Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ээжийн цүнх


 

Өөрийн юм шиг дураараа онгично. Нүдээ аньж байгаад гараа дүрэхэд л хаана юу байгааг нь мэдэх болсон дотно эд. Цүнх, цүнхэн дундаас ээжийнх онцгой байдаг нь сонин юм шүү.

Гэртээ суудаг хөгшний цүнх гэхээр яг юу агуулдаг нь хүмүүст ойлгомжгүй байж магадгүй л дээ. Хамгийн гол хогшил нь гэрийн түлхүүр, “Миний” хайпермаркетын хямдралын карт, нусны алчуур, хумсны хутга, нүдний дусаалга, зүрх, даралтны эмнүүд. За бас, ядарсан ч янжууртайгаа л гэнэ. Амттан хайж арга мухардсан үед цаас нь үнгэгдсэн ганц чихэр гараад ирдэг буянтай цүнх шүү.

Хэзээнээс ч юм бүү мэд, ээж түрийвч огт хэрэглэхээ больчихож. “Юун их задгай төгрөгтэй юм, бүхэлдээд өгье” гээд тэтгэврийг нь хямгадах гэхээр намайгаа аягүй хардана аа. “Таксины мөнгө авах нь уу” гэж үү, нэг удаа.

Сүү, зөөхий, талхны хариултад авсан зуутын голдуу дэвсгэртүүдээ бөөрөнхийлж атгасан чигтээ цүнхнийхээ халаасанд чихчихдэг, өнөөхийнх нь цахилгаан аль эрт эвдэрчихсэн ийм нэг бор цүнх. Дотроос нь дандаа “Валидол” сэнгэнэдэг ээжийн минь “ганган” цүнх. Нэгэн цагаан сараар авга эгчийн бэлэглэсэн энэ бор цүнхийг анх харахад бөөрөн дээрээ гоёмсог цэцэгтэй байсан нь одоо хэлбэр дүрсээ өөрчлөөд цэцэг биш, ямар нэг өөдөс наалдсан мэт харагдах болжээ.

Ээж будаж шунхдаж үзэлгүй 85 хүрлээ. Угаас энэ наснынхны дунд залуудаа энгэсэг хэрэглэлгүй явсаар өдий хүрсэн эгч нар цөөнгүй байдаг юм билээ. Тэр үед гоё, сайхнаараа Улсын их дэлгүүрийн урдаа барьдаг бүсгүйчүүдийн нэг явсан ээжийн минь цүнхэнд бас л элдвийн энгэсэг байгаагүй. Гол гангараа нь нүдээ ирмэдэг хүүхний зурагтай гялгар улаан түрийвч байлаа. Ээж зөвхөн үнэртэн л хэрэглэдэг байж билээ. “Может быть” гэж, хунгийнх шиг нарийхан хүзүүтэй Зөвлөлтийн үнэртэй ус байсан юм. Зарим охид ээжийнхээ цүнхнээс уруулын будгийг нь сэм авч гоёдог байсан бол надаас “хулгайн” духи байнга ханхлаастай. Ялангуяа дүрэмт хувцсаа индүүдэх үед эд мөрийн баримт гэр дүүрэн ханхалж, өөрөөсөө ч харамлан цүнхэндээ хадгалдаг мөнөөх “Может быть” нь ёроолдоо очсон хойно л хамаг учрыг мэддэг анзааргагүйхэн ээж минь.

Манай ээж ойрхон зуурт гарахдаа ч ажилтай хүн шиг бор цүнхээ тохойдоо өлгөж аваад л жирийнэ шүү дээ. “Хажуугийн дэлгүүрт орох хооронд цүнхээр яадаг байна аа” гэхээр “Яадгийм, сурчихсан юм чинь” гэнэ. Цүнхгүй гарахаар мөнгөгүй юм шиг эвгүй санагдаад байдаг гэж найздаа ярьж байна лээ. 

Ээж хэзээ ч цүнхээ эрдэггүй. Нэг л газарт тавьдаг заншилтай. Орныхоо толгойд, дэрнийхээ хажууд. Түүнийг нь ах ч уудална, бэр ч уудална. Ач, зээ нар нь ч өөриймсөнө. Энэ хэрээр мөнгө тасрахгүй маягтай. Хөдөө хээр явахдаа “Алив ээжийн цүнхийг аваад аль даа” гээд дэрлэцгээж ч байх шиг. Арай л сандайлаагүй байгаа даа, таминь. 

Шинийг барьсан үед нь “Хөөх манай ээж бүүр гарч өгч” хэмээн хэн хүнгүй хөөргөн өхөөрдөн магтацгаах мөртлөө гоё цүнх нь хуучирч навсайчихаад байхад ийм л байх ёстой мэт үл анзаардаг юм байна. Ээжийн цүнх бүгдэд нь эгээ л ээж шиг, цоо шинэ байх шаардлагагүй, харин ч хуучин тусмаа ижил дасал, энхрий дотно санагддагт тэр биз ээ. 

Ээжийн цүнх ээ гэж... Энэ удаа ээжид минь цүнх авч өгдөг авга эгчээс урьтан ганц хөөрхөн цүнх ээждээ бэлэглэхсэн дээ, охин нь. Жижгэвтэр, зөөлөн арьстай, дахиад бор өнгөтэйг...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
9
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.