Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Санжай Гупта: ДАЛАЙ ЛАМаас сурсан ГАЙХАМШИГТ бясалгал

Урьд нь гэр бүлийнхэн, найз нөхөд маань намайг ааш сайтай ч адгуу зантай гэдэг байв. Би ер нь их бухимдуу, сандруу байжээ. Харин одоо тийм байсан гэхээргүй болчихоод байгаа.


“CNN”-д эрүүл мэндийн чиглэлээр нийтлэгч, мэдрэлийн нэрт эмч Санжай Гупта Далай ламын өргөөнд бясалгал хийхээр уригджээ. Тэрбээр Далай ламаас сурсан зүйлээ бусадтай ч мөн хуваалцах үүднээс энэхүү нийтлэлээ бичсэн байна. Та эндээс өөрийгөө, амьдралаа өөрчлөх гайхамшигтай аргад суралцана гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн хоёр сарын турш би огт өөр нэгэн болж хувираад байна. Миний сэтгэл санаа цэлмэг, илүү тэвчээртэй болж өөрчлөгдсөнөөс илүүг дүрслэн бичихийн аргагүй. 

Урьд нь гэр бүлийнхэн, найз нөхөд маань намайг ааш сайтай ч адгуу зантай гэдэг байв. Би ер нь их бухимдуу, сандруу байжээ. Харин одоо тийм байсан гэхээргүй болчихоод байгаа.  

Би хүүхдүүдтэйгээ тоглож, цагийг хамт өнгөрөөж байхдаа анхаарлаа тэдэн дээр бүрэн төвлөрүүлж чаддаг болсон. Утсаа тогтмол шалгах гэж тэмүүлэхээ болиод, нэг зүйлд анхаарал хандуулбал төвлөрсөн шиг төвлөрөх нь урьд нь миний хувьд бараг боломжгүй зүйл байлаа. Харин одоо амархан элдэвт сатаарахгүй байхын жаргалыг мэдэрч байна. 

Энэ өөрчлөлт Далай ламтай өнгөрүүлсэн өглөө эхэлсэн юм. Би Далай ламтай бясалгал хийсэн гээд ингээд бичээд сууж байх юм гэж хэзээ төсөөлөөгүй. Анх хамт бясалгах санал ирэхэд нь яагаад надад тийм санал тавьсан юм бол хэмээн гайхаж байлаа. Би бясалгал хийдэг байсан ч  яг үнэндээ зөв хийж байгаадаа итгэлгүй байснаас гадна Дээрхийн гэгээнтэнтэй хамт бясалгахуйц хэмжээний туршлагатай биш учраас эмээж байсан юм.

Би Далай ламын итгэлийг хөсөрдүүлэхээс айж байлаа. Хөлөө завилж суух минь хүртэл нэг л эв хавгүй. Хэсэг бясалгасны дараа нуруу, дараа нь өвдөг өвдөж эхэлнэ. Тэгээд бясалгахад минь туслах учиртай амьсгал маань бүр ч жигд бус болж, тасалдаад юун тайвшрах. Хажууд нь суугаад бясалгах нь бүү хэл бодоход л сандарч байв. Гэсэн ч хэн Далай ламтай бясалгах саналд “ҮГҮЙ” гэж хэлэх билээ? Маргааш очихоор боллоо. 

Өглөө бүрийн гурван цагт 

Далай ламын цагийн хуваарь 81 настай хүнийх гэмээргүй шахуу ажээ. Бясалгал Энэтхэгийн Мүндгод дахь Буддын шашны шинжлэх ухааны төв болох Дрипун хийдэд болох байв. 

600 жилийн өмнө баригдсан уг сүмийн гоёмсог чимэглэлтэй хана дагуу Буддагийн аварга баримлууд тавилжээ. Уншлагын танхим асар том атал дулаахан байгаа нь Энэтхэгийн өмнөд нутгийн нар, зуны халуун салхины ач.

Далай лам аливаа ойлголтыг ямар шалгуураар үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх хийгээд оршихуйн үндэс, амьд ертөнцийн үүсэл гарал, оюун ухааны олон талт байдал зэрэг метафизикийн ээдрээтэй сэдвүүдээр бүтэн гурван өдрийн турш "маргалдав". Лам хувраг, эрдэмтдийн хэлэлцүүлэг үнэхээр гайхалтай, мэдлэг тэлэхүйц байсан ч тархи маань ядарсандаа хүлээж авахгүй байв. Гэтэл Далай ламын анхаарал хэдэн хором ч саарсангүй, ярианд тогтмол оролцож байсан. Ихэнх яриа орчуулагчаар дамжиж байхад шүү. 

Далай Лам өглөө бүр 2.40 минутад босдог бөгөөд үүрийн гурван цаг гэж бясалгал нь эхэлнэ. Энэ үеэр хамаг туслахууд нь унтсаар байдаг. 

