Хайх зүйлээ бичнэ үү

Эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа учраас евро бондоос бага хүүтэй бонд гаргаж санхүүжилт авах боломж ерөөсөө байхгүй. Тэгэхээр бондын хүү өснө гэж ойлгох нь зөв.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн урт хугацаат хөтөлбөрт хамрагдахаар болсноо өчигдөр мэдээлсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх тухайд  “Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор өмнөх бондыг солино” гэж хэлсэн юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар бондын бүтцээ шинэчилж, хугацааг уртасгахдаа хүүгийн түвшинг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглаж болохоор байгаа юм. 

Энэ талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайханаас цөөн асуултад хариулт авсан юм. 

-Засгийн газрын баталгаатай, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг ирэх гуравдугаар сард төлөх товтой. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор өмнөх бондыг солино. Эхний ээлжинд бид эдийн засгийн уналтаа тогтворжууллаа. ОУВС-тай хамтран ажилласнаар манай улсын нэр хүнд өснө. Засгийн газарт итгэх итгэл сэргэнэ” гэж өчигдөр мэдээлэл хийх үедээ хэлжээ. Монгол Улс дахин бонд гаргах бол, 2012 оны Евро бондоос бага хүүтэйгээр гаргах эдийн засгийн нөхцөл байдал бидэнд байгаа юу. Бондын хүү өснө гэсэн үг үү?

-Сангийн сайдын хэлсэн үгнээс харвал, өнөөгийн арилжааны хүүтэй бондоор 580 сая ам.долларын бондыг солих тухай тодорхой хэлсэн байна. Иймээс бидний хувьд өмнөх бондыг өндөр хүүтэй бонд болгон хугацааг сунгах сонголт хийсэн гэж үзэхээр байгаа юм. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд 5.75 хувийн хүүтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээ өснө гэсэн үг.  

Эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа учраас евро бондоос бага хүүтэй бонд гаргаж санхүүжилт авах боломж ерөөсөө байхгүй. Тэгэхээр бондын хүү өснө гэж ойлгох нь зөв.

-Засгийн газар ОУВС-гийн урт хугацаат хөтөлбөрт хамрагдсан ч, өндөр хүүтэй бонд авч, өмнөхөө санхүүжүүлэх нөхцөл байдал нь Грекийнхтэй төстэй юу. Ер нь ОУВС-гийн манайд тавсан нөхцөлүүд Грекийнхтэй төстэй гэж хүмүүс ярьж байна. Энэ талаар тодруулаач?

ОУВС-гаас тавьсан нөхцөл, хамрагдсан хөтөлбөрийг харахад Гректэй төстэй. Цалин, нийгмийн халамжийн чиглэлд тавьсан нөхцөлүүд нь ойролцоо харагдаж байгаа юм. Гэхдээ энэ нь бид тэдний замаар орно гэсэн үг бас биш л дээ. 

Манай улс энэ хөтөлбөрт хамрагдах шаардлага үндсэндээ үүсчихсэн байсан. Үүнийг зөв ашиглаж хүнд байдлаас гарах тал дээр анхаарах хэрэгтэй байна. 

-Засгийн газарт энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр боломж байхгүй юу?

-Бидний эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гадаад зах зээл дэх нэр хүнд шалдаа буужээ. Нөхцөл байдал таагүй байгаа учраас өөр сонголт харагдахгүй байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар бид өнөөгийн хүнд байдлаас гарах гарцыг нэмэгдүүлэх боломжтой болж байна гэж харж байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
11
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.