Хайх зүйлээ бичнэ үү

“National Geographic”-ийн телевизийн цуврал “Genius” ирэх сарын 25-наас үзэгчдийн хүртээл болно.

“Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн Ахмад Барбосса, “Хааны үг” киноны VI Жоржийн ярианы дасгалжуулагч багш, 1996 оны “Shine” киноны төгөлдөр хуурч гээд Жеоффри Рашийн бүтээсэн дүрүүдээс онцгой бус нь үгүй. 65 настай жүжигчин маань харин энэ бүгдээс хамгийн ихээр бахархаж буй нь “National Geographic”-ийн “Genius” телевизийн цувралын агуу Алберт Эйнштейний дүр хэмээн ярилцлагадаа онцолжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 25-наас “National Geographic” телевизээр үзэгчдэд хүрэх 10 хэсэгт цувралын гол дүрийн жүжигчин Жеоффри Рашийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


NatGeo: Онол, сураал нь одоог хүртэл хэрэглэгдэж буй бүх цагийн үеийн шилдэг эрдэмтний дүрийг бүтээж буй сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

Аймар. Гэхдээ мэдээж маш сонирхолтой. Юуны өмнө би энэ агуу хүний дүрд тоглож буйгаа их аз завшаан гэж бодож байгаа. Янз бүрийн хөгжмийн зэмсэгээр тоглох, сэлмээр тулалдах гээд миний амьдралдаа төдийлэн хийдэггүй зүйлсийг хийх боломж олгодог дүрүүдийг бүтээхдээ би үргэлж баяртай байдаг. Үүний тулд би тухайн зүйлийг маш сайн хийж чаддаг хүн шиг харагдах ёстой. Янз бүрийн засваргүйгээр шүү дээ. Би Эйшнтейн шиг сэтгэдэг, агуу тархитай хүн шиг байх хэрэгтэй. Тэгэхээр харилцан ярианд гарч буй онол, томъёололуудыг ойлгож байх ёстой гэсэн үг.

Бид Эйшнштейний тухай маш их баримт, мэдээлэл цуглуулсан. Тэр тун этгээд хүн байсан. Эйнштейн өөрийнхөө углаашийг олохгүй үедээ эрхий хуруу нь  гардаг эхнэрийнхээ шаахайг өмсчихдөг байсан байгаа юм. Принстоны Их сургуульд багшилдаг нэг найзын минь хэлснээр Эйнштейн заримдаа цамц, зангиа, пиджак өмссөн ч доогуураа гэрийнхээ өмдтэй явж байсан удаа цөөнгүй. Хослолын өмдөө өмсөхөө мартаж, эсвэл зүгээр л хэтэрхий яарсандаа тэгээд гарчихдаг байж л дээ.

Ийм төрлийн дүрийг бүтээхийн тулд би түүнтэй ижил төстэй зүйлсээ хайж олохоос гадна тэр хувь хүний мөн чанарыг амьдрал дээр бүтээх хэрэгтэй болж байгаа юм.

NatGeo: Эйнштейн хийл тоглодог байсан шүү дээ. Тэр шинжлэх ухаанч бас уран бүтээлч байсан. Энэ хоёр салбар биенээ нөхдөг болов уу? Танд ямар нэг шинжлэх ухаанч чанар бий юу?

Эйшнтейн Мозартад ухаангүй дуртай байсан. Хөгжимд математикч, классик бүтэц байдаг. Миний бодлоор тэр энэ уялдаа холбоог маш сайн ойлгодог байсан байх.

