Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Таван махбодийг оршоосон монгол цай


                                
                
Монголчууд бол Хятад, Япон, Солонгос,Төвд зэрэг дорно дахины улсуудтай адил цайны маш эртний өндөр соёлтой ард түмэн юм. Тэд бол хэдэн мянган жилийн турш цайг өдөр тутам хэрэглэж, бусад ард түмнээс өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой цайны соёлыг бүтээжээ.

Чухам юу нь бусад улс үндэстний цайнаас өөр вэ? Цай бол хорвоо дэлхийн зүй тогтол болсон 5 махбодийн чанартай юм. Хэрвээ энэхүү 5 махбодийн зүй тогтолыг бид ойлговол сая мянга мянган жилийн түүхтэй монгол цайг төвөггүй ойлгож болно. 
                    
                                           Усан махбодь

Монгол орон бол эх газрын хуурай уур амьсгалтай. Улаанбаатар хотоос холгүй Евроазийн цэвэр усны хагалбар эхлэл цэг бий. (Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг. Жанчивлангийн рашааны арын даваан дээр бий.) Энэ цэгээс эх авсан голууд Хойт мөсөн далай, Номхон далайд цутгадаг. Монгол хэлэнд маш усны нэр томъёо олон байдаг шүү дээ. Далай, тэнгис, нуур цөөрөм, гол, горхи, булаг шанд гээд л. Цай чанахад юуны өмнө хамгийн сайн усыг сонгох хэрэгтэй. 

Цэвэр ус бол энэ хорвоо ертөнц болоод соёл иргэншлийн хамгийн чухал элемент. Монголчууд ”Шүүдрийн усыг цуглуулж, цай чанаж өгвөл ээжийнхээ нэг шөнө босож хөхүүлсний л ачийг хариулдаг” гэлцдэг. Шүүдрийн ус бол нэрсэн ус. Цай чанах хамгийн сайн ус бол нэрсэн ус юм.

Монголчууд тунгалаг уст булаг шандын усыг буюу хамгийн жижиг уулын гол горхины усыг хамгийн сайн ус хэмээн дээдэлдэг. Тийм ч учраас булаг шандын усыг цай чанахад хамгийн тохиромжтой сайн ус хэмээн сонгодог. Тэнгэр- эцэг,Газар- эх хэмээн монголчууд үздэг. 

Ус бол газрын шим. 1000 жижиг гол горхи цутгасан усыг Хатан хэмээн нэрлэдэг. Нэг нь Хатан гол буюу Шар мөрөн. Нөгөө нь Хатан Туул юм. 1000 жижиг гол горхи цутгасан ус бол амьд рашаан гэж үздэг. Улаанбаатар хот бол яг тэр рашаан болсон Туул голын эрэг дээр байгуулагдсан хот билээ. 

                                           Модон махбод

Монгол оронд 100 орчим цайны ургамал ургаж байна. Энэ цайны ургамалуудыг Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Говийн цайны ургамлууд гэж газарзүйн байршлаар нь ангилдаг. Монголын цайны ургамлын нөөц маш бага. Энэтхэг Хятад гээд Азийн орнуудынх шиг экспортолдоггүй учраас Монголд цай байдаг гэж үү хэмээн монголчууд өөрсдөө ч гайхдаг. 

Монгол цайны ургамлуудыг цэцэглэх үед нь цэцгийг нь, навчлах үед нь навчийг нь гэх мэтчилэн зөвхөн зуны цагт ихэвчлэн бэлтгэн авч хатаадаг. Ингэснийхээ хойно модон уур нүдүүрэнд нүдэж сайтар нунтагладаг.

Нохойн хошууг түүж авч хатаагаад нүдэж цайнд хийхээс гадна мөн бүтнээр нь ч цай чанадаг. Нохойн хошуу бол алимнаас 100 дахин их С витаминтай учраас нохойн хошуутай цай уусан хүний цусны эргэлт сайжирч, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Дан нохойн хошуугаар цай чанаж, хандлаад зөгийн бал хийж уувал бөөрний өвчнийг анагаадаг увдистай.

