Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Олон улсын валютын сан: 70 жилийн шинэчлэлт

1950-1960 оны хооронд ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 1-2 жил байсан бол 1990 оны сүүл гэхэд дунджаар 3 жил болжээ. Энэ нь ханшийн савалгаатай харьцуулахад банкны салбарын хямрал, ѳрийн хямрал нь шийдэхэд цаг хугацаа их зарцуулагддагтай холбоотой байв.


Олон Улсын Валютын Сан нь 1945 онд анх байгуулагдахдаа 28 гишүүн оронтой байсан бол 2015 оны байдлаар гишүүн орнуудын тоо 188 болжээ. 140 гаруй орны 2600 гаруй ажилтнаас бүрдсэн тус байгууллагыг эдийн засгийн хүндрэлд орсон орнуудад эцсийн зээлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэгч дэлхийн Төв банк гэж нэрлэж болно. Тийм ч учраас 2008-09 оны санхүүгийн их хямралаас хойшхи үе бол дэлхийн эдийн засагт ОУВС-гийн гүйцэтгэх үүрэг роль, ач холбогдол хамгийн ѳндѳр үе гэгдэж буй. Тэгвэл тус байгууллагын үйл ажиллагааны онцлог нь 70 жилийн түүхэндээ хэрхэн хувьсан ѳѳрчлѳгдѳж ирснийг харцгаая.

ОУВС-гийн хѳтѳлбѳрт хамрагдагч орнуудын хувьсал

ОУВС-гийн анхны жилүүд – Хөгжингүй орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөр:

ОУВС нь анх байгуулагдсанаас хойш 7 жилийн хугацаанд зээлийн хөтөлбөр огт хэрэгжүүлээгүй ажээ. Энэ нь Дэлхийн 2-р дайны дараа хэрэгжиж байсан Маршалын төлөвлөгөөтэй холбоотой байна. 1952 онд Бельги, Финлянд улсууд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн анхны орнууд болж байжээ. Үүнээс хойш Франц, Исланд, Итали, Португали, Испани, АНУ зэрэг харьцангуй өндөр хөгжсөн орнууд ч Сангаас зээл авч байлаа. Их Британи л гэхэд 1956-1977 оны хооронд нийтдээ 11 удаагийн ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

1980, 90-ээд он – Хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөр: 

1976-1983 оны хооронд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах орнуудын тоо 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнд бага орлоготой, хөгжиж буй орнууд гол нөлөө үзүүлжээ. Энэ нь 1980-аад он хөгжиж буй орнуудын хувьд 1930 оны хямралаас хойш тохиолдсон хамгийн хүнд цаг үе байсантай холбоотой байв. Тухайн үед дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ унахын зэрэгцээ Америкийн Төв банк бодлогын хүүгээ өсгөсөн нь түүхий эд экспортлогч орнуудыг төлбөрийн тэнцэл болон гадаад өрийн том хүндрэлд оруулжээ. 1980-аад он бол Латин Америкийн орнуудын хувьд “алдагдсан 10 жил” гэж нэрлэгдэж, Африкийн орнуудын хувьд нөхцөл байдал бүр ч дор байсан тул ОУВС-гийн хэрэгцээ шаардлага өндөр байлаа. Харин 1990-ээд онд ЗХУ бутарч, олон орон шилжилтийн үеийн хямрал руу орсноор хөтөлбөрт хамрагдах хөгжиж буй орнуудын жагсаалт улам л нэмэгджээ.

2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш–Европын орнууд анхаарлын төвд:

2013 оны байдлаар ОУВС-гийн зээлийн 80 хувь орчмыг зөвхөн Европын орнуудад олгогдсон санхүүжилт эзэлж байна. Үүний гол шалтгаан нь урсгал тэнцлийн алдагдлаа хямд ам.долларын зээлээр санхүүжүүлж байсан Евро бүсийн орнууд дэлхийг хамарсан санхүүгийн хямралын дараа огцом хүндрэлд орсонтой холбоотой юм. Дэлхийн санхүүгийн системд шок үүсч, эдийн засгийн идэвхжил  эрс саарснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хямд санхүүжилт татах гарц хаагджээ. Ингээд урсгал тэнцлийн алдагдал нь ДНБ-ийн 28 хувьд хүрч байсан Исланд улс 2008 онд ОУВС-гаас тусламж эрсэн анхны орон болсон бол залгуулаад Унгар, дараа нь 2009 онд Румынь, 2010 онд Грек болон Ирланд, 2011 онд Португали г.м үргэлжилжээ. Улмаар ОУВС хөгжсөн орнуудад түлхүү зээл өгч байсан анхны арга барил давтагдаж буй дүр зураг бий болоод байна.

