Хайх зүйлээ бичнэ үү

Хүн сайн хөдөлмөрлөж, өөрөө хичээхгүй бол хоног хугацаа хүнийг хүлээхгүй.

Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо А.Түмэнбаяр, М.Сугар-Эрдэнэ

"Аав минь намайг их шүүмжилдэг байсан. Мэх сур гэж хэлнэ. Аав минь 2013 онд бурхан болсон. Тэрнээс өмнө аавыгаа тултал нь баярлуулж том медаль авч өгч чадаагүй. Гэхдээ аав минь намайг тэмцээнээс медаль, цом аваад ирэхээр их л баярладаг байсан даа”

Аавынхаа гараас хөтлөн, жүдо бөхийн секцэнд орж байсан тэр үеэс хойш 15 жил өнгөрчээ. “Миний охин барилдах уу” гэж асуух аавдаа дургүйцэж байсан жаахан охин нэгэн өдөр жүдо барилдахаар шийдсэн нь ёстой л хувь заяа байжээ гэлтэй. Энэ сонголт Ц.Мөнхзаяад төдийгүй жүдод ч сайн сонголт болсон юм. Жүдо бөхийнхөө ачаар тэр хайрт аав ээж, гэр бүл, ард түмнээ баярлуулж, гэр бүлээс өөрцгүй болтлоо дотносон дассан “Хамтын хүч-амжилт” уриатай шигшээ багийнхантайгаа учирсан билээ. Эхэлсэн юм дуусдаг жамтай, спортын амьдрал гэдэг хэзээ нэгэн цагт өндөрлөдөг. Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн нэгэн үеийг тодорхойлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан Монгол түмний хайртай тамирчин Ц.Мөнхзаяа зодог тайлах шийдвэр гаргалаа. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт түүнтэй ярилцсанаа хүргэж байна.  

Ялалтаар өндөрлүүлсэн спортын замнал

-Та зодог тайлахаар бүр мөсөн шийдчихсэн үү, эсвэл...?
-Зодог тайлах шийдвэр гаргасан. Нөхөртэйгөө ярьж, зөвлөөд шийдсэн.
-Хэзээ ийм шийдвэр гаргав? Ямар учраас зодог тайлах болов?  
-Ачаалал маш их байлаа. Мөн өвдөгний хуучин бэртэл сэдрээд зовиуртай, сүүлийн хоёр гурван сар бэлтгэл хийж чадсангүй. Бэлтгэл хийгээд гүйхээр хөл хавдчихаад байх юм. Сүүлдээ гүйхээ ч больсон.
-Хэзээнээс тэр вэ?
-Өнгөрсөн оны гуравдугаар сараас.  
-Тэгвэл таныг Риогийн олимпийн өмнө зодог тайлах тухай бодож эхэлсэн гэж болох нь ээ?
-Яг нарийн төлөвлөсөн зүйл байгаагүй. Олимпод бол амжилттай, сайн барилдана гэсэн зорилготой орсон. Гэвч өөрийн санасан бодсондоо хүртэл барилдаж чадаагүй.
-Олимпийн өмнө гэмтэл чинь гайгүй байсан уу?
-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй байсан. Гэхдээ хүн хэтэрхий их хичээвэл алдаа гаргадаг гэдэг дээ. Ер нь манайхны, манай багт байдаг хамгийн том алдаа гэвэл яах аргагүй энэ. Маш сайн барилдана гэж байсан хүмүүс өөртөө, тархиндаа хэт их ачаалал өгсөнөөс болж хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй тохиолдол байдаг. Риод яг л тийм юм болсон.  
-Үнэхээр ч олимпийн өмнө “Жүдогийн тамирчид бараг бүгд медаль авах байх” гэсэн их хүлээлт үүсчихсэн байсан. Гэвч манайхны авсан медалийн тоо хүмүүсийн хүлээж байсан тэр хэмжээнд  хүрээгүй байх шүү.
-Манай тамирчид өөртөө бас сэтгэлдээ хэт их ачаалал өгсөнөөс болж хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй болов уу.
-Хэдийгээр харамсалтай ч таны оролцсон сүүлийн тэмцээн “Чиндаогийн Гран При” болжээ.
-Харин тийм. “Чиндао-2016” Гран При тэмцээнд миний хувьд тамирчны замнал маань өндөрлөлөө. Гэмтэлтэй, бэлтгэл хийхэд их хүнд байсан тул бараг бэлтгэлгүй шахам Чиндаод барилдсан. “Рио-2016” олимпод ялагдсан БНХАУ-ын Ян Жуншиатай хүрэл медалийн төлөө учраа таарч яллаа. Ялалтаар спортын карьераа дуусгасан болохоор бага боловч сэтгэл амар байна. Магадгүй Чиндаод медаль аваагүй бол одоо дахиад нэг тэмцээнд орчихоод зодог тайлья гэх байсан байх. /инээв/

