьсон юм байна, ийм “юм” байдаг юм байна, одоо энийг зогсоохоос өнгөрсөн гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн дөө. “Эцсийн цэг нь хаа байна тэндээ хүрээсэй, сайн явж, амжилттай байгаасай” гэж хэлдэг ч болсон доо.
 
-Ах дүү хэдүүл вэ. Гэр бүлээ танилцуулаач?

-Манайх Завхан аймгийн Их-Уул сумын айл. Би Тосонцэнгэл суманд төрсөн. Идэрийн голын хөвөөнд өссөн хүн. Нутгаасаа гараад удаж байна даа. Арван жилээ төгсөөд л нутгаасаа гарсан. Би эхээсээ 11-үүлээ. Айлын долоо дахь охин. Дөрвөн ах, хоёр эгчтэй, нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй.  
 
-Та хэр сүсэг бишрэлтэй хүн бэ?
 
-Монгол хүн л юм чинь сүсэг бишрэл байж л таарна. Гэхдээ сүсэг бишрэлтэй гээд л лам болгон дээр очоод ном уншуулж, сан тавиулаад явдаггүй. Миний сүсэглэдэг зүйл бол уул хайрхад. Уул хайрхандаа сүсэглэж, хайрлаж хамгаалж байж л оргилд нь гарна шүү дээ. Уул, хайрханыг аль болох аргадаж, зөөллөж л явах хэрэгтэй. Мэдээж хийморийн сан тавиулах, аян замын ерөөл айлдуулах зүйл байлгүй яах вэ.

-Монголчууд зарим хайрханд эмэгтэй хүнийг гаргахаас цээрлэдэг. Та үүнд хэрхэн ханддаг вэ. Уулчин хүн болохоор хэцүү байдаг байх?
 
-Энэ бол хүний өөрийнх нь асуудал. Эрэгтэй хүн гарч болно, эмэгтэй хүн болохгүй гэсэн үзлийг яг таг баримтална гэж байхгүй л дээ. Гэхдээ зохих хэмжээгээр хүндэтгэх ёстой. Би ч гэсэн үүнийг аль болох зөрчихгүй байхыг боддог. Уулчид, тамирчдын хувьд тэр бүр ямар нэгэн ёс уламжлал, сүсэг бишрэл дагах боломжгүй шүү дээ. Отгонтэнгэр хайрханд эмэгтэй хүнийг гарч болохгүй л гэдэг. Яг үнэндээ өнөөдөр намайг Отгонтэнгэр хайрхан түшиж л яваа гэж боддог юм. Анх энэ л хайрхнаас уулчны гараагаа эхлүүлж байлаа. Тэгэхээр ямар нэгэн ууланд гарч болох эсэх нь тухайн хүний л асуудал. Ер нь бол соёл, ёс заншлаа хүндэтгэх нь ойлгомжтой. Гэхдээ тэр дундаас авах ч юм бий, хаях ч юм бий.
 
 

-Сүүлийн үед сонирхогчдын ч, мэргэжлийн ч түвшинд уулын спортыг сонирхох хүмүүс олширсон. Та тэдэнд хандан зөвөлгөө өгнө үү?
 
-Цагаан толгой сурч эхэлдэг шиг уулчин болохын тулд ч “а” үсгээс нь эхлэх хэрэгтэй. Сүүлийн үед “а”-гаас нь биш дундаас нь ороод том том уул руу яваад байгаа хүмүүс олон  байна. Гэхдээ аливаа зүйлийг суръя, амжилт гаргая гэж бодвол “а”-гаас нь эхлэх нь зүйтэй болов уу. Уулчдын хувьд “А” үсэг гэдэг нь онол, суурь мэдэгдэхүүнийг хэлж байгаа юм. Мэдээж багаж, техник хэрэгслүүдтэйгээ ч сайн танилцах хэрэгтэй. Ингэснээр та  ирээдүйд алдаа бага гаргана гэсэн үг. Тэгэхгүйгээр цүл, пал хийгээд шууд давхиад орчихвол зөндөө бүдэрнэ, алдаа их гаргана. Алдаа их гаргах нь зорилгоосоо холдож байгаатай адил. Ялангуяа уулын спорт хүнээс асар их тэвчээр, хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр цаг хугацаа нь улам сунжирч, зорилгоосоо холдчихно.
 
