Хайх зүйлээ бичнэ үү

“Токио” цомгийн нээлтийн үдэшлэг энэ сарын 4-ний өдөр “CUE+”-д болно.

Хүний хөлд дарагдсан хотын гудам, өндөр барилга, өнгө өнгийн гэрлүүд. Их хотын амьдрал буцалсан Токио хотод хөл тавьж үзээгүй ч, очвол ийм л мэдрэмж төрөх болов уу гэх бодол Бодьхүүгийн “Токио” цомгийн Токио бүтээлийг сонссоны дараа толгойд орж ирлээ. Өөрийгөө “Аялгуут хэмнэл бүтээгч” хэмээн тодорхойлсон Бодьхүү бидэнтэй “Токио” нэртэй цоо шинэ цомгийнхоо тухай болон хөгжимтэй холбогдсон түүх, Бодьхүү гэх нэрийн утга, бага насны дурсамж болоод бодож санаж явдаг зүйлсээ нуулгүй хуваалцсан юм.

-2012 онд Дунд гол хауст “Alpha.mn”-д зориулж ярилцлага хийх гэж уулзсанаас хойш анх удаа ингэж тухтай ярилцахаар уулзаж байгаа юм байна. Дөнгөж хөгжим хийж эхэлж байсан тэр үеэс тань хойш юу өөрчлөгдөв?

-Олон зүйл өөрчлөгдсөн байна. Тэр үед би зөвхөн Монгол дуунуудыг ашиглан хөгжим хийдэг байлаа. Харин одоо тэр үеийг бодоход өөрийн гэсэн хөгжмийн өнгө аясаа олж, 5 цомгийн ард гарсан байна. Гаргаагүй хоёр бүтэн цомог бий. Бас цаана нь ойролцоогоор 600 гаруй sample-даж хийсэн хөгжим байгаа. Тэр хөгжмүүдээ зарим парти дээр боломж гарвал, эсвэл гадаа гудамжинд тоглохдоо ашигладаг. Тэдгээрийг засаж, сайжруулаад олон цомог гаргах боломжтой. Хамгийн анх “Rio” нэртэй цомгоо гаргаж байсан. Дараа нь “Night Shine”, “Alone in the woods”, “Welcome to UB” цомгуудаа гаргасан. Ирэх бямба гарагт нээлтээ хийх “Токио” цомог тавь дахь цомог маань болно.

-Цомгуудаас гадна цөөнгүй үдэшлэг зохиож, бүтээлүүдээрээ хөгжим сонирхогчдын дунд багагүй танигдсан гэж хэлж болох байх. Ингэж идэвхтэй ажиллахад юу нөлөөлсөн бэ?

-Би зөвхөн хөгжимдөө бүх анхаарлаа хандуулах боломж гарсан гэх үү дээ. Өөр ажлын хажуугаар хөгжим хийнэ гэдэг их хэцүү юм билээ. 2014 онд зуны гурван сар барилгын өндөр каран дээр ажилласан. Тэр үед “Гэгээн өглөө” дуу болон “Рио” цомгийнхоо санааг олсон юм. Ажлаа тарж ирээд хөгжим хиймээр санагдаад, шөнөжин суусаар байтал маргааш өглөө нь маш их ядардаг байсан. Тэр ажил дууссаны дараа “Рио” цомгийг 5 өдөр сууж байгаад хийж дуусгасан. Тухайн үед цомог маань олон хүнд хүрж чадаагүй л дээ. Харин одоо бол залуусын хөгжмийн сонирхол, хүлээж авах байдал нь өөр болж байгаа шиг санагддаг. Бас идэвхтэй DJ хийдэг болсноор намайг ганц нэг хүн мэддэг болсон байх.

-Адилхан хөгжим хийх сонирхолтой, өөрөөс тань тусламж зөвлөгөө авахыг хүсдэг залуус байдаг уу. Тэдэнд ихэвчлэн ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Тийм ч их байдаггүй. Ганц нэг сонирхсон хүүхдүүдэд би аль болох чадахаараа туслаж, зөвлөхийг хичээдэг. Би тэдэнд хөгжим хийхийг хүсэж байвал юу хийх чинь биш, цаашдаа хэр тууштай хийх нь л чухал гэж хэлдэг. Одоо байгаа багахан авъяасаа цааш нь хөгжүүлж, гартаа оруулж байж л өөрийнхөө хөгжмийн стилийг олно. Тэгэхээр хэр тууштай, хөгжим хэр үнэнч вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Би бол тийм авъяастай хүн биш. Зүгээр л тууштай хөгжим хийдэг хүн. Монголд андерграунд, инструменталист уран бүтээлчид олон төрөөсэй гэж би хүсдэг. Зарим үед би их ганцаарддаг. Энэ төрлийн хөгжим сонирхдог хүмүүс холбогдох юм бол би туслаж, дэмжихийг хичээнэ.