-Ингэхэд их спортоо орхих шийдвэрийг танай гэр бүлийн хүн хэрхэн хүлээн авсан бэ?
-Одоо ар гэртээ анхаарахгүй бол болохгүй. Манай гэр бүл сүүлийн жилүүдэд гурван талд амьдарлаа. Би тамирчин байх хугацаандаа хүүхэдтэйгээ бараг хамт байсангүй. Аав, ээж нараараа харуулдаг, манайхан намайг сайн барилдаасай, амжилт гаргаасай гэсэндээ бүгд л тусалж, ар гэрийн асуудлыг зохицуулж байлаа. Тамирчин байна гэдэг амаргүй, идэж уухаас өгсүүлээд цагийн хуваарь гээд бүх юм нарийн. Ер нь сүүлийн хоёр жил гэр бүлээсээ тусдаа шигшээ багийнхантайгаа амьдарлаа. Нөхөр маань урд хөршид дасгалжуулагч хийдгийг жүдо бөх сонирхогчид бүгд мэдэх байх.  

-Зодог тайлах тухайгаа багийнхандаа хэлсэн үү?
-Хэлсэн. Тэгсэн “дахиад нэг жил” гэсэн үг гарч ирж байна лээ. Хүн ер нь залуу, эрч хүчтэй үедээ л хичээхгүй бол 30 нас хүрээд ирэхээр хүсэл байгаад ч бие дийлэхээ больдог юм билээ. Залуучууддаа энэ үгийг л хэлмээр санагдаж байна.
-Багийнхныхаа хэлсэн шиг дахиад нэг жил барилдаж болохгүй юу?
-Миний дор зөндөө олон залуу тамирчид байна. Тэд нартаа боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Мөн сүүлийн үед өвдөгний бэртэл сэдрээд их хүнд байгаа болохоор болохгүй байна. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол болохгүй нь.   

М.Бундмаа: Миний найз эргэн ирэлтийг жинхэнэ утгаар нь хийлээ

-“Лондон 2012” олимпийн дараа та хүүхдээ төрүүлсэн. Үүний дараа маш олон хүн таныг их спортдоо эргэж ирэх болов уу, яах бол гэж харж байсан. Эргэлзэж байсан нь ч бий байх. Гэвч та тэдний итгэлийг алдалгүй эргэн ирж, дэлхийн аваргаас медаль авч, өндөр амжилт үзүүлсэн. Бодоод байхад ээж болсныхоо дараа их спортдоо эргэн ирж, ийм амжилт гаргасан тамирчин Монголд цөөхөн байх шүү.  
-2012 оны олимпийн дараа хүүхэд төрүүлнэ, дараа нь барилдана гэдгээ нөхөр бид хоёр  яриад төлөвлөчихсөн байсан л даа. Тиймээс төрсний минь дараа манай хүн намайг амраах гэж хүүхдээ хардаг байлаа. Анхны минь хүүхэд болохоор туршлага дутаад би нэлээд жин нэмсэн. Хэвийн жиндээ орохын тулд бараг 20 гаруй кг хасах ёстой болсон. Тэгж хасна гэдэг үнэндээ амар байгаагүй.

