Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Хөлбөмбөгийн домгуудын хамт, Дэлхийн шилдгүүдийн дэргэд...

Манай багийн ахлагч Д. Төрбат шилдэг хөлбөмбөгчинд 1. Луис Суарез 2. Пол Погба 3. Криштиану Роналду нарт санал өгсөн байсан.


“Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин
ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУХБХ)-ны “The BEST FIFA FOOTBALL AWARD” ёслолын ажиллагаа Швейцарийн Цюрих хотноо болж, өнгөрснийг та бүхэн мэдэж буй биз ээ. Хөлбөмбөгийн ертөнц “Оны шилдгүүд”-ээ тодруулдаг болсоор удаж буй ч энэ удаагийнх олон онцлогтой болсныг юуны өмнө дурдсу.
Түүхийн хуудсыг сөхвөл
Хөлбөмбөгийн түүхэнд Дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах болсон нь нилээн эртний бөгөөд арвин түүхтэй. Хөлбөмбөгийн тухай бичдэг сонин, хэвлэл, улс, тивийн холбоод өөрсдийн хувилбараар ногоон талбайн оны шилдгүүдийг бишгүй л нэрлэсээр ирсэн. Харин дэлхийн даяр хүлээн зөвшөөрөгдөх албан ёсны болсон нь дөнгөж 1991 оноос. Тэр жил анх ФИФА –аас оны шилдгүүдийг албан ёсоор зарладаг болсон билээ. Эхэндээ зөвхөн эрэгтэй хөлбөмбөгчинг шалгаруулдаг байсан бол 2001 оноос эмэгтэй хөлбөмбөгчид ч энэ шагналыг бас хүртэх болсон юм.

Харин 2010 онд “Алтан бөмбөг” шагналын үндэслэгч “France Football” сэтгүүл ФИФА-тай хамтран “FIFA Ballon d’Or” хэмээн хамтран дэлхийн шилдгийг шалгаруулах болсон. Тэгвэл өнгөрсөн онд ФИФА-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж. Инфантино “France football” –тай хамтран ажиллах гэрээг сунгасангүй. Өөрсдөө шинэ брэнд шагналаа олгох нь зүйд нийцнэ гэж үзсэнээр “The BEST FIFA Football award” дахин төрсөн. Гэхдээ энэ бол цоо шинэ шагнал биш 1991 оноос эхтэй дэлхийн шилдгүүдийг албан ёсоор тодруулдаг ФИФА-ийн ёслолын шинэ дүр төрх, шинэ имиж билээ.
Дэлхийн шилдгүүүдийг хэн, хэрхэн шалгаруулдаг вэ?
Дэлхийн оны шилдгүүдийг шалгаруулахад хөлбөмбөг сонирхдог хүн бүр оролцох бололцоог энэ жилээс ФИФА олгож эхэлсэн. Санал асуулгын 25 хувийг фэнүүд, 25 хувийг сэтгүүлчид, үлдсэн 50 хувийг үндэсний шигшээ багийн ахлагч болон дасгалжуулагчдын саналаар тодруулдаг болсон. Өмнө нь фэнүүд санал асуулгад дуу хоолойгоо нэмэрлэх бололцоогүй байсан юм.
Харин Оны шилдэг гоол, шилдэг фэнүүдийг онлайнаар хөлбөмбөг сонирхогчдын 100 хувийн саналаар тодруулна. “Шударга журам, цэвэр тоглолт”, Хөлбөмбөгт байгуулсан гарамгай зүтгэл гэсэн номинацийг ФИФА шалгаруулдаг. Мөн Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны өөрсдийнх нь саналаар FIFA FIFPRO XI “Шилдэг 11”-ийг нэрлэдэг. Үүнд хаалгач , хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч гэсэн дөрвөн шугамд 1-4-3-3 шилдгийг сонгох бөгөөд баруун , зүүн, төвийн гэх мэт байрлал хамаагүй .
Монголчууд саналаа хэнд өгөв?