-Уулчин хүнд заавал байх ёстой багаж, хувцас, эдлэл нь юу байдаг юм бол?
 
-Уулын спортын багаж, хэрэглэл, хувцасны тухай нарийн, ширийнийг ярина гэвэл бид хоёрын цаг хүрэлцэхгүй. Товчхон тайлбарлавал, зөвхөн гутал гэхэд л спорт авиралтын, мөснийх, цастай, өндөр уулынх зэрэг олон төрөлтэй. Жишээлбэл, дөрөв, зургаа, найман мянган метрийн өндрөөс хамаарч өмсөх гутал ч яг зориулалтаараа л байх ёстой. Хэрвээ та амжилт гаргая, амь насаа баталгаатай байлгая гэвэл стандартын дагуу л багаж, хэрэгсэл, хувцсаа  сонгох хэрэгтэй. Уулын спортын эдлэл, хэрэглэл нарийн стандарттай байх тусмаа үнэтэй болдог. Өртөгөөс нь айгаад ямар нэгэн байдлаар аргалах, стандарт бус зүйл хэрэглэвэл таны амь насанд аюултай. Ер нь аливаа зүйлийг товчлох, хямдханаар амжилт гаргахаар оролдох нь тийм ч таатай санаа биш.
 
-Уулчин хүний гар дор зайлшгүй байх ёстой зүйл юу байдаг вэ?
 
-Ерөөсөө л мууран хумс, мөсний алх, олс гэсэн гурван зүйл уулчны амийг хамгаалж байдаг. Тэгээд дагалдах маш олон хэрэгсэл бий.
 
-Уулчид их өндөрт авирдаг учраас бие организмд нь нэлээд өөрчлөлт гардаг байх. Ер нь  эрүүл биетэй байж л уулчин болох боломжтой юу?
 
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Найман мянган метрийн өндөр хүний амьдрах орчин биш шүү дээ. Онгоц гэхэд л 6900 метрээс 11 мянган метрийн өндөрт нисдэг. Онгоц нисэх хэмжээний өндөрт хүн алхаж, үүлнээс дээш өөрийн биеэр гарна гэдэг зохих хэмжээгээр эрүүл мэндээрээ шалгарсан хүний л хийдэг зүйл. Үүгээрээ би нэг зүйл тайлбарлах гээд байна л даа. Хүн өндөр буюу дөрөв, таван мянган метрт гарах, хэт өндөр буюу долоо, найман мянган метрийн өндөрт гарах хоёр маш өөр. Зургаан мянган метрээс дээш авирхад хүний бие организмд эрс өөрчлөлт гардаг. Ялангуяа сөрөг нөлөөлөл их гарна. Үүнийг цэвэр агаараар амьсгалж, байгалийн үзэсгэлэнг бишрэн ууланд алхахтай харьцуулшгүй. Хэт өндөрт гарахад биед шаардлагатай хүчилтөрөгчөө бүрэн авч чадахаа болино. Тийм болохоор найман мянган метрт нэмэгдэл хүчилтөрөгч ашигладаг. Ийм өндөрт гарахын тулд эрүүл мэнд сайтай, өндрийн бэлтгэл маш сайн хийсэн байх шаардлагатай. Яах вэ насаараа өндрийн бэлтгэл хийсэн, олон жил ууланд авирсан хүмүүс найман мянган метрт нэмэгдэл хүчилтөрөгчгүй байж чадна. Гэхдээ ийм тохиолдол маш цөөн.
 
-Ер нь уулын орой дээр гарсныхаа дараа хэр уддаг вэ?
 