-Нууц биш бол яаж жингээ хаяв?
-Би хажуудаа заавал хүн байлгаж байж бэлтгэл хийдэг. Ер нь хажууд хүн л шахахгүй бол  ганцаараа юу ч хийж чаддаггүй гэх үү дээ. Манай нөхөр тэр занг минь мэддэг болохоор 60 кг-д барилддаг Ч.Болдбаатарыг миний туслах багшаар ажиллуулсан. Бид гурвалсан гэрээ байгуулаад манай хүн “За чи энэ хүнийг хариуцаад яваарай” гэж захиж байлаа. Хэдийгээр хажууд шигшээгийн багш, дасгалжуулагчид байсан ч найзыг минь миний дэргэд үргэлж байлгавал дээр гэж бодсон хэрэг. Тэр нь ч надад үр дүнгээ өгсөн. Ч.Болдбаатарт ч гэсэн надтай ажилласан нь дараа нь багш болоход том туршлага болсон байх гэж боддог. 

-Та эргэж ирээд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шууд орсон билүү?
-Тийм. Тэгэхэд би 70 кг-д барилдсан. Тухайн үед ямар ч бэлтгэл байгаагүй. Багш нар ч, би өөрөө ч ямар нэг тэмцээнд оролцоод үзье гэсэн бодолтой байсан. Хүүхэд маань өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн, бараг эмнэлгээс барилдсан гэхэд болно.  
-Сэтгэл зүйн хувьд их хэцүү, амаргүй байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь надад шантрах үе зөндөө байсан. Би яг яах гээд байгаа юм бол, яах гэж өөрийгөө ингэж зовоож байгаа юм бол гэж бодно. Хэдийгээр нэг өдөр тэгэж бодсон ч маргааш нь бэлтгэлээ хийх гээд буцаад л зааландаа ирнэ. Одоо бодоход сайхан дурсамж. Жиндээ ороод хамгийн анх барилдсан тэмцээн бол “Ташкент Гран При”. Тэнд очоод Израйлын бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Ярден Жербитэй учраа таарсан. Тэр өмнө нь надтай олон таарч, ялагдсан болохоор надаас айж байгаа нь мэдрэгдэж байлаа. Харин би барилдаагүй удсан тул барилдааны мэдрэмжээ алдчихсан байсан. Жербиг мэх хийх болгонд л унаад байлаа. Ингээд цэвэр ялагдсан. Харин дараа нь “Астанагийн Гран При” тэмцээнд арай дээр барилдаж, хүрэл медаль авсан. Би дөнгөж төрчихөөд ирсэн болохоор яаж барилдах нь тодорхойгүй. Чадах болов уу гээд олон хүн эргэлзэж байсан. Тэгэхэд намайг хамгийн сайн дэмжиж байсан хүн гэвэл миний хань. Бас манай жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга,  ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ах нар тус дэм болсон. “Намайг бэлтгэлээ сайн хий, чи чадна, чамд боломж бололцоо бий” гэдэг байлаа. Гол нь тэр олон хүний итгэл байсан болохоор би тодорхой хэмжээний амжилт гаргасан гэж боддог. Гэхдээ би өөрийнхөө хүссэн амжилтад хараахан хүрээгүй.
 -ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд юу гэж бодсон бэ?
-Би 2012 онд Лондонгийн олимпоос медаль хүртэж чадаагүйдээ маш их харамссан. Хэрэв би ДАШТ-ээс медаль аваагүй бол насаараа энэ спортод зүтгэчихээд нөхөр нь ч, өөрөө ч ДАШТ, олимпийн медальгүй гэж хэлэгдэх байсан. Ямар ч хийсэн бүтээсэн зүйлгүй байна гэхээр харамсалтай шүү дээ. Астанагийн ДАШТ-ээс медаль авах үед хадам аавын бие их тааруухан байлаа. Бараг л өнөөдөр, маргаашийг авах нь уу, үгүй юу гэж байсан үе. Харин намайг медаль авсны дараа тайвширсан уу, сэтгэл санаа нь сайжирч, бие нь гайгүй болсон гэсэн. Тэгээд намайг ирснээс сар гаруйн дараа бурхан болсон доо. Амьд сэрүүнд нь бага ч болов баярлуулж чадсандаа сэтгэл өег явдаг. ДАШТ-д Ярден Жерби хагас шигшээд Францын Кларисс Агбеньенуд ялагдаж, хүрэл медалийн төлөө бид хоёр барилдах болсон. Манайхан түүнийг ялагдахад учиргүй их баярлаж билээ. Намайг барилдаагүй байхад ялчихсан юм шиг уур амьсгалтай болсон. Барилдаан таардаг болохоор би ч ялна гэдэгтээ итгэлтэй байсан.     

