Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Мэдлэгээ тэлэхэд тань туслах 3 TED-Ed илтгэл (Монгол хэлээр)

TED-Ed төрөл бүрийн сэдвээр ямар ч насны хүн ойлгоход хялбар, зурагт дүрслэл бүхий хичээлүүдийг тогтмол түгээдэг билээ.


Заримдаа бид ямар нэгэн сэдвийн талаар мэддэг юм шиг хэрнээ учир зүйн талаас нь эсвэл бүр шинжлэх ухааны талаас тайлбарлаж чаддаггүй шүү дээ. Тэгвэл TED-Ed төрөл бүрийн сэдвээр ямар ч насны хүн ойлгоход хялбар, зурагт дүрслэл бүхий хичээлүүдийг тогтмол түгээдэг билээ. Сонирхолтой байдлаар мэдлэгийнхээ хүрээг тэлэхийг хүсвэл TED-Ed -ийн бэлтгэсэн хичээлүүдийг заавал үзээрэй. Өдөрт 1 хичээл үзэж 5-6 минут зарцуулсандаа та харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Эдгээрээс жишээ болгон доорхи хичээлүүдийг хүргэж байна.

TED Орчуулагчид гэж хэн бэ?

Энэ бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй сайн дурын орчуулагчдын баг юм. Бид дэлхий даяар болж байгаа TED, TEDx арга хэмжээний үеэр тавигдсан илтгэлүүд болон TED-Ed хичээлүүдийг орчуулан Монгол хэл дээр та бүхэнд хүргэдэг билээ.
Энэхүү төсөл нь анх TED-ийн санаачлагаар 2009 онд сайн дурын 200 орчуулагч, 40 хэл, 300 орчуулгатайгаар эхэлж байсан. Өнөөдөр сайн дурын 20000 орчуулагч, 112 гаруй хэл дээр 70000 гаруй орчуулга хийгдсэн байна.

1. Алт хаанаас үүссэн бэ?

Дэлхий дээрх хамгийн үнэтэй металлуудын нэг бол алт гэдгийг хүн бүр мэднэ. Харин та алтыг харь гарагаас гаралтай гэдгийг мэдэх үү? Алт дэлхийн чулуулаг хөрснөөс ургахын оронд сансарт боловсорч, супернова гэж нэрлэгдэх сансрын их тэсрэлтээр дэлхийд ирсэн байна. Европын Цөмийн Судалгааны Байгууллагын (CERN) эрдэмтэн Дэвид Ланни алтны сансраас Дэлхий рүү хийсэн гайхалтай аяллыг тоймлон тайлбарлаж байна. 

Орчуулсан: Zaya Skodde
Хянасан: Marla Munkh-Achit

2.Хэлмэрчид нэгэн зэрэг хоёр хэлийг яаж ашигладаг тухай

Хэл гэдэг маш ярвигтай бөгөөд абстракт эсвэл нарийн өнгө аястай илэрхийлэл орчуулгын явцад алдагдвал үр дүн нь аюулд хүргэж болно. Хэл соёлын ялгаатай иймэрхүү бэрхшээл байсаар байхад яагаад асуудал байнга гардаггүй вэ? Эвандро Магалесын хэлснээр үүний хариу нь хэлний бэрхшээлийг даван туулах хэлмэрчдийн ур чадвар, хичээл зүтгэлд оршино.

Орчуулсан: Г. Энхзаяа
Хянасан: Г. Индра

3.Зарим хүн яагаад улирлын харшилтай байдаг вэ?

Хавар цагаа гэж... Цэцэг, ногоо ургаж, модны навчис шинээр дэлгэрнэ. Гэвч та харшилтай бол ийнхүү амьдрал шинээр эхлэхэд танд баяр авчрахаасаа илүү айдас төрүүлнэ. Тэгвэл энэ салст бүрхүүлийн үрэвслийн шалтгаан яг юунд байна вэ? Tаны дархлааны систем дүрсгүйтэж эхлэхэд юу болдог талаар Элинор Нелсон тайлбарлаж байна.

Орчуулсан: Zaya Skodde
Хянасан: Г.Индра


TED Орчуулагч Заяагаас асуух асуултууд:

Өөрийгөө товчхон танилцуулна уу?

Намайг Мөнхзаяа гэдэг. Би барилгын инженерийн мэргэжилтэй бөгөөд одоогоор МСМ Групп ХХК-д үйлдвэрийн менежерээр ажиллаж байна. Ажлын бус цагаар TED talk болон Wikipedia-ийн орчуулга хийхээс гадна түүх, антропологи болон бусад шинжлэх ухааны салбаруудыг сонирхон судалдаг.

Анх яагаад TED Илтгэлүүдийг орчуулах болсон бэ?

TED илтгэлүүдийг өмнө нь Youtube-ээр англи хэл дээр үзэж, сонсдог байсан. Тухайн үед ийм сонирхолтой мэдээлэл, ярилцлагуудыг бусад хүмүүс бас үзвэл сайхан даа гэж боддог байлаа. Харин нэг удаа санаандгүй TED Орчуулагчдын Группыг мэдэж аваад маш их баярласан. Тэгээд л TED-д бүртгүүлээд орчуулж эхэлсэн дээ.

Орчуулахад хамгийн сайхан ба хүндрэлтэй зүйл юу вэ?

Орчуулж дууссаны дараа хянагдаад, олон хүмүүст тараах боломжтой болох үе хамгийн сайхан. Харин хэцүү нь гэвэл заримдаа Англиар хоёрхон үгтэй өгүүлбэрийг Монголоор орчуулахад тав, зургаан үгтэй болох тохиолдол байдаг. Энэ үед гарч байгаа дүрстэйгээ тохируулахын тулд үгээ багасгах эсвэл солих гэх мэт асуудал гардаг.

Хэрвээ аль нэг TED Илтгэгчтэй уулзах боломж гарвал хэнийг сонгох вэ? Яагаад?

Хэрэв тийм азтай завшаан тохиолдвол Физикч Мюррей Гелл-Маннтай уулзана. Мюррей бол манай эрин үеийн алдарт физикчдийн нэг бөгөөд квантын физикт оруулсан хувь нэмрээрээ Нобелийн шагнал хүртсэн. Түүний шинэ онол, таамаг болон тааврыг хэрхэн дэвшүүлдэг туршлагуудыг өөрөөс нь сонсож, физикийн салбарын ирээдүйн талаар асуувал маш сонирхолтой зүйлс мэдэж авна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
45
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.