Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

HIDDEN FIGURES: Мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмц

"Оскарт"-т нэр дэвшээд байгаа "Hidden Figures" киноны тухай "Lean In Mongolia" ийн дүгнэж байна.


“Оскар”-ын шагнал гардуулах ёслол хаяанд ирсэн энэ өдрүүдэд эмэгтэйчүүдийн асуудлыг сонирхолтойгоор тусгаж, дэлхий дахины олон хэвлэлээс өндөр үнэлгээ аваад байгаа “Hidden Figures” киноны тухай хуваалцъя гэж бодлоо. Уг киноны үйл явдал 1960-аад оны үед өрнөх бөгөөд НАСА-д ажилладаг гурван эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой.

Үнэндээ энэ кино эмэгтэйчүүд, тэр дундаа хар арьст эмэгтэйчүүдийн тухай илүү өргөн хүрээнд тусгасан гэж болно.

Гэхдээ арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаарх дийлэнх кино хэн нэгний зовлон зүдгүүр, нулимстай ялалтыг дүрсэлдэг бол эл бүтээл нь эсрэгээрээ өөдрөг үзлийнхээ хүчээр юунд ч үл гомдоллож, боломж бүхнийг харж түүнийхээ төлөө итгэлтэйгээр хөдөлмөрлөх бүсгүйчүүдийн түүхийг өгүүлдэг.

Киноны дүрслэл, уур амьсгал нь ч гэгээлэг, бүсгүйчүүдийн хувцас хүртэл өнгөлөг, дэгжин хийгээд хөгжим нь ч бас цаанаа донжтой аж.

Катрин Гобл бол бага наснаасаа л математик чадвараараа үе тэнгийнхэндээ гайхагдаж ирсэн эмэгтэй. Энгийн харилцаанд бага зэрэг өөртөө итгэлгүй мэт харагдавч, тоо бодохдоо, түүнийгээ илэрхийлэхдээ ер бусын бардам. НАСА-гийн бүсгүйчүүлийн хэлтэсээс математик тооцооллын хэсэгт шилжин ажиллах болсон эхэн үеэсээ л даргынхаа “Чи тоо боддог байх нь ээ?” гэсэн ёжлонгуй асуултад “Тийм ээ, эрхэм ээ. Би түүнээс ч илүүг чадна” гэж хариулах нь түүний итгэлтэй байдлын илэрхийлэл мэт.

Хатагтай Доротигийн хувьд ухаалаг, удирдагч эмэгтэй бөгөөд 20 гаруй хүнтэй бүсгүйчүүлийн математик хэлтэсийг ахалж ажилладаг. Гэхдээ бүх ажлаа ягштал хийдэг ч, арьс өнгөөр ялгаварлах байдлаас болоод түүний чадварыг удирдлага нь үл тоомсорлоно.
Тэгвэл тэдний дотны найз Мэри Жаксон авьяаслаг инженер хэдий ч “жинхэнэ” инженерийн ажил хийхэд нь ямар нэг шалтгаанаар үргэлж л хүсэлтийг нь буцаах аж. Сүүлдээ Виржиниагийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцаагүй хүнийг инженерээр ажиллуулахгүй гэсэн “тушаал” хүртэл гаргажээ. Гэвч тухайн сургууль нь хар арьст хүмүүсийг сургадаггүй нь уг “тушаал” зөвхөн Мэри Жаксонд “үйлчлэх ёстойг” харуулна. 

Гурван бүсгүй энэ мэтчилэн дор бүрнээ л асуудалтай тулгарна. Гэхдээ тэр бүрийг тойрч суугаад шаналан ярилцах бус, боломжтой талаас нь үргэлж харж чаддаг нь үзэж суухад урам зориг төрүүлнэ. Мэри Жаксоныг инженерээр ажиллуулахгүй гэхэд бухимдсан бүсгүй хоёр найздаа баахан “үглэвч” тэд нэг их ойшоолгүй “Байнга л тохиолддог зүйлсийн талаар өдөржин гомдоллох хэрэггүй дээ, Мэри. Бид энд наадахыг чинь сонсох гэж суугаа юм биш. Бид хоёр хөзөр тоглож байна шүү дээ. Хэрэв болохгүй байгаа бол шүүхэд ханд л даа” гээд босно. Хар арьст бас тэгээд математикч эмэгтэйчүүд НАСА хүртэл ялгаварлан гадуурхалтыг янз бүрээр л мэдэрсэн нь ойлгомжтойг эндээс харж болно. Тиймдээ ч энэ яриа төдөлгүй өндөрлөж, амарч суусан тэд хөгжилтэйгээр бүжиглэж сцен дуусна.

Харин дараачийн хэсэгт Мэри Жэксон найзуудынхаа үгийг авч шүүхэд хандана. Шүүгчийн өмнө учир байдлаа тайлбарлахдаа тэрбээр “Та бүхэн аливаа зүйлд анхдагч байхын ач холбогдлыг ойлгож хүлээн авна уу. Виржиниа мужид хар арьст эмэгтэй хэзээ ч цагаан арьстнуудтай мөр зэрэгцэн сургуульд сурч байсангүй. Мөн Алан Шепард пуужин “хөлөглөхөөс” өмнө ямар ч Америк хүн сансрын уудамд хүрч байгаагүй. Харин одоо тэр оддын захад хүрсэн анхны хүн гэдгээрээ Нью Хэмпшир мужийн түүхэнд тодоор бичигдэх болсон. Эрхэм ээ, яг үүнтэй адил би НАСА-д инженер болох хүсэлтэй. Гэхдээ цагаан арьстнуудын сургуульд элсэхгүйгээр би энэ зорилгодоо хүрч чадахгүй. Мэдээж үүний тулд би арьсны өнгөө өөрчилж бас чадахгүй. Тийм учраас анхдагч болохоос өөр сонголт надад алга. Энд таны тусламж л хамгийн их хэрэгтэй байна.