Аавтайгаа эхэлсэн жүдогийн зам

-Ингэхэд таныг жүдо бөхийн спорт руу хэн анх хөтөлж оруулж байв?
-Би айлын отгон охин. Дээрээ таван эгчтэй. Тийм болоод ч тэр үү аав надтай их тоглоно оо. Намайг хүү байгаасай гэж боддог байсан уу, “Миний охин барилдах уу” гэж их асууна. Би “Та юу яриад байгаа юм” гээд их дургүйцдэг байлаа. Тэгсэн нэг өдөр гэнэт барилдмаар санагдаад болдоггүй. Одоо бодоход 2000 онд аавтайгаа хамт үзсэн жүдогийн тэмцээн нөлөөлсөн байх. Тэгэхэд дэвжээн дээр барилдаж байгаа хүмүүс их сонин харагдаад л. Тэмцээн үзсэний дараа бодоод л байсан.  Бодох тусам гоё санагдсан юм шиг байгаа юм. Тэгээд аавдаа “Та намайг бөхийн секцэнд бүртгүүлээд өгөөч” гэхэд аав Спортын төв ордон дээр дагуулж ирэн, Б.Буядаа багшдаа бүртгүүлж байлаа.  2001 он байсан гэхээр би 15 настай байж.
-Ийм гэнэтийн шийдвэр гаргахаасаа өмнө өөр спорт сонирхож, хичээллэж байв уу?
-Үгүй. Огт сонирхож байгаагүй. Шууд жүдогийн секцэнд бүртгүүлсэн. Сайн багштай таарсныхаа хүчинд өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Намайг жүдо бөхөөр анх хичээллэж эхлэхэд “Монгол охид”, “Мяндас”, “Женко” гэсэн охидын гурван хүчтэй баг өрсөлддөг байлаа. Тэр үед хамт барилдаж эхэлсэн олон тамирчин бий. Одоо тэднээсээ би ганцаараа сүүл мушгиад үлджээ.  
-Анхны медалиа ямар тэмцээнээс хүртэж байв?
-Би их мяраалаг хүүхэд байсан болохоор өсвөрийн хүнд жин, 63 кг-д барилддаг байлаа. Гэхдээ хүнд жингийнхэн дундаа жижигтээ орно. Тийм болохоор эхний тэмцээнүүдэд гараад л ялагдчихдаг байсан. Манай эгч миний барилдахыг үзэх гэж их ирнэ. Би эхний барилдаандаа ялагдчихна. Сүүлдээ эгч маань “Чамтай хамт явахгүй. Чи гараад ялагдчихдаг биз дээ” гээд надтай явахаа больсон. Дараа нь өсвөр үеийн УАШТ-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялаад түрүүлсэн. Хамгийн анхны медаль маань тэр алтан медаль. 17 настайдаа залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын 70 кг-д дараалан түрүүлж байсан.   
-Аав тань жүдо бөхөд таныг оруулсан хүн. Юу гэж захидаг байв?
-Аав намайг их шүүмжилдэг байлаа. Мэх сур гэж их хэлнэ. Аав минь 2013 онд бурхан болсон. Тэрнээс өмнө аавыгаа тултал нь баярлуулж, том медаль авч өгч чадаагүй. Аавын маань хувьд нутагтаа үзэх олон улсын тэмцээн гэдэг утгаараа “Чингис хаан” Гран Приг үзэх нь их том боломж байсан. Би тэр том тэмцээнд оролцоод цом аваад ирэхээр аав минь их баярладаг байж билээ. Харин сүүлд жаахан эвгүй юм болсон. Лондонгийн олимпийн үеэр, намайг хэсгээсээ ч гараагүй байхад “ТВ5” телевизийн сэтгүүлч манай аав ээж хоёр дээр намайг медаль авсан гэж очоод баахан үймүүлсэн байсан. Аав тэмцээн дуусаагүйг мэдэж байсан болохоор тэднийг гэртээ оруулаагүй гэсэн. Тухайн үед би спортын сэтгүүлчид мэдлэгээ сайжруулах ёстой юм байна гэж бодсон. Энэ үгийг одоо ч хэлмээр байна. Жишээ нь, зарим нь гүйлтийн Б.Мөнхзаяа гээд миний, чөлөөтийн Э.Сумъяа гэхээр манай жүдогийн Д.Сумъяагийн зургийг тавьчихдаг нь их эвгүй.
-Таны ээж жүдо бөх хэр сонирхдог вэ?
-Манай ээж тэмцээн үзэж чаддаггүй юм аа. Тэмцээн бүр дууссаны дараа нөхөж үздэг юм шиг байна лээ. Харин манай хадам аав, ээж хоёр бол тэмцээн үзэх их дуртай байсан.