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болон дасгалжуулагчдыг шалгаруулахад улс улсын үндэсний шигшээ багийн багийн ахлагч болон ахлах дасгалжуулагчдын саналыг авдаг болохыг дээр дурьдсан. Саналыг урьдчилан авах үед Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Д. Төрбат шилдэг хөлбөмбөгчинд 1. Луис Суарез 2. Пол Погба 3. Криштиану Роналду нарт, шилдэг дасгалжуулагчид 1.Юрген Клопп, 2. Диего Симеоне, 3. Клаудио Раньери нарт харин шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан З.Баттулга шилдэг хөлбөмбөгчинд 1. Антуан Гризманн, 2. Криштиану Роналду, 3. Пол Погба шилдэг дасгалжуулагчид 1. Пеп Гвардьола, 2. Дидье Дешам, 3. Юрген Клопп нарт саналаа өгсөн байсан. Эндээс үзэхэд манай хоёр Клопп, Погба нарт “талтай” мэт харагдана. Хэдийгээр саналаа хэнд өгөх нь тухайн хүний эрх боловч фэний хувьд бус мэргэжлийн хүний хувьд тухайн онд гаргасан амжилтыг нь харж саналаа өгвөл олон улсын хэмжээнд Монголын хөлбөмбөгийн “мэдрэмж” ямар байгааг харуулна гэж бодогдсоныг нуух юун.
Энэхүү хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй шагналын арга хэмжээнд оролцож, сурвалжлах, санал өгөх эрх авах хүсэлтийг олон удаа гаргаж, ФИФА-ийн бүртгэлд орсон сэтгүүлч байх, хэвлэл мэдээлийн хэрэгслээр нийтэлсэн бүтээлүүд, урьд өмнөх ФИФА-ийн уралдаан тэмцээн, арга хэмжээг сурвалжилсан туршлага гэх мэт олон шалгуурыг давж, Монголын сэтгүүлч анх удаа оролцсон болохоор миний хувьд бүх л арга хэмжээнд их л хичээнгүйлэн, бас ч чамгүй идэвхтэй оролцохыг хичээлээ. Саналын хувьд хөлбөмбөгчнөөр 1. Киштиану Роналду, 2. Антуан Гризманн, 3.Неймар. Дасгалжуулагчид 1. Фернанду Сантуш 2. Клаудио Раньери 3. Зинедин Зидан
Криштиану Роналду бол яах аргагүй 2016 онд одтой, азтай наадсан. Яалт ч үгүй л шилдэг болохоор. “Аваргуудын лиг”, “ЕВРО 2016”, “ФИФА –ийн клубын Дэлхийн цом”, “ УЕФА-ийн Супер цом” гээд томоохон тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн. Гризманны хувьд “Евро-2016” –ийн шилдэг довтлогч, шилдэг тоглогчийн шагналыг хамт хүртсэн. Неймар бол “ Рио-2016” Олимпийн наадамд Бразилийн түүхэнд анхны алтан медалийг нь авахад жинтэй хувь нэмэр оруулсан, Олимпийн хөлбөмбөгийн нэр хүндийг өргөхөд чамгүй үүрэг гүйцэтгэсэн, “Барса”-даа ч дажгүй тоглосон гэсэн утгаар тус тус саналаа өгсөн билээ. Санал хураалтын эцсийн дүн гарахад Роналду тэргүүлж, Гризманн гуравт, Неймар дөрөвт бичигдсэн болохоор сонголтдоо сэтгэл хангалуун л байлаа.
“The BEST FIFA Football award2016” –д ёслолын ажиллагаанд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А. Ганбаатар оролцсон. Бүүр V.I.P зочноор. Энэ бүхэн бол хөлбөмбөгийн ертөнцөд Монголын хөлбөмбөг өөрийн гэсэн “орон зайтай”, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлж чадсаны л илрэл болов уу.
Хөлбөмбөгийн домгуудын хамт
Өнгөрсөн жил Мексикийн Мехико хотноо болсон ФИФА-ийн Конгрессийн үеэр хөлбөмбөгийн шинэхэн “босс” Жианни Инфантино “ The FIFA Legends” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ зарласан.

