Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Агуу Барса “амьд” гэдгээ харууллаа

Валентиний баяраар Парист амссан ялагдлынхаа хариуг Мартын 8-наар нутагтаа яагаад авч болохгүй гэж.


Өнөөдөр өглөө хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтуудын нэг Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Аваргуудын лигийн хасагдах шатанд учраа таарсан Испанийн “Барселона” Францын “ПСЖ” багийг талбай дээрээ хүлээн авсан. Өнгөрсөн сард Парист болсон эхний тоглолтод францчууд 4:0 ялалт байгуулсан тул каталончууд дараагийн шатанд шалгарахын тулд таван гоолын зөрүүтэй ялах ёстой байлаа. Урьд өмнө Аваргуудын лигийн түүхэнд дөрвөн гоолын зөрүүг нөхөөд ялж байсан тохиолдол үгүй. Хүнд даалгавар. “Пари Сен-Жермен” багийн ерөнхийлөгч, катар тэрбумтан  Нассер Аль-Хелайфи багаа шилдэг 8-д үлдвэл тоглогч бүрт нэг сая евро амласан нь ч францчуудад ялахын төлөө зүтгэх нэмэлт шагнал болж байв. Тийм болохоор “Барселона”-г ялна гэдэгт итгэж байсан хүн цөөхөн байсан нь лавтай. Харин хөлбөмбөгийн бурхан тэнгэр, “Барса”-гийн дасгалжуулагч, тоглогч нар ялна гэдэгтээ итгэлтэй байлаа. Луис Энрике тоглолтын өмнө “Хэрэв хэн нэг нь манай хаалганд 4 гоол оруулж чадаж байгаа бол бид хариуд нь зургааг хийж чадна” гэж ярьж байсан юм. Үнэхээр тэр ямар ч зурхайчаас илүү ирээдүйг харж чадсан.
Тоглолтын эхний хэдэн минутад “хурдан” гоол хийх нь “Барса”-гийн хувьд гайхамшгийг бүтээх цорын ганц арга байсан гэхэд болно. Ингэж байж л өрсөлдөгчөө цочролд оруулж, чичиртэл нь айлган, дөрвөн гоолын зөрүүг арилгана. Зорилго болсон тэр хурдан гоол орсон гээд бод. Тоглолтын эхнээс л дайрч эхлэнгүүт “ПСЖ”-гийн хамгаалагч нар сандран, бужигнаж, Суаресийг мөргөхөд саад болох хүн байсангүй. Цэнгэлдэхийн цаг тоглолтын гурав дахь минутыг зааж байлаа.

“Камп Ноу” цэнгэлдэх тэр чигээрээ уухайлахад “Барса”-гийн тоглогчид ялна гэдэгтээ улам итгэлтэй болсон юм. Валентиний баяраар Парист амссан ялагдлынхаа хариуг Мартын 8-наар нутагтаа яагаад авч болохгүй гэж. Тэр гутамшигт ялагдлаас хойш дасгалжуулагч Энрике нь ирэх зун ажлаа өгнө гэдгээ мэдэгдэж, “Барса”-гийн үе дууслаа хэмээн сонин хэвлэлээр ч тэд хангалттай шүүмжлүүлсэн. Одоо болсон, “Барса” амьд гэдгээ харуулна. Ингэхийн тулд багийн ахлагч л багаа уриалан дуудах ёстой. Иньеста торгуулийн талбайд орж, хамгаалагчийг аргалаад өсгийдөн өгсөн дамжуулалтыг Курзава өөрийн хаалганд өшиглөөд оруулж орхисон нь ахлагчийн гавьяа байлаа.

Энэ өдөр Бразилийн Неймар онцгой сайн байсан. Тэр газар сайгүй гүйж, хууран, холоос цохиж, үгүй бол торгуулийн цохилт хийх эрх авч байв. Месси хэдийгээр тодрон товойгоогүй ч хамгаалагч нарыг өөртөө татан, бусаддаа боломж олгосоор. Талбайн төвд Бускетс, Ракитич, Иньеста хаанчилж, “ПСЖ” сандралд орсон нь илт. Гэвч дахин гоол оруулж чадалгүй 2:0 эхний үе дууслаа.
Хоёрдугаар үеийн эхэнд бас хурдан гоол оруулах хэрэгтэй. Мэдээж “Барса” бас л зорилгоо биелүүлсэн. Иньестагийн дамжуулалтад толгой нь эргэсэн Менье бүдэрч унаад зогсохгүй, Неймарыг унагаасан. 11 метрийн цохилт. Мессигийн хүчтэй цохилтыг Трапп хааж чадсангүй. 3:0.

