Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Осоргарав: Монгол Улс яагаад өрөө төлж чадах, чадахгүйгээ дэлхийд дуудуулах ёстой юм бэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзав.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалийг эрхэмлэж 10 адуу,  эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан юм.

Тэрбээр  “Эзэн Чингис хааны бахархалт өдөр болон Улс тунхагласан өдрөөр бүх нийтээр амарч, телевизээр эх орны сэдэвтэй олон сайхан нэвтрүүлэг гарсан нь надад энэ санааг өгсөн. Ер нь цагтаа дэлхийн талаас илүүг эзэлж явсан Монгол Улс яахаараа өрөө төлж чадах, чадахгүйгээ дэлхийд дуудуулж явах ёстой юм бэ гэж бодон тооцоо хийж үзсэн” гэж ярилаа.

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар  20-100 сая төгрөг,  үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5  сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой юм байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  танилцуулгыг сонссоны дараа, манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Б.Осоргарав, эдийн засагч хүний хувьд улсын эдийн засаг, нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож, гадарлаж байгаа,  тийм учраас энэ санаачилгаа идэвхтэй үргэлжлүүлнэ гэлээ. Тэрбээр удахгүй банкны холбоо, уул уурхай ассоциаци, МҮХААҮТ, бусад ТББ-тай уулзах юм байна. Гавьяат эдийн засагч Б.Осоргарав давхар бас нэгэн зүйлийг ард түмнээсээ, ялангуяа улс төрийн намуудаас хүсч буйгаа уулзалтын үеэр хэллээ. Тэрээр “Миний энэ санаа, санаачилгыг улстөрчид, намууд битгий улстөржүүлээрэй  гэж хүсье. Заримдаа хэвлэл харахаар “Бүгдийг зөвхөн буруу талаас нь ярих, тайлбарлах, гуйвуулахад бэлтгэгдсэн юм уу” гэмээр хүмүүс байх юм. Хэрвээ улстөржүүлж, замын дунд гуйвуулчихгүй бол монголчууд эх орныхоо төлөө яаж нэгдэж чаддагийг улстөрчид харна, ард түмэн харуулах болно, би үүнд итгэлтэй байна” гэв.

Дашрамд дурдахад түүний санаачилгыг өчигдрийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан /100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн/-аас эхлээд 100 гаруй мянган хүн дэмжихээ илэрхийлжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
25
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.