Мөн боролзгоны шар цэцэг болоод аньсны навчийг түүн хатааж, хандлан цай чанавал элэгний өвчнийг анагаадаг нь нотлогдсон. 
Нарийн навчит, хөвөн оройт ургамал нь цайны гол түүхий эд болдог. 

Халгайг анхан хавар дөнгөж ургах цагт нь түүн авч, шар тосонд хуурч хатаадаг бөгөөд монгол цайны маш өвөрмөц амтыг халгайгаар гаргадаг. 

Байгалиас түүж бэлтгэсэн модон махбодь буюу цайны ургамлыг хатаасны дараа ариутган цэвэрлэж хог сагыг нь цэвэрлээд, ихэвчлэн модон уур нүдүүрээр нүдэж, номхотгодог. Аливаа цайг чанахын өмнө маш сайн нүдсэнээр цайны ааг, амт шимт маш чанартай болдог байна. 
    
                                            Гал махбод

Гал бол маш чухал махбодь. Чухамдаа галыг хүссэн үедээ гаргаж, галыг эзэмшсэн явдал нь хүн төрөлтний хамгийн чухал нээлтүүдийн нэг юм. Монголчууд цагаан уул цэцгийг түүж хатаан, байгалийн цахиур чулууг цахиж гал гаргадаг. Энэ уламжлал өнөөдөр бараг мартагдсан ч Монголын хаа л бол хаана цагаан уул цэцэг, цахиур чулуу маш элбэг олддог.

Монголчуудад өнөөг хүртэл Галын бурхан гэсэн ойлголт байдаг бөгөөд гал дээр хийж болгосон хоол ундаа хамгийн түрүүнд галдаа өргөдөг. Яагаад гэвэл галын бурхан хүүхэд бурхан байдаг учраас галдаа буюу хүүхдэд эхэлж өгөлгүйгээр ажил үйлс бүтэхгүй, муу юм тохиолдоно хэмээн үздэг учраас цай хоолныхоо дээжийг өргөдөг. Мөн галаа маш цэвэр байлгах бөгөөд муу бузар буртаг хог түлж болохгүй. Гал бол хамгийн цэвэр байх ёстой бөгөөд ихэвчлэн малын  хатаасан баасыг цай чанахдаа хэрэглэдэг.

Мод түлэх боловч хуучин тулга хэрэглэдэг байхдаа голдуу аргал, төмөр зуух хэрэглэх болсноор мод түлдэг болжээ. Мод бол аргалаас илчтэй, хурдан болгодог бол аргал арай удаан зөөлөн болгодог.

Аргалын галаар цай чанах үед аргалын утааны амт цайнд шингэдэг. Аргалын утаа бол дангаараа 200 гаруй төрлийн нян устгадаг байна. Мөн нулмисны сувгийг цэвэрлэх, арьсыг толигор болгодог хэмээн үздэг.   

Монгол цайны салшгүй нэгэн орц болох ямааны борцыг ихэвчлэн аргалаар утдаг. Ингэснээр монгол цай уух үед борцноос нь аргалын утаа амтагддаг. Энэ нь ч бас Монгол цайны давтагдашгүй тансаг онцлог юм.

Монгол цайг буцалсных нь дараа зөөлөн гал дээр 100 самарч, дэгдэмхий рашааны мөн чанартай болгодог. 