ОУВС-гийн шийддэг асуудлуудын хувьсал

ОУВС-гийн анхны зорилго бол II дайны дараах Бреттон-Вүүдс тогтолцоонд тѳлбѳрийн тэнцлийн хүндрэлд орон нѳѳцѳѳ барах эрсдэлд орсон гишүүн орнууддаа богино хугацаатай түргэн зээллэг олгох замаар санхүүгийн системд учирч болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэх явдал байв. Тухайн үеийн ОУВС-гийн гол арга хэрэгсэл нь ихэвчлэн 1 жилийн хугацаатай олгогддог Стэнд-Бай хѳтѳлбѳрүүд байв. Харин 1970-аад оноос гишүүн орнууд нь хѳвѳгч ханшийн дэглэмд шилжиж эхлэхэд ханшийн савалгааны эрсдэл харьцангуй буурч, ОУВС-гийн зээл нь илүү ѳргѳн цар хүрээтэй асуудлуудыг шийдэхэд чиглэх болов. Гэтэл санхүүгийн зах зээл либералчлагдаж, капитал контролууд зѳѳлрѳхѳд банкны салбарын хямралууд түгээмэл болсон байлаа. Түүнээс гадна, 1980-аад оны түүхий эдийн уналтаас үүдэлтэй хѳгжиж буй орнуудад үүссэн хүндрэл нь гадаад ѳрийн хямралтай улс орнуудын тоог олшруулав. Эдгээрийн үр дүнд ОУВС-гийн үйл ажиллагаанд дараах ѳѳрчлѳлтүүд ажиглагдах болов. 

Ѳрийн асуудалтай орнуудад ихээр зээл олгох болов:

Анх зээлийн эргэн тѳлѳлтийн хугацаа хэтрэлт, ѳрийн дефолттой тулгарсан орнууд ОУВС-аас зээл авсан орнуудын 20 хувь орчмыг эзэлдэг байсан бол 1970-аад онд 70 хувь болж ѳссѳн бѳгѳѳд, 2014 оны байдлаар энэ үзүүлэлт 40 хувь орчим байна. Энэ нь ОУВС-гийн хѳтѳлбѳрүүдийн эрсдэлийг эрс ѳсгѳж, портфолид нь сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа уртсав:

1950-1960 оны хооронд ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 1-2 жил байсан бол 1990 оны сүүл гэхэд дунджаар 3 жил болжээ. Энэ нь ханшийн савалгаатай харьцуулахад банкны салбарын хямрал, ѳрийн хямрал нь шийдэхэд цаг хугацаа их зарцуулагддагтай холбоотой байв. Үүнээс гадна, зээлдэгч оронтой хэр холбоотой байхаас шалтгаалаад Америк эсвэл Европын донор орнууд шийдвэр гаргалтанд нѳлѳѳлж, зээлийн хариуд тавьдаг шаардлагууд хангалттай үр дүнтэй байж чаддагүй нь нѳлѳѳлдѳг гэсэн дүгнэлтүүд ч бий.

Зээлийн хэмжээ нэмэгдэв:

1970 аад онд ОУВС-гийн хөтөлбөрүүд нь дунджаар тухайн зээлдэгч орны ДНБ-ийн 2 хувиас бага хэмжээтэй, гишүүнчлэлийн квотын 200-600 хувь орчимтой тэнцдэг байв. Харин 2008 оноос хойшхи хѳтѳлбѳрүүдийн хувьд зээлийн хэмжээ нь тухайн ДНБ-ийн 10-16 хувь болж өссөн нь түүхэнд байгаагүй өндөр хэмжээ байв.