“Хамтын хүч амжилт”

-Улсын шигшээ багт хэдэн онд орж байв?
-Нэлээн орой орсон шүү. 2005 онд юм байна.
-2007 онд багийн дэлхийн аваргаас медаль хүртсэн.
-Тийм. Бээжинд болсон тэмцээн. Гавьяат тамирчин М.Бундмаа бид хоёр урд өдөр нь Бээжингийн олимпийн тестийн тэмцээнд барилдчихаад маргааш нь багийн ДАШТ-д орсон. Тэгэхэд бас гоё байсан. Бид нарын төсөөлж байгаагүй медаль байсан юм. Юу ч гэмээр юм  дээ. Одоогийнхоос өөр байсан. “Япон бөхтэй таарвал хоёр, гурван минут тэсэх юмсан. Тэсчихвэл маш сайн барилдлаа” гэж ярьдаг байсан үе. Эхний тойрогт бид Францын багийг ялсан. Тэгээд л медаль авчихмаар юм шиг санагдаж эхэлсэн. Манай баг ч хүчтэй, М.Бундмаа маань жиндээ тасархай байлаа. Мөн Х.Эрдэнэт-Од багш, 70 кг-д Хишигээ /гавьяат тамирчин Д.Батхишиг/ эгч байна. 63-т би, 48-д Б.Уранчимэг, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д Гавьяат тамирчин  Д.Цэрэнханд барилдаж байсан.
-Өөрийн үндсэн 63 кг-ын жинд хэзээнээс хүч үзэв?
 -Би 70 кг-д гадагшаа явж барилдаад өөрийгөө их жижиг юм байна гэж мэдсэн. Ер нь 63-т ч гэсэн жижигтээ ордог. Тэгээд 2007 оны улсын аваргаар 63-т барилдаад түрүүлсэн. Энэ жиндээ дасах гэж бүтэн жил болсон. 2009 оноос жиндээ дассан юм уу, амжилт маань тогтворжиж эхэлсэн дээ.

