Хайх зүйлээ бичнэ үү

мин

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гэр бүлийн, улс орны сайн сайхан эмэгтэйчүүдээс хамаардаг

Эмэгтэйчүүдийн асуудал бол улс орны асуудал юм шүү.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн чуулга уулзалт өчигдөр Төрийн ордны Их танхимд болов.
Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:
“Та бүхэндээ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж баяр хүргэе.

Өнөөдөр 3 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд одонтой ээжүүдийнхээ төлөөллийг цуглуулж, ярилцаж, хамдаа баярладаг уламжлал сүүлийн хэдэн жилд тогтоод явж байна. 3 дугаар сарын 8 дөхөөд ирэхээр энэ уулзалтыг сурагладаг, энэ үйл ажиллагаанд оролцох юмсан гэж ээжүүд хүсдэг. Ээжүүдээ баярлуулах гэсэн хүүхдүүд, хань ижил нь сурагладаг, ийм эрэлттэй арга хэмжээ болж байгаа юм. Цаашдаа ч энэ үйл ажиллагаа үргэлжлээсэй гэж бодож байна.

Аливаа улс орны сайн сайхан, амжилттай, гэрэл гэгээтэй зүйл гэр бүлээс эхэлдэг. Айл өрх амжилттай сайн явахын тулд ээжүүдийн оролцоо, үүрэг их байдаг. Айл сайн явъя гэвэл ээжийн хариуцлага, ажил их чухал. Ямар ч эгэл амьдрал ээж хүнээс эхэлдэг гэж би боддог. Гэр бүлийн сайн сайхан тэр гэрийн ээжээс эхэлдэг гэж боддог. Улс орны сайн сайхан ч гэсэн ээжүүдээс, эмэгтэйчүүдээс хамаарч явдаг.

Тэр айлд ямар ээж, ямар эмэгтэй байх, тэр хүн үүргээ хэрхэн хэрэгжүүлэхээс тэр айлын амьдрал, улс орны амьдрал хамаарч явдгийг энд хэлэх хэрэгтэй.

Бидний энэ хэлж ярьж байгаа уриалга, санаачилга бол бас амжилтад хүрээд байгаа. 2012 онд сонгогдсон УИХ-аар хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдлоо. Ард иргэд маань дэмжлээ гээд бид баярлаж байсан. 2016 оны УИХ-ыг харсан ч гэсэн мөн л олон эмэгтэй гишүүд сонгогдож УИХ-д орж ирлээ. Тэр эмэгтэйчүүд, ээжүүд зөвхөн өөрсдийнхөө асуудлыг ч юм уу, эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаггүй. Эмэгтэйчүүд ороод ирэхээр улс орны асуудал ярьдаг юм. Ярьж байгаа асуудал маань бүтэн болдог. Бүрэн болдог. Эрчүүдийн олж харахгүй байгаа зүйлийг манай эмэгтэйчүүд олж харж чаддаг юм шүү.

Манай ээжүүдийн өөр нэг гайхамшигтай чанар байдаг. Асуудалд чин сэтгэлээсээ ханддаг. Чин сэтгэлээсээ хандаад ирэхээр асуудлын шийдэл зөв болдог. Нэг үгээр хэлбэл их хариуцлагатай ханддаг. 

Би сая энэ хуралд ирэхийн өмнө Монголын эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын удирдлагуудтай эмэгтэйчүүдийн өмнө, Монголын нийгмийн өмнө ямар асуудал тулгамдаж байгааг ярилцлаа. Жил бүхэн, 3 дугаар сарын 8-ны өглөө эрт босч тэр хүмүүстэй уулздаг юм. Би тэр уулзалтаас ирлээ.

Тэнд эмэгтэйчүүдийн өмнө, нийгмийн өмнө, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын өмнө ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг жил бүхэн ярилцдаг, сонсдог. Ерөнхийлөгчөөсөө эхлээд сонсдог уламжлалыг л бий болгох гэж оролдож байгаа юм. Үүнийг аймаг аймагтаа, сум сумандаа, хот суурин газраа, тэнд удирдаж байгаа хүмүүс бүгдээрээ ийм байдлаар явах юм бол зөв болно гэж боддог.

Эмэгтэйчүүд оролцоод ирэхээр их зөв болдог өөр нэг зүйл бол эмэгтэй хүн өөрийнхөө байгалийн зан төрхөөр эрсдлийг хамгийн түрүүнд олж хардаг. Хүүхэд сургуульдаа явах гэж байна. Гадуур хувцсаа яагаад өмсөөгүй байгаа билээ. Даарчих вий, хөрчих вий гэж эрсдлийг хардаг. Миний охин явахдаа ахыгаа дагуулаад хамт гараарай гээд хамтад нь явуулдаг.  Бусад хүн магадгүй, түүнийг олж хардаггүй. Энэ нь эргээд нийгэм амгалан байх, тайван байх, эрсдэлгүй, аюулгүй байх суурийг эмэгтэйчүүдийн энэ оролцоо, ээжүүдийн анхаарал халамж гаргаж өгдөг.