Би шинжлэх ухаанд их сонирхолтой. Энэ сонирхол минь “Меркури сансрын програм”-аас эхэлсэн болов уу. Би залуудаа одон орон судлаач болохыг мөрөөддөг байлаа. Надад гариг ертөнц болон оддын тухай “Хэрхэн, Яагаад” гэдэг цуврал номууд ч байсан. Тухайн үед хүн төрөлхтөн ердөө 14 галактикийг олж илрүүлээд байсан бол одоо асар том огторгуй ертөнц, “dark matter”, нано микроскоп ертөнц буйг олж мэдээд байна. Би үргэлж “The Big Bang”-ийн математик эргэлзээнд татагдсаар ирсэн. Яаж ор хоосноос ямар нэг зүйл гарч ирэх юм бэ? Математикийн хуулиар бол энэ байж боломгүй зүйл. Эйнштейн “Огторгуй ертөнц бол маш гайхалтай, үүнийг бурхан л бүтээж чадна” гэж хэлсэн байдаг. Харин түүний ажил бурхан огторгуй ертөнцийг ХЭРХЭН бүтээснийг олж тогтоох байсан юм.

Би 12 нас хүртлээ л дээд математик, физик, хими судалсан. Харин түүнээс хойш жүжгийн дугуйландаа илүү цаг зарцуулах болсноор шинжлэх ухаанаас хөндийрч эхэлсэн юм. Гэхдээ би одоо “New Scientist” шинжлэх ухааны сэтгүүлийг тогтмол уншиж, салбарын мэдээллээс хоцрохгуйг хичээдэг. Мөн “National Geographic” сэтгүүлийг уншдаг.

NatGeo: Гоц ухаантан гэх ойлголтын тухай өөрийнхөө бодлоосоо хуваалцаач?

Би энэ дүрийг бүтээхийн тулд гоц ухаантан гэх бүрэн ойлголтын тухай судлах шаардлагатай болсон. Судалгаанаас олж авсан хамгийн гайхалтай зүйл маань философич Артур Шопенгауэрийн “Авъяас гэдэг нь хэний ч онож чадахгүй байг онохыг хэлнэ. Харин гоц ухаан гэдэг бол хэний ч харж чадахгүй зүйлийг онохыг хэлж байгаа юм” гэх тодорхойлолт байсан. Би Алберт Эйнштейний тухай унших бүртээ түүний гоц ухааныг биширдэг.

NatGeo: Таны бодлоор Эйнштейнийг биднээс ялгаж буй гол зүйл юу бол? Мөн бидэнтэй адил төстэй зүйл нь юу вэ?

Эйнштейнийг нас барах үед судлаачид түүний тархийг 1.23 кг жинтэй энгийн тархи байсныг олж мэдсэн. Тухайн үеийн судлаачид түүний тархинаас ямар нэг онцгой зүйл олж илрүүлнэ гэсэн хүлээлттэй байсан биз. Харин IQ нь яах аргагүй онцгой буюу 160 байсан нь Стивен Хокингтой адил байгаа юм. Гэхдээ 11 настай Англи охин 162 IQ-тай болохоо баталж рекорд эвдсэн тухай би уншсан юм байна.

Эйнштейний биднээс ялгарах гол зүйл бол түүний ер бусын төвлөрөх чадвар байсан болов уу. Мөн мэдээж гайхам тэсвэр тэвчээр нь. Тэр 70 гарчихсан хойноо ч онол дээрээ ажилласаар л байсан.

Харин бидэнтэй адилтгах зүйл гэвэл түүнд энгийн хүмүүс шиг дорой чанарууд ч байсан. Тэр тун эго ихтэй хүн байсан гэдэг. Мөн түүнд  гуниг гутрал, гэр бүлийн асуудал гээд мундахгүй олон бэрхшээл байсан шүү дээ.

NatGeo: Та өөрийгөө Эйнштейнтэй юм яриад, эсвэл хамт хооллоод сууж байна гэж төсөөлж чадах уу?

Түүхэн хүмүүстэй оройн хоол идэж байна гэдэг төсөөлөл яг л “Parlor” тоглоомтой адилхан биш гэж үү? Би Эйнштейний амьдрал руу бага ч гэсэн өнгийсөн болохоор тэр яах аргагүй төсөөллийн жагсаалтад орох нь гарцаагүй. Миний урт жагсаалтад Плато, Шэкспир, Чарли Чаплин, I Хатан хаан Элизабет ч байгаа гээч. Харин Эйнштейн миний урилгыг хүлээн авах уу л гэдэг байна даа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
27
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.