Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ШИНЭЛЭХ ЁСНЫ БЭЛГЭДЭЛ №1: Индэрт мөргөх ёс ба Золгох ёс

Хадагныхаа амыг золгож буй золгож буй хүн рүүгээ харуулдгын учир нь эдийн дээд цагаан хадгийг ариун цагаан сэтгэлийнхээ төлөөлөл болгон дэлгэн нээж байна гэсэн бэлгэдэлтэй аж.


Эзэн сүлд буюу индэрт мөргөх ёс

Шинэ жилийг шинжинэ

Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө үүрийн харанхуйгаар туулай цагийн багцаанд алганы зураас үзэгдэх төдийд дээшилцгээн өрхөө татаж, галаан ноцоодог. Өглөө эртлэн боссон гэрийн эзэгтэй өрхөөн татаж, түлшээ оруулж явах зуураа тэнгэрийн хаяа, хангайн бараа, үүлний өнгө, хоттой хонь малынхаа хивж хэвтэж буй шинж бэлгээр гарч буй жилийн өн зун, өвс ногоо, хур чийг зэргийг шинжин таамнадаг.

Битүү толгойн эрүүг зааж янзлана

Уул завсарлахын урьдхан үүрийн хяраа шарлах үесээр завдаж, хоймордох найман тахил тавигтай дорхноо тулган тусгай тавьсан халзан цагаан иргийн шүүс дээрх шар тосоор эвэр магнайг нь мялаан чимсэн битүү толгойн эрүүг зааж янзлаад галын эзэгтэй гэргий нь гал голомтоо захиран элдэв үйлсийг эмхлэх зуур гэрийн эзэн хар хүн нь гадаалан хотоон эргэж, халуун хошуут адуун сүргийн манлай үүр сүүлт азарга, үхэр сүргийн манлай үнэн хүчин бух, хонин сүргийн манлай үргэлж хондлойт хуцынхаа байр байдлыг шинжин, жавар сөрөн жавхлан сүртэй байхул энэ жил өн өлчин, өег цатгалан болох нт нэж бэлгэшээн баясдаг.

Идээний дээжээ өргөж, сүлдэндээ мөргөнө

Цагаан сарын шинийн нэгний өглөөний улаан наран уулын оройд шарлан тусах цагаар гэрийн эзэн тэргүүлэн цай, идээ, цанж олбогоо аваад ойр хавийн уул усны тэргүүн өндөр овоон дээр айл хотлоор хуран цугларч, овооны өмнө биеэр эртгэр ширээгээ суурилуулж эсгий ширдгээ дэвсэн идээ будаагаа засч, өтгөс нялхасгүй мал цайгаа сөхөж, нударга эргүүлэн хормойгоо дэвсэн идээ ундааныхаа дээжийг өргөн эзэн сүлд буюу төрийн сүлдэндээ мөргөн ёсолдог.

Золгох ёс

Гэрийн нар унинд тусах цаг буюу хурах цагаар гоёл чимгээ өмсч зүүсэн хүүхэд үүхэд цөм айл хотлынхоо аль ахмад буурлын гэрт (хоёр ижил настан байвал эрэгтэй нь хүндэтгэн) тавагтай идээ, домботой цайгаа барин цуглаж, хөвгүүд нь шинийн нэгний цагаан хадаг барьж, охид бэргэд нь цайг барьж өвгөд эмгэдийнхээ амрыг эрэн золгоно. Чингэхдээ гэр доторх аль ивээл жилтэйгээрээ эхлэн золгох ёсон буй. Ийн золгохдоо малгайгаа төвшин өмсч, товч бүчээ бүртгэн товчилж, бүсээ чангалж, нэн төв эрхэмсэг агаад баяр жавхлант уужуу тайван байдлыг эрхэмлэх бөгөөд хэн хүнд хэлдэг үг, хийдэг үйл нь нэн өвөрмөц гойд.

Ахмад настантай золгохдоо “Та амар айлдаж (айлчилж) байна уу”, “Та амар байна уу” гэж гарынхаа алгийг дэлгэн тохойноос нь дэмнэсхийн лавхан зөрүүлж золгодог. Энэ нь ахмад настнаа бие, хэл, сэтгэл бүхнээрээ өргөн хүндэлж байхын бэлгэдэл болдог. Тэр тусмаа өвгөд настантай сууж золгож болох бөгөөд идэр залуус нь бөхийж мэхэсхийн золгож байгаа нь бас л биеийн хүндэтгэл юм.