Би бас олон жил бодож байсан. Ямар учраас манай эмэгтэйчүүд ийм их хариуцлагатай, ямар учраас ээжүүд ийм их ухаантай, дандаа асуудлын зөв талд байдаг юм бол гэсэн бодол надад төрдөг. Эндээс би өөрөө нэг гаргалгаа гаргаж байгаа. Ерөөсөө байгалийн жамаар манай эмэгтэйчүүд өөрсдөө ухааждаг юм байна. Байгалийн жамаар эмэгтэй хүн явж байгаад мориноосоо буух шаардлагатай болдог. Эрчүүд бид нэг ажилд томилогдох юм бол тамгаа өгтлөө, хугацаагаа дуустал зүтгээд л байдаг. Эмэгтэй хүн бол байгалийн жамаар охин нөхөрт гардаг. Хөл хүндтэй болдог. Чөлөө авдаг. Байгалийн жамаар хүүхдээ хөхүүлээд, асуудлыг эргэцүүлээд суудаг. Хүүхдээ өсгөнө гэдэг байгалийн зовлон, жаргалыг шууд өөрөө мэдэрч байгаа юм. Хүүхэд халуурна, бүлээрнэ. Өлсөнө, цангана. Уйлна. Тэр хүнийг аргадна. Ингэж тэр зам дундуур явахад ээжүүд, эмэгтэйчүүд илүү ухаантай болдог юм байна. Илүү зөв болдог юм байна. Ийм учраас эмэгтэйчүүдэд өгөгдсөн нэг сайхан зам энэ.

Сайн ээжээс сайн охинд тэр ээжийн ген, тэр ээжийн уламжлал дамжиж үлдэж байдаг. Сайн ээжээс сайн охин, сайн хүүхэд төрлөө. Тэр охин, тэр хүүхэд нь сайн уламжлал, сайн зүйлээ өөрийнхөө эрдмээр, ээжийнхээ тусаар нэмээд явах юм бол хүмүүс маань улам сайн хүмүүс болох боломж байгаа юм.

Улс орон зөв замаар явъя, асуудлаа зөв шийдье гэвэл эмэгтэйчүүдийг, ээжүүдийг оролцуулдаг, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг оролцуулж шийдэх юм бол тухайн улс орны нийгмийн амьдрал бүтэн болдог. Бүтэн болоод ирэхээр нийгэм өөрөө хүндээ ойрхон, хүнлэг, зөв нийгэм болох чиглэл рүү явдаг юм байна гэж харж байгаа.

Хүний асуудал бол улсын асуудал. Тэр дотроо эмэгтэйчүүдийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Энэ бол улс орны асуудал юм шүү гэж өмнө нь би хэлдэг байсан. Өнөөдөр бас давтаж хэлье.

Улс орны хүн ам олуулаа болох сайхан шүү дээ. Саяхан Монгол Улс гурван саяулаа болж байсан. Ямар их баяр баясал, ямар их бэлгэдэл, сайн сайхныг авчирсныг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Гэхдээ энэ олуулаа болж байгаа нь ээжүүдэд, эмэгтэйчүүдэд дарамт болох ёсгүй. Хуучин ч тийм байсан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ээжүүдээ төр нь, нийгэм нь, хамт олон нь харж үздэг, хамтарч дэмждэг байсан. Энэ сайхан уламжлал өнөөдөр ч, цаашдаа ч үргэлжилнэ. Бид өмнө нь ярьдаг байсан. Олон хүндрэлтэй асуудал байсан. Тэгээд ярихад зарим зүйл дээр амжилт гараад л явж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал ч юм уу, ээжүүд, эмэгтэйчүүдтэй холбоотой санааг нь зовоосон олон зүйлийг хууль тогтоомждоо тусгаад, Монголын төр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дотор ээжүүдийн маань дуу хоолой, та бүхний оролцоо их чухал байсан гэдгийг бас хэлэх нь зүйтэй.