“Хөлбөмбөгийн домгууд” хөтөлбөрт үе үеийн эрэгтэй эмэгтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчид хамрагдах бөгөөд тэд дэлхийн өнцөг булан бүрт нөхөрсөг тоглолт хийж олсон орлогыг тухайн орон нутгийн олон нийтийн байгуулагад хандивлах, хөлбөмбөгийн элч төлөөлөгчөөр ажиллах, шударга тоглолт, хүндэтгэл, эрх тэгш байдал, эв нэгдлийг харуулах гээд олон талын үйл ажиллагаа явуулах ажээ. Мөн ФИФА-ийн дээд түвшний удирдлагуудтай хөлбөмбөгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох, хамтран ажиллах форум, домгуудын санаачилга гээд үйл ажиллагааны чиглэлээ ч тодорхойлсон.
“Хөлбөмбөгийн домгуудын” анхны нөхөрсөг тоглолт алдар цуут “Ацтека” цэнгэлдэхэд болоход Роналдиньо, Луйш Фигу, Каннаваро, Зеедорф, Наката, Десайи, Это О, Бобан, Йерро, Альтобелли, Лалас, Миа Хэмм нарын дэргэд байсан бол энэ удаа Цюрихт “Домгуудын баг”-т Марадона, Роналдо, Кафу, Роберто Карлос, Марко Ван Бастен, Абидаль, Пуйоль, Батистута, Трезеге, Тольдо, Зенга, Зеедорф, Алвбертини, Бобан, Ллойд, Шапьюза нарын домгууд иржээ. ФИФА-ийн Төв оффисийн талбайд болсон тоглолтод дээрх домгуудтай ФИФА-ийн Ерөнхийлөгч Инфантино, УЕФА-ийн ерөнхийлөгч А.Чеферин, ФИФА-ийн Зөвлөлийн гишүүд хамтдаа тоглосон.
Тоглолтын дараа “Хөлбөмбөгийн домгууд” болон сэтгүүлчдийн чөлөөт уулзалт ярилцлага Kameha Grand Zurich зочид буудалд болсон бөгөөд энэ тухай дараа жич тусад нь өгүүлэмз.
Хөлбөмбөгийн одод “ногоон хивсэн” дээгүүр
Аль тэртээ МЭӨ 458 онд цуут Эсхилийн туурвисан “ Агаменнон” туульсад дурьдагддаг “Улаан хивсний” ёслол хожим 1821 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Монрог хүндэтгэн угтахад хэрэглэгдсэн гэдэг. Сүүлдээ аливаа ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, хүндэт зочид, ихэс дээдсийг угтан авахад тогтмол хэрэглэх болжээ. Манайх ч бас үүний адил “Цагаан эсгий” дээр Эзэн Чингис хаанаа залж, Их хаанд өргөмжилж байсан түүхтэй. За энэ хадуурах яахав. Хөлбөмбөгийн ертөнцийн оны шилдгүүдийг шалгаруулах Гала үдэшлэг “Ногоон хивсний” ёслолын ажиллагаагаар эхэлсэн.
Хөлбөмбөгийн ногоон талбайн “бүрхад”, үе үеийн домгууд, өнөө цагийн шилдгүүдийг өөр ямар ч өнгийн хивсэн дээгүүр залруулах билээ дээ. Марадона, Роналдо, “Сэр” Фергюсон гээд л эхлэх, Ван Бастен, Батистута, Райкаард, Роберто Карлос, Кафу гээд хөврөх, Нойер, Серхио Рамос, Дани Алвес, Марсело гээд үргэлжлэх энэ жагсаалтыг бүгдийг тоочиж баршгүй. Тэднийг “амьдаар” нь харах гэж “амиа тавьж” буй хөгжөөн дэмжигчид, үнэнч фэнүүдэд одод маань тун чиг найрсаг хандаж, боломжоороо л гарын үсгээ үлдээж, бололцоогоороо л хамт “патиараа” татуулах ажээ. Харин Тони Кроос, Лука Модрич нар нилээн “их зантай” юм билээ.
Шилдэг, шилдэг,шилдэг...
2016 оны манай гаригийн хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг тоглогчоор Криштиану Роналду тодорсон. Өөр ч хэн байх билээ , өнгөрсөн жилийн хувьд. Харин ёслолын ажиллагааны үеэр “Барселона”-ийн Месси, мөн Суарез, Пике,Иньеста нар хоёр хоногийн дараа Испанийн цомын төлөө хариуцлагатай тоглолттой тул хүрэлцэн ирэх боломжгүй гэж мэдэгдсэн.