Хѳтѳлбѳрѳѳс байнгын хамааралтай улс орнууд нэмэгдэв:

188 гишүүн орны дөрөвний нэг нь гишүүн байх хугацааныхаа 50 хувьд ОУВС-гаас ямар нэгэн зээл хѳтѳлбѳр авсан байна. Тухайлбал, Уганда, Малави зэрэг орнуудад ОУВС-гийн хөтөлбөр ойролцоогоор 30 жилийн турш үргэлжилж байсан түүхтэй. Олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авах боломжгүй ядуу орнуудад ОУВС-гийн бага хүүтэй зээлүүд нь санхүүжилтийн эх үүсвэр болсоор ирсэн нь үүний тайлбар болдог. Гэхдээ энэ нь нөгөө талаас зээлдэгч орнуудын хувьд морал - хазардын асуудал үүсгэж байна гэсэн дүгнэлтүүд бий.

ОУВС-ын одоо ба ирээдүй

ОУВС нь эдийн засгийн хүндрэл үүссэн орнуудад зээл тусламж олгохоос гадна улс орнуудын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх тал дээр анхаарч, бодлого боловсруулагч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, техник туслалцаа үзүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Үүний зэрэгцээ улс орнуудад өгдөг бодлогын гол зөвлөмж нь төсөв, мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, өрийн тогтвортой байдлын шинжилгээг хийж, өрийн удирдлагыг хангах, цаашлаад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зэрэгт чиглэгддэг байна.

Сүүлийн жилүүдэд Исланд, Ирланд, Португали гэх мэт ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн орнуудын дийлэнх нь зөвлөмжийн дагуу төсөв, мөнгөний бодлого дээрээ зөв тохиргоо хийснээр амжилтай үр дүнд хүрчээ. Харин Грекийн хувьд хоёр ч удаа ОУВС-гаас авсан зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийж чадалгүй, хөтөлбөрийн хэрэгжилт ахиц муутай байсан тул үр дүнг шинжээчид ихээхэн шүүмжилдэг. ОУВС ч хэт хатуу шаардлага тавьсан алдаагаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч, түүнээс хойш хөтөлбөрийн нөхцөл харьцангуй зөөлөрч, нийгмийн хамгааллын бодлогыг хадгалж үлдэх, тус бодлогыг дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа зорилтот бүлгүүдэд чиглүүлэх замаар төсвийн нийт зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж иржээ.

Өнөөдөр хөгжсөн орнууд ОУВС-гаас зээл авах нь түүхэн дээд хэмжээндээ хүрэхийн зэрэгцээ хөгжиж буй орнуудаас ирэх зээлийн эрэлт эрс нэмэгдэх төлөвтэй байна. Хөгжиж буй олон орны хувьд нийтлэг ажиглагдаж буй үндэсний валютын ханшийн сулралт, гадаад өрийн дарамт зэрэг нь ОУВС-гаас эх үүсвэр эрсэн орнуудын том давалгааг бий болгож болзошгүй юм. Иймд ОУВС-гийн ѳмнѳ цаашид дэлхийн Тѳв банкны байр сууриа хадгалж үлдэж чадах эсэхтэй нь холбоотой дараах сорилтууд тулгараад байна. 

1. Аль хэдийн зай үүсчихээд байгаа ѳѳрийн үндсэн зорилт болон үйл ажиллагааны хоорондох заагаа цаашид хэрхэх вэ?

2. Дэлхийн банк болон Азийн дэд бүтэц, хѳгжлийн банк гэх мэт хѳгжлийн банкуудтай давхцсан, заримдаа ѳрсѳлдсѳн үйл ажиллагаа явуулах уу?

3. Ѳрийн асуудал ихтэй орнуудад ихээр зээлснээр портфолийн эрсдэлээ нэмэгдүүлэх, зээлдэгчдийн морал-хазардын асуудлыг дэвэргээж буй асуудлыг цаашид хэрхэх вэ?
 
The International Monetary Fund: 70 years of Reinvention, Journal of Economic Perspectives, 30(1): 3-28, Winter 2016.

Эх сурвалж:www.mongolbank.mn

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.