-Уулын оргил дээр удаан байх шалтгаан, боломж байхгүй. Оргил дээр гараад зургаа авахуулна, эргэн тойрныхоо зургийг авч, бичлэгээ хийнэ. Дээд тал нь 30, багадаа 5-6 минут л болно. Их хүйтэн байгаа үед хурдхан шиг зургаа аваад, бушуухан буухыг л боддог. Эверестийн оргил дээр удаан байх ямар ч нөхцөл байхгүй. Нэгдүгээрт, хүчилтөрөгч багасна, хоёрдугаарт цаг агаар нь хүйтэн. Мөн араас уулчид ирж байгаа, зай талбай бага зэрэг олон шалтгаанаас болоод удаан байх боломжгүй. Сая гэхэд л Винсон Массивын оргил дээр маш хүйтэн салхитай байсан. Ойролцоогоор зургаа долоон минут болж  чадсан уу, тэгээд л буух командаар бүгд буусан. Ер нь уулын цаг агаар маш хурдан өөрчлөгддөг учраас тааламжгүй цаг агаараас урьтаж аюулгүйн кемпдээ очих ёстой байхгүй юу. Тийм учраас ууланд цаг хугацаа маш үнэтэй. Цагаа нарийн тооцох хэрэгтэй.
 
-Зорьсон уулынхаа оргилд гарахад Танд ямар сэтгэгдэл төрдөг вэ. Уул бүрийн оргилд гарахад өөр мэдрэмж, өөр сэтгэгдэл төрдөг үү?
 
-Хорвоо дэлхий уудам, түүн дээр байгаа уул маш олон. Тийм ч учраас уулчид тодорхой зорилго тавьж, авирах уулаа товлодог. Тэгээд түүнийхээ төлөө л зүтгэнэ. Жишээлбэл, би “Seven summit” гэж төсөл сонгож аваад, түүнийхээ төлөө 15 жил зүтгээд, долоон уулынхаа оргилд гарлаа. Уул бүрийн оргилд гарахад төрдөг сэтгэгдэл адилхан. “За би зорьсондоо хүрчихлээ дээ. Оргилд нь гарчихлаа” гэж боддог. Мэдээж эх орон, үүх түүх, их хаан, монгол хүн гэдгээрээ омогшихын дээдээр омогшиж, бахархахын дээдээр бахархдаг. Харин эргэн тойрон дахь орчин нь мэдээж өөр мэдрэмж төрүүлдэг. Эверест эсвэл Косушкад авирхад өндөр нь ялгаатай, зарцуулах хугацаа нь өөр, эргэн тойрны байгаль нь ч адилгүй болохоор өөр мэдрэмж төрүүлэлгүй яах вэ.


 
-Дэлхийн долоон тэрбум гаруй хүнээс маш цөөхөн хэд нь л эдгээр агуу том уулын оргилд нь гарч байгаа. Бид нар тэр өндрөөс орчлон хорвоог харж, тольдож чадахгүй. Гэтэл Танд хүн бүрийн мэдэрч, харж чадахгүйг харах, мэдрэх ховор хувь тавилан заяажээ. Та уулын оргил дээр гараад мэдэрдэг мэдрэмжээ үгээр илэрхийлээч?
 
-Уул гэдэг агуу. Гэтэл хорвоо дэлхий бүр ч агуу. Дэлхийн бүхий л сайхныг уулын оргилоос харж чадахгүй шүү дээ. Тэр ч битгий хэл Эверестийн орой дээрээс ч харах боломжгүй. Өндөр уулсын оройд гарахад битүү үүл, тэнгэрийн хаяа л харагдана. Дор байгаа хүмүүний амьдрал дээрээс харагдахгүй. Детальчлаад ярьвал ийм. Гэсэн ч яг үнэндээ омогшдог. Миний хэлэх дуртай нэг үг байдаг юм. Эверест гээд шүлгэнд гардаг хэсэг л дээ. “Миний дээр зөвхөн сансрын салхинаас өөр юу ч байхгүй. Миний доор тив дэлхий, тэнгис далай, тэнгэрлэг оюунт хүмүүн байна” гэж. Хийсвэр талаас нь бодвол үнэхээр сайхан. Яг чиний хэлдгээр ямар агуу юм бэ, бүхнийг би дээрээс нь харж байна шүү дээ гэх омогшил байдаг. Гэхдээ амьдрал дээр бол өөр. Хорвоо ертөнцийн гайхамшгийг уулын оргилоос харж чадахгүй.
 
-Уулын спорт гэдэг үхэл, амьдралын зааг юм шиг. Зөвхөн стандартад нийцсэн хувцас хэрэглэл, эрүүл бие байгаад хангалтгүй байх. Эр зориг, сэтгэлзүйн бэлтгэл, сэтгэл санааны тогтвортой байдал чухал байх л даа?
 