Дахиад нэг гоол хийхэд тэнцэнэ. “Барса”-д итгэхгүй байсан хүмүүс ч тэднийг ялах нь гэж бодож эхэллээ. Гэвч байдал өөрөөр эргэсэн нь энэ тоглолтыг улам сонирхолтой болгосон юм. Тоглолтын 62 дахь минутад уругвай довтлогч Кавани “Барса”-гийн хамгаалалтын алдааг ашиглан, тооны харьцааг 3:1 болголоо. Одоо “Барса” дараагийн шатанд шалгарахын тулд 3 гоол хийх хэрэгтэй. Анхнаасаа биелэшгүй мэт байсан даалгавар улам хүнд болов. “Камп Ноу" цэнгэлдэх чимээгүй болж, “ПСЖ”-гийн дасгалжуулагч Эмери баярлан гүйж байгаа харагдана. “ПСЖ”-гийн айдас арилж, тайвширсан бололтой. Гурван гоол хийх хэрэгтэй байдаг, цаг урсаад байдаг. Хамгийн үнэнч балиашиг нь ч сэтгэлээр унаж эхлэх үед “Барса” хөлбөмбөгийн түүхэнд үлдэх долоон минутаа эхлүүллээ.

Энэ долоон минут Неймар, Неймар, дахиад Неймар гэсэн тодотголтой долоон минут байлаа. 88 дахь минут. Мессиг унагаасан газраас Неймар хаалттай цохилтоос уран гэхэд хэтэрхий уран сайхан гоол оруулснаар тооны харьцаа 4:1. 90 дэх минут. Суаресийг торгуулийн талбайдаа унагаасан Маркиньос шар хуудсаар мялаалгаж, харин 11 метрийн цохилтыг Неймар гүйцэтгэсэн. Тоглолтын өмнө хоёр гоол хийнэ гэж амлаж байсан бразил залуу амлалтаа биелүүлж байгаа нь энэ. Шүүгч таван минут сунгажээ.

Хаалгач Тер Стеген ч урагш ирж, довтолгоонд туслана. Айлын талбайд бөмбөг таслан, оновчтой гэгч нь дамжуулалт өгсөн түүнийг “ПСЖ-гийн хамгаалагч  дэгээдээд унагаачихлаа. Стегений олж ирсэн торгуулийн цохилт. Неймар торгуулийн талбайд өргөж өгсөн ч бөмбөг таслагдан, буцаад ирлээ. Неймар нэг хамгаалагчийг зангаж хуураад, дахин өргөж өгснийг сэлгээгээр гарч ирсэн Серхи Роберто оруулснаар тооны харьцаа 6:1, “Барса”-гийн бүрэн ялалт. Тоглолт дууссан хойно ч балиашгууд гэртээ харилгүй, сүлд дуугаа дуулсаар байлаа. Ийм агуу багийг шүтэн дэмждэгтээ баярлаж, баг нь ч тэдэндээ сайхан бэлэг барьсан.

Агуу “Барселона”, гайхамшигт “Барса”.

“Барселона” Испани – “ПСЖ” Франц 6:1 (2:0, 4:1)
08.03. “Камп Ноу”
Гоол: 1:0 – 3 Суарес, 2:0 – 40, автогол Курзава, 3:0 – 50, пенальти Месси, 3:1 – 62 Кавани, 4:1 – 88 Неймар, 5:1 – 90, пенальти Неймар, 6:1 – 90 Серхи Роберто.

“Барселона” – тер Стеген, Машерано, Пике, Умтити, Бускетс, Рафинья (Серхи Роберто, 76), Неймар, Ракитич (Андре Гомеш, 84), Иньеста (Туран, 65), Месси, Суарес.
“ПСЖ” – Трапп, Менье (Крыховяк, 90), Маркиньос, Тиаго Силва, Курзава, Лукас Моура (Ди Мария, 55), Верратти, Рабьо, Матюиди, Дракслер (Орье, 75), Кавани.
Шар хуудас: Матюиди (5), Дракслер (14), Пике (23), Бускетс (36), Кавани (42), Ракитич (61), Неймар (64), Суарес (67), Маркиньос (90), Верратти (90).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.