Далай ламд ч гэсэн бясалгал хийхэд бэрхшээл тулгардаг

Далай ламын өрөөнд орохоос өмнө туслахууд нь бяцхан зааварчилгаа хэллээ. Нүд рүү нь эгцэлж харж болно, харин мэндлэхдээ заавал хоёр гараараа гарыг нь атгах ёстой гэв. Бас өрөөнөөс гарахдаа түүн рүү нуруугаа харуулахгүй байхыг хичээн, үүдээр гаран гартлаа нүүр буруулахгүй байх ёстой аж. Завилж суухдаа хөлөө түүний зүгт хандуулахгүй, ярилцваас Дээрхийн гэгээнтэн хэмээн дуудах учиртай. 

Хаалга нээгдэж түгшингүй өрөөнд ортол Дээрхийн гэгээнтэн хэдийнэ өндөрлөгөө бүхий олбог дээрээ залраад, гүн баясалгалдаа автсан байлаа.

Би гутлаа алгуурхан тайлж, суух газраа болгоомжтой сонгоод завилан суугаад нүдээ анин амьсгалдаа төвлөрч эхэллээ. Нам гүмтэй хамт бясалгалтай холбоотой айдас, өөртөө итгэлгүй байдал маань "буцаад ирэв". Хэдэн хормын дараа Дээрхийн гэгээнтэн гүн баргил хоолойгоор “Асуулт байна уу?” гэв. Нүдээ нээтэл Далай лам над руу инээмсэглэн харж байв. 

“Бясалгал хийх хэцүү юм” гэтэл Гэгээнтэн “Надад ч мөн адил. 60 жил бясалгал хийж байгаа мөртлөө одоо хүртэл хэцүү хэвээр л байна” хэмээн хариуллаа. Би ийн хэлэхэд нь ихэд гайхаж басхүү сонссон зүйлдээ итгэж ядан суув. Буддын лам, Төвдийн ариун гэгээнтэнд хүртэл бясалгал хэцүү санагддаг байх нь.

“Чамд аналитик бясалгал яг таарах байх” гэж Далай лам хэлээд анхаарлаа ямар нэг цэгт төвлөрүүлэхийн оронд шийдвэрлэж чадахгүй байгаа асуудал, саяхан уншсан сонирхолтой сэдэв,  хэлэлцүүлгийн үеэр яригдсан философийн ээдрээтэй сэдэвт төвлөрүүлж болно гэв. . 

Тэрбээр тулгараад буй асуудлынхаа цөмийг тэр асуудлыг шийдэхэд саад болсон бүхий л хүчин зүйлээс нь ангид авч үзвэл алган дээр байгаа мэт ил, тодорхой болно гэв. Нүдээ анин түүний зөвлөсний дагуу бясалгахад дүрслэл нь аяндаа биежээд ирэв. Асуудал цөм яг миний өмнө шилэн бөмбөлгөнд “хөвж” байлаа. Тэр бөмбөлгийг би оюун санаандаа хүссэнээрээ эргүүлж, тойруулж харах, эргэцүүлэх боломжтой болжээ. Аливаад дээд зэргээр төвлөрнө гэдэг энэ буюу. Бөмбөлөг ойртох тусам сэтгэл хөдлөл зэрэг тээг болсон сааднаасаа нэг нэгээр нь салсаар, улам л тод томруун, ойлгомжтой болсоор байлаа.

Асуудлыг шийдвэрлэх арга зам нүдний өмнө ил байсаар байтал сэтгэл хөдлөл бидний харахад саад болсоор байдаг. Яаж шийдэхээ мэдэхгүй удахад гутарч, цөхөрнө. Аналитик бясалгалын тусламжтайгаар бид логикоо ашиглан асуудлыг хоёрдогч хүчин зүйлсээс нь тусгаарлан, үүнтэй холбоотой аливаа эргэлзээг авч хаян, хариултыг ил гаргаж чаддаг гэсэн Дээрхийн гэгээнтний үг үнэн ажээ. Энэ үйл явц маш энгийн, ойлгомжтой байв. Тэгээд хамгийн гол нь үр дүнтэй байлаа. 

Эргэлзэгч, үл итгэгчдэд зориулсан бясалгал

Буддын лам, бүр Далай лам өөрөө байсан ч надад оюун санааны талаар шинийг зааж өгч чадна гэж би итгэхгүй байсан. Насаараа тархины үйл ажиллагааг судалсан миний дүгнэлт хийх, шүүмжлэх чадварыг бясалгал сайжруулна гэж төсөөлөөгүй юм. 

Бясалгал миний амьдралыг өөрчилсөн. Одоо би өглөө  бүр эртлэн босоод аналитик бясалгал хийдэг болсон. Асуудлынхаа "хальсыг хуулж" ил гаргах эхний хоёр минут одоо ч хэцүү санагддаг хэвээр, харин бөмбөлөг хэдийнэ хөвсөн хойно 20-30 минут дорхноо өнгөрчихнө. 

Би эргэлзэгч, үл итгэгч хүмүүс ч аналитик бясалгалын хүчээр өөрчлөгдөж болдог юм байна гэдэгт бат итгэх болсон. Далай ламаас сурснаа би гэрийнхэн, найз нөхдөдөө зааж өгсөн. Тийм сайхан эрдмийг өөртөө хадгалаад байж болохгүй гэдгийг мэдэрсэн учраас тэр. Харин одоо та бүхэнтэй хуваалцаж байна. Тус болох болтугай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
7
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.