Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хайрын хөгжим эгшиглэх сонгодог үдэш

ДБЭТ-аас найрал хөгжимчдийнхөө дунд зарласан цөөхүүл хөгжмийн бүтээлийн уралдааны ялагчид өнөөдөр тоглох гэж байна.


ДБЭТ-ын хөгжимчдийн уралдаанд түрүүлсэн хөгжимчид өнөөдөр “Жаргалтай залуу нас тоглолтоо толилуулна.

ДБЭТ-аас найрал хөгжимчдийнхөө дунд зарласан цөөхүүл хөгжмийн бүтээлийн уралдааны ялагчид өнөөдөр тоглох гэж байна. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд тус театрын 2,3,4 хүний бүрэлдэхүүнтэй утсан ба үлээвэр хөгжмийн хамтлагууд дэлхийн сонгодог, шилдэг бүтээлүүдээс тоглож өрсөлдсөний үр дүн нь энэ.

Уралдааны гуравдугаар байрт шалгарсан лимбэ, төгөлдөр хуур, их хуур, цохиур хөгжмийн дөрвөл хамтлагийн гишүүн Т.Оргилцэцэг:

-Бид дөрөв энэ уралдаанд оролцохын тулд нэгдсэн. Хамтлагийн маань төгөлдөр хуурч Т.Гэрэлцэцэг миний төрсөн эгч. Тоглолтод жазз хөгжмийн төрлөөр оролцож байгаа. Хөгжмийн зохиолч Клод Боллингийн жазз дөрвөлд зориулсан долоон ангитай хөгжмийн зохиолын нэг, хоёр, долдугаар ангийг тоглоно. Нэгдүгээр анги нь барокко урсгал, орчин үеийн жазз хэв маяг хосолсон. Хоёрдугаар анги нь лимбэ хөгжмийн гоцлол, төгөлдөр хуурын жазз хэмнэл гэх мэт сентиментал. Долдугаар анги тэр чигээрээ хурдан цоглог хэмнэлтэй жазз.

Өмнө нь залуу хөгжимчид түлхүү оролцсон цөөхүүл хөгжмийн ийм тоглолт бараг болж байгаагүй. Валентины баяр гэхээр заавал рок поп тоглолт гэхгүй сонгодог хөгжмийн тоглолт үзээсэй, залуус олноороо ирээсэй хэмээн найдаж байна. Монголд өмнө нь тоглож байгаагүй зохиол цөөнгүй байгаа учир шинэлэг, бас сонирхолтой байх болно. Сонгодог хөгжмийг зөвхөн залуучууд гэхээсээ илүү хүүхдүүд багаасаа сонсож байвал хөгжилд нь тустай. Тэвчээртэй суугаад сурчихвал дараа нь ойлгож, сонирхож сонсдог болно. Сонгодог хөгжим бол тэр чигтээ хүмүүжил. Залуучууд маань ч бас байнга доргисон, чанга хөгжим сонсолгүй сонгодог хөгжим сонсвол тайвширч, илүү эрхэмсэг, соёлтой, мэдрэмжтэй болно гэж итгэдэг.

Монголчууд маань  төгөлдөр хуур, хийл зэрэг хөгжмүүдээс бусад үлээвэр, цохиур зэрэг бусад зэмсгийг тэр болгон сайн мэддэггүй. Тоглолтоороо симфони хөгжмийн олон талт байдлыг илүү таниулах эрмэлзэлтэй байна. Манай тоглолтод сонгодог хөгжим, жазз, танго, хийлийн гоцлол, лимбийн гоцлол гэх мэт маш олон үзүүлбэр байгаа. Тийм ч учраас үзэгчдийг огтхон ч уйдаахгүй гэж амлая.

Хөгжим ангийн дарга С.Баяртуяа.

Манай хөгжим анги 90 жилийн түүхтэй. Энэ хугацаанд залуу уран бүтээлчдээр байнга сэлбэж ирсэн. Одоо оркестрын дийлэнх нь залуу уран бүтээлч болсон. ДБЭТ-ын удирдлага залуу уран бүтээлчдийг маш их дэмждэг. Энэ тоглолт ч тэр дэмжлэгийн үр дүн  юм.

Хөгжимчин хүн ямагт өөрийгөө хөгжүүлж, олон талаар баяжуулж байх ёстой. Тэгэхийн тулд ажлаасаа гадна суралцах хэрэгтэй. Манай хүүхдүүдийн зарим нь СУИС-д зэрэг ахиулан суралцаж байна. Хөгжим бүжгийн коллежид суралцангаа манай театрт ажилладаг хүүхэд олон бий.

Сонгодог хөгжим дотроо их олон янз. Мэргэжлийн хэмжээний зохиол, сонирхож эхэлж буй хүмүүст зориулсан зохиол гэж бий. Энэ олон төрөл дундаас үзэгчдэд сонирхолтой байх үүднээс хөнгөн хэмнэлтэй, залуучуудад ойр зохиолуудыг шилж оруулсан.

Манай тоглолтонд оролцож байгаа “Opus 7” хамтлаг 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш УДБЭТ-ын дэргэд уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд гурван бие даасан тоглолт хийсэн. Сонгодог хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулж, сонирхолтой хэлбэрээр залууст сонгодог хөгжмийг таниулах зорилготой. Гадаадын алдартай хамтлаг дуучдын дуунууд болон киноны хөгжмүүдийг коверлож, найруулж тоглодог. Мөн тоглолтын гэнэтийн бэлэг болгож “Opus 7” хамтлаг маань “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт оролцож байсан дуучин Оюутай хамтарч үзүүлбэр бэлдсэн байгаа.

Гэгээн хайрын баярын өдөр хосоороо, эсвэл хайртай найз нөхөдтэйгөө сонгодог театрынхаа шилдэг хөгжимчдийн тоглолтыг үзээрэй. Залуу уран бүтээлчдийг дэмжихийн сацуу хайртай, дотны хүнтэйгээ сонгодог болон жазз хөгжим сонсож, цагийг мартагдашгүй өнгөрүүлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
33
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.