Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Кино шүүмж: Бадрангуй хүсэл, дүүрэн хайр, ХОЁР АМЬ


Хэдийгээр 2000-аад оноос хойш манай кино урлагт шинэ шинэ бүтээлүүд шил даран төрж байгаа боловч чанартай уран бүтээл өдрийн од шиг цөөн гарч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймдээ ч тэр үү монгол кино үзэх хүсэл багасаж, хааяадаа тоотой хэдэн үнэлэгдсэн найруулагчдын бүтээлийг л түүж үздэг болсноо нуух юун. Харин саяхан нээлтээ хийгээд удаагүй байгаа Б.Ганболд буюу Тука найруулагчийн шинэхэн уран бүтээл “Хоёр Амь” УСК-г үзсэн маань олон талаар сэтгэлд нийцэж, үзэгч, кино сонирхогчийн хувьд үнэлэлт, дүгнэлтээ хуваалцах хүсэл төрснөө та бүхэнд бичиж сууна.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын кино урлаг “орхигдсон” гэсэн тодотголтой явдаг хэдий ч өдийг хүртэлх 20 гаруй жилийн замналдаа бас ч гэж цөөн хэдэн сайн уран бүтээлчийн түүчээгээр тасралтгүй хөгжсөөр ирсэн гэж би хувьдаа боддог. Тэрхүү кино урлагийн хөгжлийн түүчээ болсон нэгэн уран бүтээлч бол яах аргагүй найруулагч Б.Ганболд гэдгийг түүний “Орхидос” “Улаан Дөрвөлжин” зэрэг уран бүтээлүүдийн онцлогоос харж болно. “Хоёр амь” киноны хувьд өмнө манай кино урлагт үгүйлэгдэж байсан хэд хэдэн чухал шинжүүдийг хөгжүүлж чадсан, шат ахиулсан уран бүтээл гэдгээрээ хамгийн онцлогтой болжээ хэмээн үзэгч, кино сонирхогчийн хувьд өөрт төрсөн үнэлэлт, дүгнэлтээ чадан ядан сийрүүлье.

Ганболд найруулагчийн өмнөх уран бүтээлүүд нэлээд хурц шийдэлтэй байдаг бол “Хоёр Амь” кино илүү утга уянгын, яруу найргийн шинжээрээ тэс өөр бүтээл болсон гэж хэлж болно. Найруулагчийг дотоод сэтгэлдээ их зөөлөрсөн юм болов уу гэж хошигнох хүмүүс ч байх. Кино сонирхогчийн хувьд миний зүгээс драм бүтээлүүдийн яруу найргийн агуулгыг, мөчүүдийг их сонирхож, өндрөөр үнэлдэг. Тэр талаасаа “Хоёр Амь” бүтээл тэнцвэртэй, бодитой хэрнээ давхар утга уянгын агуулга бүхий оршихуйг маш сайн бүрдүүлж чаджээ. “Орхидос” киног анх үзэж байхад жүжигчин Отгонцэцэгийн тоглолтыг өндрөөр үнэлж байлаа. Харин сая үзсэн “Хоёр Амь” бүтээлд С.Болд-Эрдэнийг хараад үүнээс илүү яаж тоглох вэ гэмээр гайхалтай сэтгэгдэлтэй үлдсэн нь яах аргагүй найруулагч Ганболдын жүжигчидтэй ажиллах арга барил, тэдний нөөц бололцоог тултал шавхаж чаддаг ур чадварыг харуулна. 

Монголын кино урлаг, ялангуяа жүжигчдийн гүйцэтгэлийн нэгэн хатуу шүүмжлэл бол үнэмшилгүй байдал. Үнэндээ бол кинонд ямар ч үйл явдал өрнөж, санаанд багтамгүй юуг ч өгүүлж болно, хамгийн гол нь “үнэмшилтэй” л байх хэрэгтэй гэсэн хамгийн чухал шаардлага бий. “Үнэмшилтэй” киног бүтээхэд мэдээж хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол жүжигчний гүйцэтгэл байдаг. Б.Ганболд найруулагчийн өмнөх уран бүтээлүүд болох Орхидос 1, 2 кинонуудад жүжигчин С.Болд-Эрдэнэ гол дүр бүтээн амжилттай хамтран ажилласан. Ер нь Монголын кино, тайзны урлагийн нүүр царай болсон цөөн хэдэн чадварлаг жүжигчдийн нэг гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Харин “Хоёр Амь” УСК-д бүтээсэн дүр нь С.Болд-Эрдэнийн өөрийнх нь төдийгүй кино жүжигчний гүйцэтгэлийг шинэ түвшинд харуулж чадсан гэдгээрээ онцлогтой болж. Хүнд өвчтэй хүүгээ хайрлан хамгаалж буй эцэг хүний гуниг харуусал, энэрэл хайр, мятаршгүй тэмцлийг бодит байдалтай гайхалтай тэнцвэртэй хослуулж, “үнэмшилтэй” харуулж чадсан нь танхимд суусан үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж байлаа.

Та бидний сайн мэдэх “Сайн уу, амьдрал минь,” “Гоёлын даашинз,” “Ларьдма,”зэрэг  бүтээлүүдэд “Үзэсгэлэнт бүсгүй”-н дүр бүтээж олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч Пүрэвсүрэн “Хоёр Амь” УСК-д тэс өөр Пүрэвсүрэнг бүтээх гэж зорьсон нь бас нэгэн онцлог нь юм.