-Яг үнэндээ уулчид сэтгэлзүйчтэй ажилладаггүй. Сэтгэлзүйч ажиллуулах боломж бид нарт байхгүй, угаасаа. Бид нар өөрсдөдөө л сэтгэлзүйч. Сэтгэл зүй, эрүүл мэнд, мөнгө санхүү гээд л ер нь бүх л зүйлд өөрсдөө л бэлдэнэ. Энэ бол уулчин хүний нэг онцлог. Ингээд бодохоор уулчин амжилт гаргахдаа нэлээд хүч хөдөлмөр зарцуулж байгаа гэсэн үг. Мэдээж бидэнд үргэлж тусалж дэмждэг, сэтгэл гаргадаг хүмүүс бий. Тэр багаа ч уулчин өөрөө бүрдүүлдэг. Намайг өдий хэмжээний амжилт гаргахад нөлөөлж, надад тусалдаг хүмүүстээ маш их баярлаж явдаг. Олимп, дэлхийн аварга болж байгаа аль нэг спортын тамирчны ард дасгалжуулагч, эмч, тогооч, сэтгэлзүйч цаашлаад төрийн байгууллага хүртэл хамтарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн баг ажиллаж байна шүү дээ. Гэхдээ бүх тамирчид адилхан хөлсөө дуслуулж, хүчээ шавхаж байж л амжилтанд хүрдэг. Яах вэ уулын спортын тамирчин бусад спортын тамирчинтай харьцуулахад өөрөө бүх талын асуудлаа зохицуулах шаардлагатай тулгардаг нь үнэн. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг.
 
-Уулчид амиа алдах тохиолдол цөөнгүй гэсэн. Зорилгынхоо төлөө адилхан зүтгэж яваад амиа алдсан тамирчдыг хараад маш их шаналдаг байх?
 
-Миний хажууд багийн маань эсвэл өөр багийн тамирчин амь насаа алдсан тохиолдол зөндөө байсан. Яг үнэндээ уулчин хүний даарах, ядрах, цуцах бэрхшээл бол юу ч биш. Угаасаа тэрийгээ бүгд ойлгож, ухамсарлачихсан, түүнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй явж байгаа. Харин хэн нэгэн дэргэд амь насаа алдана гэдэг л хамгийн бэрх. Гэхдээ энэ асуудалд ч урьдчилан сэтгэлзүйгээ бэлдсэн байх ёстой. Орилж, хашгираад, зууралдаад байх арга байхгүй л дээ. Боломж байвал туслахыг хичээнэ, үгүй бол ийм эрсдэл, тохиолдол гарна гэдгээ ухамсарлаад цааш зүтгэхээс өөр сонголтгүй.
 
-Уул руу авирч байхад хамгийн анх хажууд тань хүн амиа алдах үед цочирдоод ч юм уу, айгаад энэ спортоос ухрах, няцах үе байсан уу?
 
-Ууланд авирснаас хойшхи 20 гаруй жилд би нэг ч удаа няцаж, шантарч байгаагүй. Яагаад гэвэл ерөөсөө л би амжилт гаргахын төлөө тууштай хөдөлмөрлөх ёстой гэсэн бие болоод сэтгэлзүйгээ бэлдчихсэн юм. Түүнээс зоригтойдоо эсвэл хүйтэн сэтгэлтэйдээ няцахгүй, шантрахгүй яваад байгаа юм биш. Няцах байсан бол анхнаасаа энэ бүхнийг эхлүүлэх хэрэггүй байсан.  
 
-Уулын спортоос хэзээ ч няцаж, шатрахгүйгээр эргэлт буцалтгүй ороход нөлөөлсөн гол “түлхүүр” нь юу байсан юм бэ?
 
-Юу намайг ингэж уулын спортоос салахгүй болтол түлхүүрдсэнийг ёстой хэлж мэдэхгүй.  Хүүхэд байхаасаа л энэ спортод орсон. Түүнээс хойш өдийг хүртэл явж л байна.
 
-Анх Отгонтэнгэр хайрханд авирч байх үеийн мэдрэмжээс болсон юм болов уу?
 