Таны өнөөдөр шийдвэрлэсэн бүх хэргүүдээс аль нь зуун дамжин дуурсагдах ач холбогдолтой вэ? Аль нь таныг анхдагч болгох вэ?” гэсэн нь шүүгчийг “Зөвхөн оройн ангид шүү” гэсэн зөвшөөрөл олгоход хүргэнэ. Сэтгэл хөдөлгөсөн энэ хэсэг мөрөөдлийнхөө төлөө тууштай байх, өөрийнхөө төлөө итгэлтэй дуугарах ёстой гэсэн “хичээлийг” сануулна.

Катрины хувьд ч мөн адил төлөвлөлтийн хуралд оролцож чадахгүйн улмаас түүний тооцоолол цаг үетэйгээ таарахгүй асуудал тулгарна. Тиймээс хуралд хамт оролцохыг ахлагчаасаа хүстэл

“Эмэгтэй хүн оролцож болох эсэх талаар заалт байхгүй шүү дээ”

гэсэн хариулт ирнэ. Харин Катрин үүнийг үл зөвшөөрч “Хүн дэлхийг тойрох боломжтой гэсэн заалт ч бас хаана ч байхгүй” гэсээр хоцрох аж. НАСА-гийн бүсгүйчүүд боломжгүй зүйл үгүй гэж бүрнээ итгэдэг бөгөөд өөрсдийнхөө хүч чадалд хэзээ ч эргэлздэггүй, үргэлж бадрангуй тэмүүлэх нь энэ киноноос авч болох хамгийн оргил мэдрэмж гэж болно.

Хатагтай Дороти ч бас тэдний адил өөрийн ажилдаа амжилт гаргаж хүний тооцоолж чадахаас хэд дахин илүү хүчин чадалтай IBM-ийн тооцоолуурыг бие даан судалж, хэний ч чадаагүй ажиллах горимыг нээснээр ахлагч болох “болзлоо” хангана. Гэвч НАСА дахь 20 гаруй хар арьст эмэгтэйг ахалж ажилладаг тэрбээр тэднийгээ орхиод ганцаар тушаал дэвших биш, багаараа очвол бүр ч илүүг чадна гэдгээ удирдлагадаа ойлгуулна. Ингээд НАСА-гийн корридороор өнгө чамин хувцасласан хар арьст бүсгүйчүүдийн өндөр өсгийт товшиж эхэлнэ.

“Hidden Figures”кино зугаатай, бас танин мэдэхүйн чанартайн дээр охид, бүсгүйчүүд төдийгүй үзэж байгаа хэн бүхэнд мөрөөдөлдөө тууштай байх, аливаа зүйлд боломжгүй гээд бууж өгөх биш хэзээд урагшлах урам өгөх нь гарцаагүй. Мөн дүрүүдийн харилцан ярианы хэсэг бүрээс эшлэл авахуйц ухаалаг зохиолтой бөгөөд гол дүрийн эмэгтэйчүүдийн түүх үнэн бодит хийгээд, тэдний нэг хатагтай Катрин Глоб өдгөө 98 настай аж. Тэрбээр киногоо гурвантаа үзсэн бөгөөд “Одоо НАСА-д ямар ч “нуугдмал” эмэгтэй байхгүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Арьс өнгө, хүйсийн ялгаатай байдлаас улбаалсан хэвшмэл ойлголт орчин цагийн нийгэмд ч оршин тогтносоор буй. Өдөр тутмын амьдралаа технологийн дэвшилгүйгээр төсөөлж чадахгүй болсон ч, математик болон компьютер технологийн салбарыг эмэгтэйчүүдээс алс гэх хандлага хадгалагдан үлджээ. Гэхдээ өмнөх үеэс ялгаатай нь хэрэв танд чин эрмэлзэл байгаа л бол хүслийг тань мохоох, мөрөөдлийг тань хязгаарлах ямар ч саад өнөөгийн нийгэмд үгүй гэдгийг санаарай. Сургуульд сурахын тулд бид шүүхийн танхимд очих шаардлагагүй, ширээнд дөхөж суухын тулд хэн нэгнээс зөвшөөрөл авах хэрэггүй, хийсэн ажлаа үнэлүүлэхийн тулд хэдэн арав дахин илүү хичээх бус гагцхүү өөртөө итгэлтэй тэмүүлэхэд л хангалттай орчин энэ цаг үед бүрдсэнийг “Hidden Figures”-ийг үзээд эргэн нэг бодолхийллээ.


UB.LIFE-ийн мэдээллийн хамтрагч "Lean In Mongolia" бүлгэмийн тухай:

Lean in Circle гэдэг нь цөөн хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлгүүд бөгөөд гишүүд нь харилцан биенээ дэмжиж хамтдаа урагшлах зорилго бүхий нэгдлүүд юм. АНУ-ын "Facebook" компанийн COO Шерил Сандбэрг "Lean In" гэх уг хөдөлгөөнийг үндэслэн бөгөөд Lean in Mongolia нь даяаршлын эрин үед хүн бүрийн тэгш оролцоог дэмжих, амьдралын зорилго, мөрөөдлөө хэрэгжүүлэх итгэлийг бэхжүүлэх уриатайгаар 2015 оны 9 дүгээр сард байгуулагдсан. Улмаар нэг жилийн хугацаанд 400 гаруй гишүүнтэй, 5-6 идэвхтэй дэд circle-тэй болж 2016 оны 9 дүгээр сард албан ёсоор "Эмэгтэйчүүд, хөгжил, манлайлал" ТББ нэрийн дор "Lean in Mongolia" гэх албан ёсны нэрээр ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.