Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Сангийн яамны цахим хуудас Чойжоо сайдын фейсбүүк болжээ

Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед борви бохис хийлгүй ажиллах учиртай Сангийн яамны ажил хэрэг жигдэрч өгөхгүй байгааг гал улаан дээлээр гангарсан сайдынхаа зургаар шинийн 5 хүртэл веб сайтаа чимсэнээс төвөггүй харж болно.


Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдөр азай буурлынхаа гэрт очиж, хүндэтгэн золгох уламжлал тогтсон заншлын дагуу үргэлжилсээр байгааг ажлын ширээ эзгүйрч байгаагаас уншигч Та анзаарсан биз ээ. Цагаан сарын амралт хэдийнэ дуусаж, ажлын өдрүүд хаалга тогшсон боловч Монгол төрийн ажил цалгардаж байгааг Сангийн яамны цахим хуудаснаас хамтдаа харъя. 

 

Алтан унжлагат хэмээх гал Тахиа жил хоёрдугаар сарын 27-ны шинийн нэгний өглөө 7 цаг 42 минутад донгодохоос хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэнийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн дэлхий дахинд албан ёсоор зарлаж, манай Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болов. Цалин пүнлүүнээс авах татвар, хураамжаа нэмэхээс эхлээд, машин тэрэгний татварыг нэмэгдүүлж,  Засгийн газар монголчуудын халаасыг тэмтрэх нь тодорхой болсныг тайлбарласан Чойжоо сайдын хоёр цаг орчмын мэдэгдлийн дараа олон асуулт хариултгүй хоцорсон юм. 

Эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед борви бохис хийлгүй ажиллах учиртай Сангийн яамны ажил хэрэг жигдэрч өгөхгүй байгааг гал улаан дээлээр гангарсан сайдынхаа зургаар шинийн 5 хүртэл веб сайтаа чимсэнээс төвөггүй харж болно. Ажлын долоо хоног өнөөдрөөр шувтарч буй учраас Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гал улаан зураг шиний 8 хүртэл сайтынхаа онцлох зургаар залрах нь ойлгомжтой боллоо. 

Чойжоо сайдын зураг шинийн 8 хүртэл тухайн сайтад заларснаар Монгол Улсын эдийн засагт засал, ном хийх шаардлагагүй болох ч юм бил үү, хэн мэдлээ. Монгол Улсын Сангийн яамны цахим хуудас гэхэд хувь улстөрчийн фейсбүүкээс ялгагдах юмгүй энэ веб сайтаас ард иргэд үнэндээ олон мэдээлэл авах учиртай юм. Ямартай ч Сангийн сайдыг ажилдаа ханцуй шамлан орж, эдийн засгаа төвхнүүлж эхэлтэл дараах ЧУХАЛ асуултууд олон нийтийн дунд хариулт нэхсээр үлдэж байна. 

Энэ сарын 21-нд хугацаа нь дуусах товтой, Засгийн газрын баталгаатай, таван жилийн хугацаат Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондыг өөр бонд гаргах замаар дахин санхүүжүүлнэ гэж Чойжоо сайд мэдэгдсэн. Гэхдээ хэдэн сая ам.долларын, ямар хүүтэй, хэдэн жилийн хугацаатай бонд гаргах нь тодорхойгүй хэвээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Засгийн газар 600 сая ам.долларын, долоо жилийн хугацаатай шинэ бонд гаргана, түүнийг Хубилай гэж нэрийдсэн хэмээн мэдээлж буй боловч Сангийн яамны цахим хуудсанд албан ёсны мэдээлэл хараахан байхгүй байгааг дээрх зургаас Та харж байна.

Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүндрэлээс гарах гарц хайж олсон Сангийн яам хэзээнээс дээрх шийдвэрүүдээ хэрэгжүүлж эхлэх тухайгаа мэдээлж чаддаггүй ээ. Төр засгийн түвшинд бултаараа хэлэлцэж байж энэ шийдвэрийг гаргах нь зүй ёсны хэрэг боловч,  ерөнхий ойлголт өгөхүйц, жишээ баримт бүхий мэдээлэл бэлтгээд, Сангийн яамнаас олон нийтэд танилцуулж яагаад болдоггүй юм бэ?

Чойжоо сайдын мэдэгдлийг үндэслэж, тооны машин барьсан нягтлан тооцоолол хийж, татвар хураамж нэмснээр таны гарт ирэх цалин тав арван төгрөгөөр хумигдах нь гэсэн баталгаагүй тооцоолол танилцуулах нь мэдээлэл технологийн энэ эринд зохицох зүйл мөн үү? 

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнөөс шалтгаалж бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн энэ цагт онцгой албан татварыг дээд хязгаарт нь тулгаж буйгаа Б.Чойжилсүрэн сайд зарласан. Гэхдээ хэзээнээс эхэлж онцгой албан татвараа нэмэх нь тодорхойгүй байгаагаас болж нэг л өглөө сэрэхэд шатахуун түгээх станцын үнийн самбар 2000 төгрөг даваад явчхыг үгүйсгэхгүй тийм орчинд монголчууд амьдарч байна. 

Ерөөс бүх монголчуудын амьдралд нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд бензиний үнэ шууд нөлөөлдгийг дефляцитай Монгол Улсын Төв банк нь одоог хүртэл инфляцитай дайн зарладгаас хялбархан харж болдог. Гэтэл олон нийтийн сэтгэл зүйг үймүүлэхгүй гэсэндээ тодорхой мэдээлэл өгөхгүй байгаагаас болж нэг л өглөө сэрэхэд нэмэгдчихдэг бензин тосны үнэ нэг л өдрийн дотор дараалалсан урт дугаар, уур бухимдлаар дүүрсэн Монголын нэг өдрийг эхлүүлдэг ээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
22
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.