-Тийм ч байж магадгүй. Уул гэдэг чинь хэлж, харж, барьж болохгүй нэг тийм сонин юм байдаг юм аа. Уул бид хоёр холбогдоод 30 орчим жил болсон учраас ижил, дасал болчихсон юм байлгүй. Өөрөөр би тайлбарлаж чадахгүй байна. Ер нь бол олон жил уултай нөхөрлөхөөр уул өөрөө уулчнаа дууддаг. Нэг ийм философи байдаг юм шиг ээ.

-Энэ олон жилийн турш хөрөнгө, мөнгөө өөрөөсөө гаргана гэдэг хэцүү. Санхүүгээ яаж зохицуулж байна вэ?
 
-Би түрүүн хэлсэн шүү дээ. Энэ олон жил миний ард маш олон хүн ажилласан. Далд фронтынхон маань намайг дэмжиж, надад тусалж, дээлийн захыг минь мушгиад л байж байдаг. Би тэд нарын дэмээр өнөөдрийн амжилтанд хүрч, Монгол улс “Seven Summiteer”-тэй боллоо. Тэд байгаагүй бол би ганцаараа зүтгээд яагаад ч энэ амжилтанд хүрч чадахгүй. Тийм ч учраас арын фронтынхондоо баярласнаа илэрхийлээд “Талархлын баяр” хийхээр болсон. Энэ баяр маань 20 гаруй хоног үргэлжилж, энэ хугацаанд талархлын хүлээн авалт хийх, Цэцээгүн рүү алхах, лекц тавих зэрэг олон ажил төлөвлөсөн.  Цагаан сараас өмнө энэ баяраа дуусгана.
 
-Эртэдсэн асуулт байж магадгүй. Та дараагийн гарах оргилоо төлөвлөсөн үү?
 
-Талархлын баяраа ямар ч байсан цагаан сараас өмнө дуусгана. Баярын дараа тэгээд л бэлтгэл сургуулилалтдаа орж, ажлаа эхлүүлэх ёстой. “Seven summit” бол ганц миний биш монголчуудын зорилго байсан. Дэлхийн уулын спортын түүхэнд Монгол хэмээх нэрийг гаргах нь манай уулчдын зорилго байлаа. Би энэ зорилгыг анх биелүүлсэн. Үүнээс хойш олон уулчин энэ амжилтын эзэн болно гэдэгт итгэдэг. Дараагийн зорилгоо төлөвлөсөн. “Seven summiteer”-ийн үйл ажиллагаа дуусаагүй болохоор дараагийн ажлаа зарлах болоогүй байна. Ерөнхийдөө гуравдугаар сарын сүүлчээр энэ ажил дуусна. Түүний дараа зорилго, төлөвлөгөөгөө олон нийтэд зарлана даа.
 
-Гималайн нуруунд хэдэн мянган жил бясалгал хийж, гэгээрсэн хүмүүс байдаг тухай судалгаа, шинжилгээний материалууд байдаг. Та ер нь уул руу авирч явахдаа сонин содон зүйлстэй учирч байв уу?
 
-Яг тийм хүнтэй тааралдаж байгаагүй. Гэхдээ Гималайн нуруунд бясалгал хийж байгаа лам нар байдаг. Түүнээс биш агуйд ороод самади болсон ч юмуу даян хийж байгаа хүнтэй тааралдаж байгаагүй. Ер нь тийм хүмүүс хүний хөлөөс зайдуу л байна шүү дээ. Эверестийн Бест кемп дээр байхдаа хадан хийд байгуулаад агуйныхаа доор нь суугаад бясалгал хийдэг ламтай 2010 онд тааралдаж байсан. Тааралдах нь битгий хэл дотогш оруулж, сонирхуулаад “Хэзээ ч ирсэн манай хийдийн үүд чамд нээлттэй байх болно” гэж хэлж байсан шүү. Бясалгалынх нь ч юмуу, шашин номынх нь хүчээс болдог юм уу их өгөөмөр, сайхан санагдсан. Тэр тухай мартдаггүй юм. Бусдаар бол ид шидийн, сонин содон зүйлтэй учирч байснаа ёстой санахгүй байна. Яагаад гэхээр би өөрөө тийм зүйл хөөж явдаггүй л дээ. Ерөөсөө уулын оргилд гарах зорилгоо боддог болохоор хажуугаар өнгөрсөн, таарсан зүйлээ анзаараагүй ч байж магадгүй.
 
