Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ДУУРИЙН ШҮҮМЖ: Севилийн “зочид” гайхшируулсангүй

“Севилийн үсчин” ховор тоглогддогийн учир нь магад уран бүтээлчээс асар их ур чадвар шаарддагийнх биз ээ.


Италийн алдарт хөгжмийн зохиолч Жоаккино Россинигийн “Севилийн үсчин” дуурь ДБЭТ-ын тайзнаа ховор тоглогддогийн учир нь магад уран бүтээлчээс асар их ур чадвар шаарддагийнх биз ээ. Угтаа байнга тоглогддог бол “Травиата”-аас дутахааргүй олон үзэгч татахуйц даацтай бүтээл билээ.

Өнгөрсөн бямба гарагт 54 дэх улирлын турш ДБЭТ-т ганцхан товлогдсон “Севилийн үсчин”-г тоглов. Тоглолт эхэлж, гоо үзэсгэлэнт Розинаг өөрийн болгохоор оролдох Альмавива гүн тайзан дээр гарч ирлээ. Авч сууюу гэтэл Розинатай бүсгүйн асран хамгаалагч болох доктор Бартоло гэрлэхээр зэхэж байгааг олж мэдээд үсчнээс эхлээд түмэн төрлийн авьяастай Фигарогийн тусыг авахаас аргагүй болно. Эцэст нь бие биедээ сэтгэл алдарсан залуу хос хөгшин Бартолог дийлж гэрлэлтээ батлуулснаар жүжиг төгсдөг.

Пьер Бомаршегийн 1775 онд бичсэн ижил нэртэй зохиолд (“Фигарогийн хурим” мөн түүнийх) суурилан либреттог нь бичсэн “Севилийн үсчин”-ий үйл явдлын хурдтай өрнөл зогсолтгүй эрч хүчтэй хөгжимтэйгөө хослон үзэгчдэд уйдах зав гаргадаггүй. Эхлэлийг нь эс тооцвол шүү дээ. Энэ цуцашгүй эрч хүчийн ачаар л дуурийн төгсгөлд уран бүтээлчид үзэгчдийн тасралтгүй алга ташилт дор тайзыг орхисон гэвэл буруудахгүй.  

Дуурь эхэлсэн цагаас хойш хүн бүрийн нууцхан хүлээдэг мөч бол Фигарогийн ари. Бямба гарагт танхимд цугласан олон дунд 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гранпри шагнал хүртсэн Г.Ариунбаатарын дуулахыг сонссон хүн цөөнгүй байсан болов уу. А.Сайнбаярыг түүнтэй харьцуулахаар хүлээж сууснаа нуух юун. Хүлээлт хөсөрдсөнгүй, тун цэвэрхэн, эрч хүчтэй дуулсан нь тоглолтын турш саарсангүй ээ.

Ж.Россини 23-хан настайдаа бичсэн энэ суут бүтээл орон орны театрын шилдэг дуучдын нэрийн хуудас болдог жамтай. Розинагийн каватина “Una voce poco fa”, Севилийн үсчин Фигарогийн “Largo al factotum” зэрэг гоцлол нь сайн гүйцэтгэвэл “цочроом” сайхан байдаг.

Розинагийн дүрд тоглосон М.Дариймаа ДБЭТ-ын шилдгүүдийн нэг боловч энэ дүрийн  босгыг давж чадсангүй. Эрдүү меццо-сопрано М.Дариймаа ноотноос ноот, өнгөнөөс өнгөнд чөлөөтэй урсах дуулалтыг илэрхийлдэг “бельканто” стилийг гаргаж чадаагүйн учраас тэр. Хамгийн гол нь бүх шилжилт нь хөнгөхөн, сонсоход нэн хялбар санагдахуйц байх учиртай атал монгол гоцлооч маань уг ариг дэндүү хүчлэв. Өндөр ноотуудаа харин өөлөхөөргүй дуулсан. Дуурийн алтан жишиг Мария Калласын биш гэхнээ Чечилия Бартолигийн хэв маягаар сайтар сургуулилууштай гэж бодогдов.

Альмавива гүнгийн дүрд Г.Шижирболд тоглов. Дэлхийд уг дуурийн хоёр хувилбар тоглогддог. Хоёр хувилбар дуурийн төгсгөлд тенороос өндөр ур чадвар шаарддаг “Cessa di piu resistere” ари багтсан, эсэхээр ялгардаг. ДБЭТ-ын хувилбарт уг ари байхгүй. Г.Шижирболд жүжиглэлт сайтай байсан ч дуулалтын хувьд өө ихтэй байлаа. Эхлэл хэсэгт өнгө алдаж, хоолой нь “солонгорч” байснаа сүүл хэсэгтээ жигдэрч сайжирсан ч бүхэлдээ бол хангалтгүй байв. Дээр дурдсан “бельканто” гэх ойлголт гүнгийн дүрд ч онцгой хамааралтай юм.

Бусад дүрийн хувьд Бертад тоглосон Ш.Наранчимэг, Базилиод дуулсан О.Хүрэлбаатарыг онцлууштай. Бартолод тоглосон Б.Алтанхуяг муугүй байсан ч зарим хэсэгт дүрийнхээ хошин элементийг хэтрүүлсэн мэт. Оркестрын дуугаралт жигд аятайхан байсан бөгөөд дуучдын хошин жүжиглэлт магтууштай байлаа. Дуулаачдынхаа чадварыг сайжруулж, энэ гайхалтай дуурийг цаашид ойр ойрхон олон тоглоно гэж найднам.  

P.S. Нүүр хувиргагчид дүрүүдийнхээ “халзан толгой”-г хийхдээ анхаарахгүй бол нүүрнээс нь ялгарч байнга нүдэнд тусаад анхаарал сатаарч байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
4 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
4 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.