Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Муу ёрын” С.Эрдэнэ АН-д шинэ харизм тулгалаа


 

Содномзундуйн Эрдэнэ Ардчилсан намын даргаар сонгогдох нь өчигдөр явуулсан санал хураалтын дүнгээр тодорхой боллоо. АН-ын даргад нэр дэвшигч 5 эрхэм 1,2 тэрбум төгрөгөөр сонгуулийн ажлыг дундаасаа санхүүжүүлж, хамтдаа Монгол орон даяар гишүүдтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө нэг индрээс танилцуулсан сунгааг АН-ын шинэчлэл, эв нэгдлийн эхлэл байгаасай гэх хүлээлт АН-ын гишүүд төдийгүй олон нийтийн дунд бий болсон билээ. Ийнхүү АН анх удаа нийт гишүүдээсээ намын даргаа сонгоход тус нам дахь “Шонхор” фракцын лидерүүдийн нэг, экс дарга З.Энхболдын улс төрийн хамтрагч, олон нийтийн дунд “Баянголын Эрдэнэ ван” хэмээн шоглонгуй нэрлэгддэг С.Эрдэнийн нэр илэрхий сондгойрон гарч ирсэнд талархал, хүндэтгэл гэхээсээ эргэлзээ, эсэргүүцэл дагаж байгаа нь ажиглагдаж байна. Тэрбээр нийт 12 аймаг, дүүрэгт ялснаар Ардчилсан намын дарга болов. Харин өрсөлдөгч Н.Алтанхуяг 9, Л.Гантөмөр 5, Д.Эрдэнэбат 3, Ж.Батзандан нэг аймагт ялжээ. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийг АН-ын дарга болвол Монголын улс төрийн амьдралд юу болох тухайд таамаг ид өрнөж байна. Таамаг яриа ялалтын уухай дунд бус, С.Эрдэнийг хувь хүнийх нь хувьд эсэргүүцсэн шуугиан дунд хөвөрч байгааг онцлох хэрэгтэй. Ийм үед элдэв таамаглал нь бодит байдал хэрхэн өрнөхөөс хамаагүй зөрж болох ч ямар нэг таагүй үйл явдал болох нь гарцаагүй байдаг. АН-ыг дэмжигсэд 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнд эргэлзэн, ижилхэн тээнэгэлзээ тээж яваа хүмүүсээ олж уулзахаар гэрээсээ гарахдаа МАН-ын цагаан ордныг үнс болгочихъя, 5 хүний амь насыг хохироох хүртэл эмх замбараагүй байдал үүсгэчихье гэсэн санаа бодол тээгээгүй. Үйл явдал тэдний төсөөлөө ч үгүй таагүй явдал руу хальж, Монголын нийгэм тэр чигээрээ балмагдаж хоцорсон. Энэ түүхийг АН-ын даргын сонгуулийн дүнд эргэлзэн тээнэгэлзэж буй хүмүүст эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

Хэн нь ч даргын сонгуульд ялсан бай, илүү сайн АН-ын төлөө 5 өрсөлдөгч цаашид хамтарч ажиллах андгай тангараг бий. Гэвч ардаа З.Энхболд, Х.Баттулга нарын лидерүүдийн дэмжлэгээр хавсайдан ялсан С.Эрдэнэ АН-ын  дарга болбол түүний удирдлагад ажиллахаас дургүйцэх хандлага өнөөдөр ширүүн талдаа байгаа тул үйл явдал одоогийн Ардчилсан намыг их сайнаар харвал эв нэгдэлгүй чигээр үлдэх, муугаар ёрловол хагарч бутран, 26 жилийн түүхээсээ эмтлэн өөр нэг шинэ улстөрийн хүчнийг төрүүлэх магадлал өндөр байна. Одоо С.Эрдэнийг эсэргүүцэгч АН-ын хэсэг бүлэг байшин саваа шатаалгүй шинэ даргаа хүлээн зөвшөөрч чадвал тэд хамтдаа удахгүй болох их хурлаараа шинэ даргаа батламжилна. 

С.Эрдэнэ бол өнгөлж, сайжруулаагүй өөрийнхөө буй байдлаараа танигдсан улстөрч. Дүүргийн намын хорооны дарга, Засаг дарга, төрийн сайд, түшээ гээд түүний ажил албаны карьер үргэлж дороос дээш өгссөн атал нэр хүндийн тодотгол нь нэг тийм шархдаж хонзогносон партизаны чинээгээс хэтэрдэггүй хэвээр. Түүний хийдэг улс төр ямагт эр хар зориг, чадал тэнхээ шаардсан тэмцэл, зөрчлийн дунд бойжсон юм. С.Эрдэнийн дайчин хурц байдал нь олны ой тойнд давшлагч, хүчирхийлэгчийн дүрээр хоногшсон хачирхалтай фигур. Зорилготой, тэмүүлэлтэй гэхээсээ яахаас ч сийхгүй зоригтой этгээд гэж харагдах түүний онцгой төрхийг нам нэгт нөхөд нь ч амар хүлээн зөвшөөрдөггүй. С.Эрдэнэ нэг насаараа улс төр хийж, олон ялалт амссан ч энэ удаагийн ялалт хувь хүнийх нь хувьд цоо шинэ шат авчирч байгаагийн адил Монголын ардчилсан хувьсгалтай эн чацуу АН-д шинэ харизм, шинэ үнэт зүйлийг тулгаж байх шиг. 

Зөвхөн саараар хэлүүлээд сурчихсан С.Эрдэнийн гарт Ардчилсан намын хувь заяа шилжиж байна. Нам бүрэн ялагдсан нэгэн жил хойно хоцорч, АН С.Эрдэнийн ялалтаар нэгэн оныг угтлаа. Энэ нь мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жил бөгөөд С.Эрдэнэ хэний сонгуулийг удирдаж, ялалтын буухиаг хэрхэн үргэлжлүүлэх нь асуултын тэмдэг дор үлдэв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
40
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.