-Танд уул руу авирч, буухын аль нь хэцүү санагддаг вэ?
 
-Надад уул руу авирах, буух хоёрын аль аль нь хэцүү. Би шууд л тэгж хэлмээр байна. Энэ талаар маш олон хүн асууж байсан. Мөн зарим уул руу өгсөж, уруудахад ижилхэн хугацаа шаардагдах тохиолдол ч бий.
 
-Уул их сонин шүү, ойрхон харагддаг ч алхаад гарахад маш хол байдаг. Хамгийн их хугацаа зарцуулж гарсан нь ямар уул байдаг вэ?
 
-Ямар уул гэдгээсээ хамаараад авирахад нэг өдөр эсвэл нэг сарын хугацаа шаардагддаг. Гэхдээ нэг сарын турш уулын хормойноос нь оргил хүртэл явна гэсэн үг биш шүү дээ. Яагаад гэхээр бид өндрийн бэлтгэл хийх ёстой байдаг. Эверест рүү авирахад өндрийн бэлтгэл маань бараг 20 гаруй хоног үргэлжилсэн. Тэгээд өндрийн бэлтгэлээ дуусмагц уулын бэлээс оргил хүртэл тав хоног явж хүрсэн. Косушка руу бол гурав дөрөвхөн цаг яваад оройд нь гарчихна. Корстенз пирамид бол хадан уул. Тийм өндөр биш ч гэлээ ширэнгэн ойг тав хоног туулна. Түүний дараа Бест кемп дээр очно. Кемпээсээ уулынхаа оргилд гараад буцаад ирэхэд нэг өдөр зарцуулах жишээтэй. Бүх уул өөр. Дээрээс нь цаг агаарын байдал нөлөөлнө. Цаг агаар муу байвал уул руу гарахаа азнана.
 
-Уулчин хүмүүст нүүр ам, хөл гараа хөлдөөх нь наад захын бэрхшээл байдаг гэсэн. Гэтэл эмэгтэй хүн учраас гоо сайхан байхыг хүсэх нь мэдээж. Та арьсаа хэрхэн хамгаалдаг вэ?
 
-Мэдээж эмэгтэй хүн гоо сайхан харагдах хэрэгтэй. Гэхдээ хийж байгаа ажил, мэргэжлээсээ хамаараад гоо сайхан байдлаа бүрэн хадгалах боломжгүй эмэгтэйчүүд бий. Уулчин эмэгтэйчүүд бид аль болох арьсаа, нүүрээ чадах чинээгээрээ л арчилж, хамгаалдаг. Миний хувьд гоо сайхандаа онцгой анхаарал тавьдаггүй. 20 гаруй жил энэ нүүрийг түлж, хөлдөөж арьсаа хуулаад л явж байна. Харин ч өдий зэрэгтэй байгаа нь их юм. Ууланд явахдаа хамгаалалт өндөртэй буюу SPF нь 70-аас дээш 90, 100, 110-тай нарны тос л түрхдэг. Тэр нь харлахаас хамгаалахгүй ч аймшгийн түлж, хөлдөөхөөс хамгаалдаг. Эх орондоо хар царайтай хүн ирээд л сарын дараагаас арьс минь хэвэндээ орчихдог. Би  эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гаднах төрхөөс нь бус дотоод ертөнцөөс нь хардаг. Эмэгтэй хүний дотоод ертөнц л хамгийн сайхан байх ёстой.
 
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Танд чөлөөт цаг мэдээж бага гардаг байх?
 
-Чөлөөт цагаараа нэг сайхан унтаж, амрах юмсан гэж боддог. Бас найзуудтайгаа уулзаж, агаар салхинд байхыг л хичээдэг. Байгальд л байхгүй бол амь тэмцээд байдаг юм. Дандаа цастай ууланд байсаар байгаад ургамал, навчтай ногоон талд байхыг их хүсдэг. Яагаад гэхээр өвөл нь Монголд цастай. Зун болохоор нь би цастай уул руу явчихна. Хүмүүс сайхан цас ороосой гээд л, анхны цасыг хүлээдэг. Би болохоор дандаа цастай газар явсаар байгаад цэцэг навчны мөрөөсөл болдог юм.
 

-Та дуу, хөгжим хэр сонсдог вэ. Дуртай дуунаасаа нэрлэнэ үү?
 
