Хайх зүйлээ бичнэ үү

Бразилийн нэрт зохиолч Пауло Коэльогийн 2014 онд “Thetalks” вебсайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

“Алхимич” зохиолоороо манай уншигчидад хэдийнэ танигдсан Бразилийн нэрт зохиолч Пауло Коэльогийн 2014 онд “Thetalks” вебсайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 1987 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн энэ агуу зохиолчийн хоёр дахь тууж “Алхимич” дэлхий нийтэд 30 сая хувиар хэвлэгдэж байсан юм. Ингээд тэр соёлын тухай болоод зохиол бүтээл туурвих онгодынхоо тухай дэлгэсэн сонирхолтой яриаг хүлээн авна уу.

-Коэльо гуай, та дэлхийн улс орнуудын соёлын гүүр байхыг зорьдог уу? 

-Лев Толстой ингэж хэлсэн байдаг шүү дээ: “Тосгонд болдог зүйлс хаа сайгүй болж л байдаг”. Чадварлаг зохиолчид гадны соёлыг танин мэдэхийн зэрэгцээ төрөлх нутгийнхаа тухай бүтээлдээ тусгадаг. Зөвхөн төрөлх нутгийнхаа тухай төдийгүй хорвоо ертөнцийн бүхий л нутаг орны тухай бичдэг. Зохиолч хүн яалт ч үгүй бүхий л дахин давтагдашгүй соёл заншлыг ойлгож сурах хэрэгтэй.

-Та юунаас энэ төлөвшлөө олсон бэ? 

-Бага байхад улс төрийн нөлөө орсон гэх шалтгаанаар хүссэн дуугаа ч эрх чөлөөтэй сонсож чаддаггүй байлаа. Зөвхөн улсаас зөвшөөрөгдсөн дууг л хүссэн хүсээгүй сонсоно. Тэр үед Араб, Жүүд, Америк зэрэг гадны соёлын нөлөө их байсан. Бичиж эхэлснээр энэ бүхэн зохиолд маань ч нөлөөлж буйг анзаараад гадны соёлыг улам бүр сонирхон судлаж эхлэсэн дээ. 

-Одоо бол бидний харилцаа илүү ойртсон гэдэгтэй та санал нийлдэг үү? 

-Өдгөө дэлхий нийтийн соёлын холбоос нуран унаж байна. Улс бүхэн өөрсдийгөө дэлхийн төв гэж ойлгох болсон энэ үед соёл хоорондын холбоосыг улам бэхжүүлэн, бид бүгд нэгэн дэлхий болохыг чадах чинээгээрээ ойлгуулахыг хичээх нь миний амьдралын гол зорилго. Бид бусад улс орны зан заншил, дуу хөгжмийг ойлгохоо болих цагт бидний дундах харилцаа холбооны гүүр нуран унаж, эцэстээ улам л хүнд байдалд орно.

-Та 2006 оноос хойш блог хөтлөж байна. Мөн та фэйсбүүктээ л гэхэд 22 сая, твиттерт 9 сая дагагчтай. Яагаад та цахим орчинд ийм идэвхтэй байдаг юм бэ? Даян дэлхийн соёлын төлөө юу? 

-Цахим ертөнц бол үзэл бодлоо тунхаглах шинэ индэр. Интернэт хөгжсөнөөр бид улам ихийг унших боломжтой болж, илүү ихийг ч бичих болсон. Миний хувьд уншигчидтайгаа ойр харилцаж, тэдний үзэл бодлыг сонсох гүүр нь цахим ертөнц болоод байна. Уншигчид миний бүтээл хүрээсэй гэсэндээ би анх блог хөтлөж эхлэсэн. Цахим ертөнцийн уншигчиддаа зориулан тусгайлан бичсэн бичвэрээ нийтлэдэг. Уншигчид ямар хариу үйлдэл үзүүлэх нь надад тун сонирхолтой санагддаг. 

-Асар хурдтай мэдээллийн эрин зуунд уншигчдын итгэл үнэмшил буурч байх шиг ээ?

-Харин ч мэдээллийн хурд нэмэгдснээр хүмүүс хэрэгцээтэй мэдээллээ олж авах чадвартай болж байна шүү дээ. 