-Танай гэр бүлд хөгжмийн хүн байдаг уу. Ер нь танайхан хийдэг зүйлийг тань хэр дэмждэг вэ?

-Манай гэрт хөгжмийн хүн байхгүй. Ээж зарим уурласан үедээ миний хөгжмийг шатаана гэж загнадаг байсан. Харин манай дүү нийтийн дуу сонсдог. Би гэрийнхэн дундаа тэс хөндлөн хүн юм шиг байгаа юм. Аавд хийсэн хөгжмөө сонсуулахаар “Наадхаар чинь мөнгө олох уу” гэж асуудаг. Хамаатан садан, эргэн тойрныхон маань намайг сайн ойлгодоггүй юм. Тийм болохоор ч тэр үү би Цагаан сард дургүй.

-Дуу хөгжимтэй хамгийн анх яаж танилцаж байв?

-Би Увс аймагт төрж, өссөн. Гол төлөв өвөө, эмээгийндээ хөдөө мал дээр өнждөг хүүхэд байсан юм. Манай ахын хүүхэд хотоос над руу кассет явуулдаг байлаа. Тэр кассетуудыг унтахаасаа өмнө, бас мал хариулж явахдаа үргэлж сонсоно. Дунд сургуульд ороод хотод ид гарч ирж байгаа хип хоп хамтлагуудын кассетийг их сонсдог болсон. Анх удаа тийм орчин үеийн хэв маягтай дуу, хөгжим сонсож үзээд алмайрч байсан. Хип хоп дуунууд яагаад ч юм сэтгэлд маш дотно санагдсан. Одоо бодоход Mr Dogs хамтлагийн “Энэ л охин заяа” зэрэг дуунуудыг сонсоод л тэгж их алмайрч байсан юм билээ. (Инээв) Удалгүй найзуудтайгаа нийлж хип хоп хамтлаг байгуулаад жижигхэн тоглолт хийдэг байлаа. Би “Татар” хамтлагийн Заяагийн хоолойг дуурайж дуулахдаа их сайн байсан. Тоглолтынхоо тасалбарыг 300 юм уу, 500 төгрөгөөр зардаг байлаа.

-Бодьхүүг дуулдаг гэж огт мэдээгүй юм байна.

-Тэр үед хотод ямар дуу хит болж байна, бид нар дуурайж дуулаад тоглолт хийчихдэг байсан. Тэр дууныхаа аяны үггүй хэсгийг тасдаж авснаа олон дахин үржүүлж байгаад л инструментал болгож ашиглаад дуулдаг байлаа.

-Тэгвэл бараг тэр үеэс хөгжим хийх эхлэлээ тавьсан байх нь ээ. Технологи хөгжөөгүй байх үед яаж тэгж инструментал хийдэг байсан юм бэ?

-2003-2005 оны үед тийм аргаар инструментал хийдэг байв. Тэр үед PC тоглоомын газар ид хөгжиж байсан. PC-нд орж байгаад интернэтээс татаж авсан Soundcoach гэдэг програм дээр хийдэг байсан юм. Тэр үед манай өрсөлдөгч хамтлагууд хотоос ирсэн дууг тэр чигээр нь ам барьж дуулж, шударга бус тоглолт хийж “заваарсаар” байгаад дууссан даа. Одоо бодоход их хөөрхөн, инээдтэй санагдаад байдаг юм.

-Одоо дуулъя гэж боддог уу?

-Тийм ээ. Би дуунуудаа бэлдээд, дууны үгээ ноороглож бичээд л явж байгаа. Тун удахгүй өөрийнхөө нэг ая дээр дуулна гэж бодож байна. Би хотод ирэхдээ хөгжимчин биш дуучин болно гэж мөрөөдөж байсан.

-Тэгвэл бид яг хэзээ Бодьхүүгийн дуулахыг харах бол?

-Тун удахгүй гэж найдаж байна. Заримдаа дууны үг цаанаасаа ундраад, онгод ороод дуулмаар санагдаад байдаг юм.