Чамлахгүй амжилттай Олимпийн наадам

-“Лондон 2012” наадам таны анхны олимп байсан. Олимпийн өмнө ямар тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлсэн байв?
-Ер нь ихэнх том тэмцээнд оролцсон. Оролцсон тэмцээн болгондоо муу барилдлаа гэхэд л медалийн төлөө барилддаг байсан. Би 2012 оны олимпод жиндээ 7-д эрэмблэгдсэн. Сая “Рио”-гийн олимпоор ч гэсэн долоодугаарт бичигдсэн.
-Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтыг бас чамлахааргүй шүү.
-Сугалаа их гоё таарсан. Гуравдугаар тойрогтоо Францын бөх, дэлхийн хошой аварга Жеврис Эманетай барилдсан. Өмнө нь нэг л ялагдаж байсан. Түүнтэй үндсэн болон нэмэлт цагт үнэлгээ авалцаагүй. Тэгээд ялагчийг шүүгчид тодруулах болоход 2:1-ээр надад ялалт өгсөн. Тухайн үед хэтэрхий их баярласан байх. Медаль авах юм шиг санагдаад л. Гэхдээ би Эманед ялагдсан бол медаль авах магадлал маань бүүр 90 хувь байсан гэж хүмүүс ярьдаг.
-Хагас шигшээд Словений жүдочтой барилдсан барилдааныхаа тухайд?
-Тэгэхэд би хэтэрхий яарсан л даа. Өмнө нь би түүнийг Амстердамын Гран Прид медалийн төлөө эхний минутад л хойш нь шидээд цэвэр ялж байсан. Тэгсэн хашир бөх үнэхээр өөр юм билээ. Унасан мэхэндээ дахин унана гэж юу байхав. Тэгээд миний алдааг ашиглан цэвэр ялсан. Тэр жил Лондонд Урска Зольнер үнэхээр онцгой байж, бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж түрүүлсэн.
-Хагас шигшээ барилдаанд ялагдсан нь хүрэл медалийн төлөөх барилдаанд нөлөөлсөн болов уу?
-Жаахан нөлөөлсөн байх аа. Японы Ёшиэ Үэнотой хэд хэдэн удаа таарч байсан. Ерөөсөө ялж байгаагүй. Барилдаан таарахгүй гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ би ялагдана гэж бодож дэвжээнд гараагүй. Одоо ялах ёстой гэж гарсан. Би нэг торгуулиар ялагдсан. Намайг торгохооргүй юман дээр торгочихсон юм болов уу гэж боддог. Гэхдээ тэр үед шүүгч нарт япон бөх арай илүү ажиллаж байгаа юм шиг харагдсан байх л даа.

-Харин Риогийн олимп бол туршлага сууж, хуримтлуулсан байсан. Таны хувьд ямар ялгаатай байв?
-Лондонд бол бараг олимпод оролцсон маань сайхан санагдаж байлаа. Харин Риод бол өөр. Маш том зорилготой оролцсон. Яг олимпийн тосгонд очоод, өрөөндөө орчихоод тагтан дээр зогсч байхад “Дөрвөн жил ямар хурдан өнгөрдөг юм бэ” гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Бараг нүдээ аниад нээхэд л дөрвөн жил өнгөрчихсөн юм шиг мэдрэмж төрж байлаа. Ер нь хүн сайн хөдөлмөрлөж, өөрөө хичээхгүй бол хоног хугацаа хүнийг хүлээхгүй. Гэхдээ миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Энэ хугацаанд би маш их зүйл амжуулсан гэж боддог.

-Риогийн олимп манай тамирчдын хувьд хатуухан болсон. Танд юу бодогдож байв?
-Д.Сумъяагаа медаль авахад л тайвширсан. Түүнээс өмнө маш хэцүү байсан. Д.Сумъяа үнэхээр өөрийгөө өндөр түвшинд бэлдэж чадсан. Манай Урнаа уг нь сэтгэлзүйн хувьд хамгийн мундаг нь. Харамсалтай нь медаль хүртэж чадсангүй. Бас Д.Төмөрхүлэгийг медаль авах байх гэж итгэж байлаа. Ер нь манайхан хэтэрхий их найдлага тавьж, хэтэрхий их ч хичээсэн. 60 кг-ын Ц.Цогтбаатарын хувьд Риогийн олимп амар байгаагүй. Сэтгэл санааны хувьд маш их дарамттай, дээр нь олон хоног жин хассан гээд хэцүү байсан байх.  