-Та шинэ зохиол бичих бүртээ цагаан өд үзэгдэхийг хүлээдэг гэж үнэн үү?  (Тэр цагаан өд үзэгдэхийг “дохио тэмдэг” ирлээ гэж үздэг аж)

- Анхны ном “Мөргөлчид” ( The Pilgrimage)-ийг 1987 онд хэвлүүлэхээс өмнө “Үнэхээр ном гаргах хэрэг байна уу, үгүй юу гэж их л эргэлздэг байлаа. Мадридад ирээд “За өнөөдөр дохио тэмдэг олж харвал бичих хэрэгтэй” гэж өөртөө хэлсэн. Би шинэ дуудлага авах бүртээ хүч авдаг. 

-Гэхдээ танд үнэхээр шинэ ном эхлүүлэх гайхалтай санаа төрсөн ч “дохио тэмдэг” тань ирээгүй бол яах вэ? 

-Дохио тэмдэг заавал ирдэг. Нэг дүгээр сар л биш бол шүү дээ. Нэг дүгээр сард цагаан өд байдаггүй юм. Гэхдээ л боломжтой. Нэг өд олоод би бичиж эхлэсэн ч энэ өд номын дотоод утга агуулгыг биш номыг маань тэр чигээр нь илтгэдэг. 

-Та ямар ном бичихээ дотроо бүрэн төлөвлөж бичдэг үү?  Эсвэл таамаглашгүй байдлаар бичдэг үү ? 

-Би ертөнцөд юу болж байгааг сонирхон судлаж, олон гайхалтай хүмүүстэй уулзаж, тэднээс асар их санаа сэдэл олж авдаг. Зарим үед нэг санаа төрсөн ч хоорондоо утга агуулгын холбоосгүй байх нь бий. Үг өгүүлбэрээр илэрхийлэхээс өмнө ном бүр маань сэтгэл зүрхэнд минь зурагдсан байдаг. Би биш, ном намайг сонгосон. 

-Тэгэхээр та өөрөө зохиож бичдэггүй гэсэн үг үү? 

-Би уншигч олонтой өөрийн дотоод сэтгэлээ хуваалцахыг хүссэндээ л бичдэг. Миний ном дэлхий ертөнцийг илүү сайхан болгож чаддаг эсэхийг мэдэхгүй юм. Би ч тэгэхийн төлөө ч бичдэггүй. Уншигчид маань өөр өөрийн дотоод сэтгэлээ хуваалцаж бид хорвоо дэлхийг ямар өөр өөр өнгөөр ойлгож байгааг мэдрэх нь л надад хангалттай. Бид өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Зөвхөн багахан өөрчлөлт хийхэд л маш их зүйл өөрчлөгддөг. Үүнийг л би хүсдэг. Ном зохиолчоосоо ч илүү ач холбогдолтой шүү дээ. 

-Та зохиол бүтээлийнхээ хувьд бусдад илүү нээлттэй ханддаг уу?

- Зохиолчид хоёр өөр байдаг. Зарим нь Пруст (1871-1922) шиг өрөөгөө түгжээд “Алдагдсан цаг хугацааны эрэлд” зэрэг шилмэл бүтээлээ бичдэг бол, зарим нь Хэмингуэй (1899-1961) шиг алдар нэрээ бүтээхийн хажуугаар “сонгодог”-уудыг туурвидаг. Харин би бүтээлээ олонд дэлгэж, өөрийн дотоод дуу хоолойгоо илэрхийлэхийг л хүсдэг дээ.

-Таны хамгийн алдартай зохиол “Алхимич”-д хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдрахыг сургадаг. Таны хувьд өөрийн хариултыг олсон уу? Эсвэл одоо ч мөн эрж хайсаар байгаа юу? 

-Асуултын хариултыг хэзээ нэгэн цагт олохоос илүүтэйгээр, олох эсэхээс ч үл хамааран өөрийн урам зоригтойгоор хийж чадах зүйлээ л хийхийг эрхэмлэдэг дээ.

 

Эх сурвалж: The Talks


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.