-Би сонгодог хөгжим сонсох дуртай. Шинэ дуу хөгжим сайн мэдэхгүй ээ. Тэр талдаа их хоцрогдож яваа. Сүүлийн үеийн дуучдыг бараг танихгүй. Дуртай дуу гэвэл хэдэн ерөнхий дуугаа л нэрлэнэ дээ. Зулай цагаан Алтай, Халуун элгэн нутаг болон Баясгалан, Ариунаа, Дэлгэрмөрөн, Жаргалсайхан нарын дуу тэгээд “Шар айраг” хамтлагийн хэдэн дууг сонсох дуртай.
 
-Найр наадамд очсон үедээ ямар дуу дуулдаг вэ?
 
-За даа үгийг нь бүтэн мэддэг дуу бараг байхгүй ээ. Хүмүүсийг түрээрэй гэж байгаад л ядаж хоёр бадгийг нь мэддэг дуугаа дуулдаг. Нутгийн тухай дуу болон Зулай цагаан Алтай, Халуун элгэн нутгаа л дуулдаг.
 
-Та хэр сайн хоол хийдэг вэ?
 
-Хоол хийнэ шүү. Ийш тийшээ нэг их явдаггүй байхдаа хоол сайн хийдэг хүний тоонд ордог байсан. Сүүлийн үед бараг л хоол хийж амжихгүй байна. Ажил ихтэй болохоор гуанз, ресторанаар явж бэлэн хоол л идэх юм даа. Гэхдээ тулаад ирэхээр хоол хийнэ.
 
-Та Монголд төдийгүй олон орноор аялж, байгальд ойрхон ажилладаг хүн. Бусад оронтой харьцуулахад манай улсын байгаль орчны бохирдол хэр байна вэ. Уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж байна уу?
 
-Байгаль цаг уурын нөхцөл байдал бусад орноос илүү эрчимтэй өөрчлөгдөж байна гэж би хэлж чадахгүй. Манай улс хүн ам цөөтэй болохоор харин ч байгалийн унаган төрхөө хадгалсан газар нутаг ихтэй. Хот суурингуудын хувьд л агаарын бохирдол, хог, жорлонгийн асуудал хүндрэлтэй байна. Манайхан эдгээр асуудлаа цэгцлэх тал дээр дэндүү хангалтгүй ажиллаж байна. Боломж ч байдаггүй юм уу дээрээс нь хүмүүсийнх нь сэтгэлзүй энэ тал дээр дэндүү ядмаг байх шиг. Ялангуяа хог, жорлонгийн асуудлаа сайжруулах хэрэгтэй байна. Үнэндээ дэлхийн долоон тивийн үндэсний парк, аялал жуулчлалын бүсийг үзэж харсан. Үнэхээр гайхамшигтай тохижуулж, хайрлаж, хамгаалжээ. Яасан ч цэвэрхэн юм. Гэтэл манай Хөвсгөл, Алтай таван богдын үндэсний парк ямар билээ дээ. Тэр чигтээ хог, жорлон болчихсон, замбараагүй. Ядаж хамгаалалт, татвар хураамж байхгүй. Тэгэхээр бид заавал бусад оронтой адил өндөр татвар авах албагүй ч тодорхой хэмжээгээр төлбөр авч, орон нутагтаа төвлөрүүлж, тохижилт, хамгаалалт, зам харилцаа, цэвэрлэгээнд нь зарцуулаасай гэж хүсдэг. Энэ талаар би олон жил ярьж, бичиж, санал хүсэлтээ холбогдох яамдад өгч байсан. Үүнийг анхаарахгүй бол нэг л өдөр устаад үгүй болоход хэн байг гэх вэ. Хүн ам цөөтэй тулдаа л ийм байгаа. Тав арван сая хүнтэй болбол энэ байгаль минь “будаа” болно шүү дээ. Дээр нь утааны асуудлаа маш нарийн төлөвлөж, арилгахгүй бол хэцүүдэх нь. Харин сая цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн нь зөв гэж бодож байна. Яаралтай хэрэгжүүлэх хамгийн ойрын шийдэл яалт ч үгүй мөн. Нэлээн олон жилийн өмнө манай найзууд цахилгаан халаагуурын тухай ярьж л байсан. Утааг багасгахын тулд хүн болгон зүтгэх ёстой л гэж боддог.
 
