Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Габриэль Жезус гэж хэн бэ

Жезус бол жинхэнэ араатан” гэж шавиа магтсан юм.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Премьер лигийн ээлжит тоглолтууд явагдлаа. Аваргын цомын төлөөх уралдаанд “Челси”-гээс хоцрохгүйн тулд хүснэгтийн дээд хэсэгт байгаа багууд нэг ч оноо алдахгүй байх шаардлагатай. Сүүлийн үед амжилт тааруухан байгаа “Манчестер Сити” ч тэдний нэг. Уржигдар болсон тоглолтод тэдний эсрэг дээд лигээс унахгүйн тулд тэмцэж байгаа Уэльсийн “Суонси” гарч ирсэн юм. Хүнд хэцүү тоглолтод Пеп Гвардьола болон “МС” багийг Бразилийн 19 настай залуу хүү Габриэль Жезус аварсан билээ. Түүний хийсэн хоёр гоол улирлын эцэст аваргын цомын үнэ ч хүрч мэдэх юм.

Хөлбөмбөгийн эх орон Английг байлдан дагуулж эхлээд байгаа Габриэль Жезус гэж хэн бэ?
Өнгөрсөн улирал Бразилийн аварга шалгаруулах тэмцээнд “Палмейрас” түрүүлж, 22 жилийн дараа аваргын цом хүртсэн. Сүүлийн тойрогт “Шапекоэнсе”-г 1:0 харьцаатай ялж, аваргын баяраа тэмдэглэж байхад цэнгэлдэх хүрээлэнд ганцхан залуу л асгартал уйлж байлаа. Энэ бол Жезус байсан юм. Багийнхаа шилдэг мэргэн бууч болсон Жезус цом аваад огт баярласангүй. Үзэгчдэд хандан үг хэлэх ээлж нь ирэхэд залуу хүү “Би багаа орхиж байна. “Палмейрас”-ийг хэзээ ч мартахгүй. Та нар ч гэсэн намайг битгий мартаарай. Би баяртай гэж хэлэхгүй, “Дараа дахин уулзая” гэж хэлмээр байна” гээд нулимс асгаруулсан. Авьяаслаг залуу тоглогчийн араас Европын том багууд ангуучилж эхлээд байсан учир Жезус явах нь тодорхой болоод байв. Хөлбөмбөг том бизнес болсон тул “Палмейрас” ч залуу одоос орж ирэх мөнгөө тоолон сууж байлаа.

Габриэль Жезус 19-хөн настай ч их юм үзсэн. “Габриэль бол алтан жаал. Агуу хөлбөмбөгч болох бүх чанар түүнд бий” гэж дасгалжуулагч Кука ярьж байлаа. Дотоодын цом, аваргын тэмцээнд түрүүлсэн тэрбээр олон улсын тавцанд ч гялалзаад амжсан. Бразилийн залуучуудын шигшээ багт ороод тэр Италийн “Интер”-т тоглож байгаа Габигоол хэмээх Габриэл Барбозаг даван гарч чадсан. “Рио 2016” олимпийн наадамд залуу хүү Неймарын хамт эх орондоо алтан медаль авч өгсөн юм.

Техник сайтай, хаанаас ч хаалга руу цохьчихдог жинхэнэ бразил хөлбөмбөгч. Мэдээж түүнд дутагдалтай зүйл олон бий. Түүний тоглож байгааг харахад залуу Неймар санаанд орно. Габриэль зарим үед баашилж чадна. Эсвэл талбай дээр уйлж, өрсөлдөгч рүүгээ дайрч, шүүгчтэй маргалдаж чадна. Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите “Би түүнийг дүрэм зөрчихөө болиод яаж бөмбөг эзэмшдэгээ л харуул гэж олон хэлсэн. Жезус бол жинхэнэ араатан” гэж шавиа магтсан юм. 19 настай залууг араатан гэж нэрлэх нь тохиромжгүй ч ядуусын хороололд өссөн Жезус зальтай, сэргэлэн гэдэг нь ойлгомжтой.

“Гвардьола өөрөө надруу утасдсан болохоор би “Манчестер Сити”-г сонгосон. Надад “Барселона”, “Интер”-ээс санал ирсэн ч би татгалзсан. Үнэндээ би “Милан”-ыг шүтдэг” гэж тэр ярьсан. Өнгөрсөн зун “Манчестер Сити” Бразилийн “Палмейрас”-аас 32 сая еврогоор Габриэлийг авсан ч нутагт нь үлдээсэн. Харин энэ өвөл шинэ одоо яаравчлан авчирсан юм.

Жезус ирснээр Гвардьола Агуэрог сэлгээнд суулгадаг болсон. Дэлхийн шилдэг довтлогчдын нэг Серхио Агуэрог орлоод гараад ирсэн гэхээр Жезусын Англи дахь адал явдал амжилттай эхэллээ гэсэн үг. Гвардьола “Жезус дэлхийн шилдэг хөлбөмбөгч болох мөрөөдөлтэй. Бид үүнд нь туслах болно” гэж хэлсэн.
Хэрэв Жезус энэ маягаараа тоглоод байвал бразиличууд удахгүй Неймар, Габигоол нарыг ч мартаж магадгүй. Ямар ч гэсэн “Манчестер Сити” хөрөнгө оруулалтдаа алдаа гаргасангүй. Габриэль Жезус Бразилид байсан шигээ л гараанд гарч, багаа авран, гоолоо оруулсаар л байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
10
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.