Хадаг барих

Монголчуудын золгох ёсны уламжлалд ариун цагаан хадаг дэлгэн золгодог нь эртнээс угшилтай. Үүний ул мөр болж өнөөг хүртэл барга ястны дунд заавал цагаан хадагтай золгох ёс байсан байна. Ер нь монголчуудын дунд хадагтай золгох, бадаг барьж золгох хоёр ёс байдаг. Хадагтай золгоно гэдэг нь цагаан юм уу цагаан цэнхэр өнгөт хадгийг золгох хүнээ дээдлэн хүндэлж буйн бэлгэ болгон хадагныхаа баруун үзүүрийг баруун гарынхаа ядам хуруунд дотор талаас нь нар зөв ороогоод чигчий хуруутай талруугаа унжуулж золгоно. Хадагныхаа амыг золгож буй золгож буй хүн рүүгээ харуулдгын учир нь эдийн дээд цагаан хадгийг ариун цагаан сэтгэлийнхээ төлөөлөл болгон дэлгэн нээж байна гэсэн бэлгэдэлтэй аж.

Золгох

Насан бууралтай золгохдоо гэрт бол гэрийн үүдэн талаас, гадаа хөдөө уулзвал гол усны урсгалын доод талаас нь очиж золгодог. Морь, тэмээ, унаа хөсөгтэйгээ явж байгаад хээр тааралдваас аль дүү нь унаа хөсгөөсөө түрүүлэн бууж настан хүнийг түшиж дэмнэж буулгаад сая золгож, гаанс хөөргөө зөрүүлэн ам хамрын тамхиа шившилцдэг. Буух тухлах зав чөлөөгүй яаруут явж байгаа хүн бол морь, тэмээнийхээ явдлыг үл мэдэг зөөллөсхийн өнгөрч буй талынхаа дөрөөг мулталж, эгц харж, дүүрэн мишээж мэндлэх учиртай.

Нас чацуутантай золгох

Үе зэргэмжийн эр эм хоёр золгохдоо эм нь эр хүнийг хүндэлж тохой доороос нь дэмнэж золгоно. Үе зэргэмжийн хоёр эр хүн бол хэн гэртээ байгаагаа юм уу түрүүлж орж ирсэнээ хүндэтгэнэ. Хээр хөдөө бол зүүн зүгээс ирснээ хүндэлнэ. Хээр хөдөө бол зүүн зүгээс ирснээ хүндэтгэнэ. Мөн үе насны хоёр эм хүн болбоос түрүүлж урагласнаа юм уу үр хүүхэд төрүүлж, эх болсныгоо хүндэлж золгомуй.

Эхнэр нөхөр хоёр золгохгүй

Шинийн нэгний өглөө эрт тэр жилийн анхны шинэ цай чанасны дараа эхнэр нөхөр хоёр хуйхлан чанасан хонины битүү толгойн эрүүг хөндөж заадаг заншил байжээ. Заахдаа эрүүнээс эхнэр нь, толгойноос нөхөр нь татаж:

“Бүх юм дэлгэрлээ
Битүү юм нээгдлээ
Буур жил гарлаа
Ботгон жил орлоо”

гэж хэлээд хошуунд нь шар тос түрхээд, сүүл, шагайт чөмөгтэй нь бурхандаа тавьдаг байжээ. Иймээс эрүү, толгой хөндөж заасан эхнэр нөхөр хоёр нэгэн амьтай нэгэн хүн хэмээж хоорондоо золгодоггүй ёстой. Нэгэн гэрийн эр, эм хоёр бол аав, ээж хоёр, арга билиг хоёр.

Эх сурвалж: "Цагаан сарын бэлгэдэл" - С.Дулам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.02.27
Дээлтэй Уулзалтад дараа жил явах 7 шалтгаан
2
2018.02.27
БУУЗ хэзээд монголчуудын хувьд ТРЭНД хоол гэдгийг батлах 14 пост
3
2018.02.26
Цагаан сарын баяраар хүмүүсийн авсан хамгийн "ХОШИН" 11 бэлэг
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.