-Энэ олон жилийнхээ хөдөлмөр, туршлага, ололт амжилтынхаа тухай ном гаргах уу?
 
-Ном гаргана. Тэр чинь бүр захиалга болоод, ном, ном гэсэн хүмүүс л байна. Одоохондоо бичиж, тэмдэглэж байгаа.
 
-Хүмүүс “гар нийлж ажиллах” гэж ярьдаг. Уул руу баг болоод гарахад аль орны хүмүүстэй Таны “гар” сайн нийлдэг вэ. Эсвэл ямар ч ялгаагүй юу?
 
-Би олон орны уулчидтай хамт явж үзсэн. Дэлхийгээр дүүрэн найзууд бий. Тэр дотроос арай ойр дотно, шалгарсан хүмүүс гэж байдаг. Оросууд бол шударга, “хөөрхөн” онгироо хамгийн гол нь их хүнлэг. Япончууд байна, хүүхэд шиг их хөөрхөн. Тэгсэн хэрнээ бүх зүйлийг хууль дүрмийн хүрээнд сэтгэдэг. Оргилуун цустай, дэврүүн латин америкчууд маань байна. Ер нь гар нийлдэг хүмүүс бий. Улс үндэстнээрээ ялгаагүй л дээ. Хүмүүсийн ааш зан чухал.


 
-Гангаамаа гэж хэн бэ. Та өөрийгөө цөөн үгээр илэрхийлбэл?
 
-Мэдэхгүй ээ хүн ер нь өөрийгөө бүрэн таньж чаддаг юм уу. Өнөөдөр би өөрийгөө бүрэн таньсан гэж хэлж чадахгүй. Гангаамаа хэн бэ гэхээсээ амьдралдаа баримталдаг зарчим нь юу юм бэ гэдэг нь чухал байдаг. Шударга байх, эхэлснээ дуусгадаг, амласнаа биелүүлдэг, хүнлэг байх ёстой гэж боддог. Ер нь ноён нуруугаа л алдахгүй байх нь миний амьдралдаа баримталдаг зарчим. Энэ бол эцэг, эхээс минь надад сургаж, заасан зүйл.
 
-Таны нэр тэр болгон дуулдаад байдаггүй. Алдар нэрийг тань хэн өгсөн бэ?
 
-Миний нэр төвд нэр. Ганга, маа л байхгүй юу. Хоёр “а”-тай л бичдэг болохоос биш. Энэтхэгт урсдаг Ганга мөрөн, тэгээд эх гэдгийн маа. Ингэхээр Ганга-Эх гэсэн утгатай. Төрөх эмнэлэгт байхад л нэр өгсөн гэсэн. Хэн өгснийг нь мэдэхгүй юм. Сугалсан ч гэлүү, шигшсэн ч гэлүү дээ.
 
-Ярилцлагыг нь уншиж байхад “Гэр бүл зохиож амжаагүй” гэсэн байсан. Нууц биш бол найз залуутай юу?
 
-Тэр миний хувийн асуудал байх аа. Олны өмнө дэлгээд яах вэ, нууц хэвээр нь үлдээе.
 
-Ойрын таван жилийн төлөвлөгөөнд гэр бүл багтсан уу?

-Болно биз дээ. Хамгийн гол нь өмнөх ажлаа эхлээд хийчихье.
 
-Сүүлчийн хариултыг Танд нээлттэй үлдээе.
 
-Миний энэ амжилт бол монголчуудын амжилт. Өдий хүртэл надтай хамт зүтгэсэн тэр л хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Нэрийг нь хэлвэл ярилцлагын талбайд багтамгүй олон хүн байна. Уулчин хүн гэдэг нуруундаа ч, оюундаа ч их ачаа үүрч, хол замд гарч, их аяныг туулдаг. Тиймээс биднийг хөнгөн, хийсвэрээр бодож, жирийн нэг аялагч, жуулчин гэж битгий бодоорой. Зөвөөр ойлгоосой л гэж хүсч байна. Энэ амаргүй даваа, энэ амаргүй аяныг хамтдаа туулсан, ивээн тэтгэсэн бүх хүмүүст баярлалаа.

-Таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.