Энэ тухай “Барса”-ийн ахлагч Иньеста видео мэндчилгээ ирүүлснийг Technology and Production Center-т хуран цугласан олонд үзүүлсэн. “Месси шагнал авахгүй гэдгээ мэдээд ирсэнгүй”, “ Тэрээр Роналдог шилдгийн шагнал авахыг харж зогсохыг хүссэнгүй” хэмээн үзэж буй цөөнгүй сэтгүүлчид байсан.
Оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг хэн авахыг таахад тун хэцүү байлаа. Зидан дасгалжуулсан багаа анхны жилээ л “Аваргуудын лиг”-т түрүүлүүлсэн анхны дасгалжуулагч болсон бол Португалын шигшээ багийн дасгалжуулагч Фернанду Сантуш багаа Европын аварга болгосон гэх мэт. Гэвч энэ хоёр “уяачийн” өмнө Английн “Лестер” багийн дасгалжуулагч итали эр Клаудио Раньери “хурдалж”, оны шилдэг дасгалжуулагчаар тодорлоо. Раньери дэлхийн хамгийн хүчтэй Английн лигийн аварга цолыг жижигхэн баг “Лестер”-ийн хамт авсан нь яах аргагүй гайхамшигтай амжилт юм.
Эмэгтэй оны шилдэг хөлбөмбөгчөөр АНУ-ын шигшээ багийн ахлагч Карли Ллойд нэрлэгдсэн бол шилдэг дасгалжуулагчаар Германы бүсгүйчүүдийг анх удаа Олимпийн аварга болгосон Сильвиа Нейд тодорсон.
Хөлбөмбөгийн төлөө бүтээсэн гайхамшигтай хөдөлмөр зүтгэлийн шагналыг футзалын “Хаан” Бразилийн Фалькаод олгосон. Шилдэг фэний шагналыг “Ливерпуль” болон Дортмундын “Борусси” багийн фанатууд хүртсэн бол “Шударга ёс, цэвэр тоглолтын” шагналыг Колумбын “Атлетико Насьонал” багт олгохоор шийдвэрлэжээ. Тус багтай Өмнөд Америкийн цомын төлөө тоглох байсан Бразилийн “Шапэкоэнсе” багийнхан онгоцны осолд орж , бараг багаараа сүйрсэн явдал өнгөрсөн оны спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлт үйл явдлын нэг болсон билээ. Тэгвэл “Атлетико” багийнхан аваргын цомын төлөө өрсөлдөх ёстой байсан “Шапэкоенсе” багийнханд цомыг олгох санаачилга гарган өгсөн төдийгүй 160 000 гаруй фэнүүд нь тоглолт болох байсан өдөр гашуудлын цуглаан хийж, өрсөлдөх байсан багийнхандаа хүндэтгэл үзүүлсэн билээ.

Оны шилдэг 11 хөлбөмбөгчийг уламжлал ёсоор FIFPRO буюу мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны санал асуулгаар тодруулсан. Нойер- Дани Алвес, Серхио Рамос, Пике, Марсело,-Модрич, Иньеста-Месси, Суарез, Роналду нар өнгөрөгч онд шилдэг нь байлаа хэмээн санал асуулгад оролцсон 40 000 гаруй хөлбөмбөгчид үзжээ.
Шилдэг гоолын эзнээр тодорсон Малайзын хөлбөмбөгч шагналаа гардсаны дараа хэлэх үгээ гар утаснаасаа харж хэлж хүмүүсийг багагүй хөгжөөсөн, Криштиану Роналду шинэ найз бүсгүй, Испанийн модель Жеоржина Родригезийг албан ёсны арга хэмжээнд анх удаагаа дагуулан ирсэн, хөлбөмбөгийн шилгүүдийн ёслолын арга хэмжээнд хөнгөн атлетикийн алдарт тамирчин Елена Исинбаева оролцсон гээд л сюрприз дүүрэн, ёстой л сэтгэлд мөнхөд хоногших үдэш болсон доо.
Цюрих , Швейцарь.2017 оны нэгдүгээр сар.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
40
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.