-Бодьхүү гэх нэрийн утгыг тайлбарлаж өгөөч?

-Энэ бол миний хувьд маш утга учиртай нэр. Миний жинхэнэ нэрийг С.Мөнхбаатар гэдэг. Анх хөгжим хийж эхлэхдээ Munk (Манк) гэх нэртэй байсан. 2010 онд хар багийн сайн найз маань автомашины ослоор тэнгэрийн оронд одсон юм. Түүнийг Батхүү гэдэг. Энэ нэрнээс санаа авч өөртөө Бодьхүү гэдэг нэр өгсөн дөө. Найз минь одоо байсан бол надад маш их туслаж, урам зориг өгөх байсан. Батхүү наймдугаар ангиа төгсөөд хот руу явсан. Тэр үед бид хоёр байнга захиагаар харилцаж, Батхүү надад хотын сонин сайхныг дуулгаж, шинэ гарсан дуу, хөгжмийг над руу явуулдаг байсан.

-Улаанбаатарт хэзээ ирсэн юм бэ?

-Ахлах сургуулиа төгсөөд, 2005 оны зун оюутан болохоор хотод нүүж ирсэн. Намар нь ХААИС-д Ландшафтын архитекторын ангид элсэж, дөрвөн жил сураад төгссөн. Гэхдээ мэргэжилдээ тийм ч сонирхолтой биш байсан болохоор ландшафтын архитектураар нэг ч удаа ажиллаагүй.

-Соёл урлагийн их сургуульд ч юм уу, мэргэжлийн хөгжмийн сургуульд явдаг байж гэж харамсах тохиолдол гардаг уу?

-Сургуулийн хуваарь авах үед багшийн мэргэжил, архитектороос өөр сонголт байгаагүй. Гэхдээ мэргэжлийн сургуульд сураагүйдээ нэг их харамсдаггүй. Анхнаасаа бүх зүйлийг багшаар заалгаад, нотонд баригдаад явсан бол өдийд өөрийн гэсэн өнгө аяс гэж байхгүй, хайрцаглагдсан сэтгэлгээтэй болчих ч байсан юм бил үү.

-Хамгийн анх old school хип хоп, жазз хөгжмийн урсгалтай хэрхэн холбогдож байв?

-Би хамгийн анх гэртээ бага сага хөгжим оролддог байсан юм. Гэхдээ бүр ганста реп, гудамжны хүнд хип хоп хөгжим хийдэг байлаа. Оюутан байхад надад компютертэй болох боломж олдож ээжтэйгээ хамт Хорооллоос авч байсан. Компьютерийн худалдагч дуу суулгуулж авах уу гэхэд нь би байгаа дуунуудаас нь харж байгаад хамгийн гангстер харагдсан "Gang Star" гэдэг хамтлагийн хоёр цомгийг авсан. Тэрийг зарсан хүн нь миний компютер дээр “Gang Star” гэдэг хамтлагийн цомгуудыг суулгаж өгсөн. Би тэр хамтлагийг гангста хип хоп маягийн хамтлаг гэж бодсон боловч жазз – хип хоп хамтлаг байсан. Тэр дуунуудыг сонсоод надад маш их таалагдаж, жазз оркестрыг яаж ингэж хэмнэлтэй болгоод байгааг ойлгох гэж их хичээсэн. Ийм олон хөгжмийн ингэж зэрэг тоглуулах боломжгүй гээ гэж бодоод, их л гайхаж байсан. Удаан бодсоны эцэст тасдаж ашиглаж болохыг ойлгож, өөртөө шинэ нээлт хийсэн гэж хэлж болно. Ямар азаар тэр хүн “Gang Star” хамтлагийн хоёр цомгийг суулгаж өгсөн юм гэж одоо боддог.

Тэр үед “Дунд гол”-ын Болдоо “Улаан таван хошуу” гэдэг хөгжмийн нэвтрүүлдэг хөтөлдөг байсан. Болдоо нэвтрүүлгээрээ пянз, old school хип хоп гээд яг л миний сонирхлыг татдаг хөгжмүүдийн тухай их ярьдаг байсан л даа. Тэр үеийн гангста хип хоп хөгжимтэй харьцуулахад миний сонирхол илүү жазз, хип хоп, инструментал төрлийнх болохоор энэ хүнтэй очиж уулзах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Тэгэж 2010 онд Болдоо ахтай уулзаж хөгжмийн цоо шинэ урсгал, чиглэлийг олж мэдсэн гэж хэлж болно. Түүнээс хойш маш их хөгжим сонсож, тууштай хөгжим хийж эхэлхээр сэтгэл шулуудсан. Гадны самплдсан хөгжмүүдийг сонсоод “Монгол хөгжмүүдийг ч гэсэн яагаад ингэж хэмнэл, аялгуугаар баяжуулж болохгүй гэж” гэсэн бодол орж ирсэн. Тэр үед хийсэн Монгол хөгжмүүдээ нийлүүлж, өнгөрсөн жил “Welcome to Ulaanbaatar” нэртэй цомог гаргасан.