Түрүүн би та бүхэнд цагаан сарын мэндийг хүргэж үгээ эхэлсэн.  Энэ жил алтан тахиа жил гарч байна. Алтан унжлагат тахиа жил гэж ярьж байгаа. Тахиа жилийн бас нэг онцлог байгаа. Ер нь жил жил өөрийн онцлогтой гэж ярьдаг. Тахиа жил бол зүтгэсэн хүнд хайр ивээлээ хайрладаг жил гэж манай ахмадууд ярьж байгаа. Хүн зүтгэлтэй байх юм бол, хөдөлмөрлөж чадах юм бол, ажилтай байх юм бол манай иргэд, гэр бүл, ээжүүд бүгдээрээ амжилттай байх боломж байна гэж үзэж байгаа.

Өмнө нь би ээжүүддээ нэг зүйл захия гэж байгаад захидаг байсан. Ээж хүн бүхэн, эх хүн бүхэн хүүхдээ, хүүгээ, охиноо ажилд сургах л хэрэгтэй. Эмэгтэй хүн ямар ажил, хөдөлмөр сурсан байх ёстой юм, түүнийг охиндоо сургах хэрэгтэй. Хүү ямар байх ёстой юм, түүнийг давхар сургах л хэрэгтэй. Юм оёулна, хоол унд сайхан хийлгэнэ. Хүнийг хүндэлнэ. Хүнд хүн ёсоор хандана. Зөв хүмүүжилтэй байна. Хүнтэй зөв харилцана гэдэг маш чухал. Зөв хүн байхын суурь шүү дээ. Үүнийг суулгаж өгдөг. Багаас нь эхийн сүүтэй хамт шимүүлж өсгөдөг хүмүүс бол та бүхэн байгаа юм. Тиймээс хүүхдүүдээ сайн сайхан зүйлд сургах нь эргээд Монгол Улс амжилттай явах боломж бүрдэнэ. Энэ чиглэлд манай ээжүүд үлгэрлэж сайхан явна.

Монголчууд гайхамшигтай ард түмэн л дээ. Бидний магтаж дуулдаг яруу найраг, дуу нэг бол эх орны сэдэвтэй дуу их байдаг, нэг бол ээжүүдийн сэдэвтэй, аавын сэдэвтэй, ээжийн элбэрэл хайртай холбогдсон байдаг. Энэ бол монгол хүний сэтгэл зүрхнээс гарч байгаа сайхан зүйл. Дараа нь морь мал ч гэдэг юм уу, ингээд явдаг. Монгол хүн бүхэн ээжийгээ амжилттай сайн яваасай гэж боддог юм байна гэж би бодож байгаа.

Жил бүхэн энэ уулзалтад оролцох нь надад их сайхан байдаг. Энэ уулзалтыг бас хүлээдэг. Ард түмнийхээ дэмжлэг туслалцаагаар Монгол Төрийн тэргүүнээр ажиллах ийм их хувь заяа надад ноогдсон. Малчин айлын хүүхэд, найман эрэгтэй хүүхэдтэй айлын хүүхэд. Тэр наймын отгон нь би. Ээждээ төрөхдөө нэгдүгээр одонгийн хүүхэд болж төрсөн хүн. Тэгэхээр энэ баярынх нь өдөр төрсөндөө би их баярлаж явдаг юм. Ээж минь надад хэлдэг байсан юм. “Миний хүү бол мартаар төрсөн юм. 3 дугаар сарын 8-нд төрсөн” гэдэг. Манай аав хөдөө малчин байсан учраас бүртгүүлэхдээ 3 дугаар сарын 30-нд бүртгүүлсэн байдаг. Би энэ түүхийг олон ярьж байсан даа. Тэр үед төрсний гэрчилгээ анх гаргаж байсан. Тэгээд “Танай хүүхэд хэзээ төрсөн бэ” гэхэд “За яах вэ, өнөөдрөөр биччих” гээд миний төрсний гэрчилгээн дээр 3 дугаар сарын 30 гэж явдаг. Яг төрсөн өдөр бол 3 дугаар сарын 8 шүү. Үүнийг би зохиогоогүй. Хүн эхээс төрөх бол хорвоогийн хамгийн үнэн гэдэг. Энэ бол миний ээжийн надад хэлсэн үнэн байгаа юм. Ийм учраас би бол 3 дугаар сарын 8-нд, өнөөдөр төрсөн юм. Ээждээ одонгийн хүүхэд болж төрсөн. Энэ сайхан өдөр, ийм олон мянган ээжийн төлөөлөл болсон одонтой ээжүүдтэйгээ ингэж уулзаж, сэтгэл санаагаа хуваалцдаг боломж гардагт би их баярладаг. Энэ өдрийг хүлээдэг.

Жил жилд сайхан баяртай уулзаж байхын ерөөл дэвшүүлье. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын ээж бүхэн баяртай, аз жаргалтай байх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
16
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.