Бид өөрөө өөрсдийгөө үнэлж чадах хэрэгтэй

-Таны жинд залгамж халаа болсон тамирчид хэн хэн байна?  
-Намайг 2012 онд завсарлаад явсаны дараа миний жинд Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдсан. Тэмцээнүүдэд алгасахгүй оролцож байсан ч чансаагаараа эхний арав дотор орж ирж чадахгүй байсан. Харин би эргэн ирээд тэднийг их хурцалсан байх гэж боддог. Би ганцаараа юм чинь гээд назгайрч байснаас өрсөлдөгчтэй байвал хамаагүй илүү болно. Дотроо өрсөлдөөн сайн байж, тамирчин хүн өсч дэвжинэ. Сүүлд манай Б.Мөнгөнчимэг хагалгаанд орсон. Гэхдээ сайн барилдаж байгаа. Ер нь ажиглах юм бол гайгүй амжилттай барилдаж байсан жингийн араас сайн бөхчүүд гарч ирдэг. Тэр утгаараа сэтгэл хангалуун байгаа. Дээр хэлсэн шиг залхуурахгүй өөрсдийгөө дайчлаад байвал амжилт ойрхон бий. Өдөр болгон заалнаас салахгүй бэлтгэл хийх ёстой. Тэгж байж л хүнээс юм гарна.
-Дасгалжуулагчаар ажиллана, шавьтай больё гэсэн бодол байна уу?
-Яг одоогоор тэгнэ ингэнэ, дасгалжуулагч болно гэсэн бодол алга. Гэхдээ хүний амьдрал яаж ч эргэж болно. Юуны өмнө өөрийгөө боловсруулж, хөгжүүлье гэж бодож байна. Миний хувьд Цагдаагийн академи дүүргэсэн, цагдаагийн албан хаагч. Энэ хамт олондоо их баярлаж явдаг. Би бэлтгэл сургууль, тэмцээн уралдаан гээд явчихна. Хамт олон маань миний ажлыг хуваагаад хийдэг. Бэлтгэл хийхэд байнга тусалж дэмждэг ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэндээ баярлаж явдаг. Ажлынхан маань надад амжилтаа гарга, бид арыг чинь даана гэж хэлдэг. Энэ олон сайхан хүмүүсийн ачийг яаж хариулна даа гэж боддог юм.
-Та яагаад дасгалжуулагч болно гэж боддоггүй юм бэ?
-Манай нөхөр дасгалжуулагч. Дасгалжуулагч багш байна гэдэг их олон хүний өмнөөс хариуцлага хүлээдэг. Ер нь дасгалжуулагч байна гэдэг тамирчин байхаас хэцүү шүү дээ. Тэгээд л чадахгүй байх гэж айдаг.
-Та 15 жил барилдлаа. Ямар багш нарын гар дээр барилдаж байв?
-Хамгийн анх Б.Буядаа багш. Шигшээ багт ороод Насаа багшийн шавь болсон. Тэгээд П.Нямлхагва багш. Болдоо, Нарка багш. Д.Баттулга багш. Одоо Балжаа багш, Г.Дашдаваа бас хоёр эмэгтэй багш маань байна. Эмэгтэй тамирчид эмэгтэй багштай байх нь маш олон давуу талтай гэдгийг сүүлийн хэдэн жил мэдэрсэн. Эмэгтэй тамирчид эмэгтэй багш нартайгаа арай илүү ойлголцдог юм билээ. Ер нь ганц манай жүдо ч гэлтгүй чөлөөт бөхийнхөн ч бас эмэгтэй дасгалжуулагч аваад тэднийгээ дэмжиж ажиллаасай гэж хүсч байна.
-Гадаадаас дасгалжуулагч урьж авчрахыг юу гэж боддог вэ?
-“Айлаас эрэхээр авдараа уудал” гэдэг айхтар үг байдаг шүү дээ. Гадагшаа тэр их мөнгө зарцуулж байхаар дотоод нөөц боломжоо ашиглавал дээр гэж боддог. Гадаадын мэргэжилтнүүдээс сурах зүйл их байгаа ч хамгийн гол нь бид өөрөө өөрсдийгөө үнэлж чадах хэрэгтэй.