Кинонд ердөө л хальт гараад өнгөрөх жижиг дүрүүдэд хүртэл Алтантөр, Цэгмид гэх мэтчилэн чадварлаг жүжигчдийг тоглуулсан, мөн хүүхдүүдийн дүрд тоглосон бяцхан жүжигчид хүртэл өмнө нь кинонд тоглож байсан туршлагатай зэрэг нь оновчтой бөгөөд үзүүштэй шийдэл байлаа.

Киног бүтээгчид санхүүжилт олж чадалгүй бараг хоёр жил шахам болсон нь нэг талаас кино зохиол дээрээ суух, нухацтай ажиллах боломж олгосон байж мэдэх юм. Ямартаа ч үйл явдлын эргэлтүүд, ухаалаг деталиуд, холбоосууд, бэлгэдэл, диалог зэрэг нь сайн зохиолоос гарсан үр дүн гэдэг нь тодорхой. Кино зохиолыг Д.Золзаяа, Х.Алтанхад нар бичсэн бөгөөд сонирхолтой баримт дурдахад Х.Алтанхад угтаа бол инженер мэргэжилтэй залуу юм байна.

Киноны туршид олон далд утга, бэлгэдэл агуулсан элементүүд гарна. Жишээ нь хүүд зориулж авсан тоглоомон онгоц бол хүүгийн амьрал, хүсэл мөрөөдлийг (Эцгийнх нь хувьд ч юм уу) бэлгэдэх мэт. Гол дүр хүүтэйгээ уулзахаар эмнэлэгт ирэхэд, харуул нь оруулахгүй хэмээн зөрчилдөж, онгоцны далавч хугардаг нь бэлгэдлээр эмзэглэл мэдрүүлнэ. Мөн төгсгөлд охины нисгэсэн онгоц хүүгийн амьдрал, хүсэл мөрөөдлийн биелэл мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Хүүгийн хэвтэж буй тасгийн хаалганд уясан бөмбөлөг ч тэр дээр дурдсан онгоц адил үргэлж дээш хөөрөн тэмүүлэхийг эрмэлздэг зэргээр ижил шинжтэй байгаа нь кинонд болон эцэгт агуулагдах өөдрөг, бадрангуй хүсэл эрмэлзийг илэрхийлэх мэт.

Хүүхдүүдийн харилцан яриаг дүрслэх найруулагчийн хувьд төвөгтэй ажил байдаг болов уу. Харин төгсгөлийн охин, хүү хоёрын ойлголцлыг төсөөллийн дүрс, яриагаар бэлгэдэж илэрхийлсэн нь маш ухаалаг шийдэл байлаа.

Манай кино урлагийн нэг томоохон “асуудал” бол яалт ч үгүй диалог байдаг. Дүрүүдийн харилцан ярианууд чихэнд наалдаж өгөхгүй, эсвэл хүүхдэд зориулсан мэт бүгдийг үг үсэггүй тайлбарлах, хэт нурших зэрэг хөнгөн хандсан, барууны цэцэрхэл ихтэй яриануудыг дуурайсан нь их байдаг. Энэ дутагдлыг соргог ажиглаж “Хоёр Амь” киноны зохиолчид диалог дээрээ маш сайн ажиллажээ. Эцэг хүний, эр хүний дотоод ертөнцийг олон таван үггүй, ганц хоёрхон үг бүхий диалогоор оновчтой илэрхийлж, дорнын, монгол маягийн дотогшоо чиглэсэн харилцааг бий болгож чадсан нь бахархууштай санагдаж байлаа.

Хөгжмийн зохиол киноныхоо уур амьсгалыг бүрэн илэрхийлж чадсан гэж дүгнэж байна. Гэвч арт кино сонирхогчийн хувьд хөгжмийн оролцоонд илүү болгоомжтой хандсан ажилд дуртай болоод тэр үү, зарим хэсгүүдэд хөгжмийг нь хасаж болоогүй юм байх даа гэсэн бодол хальтхан төрж байлаа. Хөгжимгүй, нам гүм байдал заримдаа бодитой хэрнээ илүү драматик уур амьсгал бий болгож чаддаг.

Зураглал болон эвлүүлэг аль алиныг хийсэн залуу зураглаач Идэрчулуун бүрэн хэмжээний УСК-нд ажилласан анхны ажил нь гэхэд тун сайн гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй болов уу. 

Эмгэнэлт кино юм уу гэсэн яриа үзэгчдийн дунд гараад байгаатай холбогдуулж хэлэхэд: Гэрэл гэгээг мэдрэхийн тулд харанхуйг мэдэх хэрэгтэйн адил бэрхшээл, зовлон, гуниг харуусал дунд өрнөх үйл явдлаас бадрангуй хүсэл, итгэл найдвар, хайр дүүрэн гэрэлтэж байв.  

Эцэст нь дүгнэхэд, “Хоёр Амь” УСК нь зөвхөн үзэгч та бидэнд төдийгүй бусад уран бүтээлчдэд, жүжигчдэд ч олон сайн нөлөө үзүүлж чадахаар бүтээл болжээ. Магадгүй төдийлэн том киноны, том дүрд тоглоод байдаггүй С.Болд-Эрдэнийн хувьд ч тэр цаашдын уран бүтээлд нь илүү өндөр стандартыг тогтоож, давхар үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа болов уу. Өнөө цагийн кино урлагийн түүчээ болсон найруулагч Б.Ганболдын хувьд ч тэр цааш цаашдын уран бүтээлийг нь хүлээх үзэгчид, дэмжигчид надаас эхлээд олон болж байгаа биз ээ.

Хаших Б.Мөнх-Оч

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
13 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
15 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.