-Хамгийн анх хийсэн хөгжмийнхөө тухай яриач?

-Би хамгийн анх Соёл-Эрдэнэ хамтлагийн “Хөдөөгийн сайхан тал” дууг sample-даж байсан. Ер нь гаднын beatmaker-үүд ч  хуучны дуунуудаасаа дээж авч хөгжим хийх хандлага их байдаг. Орчин үеийн хөгжмүүдтэй харьцуулахад хуучны хөгжмүүд маш олон элемэнт, хөг аялгуутай. Хуучны хөгжмүүд тэс өөр дугаралттай байдаг шүү дээ.

-Хэн нэгний бүтээлээс дээж авч ашиглахад зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөх байх. Үүнийг яаж шийддэг юм бэ?

-Мэдээж зохиогчийн эрх хөндөгдөнө. Ямар хөгжмөөс дээж авч бүтээсэн дуу, цомог олон хүнд хүрээд, их хэмжээний ашиг олоод эхэлхээр энэ асуудал улам ноцтой болох магадлал өндөр. Тэгэхээр аль болох ашиглах гэж байгаа дууныхаа зохиогчтой холбогдож, зөвшөөрөл авах нь зүйтэй.

-Тэгвэл Бодьхүү зохиогчийн эрхтэй холбоотой ямар нэг асуудалд орж байсан уу?

-Үгүй. Аль болох уран бүтээлчдэд дуунаас нь дээж авч хөгжим хийхээ дуулгахыг боддог. 2011 онд “Welcome to UB” (2011-2013 хооронд хийсэн) цомгийн дуунуудыг Болдоо ах бид хоёр Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Б.Баяр агсаны гэрт нь очиж хүү Б.Хонгор, эхнэр хоёрт сонсгож байсан. Тэдэнд миний хийсэн хөгжмүүд их таалагдсан болохоор зөвшөөрсөн. Дараа нь “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмонтой уулзаж хамтлагийн хөгжмүүдийг ашиглах зөвшөөрөл авсан.

-Цомгуудыг хараад байхад дэлхийн том хотуудын хөгжмийн соёлтой холбогдож байгаа юм шиг санагдсан. Цаашдаа өөр хотын нэртэй цомог хийх үү?

-Магадгүй. Хөгжмийн өндөр соёлтой хотуудаар цомог хийх нь сонирхолтой байсан. Хэрвээ би өөрөө хүсвэл ахиж хотын нэртэй цомог хийж болох л юм.

-“Токио” цомогт ямар дуунууд багтсан бэ?

-1980, 90-ээд оны Японы хөгжмүүдээс дээж авч хийсэн 15 хөгжим багтсан байгаа.

-Цомгийг хаанаас, яаж авах уу?

-“Токио” цомгийн нээлтийн үдэшлэг энэ сарын 4-нд буюу ирэх бямба гарагт “CUE+”-д болно. Үдэшлэг 10 мянган төгрөгийн такстай. Ирсэн хүн болгонд шинэ цомгоо бэлэглэнэ. Цомгийг авах хүсэлтэй хүмүүсийг нээлтийн үдэшлэгт ирэхийг урьж байна.

-Нээлтийн үдэшлэг дээр өөр сонирхолтой зүйл болох уу?

-Тэр үеэр “Токио” цомгийг бичсэн 3 ширхэг кассетнаас худалдаж авах боломжтой. Эхний ээлжинд туршилт болгоод 3 кассет дээр л цомгоо бичиж үзсэн юм. Цаашдаа илүү олныг хийнэ ээ. Мөн нээлтийн үдэшлэгт ирж “Токио” цомгийн “Backpack” нэртэй дуунд зориулж үг зохиосон залуу реппер Төгөлдөр болон Оюун-Эрдэнэ нарын дууг амьдаар нь сонсоорой.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.