Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Солонгосын хандивын туршлага Монголд хэрэгжих боломжтой юу?


Азийн санхүүгийн хямралаас улбаалсан эдийн засгийн хүндрэлд БНСУ 1997 онд өртжээ. Тухайн үед хямралаас гарахын тулд солонгосчууд алтан бэлзэг, ээмэг зүүлт сэлтээ улсдаа хандивлах аянд өнөөдрийн монголчуудтай адил нэгдсэн байна. Хамгийн гол нь БНСУ-ын Засгийн газар иргэдийнхээ сэтгэл зүйг зөөллөж, нийгмийн санаа бодлыг нэг чигт хөдөлгөж эдийн засгийн хямралаас гарсан гэнэ. Харин Монголын хөрсөн дээр Солонгосын загвар нутагших шинжгүй нь анзаарагдаж буй бололтой.  

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан улсдаа хандив өргөх аян олны дунд эрчтэй тархаж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлана гэсэн нь дуулианы эрчийг нэмэв. Байгууллага, хамт олноороо өдрийнхөө цалинг төр засагтаа хандивлах тухай яриа хөөрөөг монголчууд дэлгэж байна. Өөрөө санаачлаагүй боловч Засгийн газрын тэргүүн хандивын аяныг сайшааж буйгаа илэрхийлэхэд дэмжиж магтах, ёрлож муулах хоёр талд монголчууд талцаад хуваагдчих нь тэр. 

Тэгтэл эвлэлдэн нэгдсэн Солонгос л хандивын аянаар эдийн засгийн хямралаас гарсан тухай бөмбөрцгийн хэвлэлүүд бичиж байжээ. 

Солонгосын хандивын туршлага Грек тэргүүтэй бусад оронд хэрэгжих боломжгүй

Баримт сөхөж харвал, солонгосчууд улсын өрөө дарахын тулд өөрт байсан алтан  бэлзэг, ээмэг сэлтээ 1998 онд тушааж эхэлжээ. Ердөө нэг сарын дотор 227 тонн алт цуглуулж, тухайн үеийн ханшаар гурван тэрбум гаруй ам.доллартай болсон гэнэ. Харьцуулахад, тухайн үед БНСУ-ын ОУВС-гаас авсан зээл 58 тэрбум ам.доллартай тэнцэж байв. Тэгэхээр Засгийн газрын иргэдээсээ хандив гуйх шийдэл нь хөрөнгө мөнгө босгохоос илүүтэй, ажилгүйдэл гаарсан үед олон нийтийн санаа бодлыг нэг чигт хөдөлгөх арга хэмжээ болж чаджээ. 

(Солонгосчууд алтан эдлэлээ хэрхэн тушааж байгаа бичлэгийг ЭНДЭЭС үзээрэй). 

Солонгос хүн бүрийн улсдаа хандивласан үнэт эдлэл бүрт юутай ч харьцуулж боломгүй дурсамж, хайр шингэсэн байдаг гэж Германы DW сувагт өгсөн ярилцлагадаа БНСУ-ын Боннын их сургуулийн профессор Кенг Санг Сук хэлсэн байдаг. Түүний эцэг эх уламжлал ёсоор нэг насных нь төрсөн өдрөөр хүүдээ бэлэглэсэн алтан бөгжөө хүртэл хандивласан гэнэ. Тухайн үеийн бейсболын алдартай тамирчин Ли Чон-бом өөрийн алтан медалуудыг тушаасан нь 31.3 унци болсон гэнэ. Ингээд хямралаас гарах сэтгэл зүй дор тус улс 2001 он гэхэд ОУВС-гийн зээлээ асуудалгүй эргэн төлсөн аж. 

Хамгийн гол нь энэ жишээг бусад орон хэрэгжүүлэх тухай яг л бидэнтэй адил бодож, санаж явжээ. Өрийн хямралын тод жишээ Грекийг гэхэд л энэ загвараар хямралаас гарах гэж оролдоод ч хэрэггүй гэж Киел институцийн дэд ерөнхийлөгч асан Рольф Лангхам (Rolf Langhamme) хэлсэн байна. Грекийн эдийн засгийн нөхцөл байдал 1998 оны Солонгосынхоос ондоо гэдгийг тэрбээр онцолжээ. Түүнчлэн Солонгосын туршлагыг өөрийн өнгө төрхөөр хэрэгжүүлсэн Японы жишээг дурдсан байна. 

Тодорхой тайлбарлавал, япончууд дотоод нөөц бололцоондоо тулгуурлаж их хэмжээний зээл иргэдээсээ хүртэл авсан гэнэ. Ингээд Засгийн газрын өр нь ДНБ-ээсээ даваад явчихсан цөөн орны нэг болсон түүхтэй. Грект Японтой ижил үйл явц өрнөж магадгүй гэж  Рольф Лангхам тайлбарласан нь энэ. 


Талцсан Монголд хэрэгжих боломж бий юү

Хандивын аяныг санаачлагч Б.Осоргаравын тооцсоноор найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг улсдаа хандивлавал 200 гаруй тэрбум төгрөг цуглах аж. Үүн дээр нэмээд 2012 оноос хойших улс төрийн албан тушаалтнууд 20-100 сая, аж ахуйн нэгжүүд 2-2.5 сая төгрөг хандивлавал Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хүндрэлгүй давах боломжтой гэж үзэж байгаа юм. 

Энэ саналыг нь ч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэмжиж 100 сая төгрөг хандивлана гэжээ. Түүгээр ч зогсохгүй Барилга, хот байгуулалтын яамныхан нэг өдрийн цалингаа улсдаа хандивлана гэнэ. Энэ мэтээр хандивын цуваа үргэлжилж буй боловч эсэргүүцсэн монголчуудын тоо ч олширсоор байгааг олон нийтийн сүлжээнээс уншигч Та анзаарсан биз ээ. 

Тухайлбал, Утааны эсрэг тэмцэж буй ээж, аав нар алтан ээмэг бөгжөө хандивлаад ч болтугай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах хүсэлтэй байгаа гэнэ. Тэд эдийн засгийн хүндрэлийг давахад чин сэтгэлээсээ хандивлаж байна гэхээс илүүтэй утаа униартай тэмцэх зорилгоо л ил шулуун хэлж байгаа нь энэ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Хандивын аяныг тойрсон СОНИРХОЛТОЙ 10 жиргээ 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
15 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
15 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
43
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.