Жүдод зориулсан 15 жил

-Бүтэн 15 жил барилдаад зодог тайллаа.  
-Тиймээ, яг 15 жил.
-Саяхан зодог тайлсан гавьяат тамирчин С.Ням-Очир “20-иод жил жүдогоор хичээллэчихээд хоёрхон медальтай зодог тайлж байна гэхээр...” гэж ярьж байсан. Таны хувьд тийм бодол төрж байв уу?
-С.Ням-Очир бол яах аргагүй мундаг тамирчин. Тийм бодол тээхээс аргагүй байх. Нөгөө талаар тэр хүний хувьд өөрт нь маш олон боломж байгаад түүнийгээ алдсан болохоор харамсдаг байж болох шүү дээ. Харин миний хувьд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйл байхгүй. Би ямар ч медалийг голохгүй.  
-Гэхдээ тамирчин хүний хувьд тэр үед тэгсэн бол гэсэн бодол байгаа биз дээ?
-Миний энэ спортод өнгөрүүлсэн 15 жил маш урт хугацаа. Бага байхдаа яагаад тийм залхуу байсан юм болоо гэж би боддог. Хэрвээ би тэр үед залхуу зангаа ялаад маш сайн бэлтгэл хийсэн бол илүү том амжилт үзүүлэх байсан байх. Гэвч үүнийгээ сүүлд ухаарсан, өөрийгөө сүүлд дайчилсан. Одоо ч гэсэн хүүхдүүдэд миний бага байхын тэр зан ажиглагддаг. Өөрийгөө ялан дийлж чаддаггүй. Сайн барилдах юмсан гэхээсээ илүүтэй амрахыг урьтал болгодог. Уг нь тэр зангаа  ялчихвал өөрийгөө ялж байна гэсэн үг. Магадгүй би үүнийгээ эрт ухаарсан бол амжилт маань эрт гарах байсан байх.
-Таны барилдааны онцлог?
-Миний барилдаан анх ямар байсан түүгээрээ л байгаа, огт өөрчлөгдөөгүй. Би өөрчилье гэж боддоггүй. Мундаг, мундаг тамирчид ч бас тэгдэг. Аварга хүн ч тэр чигээрээ л байдаг. Хүн хийдэг мэхийг нь мэдсээр байж л түүнд унадаг. Хамгийн гол нь тамирчин хүн хүчтэй байх ёстой гэж боддог. Жүдоч хүн бяртай, мэхээ ямар ч нөхцөлд хийж чаддаг байх хэрэгтэй. Би хүчний бэлтгэл дээр илүү анхаарлаа хандуулдаг байсан. Жижиг биетэй болохоор бяраараа л гайгүй барилддаг байх гэж боддог. Мөн гүйлтийн бэлтгэл маш сайн хийх хэрэгтэй. Гүйлт бол тэсвэр тэвчээр өгдөг.
-Сэтгэлд үлдсэн олон барилдаан байгаа байх?
-Ялж яваад ялагдсан барилдаанууд л санаанаас гарахгүй уддаг. Гэхдээ тэр үедээ их харамссан ч дараа нь болох ёстой зүйл болдогоороо болж л гэж боддог. Хамгийн сүүлчийн тэмцээний ялалт намайг жаахан ч гэсэн тайтгаруулж өгсөн. Одоо бодоход бурхан намайг цаанаас нь тэгж тааруулсан юм болов уу л гэж бодсон. Энэ хүний сэтгэлийг амраая даа гээд /инээв/.

- Таны жүдогоос сурсан, амьдрал дээрээ баримталдаг зарчим олон биз?
-Байлгүй яахав. Багийнхан маань миний хоёр дахь гэр бүл. Нэг тогооноос хоолоо идээд, нэг агаараар амьсгалаад явдаг. Жүдо бөх хүнийг маш зөв хүмүүжилтэй болгодог. Зарим хүн хүүхдээ сайн тамирчин болгоно гэж энэ спортоор хичээллүүлж байхад зарим нь сайн хүмүүжилтэй хүн болгоё гэж оруулдаг. Жүдо надад алхаж гишгэхээс эхлээд хүнийг хүндлэх, бусадтай харилцах, хамтын хүч гэж ямар байдаг гээд бүгдийг харуулсан, зааж сургасан. Хамтын хүчийн ачаар өдий зэрэгт хүрлээ. Жүдо миний амьдралыг "зурсан". “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, мөн корпорацийн Д.Дагвадорж ахад маш их баярлаж явдаг. Намайг төрсөн дүү шигээ, гэр бүлийнхээ гишүүн шигээ үзэж, хайрлаж, тусалж явдаг хүмүүс. Мөн бүх багш нартаа болон ар гэр, найз нөхөд, нэг гэр бүл шиг хамт олон болох шигшээ багийнхан, Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, МҮОХ, гэрбүл, аав ээж, ах нартаа баярлаж явдагаа хэлье.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.