Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амжилттай яваа эмэгтэйчүүдийн өгсөн ГАЙХАЛТАЙ ЗӨВЛӨГӨӨ


Бадарчийн Жаргалмаа

“Eagle News” телевизийн анкор, сэтгүүлч

Ээжээсээ би их олон зүйлийг сурсан. Өөртөө үнэнч хүн хүнд бурууг хийдэггүй гэж ээж минь үргэлж хэлдэг. Ингэснээрээ хэн нэгнийг гомдоох, хэн нэгэнд буруу зүйл хийхгүй зөв амьдардаг гэдэг. Нээрээ л би өөртөө үнэнч байснаар өнөөдөр дуртай ажлаа сэтгэл дүүрэн хийж байна. Энэ бодол минь ч үр өгөөжөө өгч би өнөөдөр үзэгч олонтойгоо хамт яваа. Энэ боломжийг ашиглаад монгол хүн бүрт баярлалаа гэж хэлье.

“Хэрэв сэтгэл гарахгүй л бол ажил байтугай хоол ч хийгээд хэрэггүй”. 

Миний ээж бас ямар ч ажлыг сэтгэлээ гарган хий гэдэг. Тэр л хүмүүжлээр би ажилладаг. Хэрэв сэтгэл гарахгүй байвал ажил байтугай хоол хийгээд ч хэрэггүй. Би өнөөдөр хэн нэгнээс илүү гарч хөрөнгөтэй, баян чинээлэг амьдраагүй ч хань ижилтэй, үр хүүхэдтэй, хамт олонтой, найз нөхөдтэй, үзэгч олонтой хамгийн гол нь ижиитэйгээ байгаа минь л миний аз жаргал юм даа.  

Б.Ууганцэцэг

“Хайрын хурим” салоны захирал, дизайнер 

Найрсаг харилцаа, зочломтгой зан бол ээжээсээ өвлөсөн хамгийн үнэт чанар маань гэж боддог.  Мөн бүгдийг зохицуулж, амжуулдгийг нь өөртөө шингээх гэж их хичээдэг дээ. Миний хувьд ээж маань хамгийн том зөвлөгч бас амьдралын бүх үед чухал туслагч маань байдаг. Урмын үгийг хэрэгтэй үед хэлдэг нь намайг урагшлуулах хүч болдог.  

"Бүү шантар, тэвчээртэй бай" 

Хүн бүр алддагийн адил надад ч сургамж болсон алдаа, оноо бишгүй бий. Тэр дундаас ээжийгээ гомдоосон үеүддээ л их харамсдаг. Тиймээс залуу бүсгүйчүүдийгээ ээжийнхээ үгийг сонсож, мөн аль болох гомдоохгүйг хичээхийг захья. Мөн ямар ч зүйлд битгий шантраарай. Чамд хэрэг болох чухал нэг чанар бол тэвчээртэй зан юм шүү!

Б.Солонго

"Profile Agency"-гийн захирал 

“Бэлтгэлээ л сайн ханга” гэж өөрөө өөртөө хэлдэг. Бүдэрч унасан тохиолдлуудаа бодоход ихэвчлэн бэлтгэлгүй байдлаас болсон байдаг. Тийм болохоор бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө сайн гаргаад ерээс дээш хувийн гүйцэтгэлтэй байхад алдахгүй. Уншихад санаатай болон санамсаргүйгээр нэлээд цагийг зарцуулдаг. Ном уншиж суурь мэдлэгээ тэлэхээс гадна хөгжихийн тулд хэрэгтэй гэсэн бүхнээ хугацаа алдахгүйгээр нухацтай судлахыг хичээдэг.  

"Өөрөөсөө илүүг эрэлхийлж, дутууг чинь гүйцээгээд өгөх шударга, чин сэтгэлтэй найзуудаа зөв таньж олох нь чухал"

Гэр бүлийн суурь хүмүүжил хамгийн чухал ч найз нөхөд, орчны нөлөөлөл ямар ч хүнийг ялангуяа эмэгтэй хүнийг маш их өөрчилдөг. Тиймээс дандаа өөрөөсөө илүүг эрэлхийлж, дутууг чинь гүйцээгээд өгөх шударга, чин сэтгэлтэй найзуудаа зөв таньж олох нь чухал. 

Ц.Байгалмаа

НИТХ-ын төлөөлөгч, Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгч, доктор 

Амжилттай яваа хүмүүс ихэнх нь дуртай зүйлээ сонгож, сонгосон зүйлдээ сэтгэлээсээ хандаж, төгс мэргэшсэн хүмүүс байдаг. Иймд аль болох эртнээс өөрөө юунд дуртай, амьдралаас юуг хамгийн их хүсч байгаагаа мэдрэх нь чухал. Зорилго тодорхой байхад бусад зүйл нь аяндаа зохицолдож биелэлээ олдог гэдэгт итгэдэг. Арван жилийн тооны багшийн маань зөвлөгөө.

"Эмэгтэй та өөртөө итгэлтэй, амьдралдаа сэтгэл хангалуун байвал тэр нь таны хайртай хүмүүстээ өгч байгаа хамгийн том бэлэг юм" 

Залуу бүсгүйчүүд өөрийнхөөрөө байж, эрх чөлөөгөө бусдад алдахгүйг хичээх хэрэгтэй. Эмэгтэй хүний натур нь өөрийгөө бусдын төлөө зориулах, мөн бусдын нөлөөнд амархан автах гээд байдаг талтай. Эмэгтэй та өөртөө итгэлтэй, амьдралдаа сэтгэл хангалуун байвал тэр нь таны хайртай хүмүүстээ өгч байгаа хамгийн том бэлэг юм.
Би ямар нэгэн шинэ юмыг эхлүүлэхдээ бүх талаас нь судалж байж эхлүүлэх гээд байдаг. Энэ сайн чанар ч зарим үед зөн совиндоо итгэж, эрс шийдэмгий байх нь дээр санагддаг. Зөн совин гэдэг өөрөө хувь хүний амьдралынхаа явцад хуримтлуулсан мэдлэг, туршлагад суурилсан байдаг тул эмээх хэрэггүй.

Д.Хулан

“Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч 

Ямар нэг шалтаг үргэлж олддог. Шалтаг тоочвол насаараа л тоочно. Харин зоригтой, өөртөө итгэлтэй байж, хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэж чадвал ганцхан олдох амьдралдаа үнэ цэнийг бүтээж чадна. Мөн олон ном уншиж, олон хүнтэй танилцаж, аль болох олон газраар аялахын хэрээр миний ертөнц тэлж, оюун ухаан өргөжин, юмсыг илүү олон өнцгөөс харж сурдаг.

"Ямар нэг шалтаг үргэлж олддог. Шалтаг тоочвол насаараа л тоочно. Харин зоригтой, өөртөө итгэлтэй байж, тэмцэж чадвал ганцхан олдох амьдралдаа үнэ цэнийг бүтээж чадна" 

Хамгийн гол нь амьдралын бүх зүйл тэнцвэртэй байх мөчид л хүн аз жаргалтай байдаг учраас ажил, ар гэрээ зохицуулж сурах маш чухал. Хэчнээн ажилтай байж болох ч гэр бүлээ нэгдүгээрт тавих учиртай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
4 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
5 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0