                                        Шороо махбодь

Монгол цайны маш чухал нэг махбодь бол шороо юм. Үүнд давс, хужир 2 орно. Давс 99 гэмтэй, 1 эрдэмтэй, хужир 99 эрдэмтэй 1 гэмтэй ч гэж ярих нь бий. Монгол цайнд гал дээр тогоо тавьж, усаа үйсний дараа цайгаа хийгээд буцлахын алдад хужир хийдэг. Энэ үед цайны идээ усан дээр хөвөхөө больж, доош буудаг учраас БУУЛТ, ТООРОЙН БУУЛТ хэмээн нэрлэх нь ч байдаг. Цайнд мөн сүү хийгээд гаргахын өмнө ч хужир хийх бөгөөд хужир хийснээс цайны өнгө үл ялиг ногоон өнгөтэй болдог.

Монголчууд яагаад ариун цэврийн цаас хэрэглэдэггүй байсан бэ гэвэл гол нууц нь энэ цайны хужиртай нягт холбоотой. Хужир нь хүний шулуун гэдэсний ханан дахь наалдамхай чанарыг арилгадаг учир хүндээр бие зассаны дараа шулуун гэдэсний амсар орчимд юу ч үлддэггүй. 

Өглөө өлөн элгэн дээр хужиртай буцалсан ус ууснаар урд өдрийн хоолны үлдэгдэл, үл шингэсэн зүйлс туугдан гардаг.

Мөн хужир бол  олон жилийн турш угаалгын бодисыг орлож иржээ. Монгол цайг хичнээн хэмжээгээр ч уусан ер ямар нэгэн гэм оёг үүсдэггүйн учир нь хужиртай холбоотой. Хужиртай цай байнга хэрэглэдэг бүх насны хүнд зүрх судасны өвчин, даралт ихэсч, багасах өвчин эмгэг тохиолддоггүй. Тийм учраас 8 настай балчираас 80 настай буурал хүртэл цайг өргөн хэрэглэх нь эрүүл мэндийн асар их ач холбогдолтой болох нь хэдэн мянган жилийн түүхтэй нүүдэлчдийн туршлагаар батлагджээ.

Цайны хужрын найрлагад олон төрлийн давснаас гадна төмөр, зэс, цайр, иод зэрэг хүний биед хэрэгтэй олон төрлийн элемент ердийн давсны найрлагаас илүү байдаг. Тэгээд ч хужир бол хосгүй амттай. Гал махбодийг шороо махбодь дардаг учир галаа ноцохгүй бол атга давс галдаа хийдэг. Гал пурхийн дүрэлзэх чимээ бол Галын бурхан баярлаж байгаа чимээ юм.

                                     Төмөр махбодь

Төмөр бол хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн чухал махбодь. Энэ бол тогоо шанага, домбо завъяа, аяга халбага, хутга, тулга зуух гээд төмрөөр бүтээсэн монгол цайнд ордог бүхий л төмөр махбодийг нэрлэнэ.

Монгол цайны төмөр махбодийн дотор олон үеийн туршид зэс, гууль, алт их өргөн хэрэглэгдэж иржээ. Жишээ нь, Монголын сүүлчийн хатан Дондогдулам алтан тогоонд хонь ямааны сүү хөөрүүлж уудаг байжээ. Энэ нь эмэгтэй хүний махбодийг төлжүүлж, үр хүүхэд амар олддог гэдэг. Мөн ширмэн болон хайлшин тогоо хэрэглэдэг. Хөнгөн цагаанаар хийсэн тогоонд цай чанавал шүдэнд муу хэмээн үздэг. 

Зэс, гууль бол ходоод гэдсэнд маш сайн. Цай чанах явцад болон цайны халууныг хадгалахад хэрэглэдэг домбо дэвэр бол дулаан маш муу дамжуулдаг тул гар халаадаггүй, дулаанаа удаан барьдаг болно.
Монгол цайны дотор төмөр махбодь ороогүй ганцхан цай чанах тохиолдол байдаг бөгөөд  энэхүү аргыг аянчин жинчин болон бадарчингууд хэрэглэдэг. Галд чулуу улайтган, аягандаа ус хийж, идээ хийн, улайтгасан чулуугаа хийж чанадаг цорын ганц тохиолдол байдаг.

Ийнхүү 5 махбодиор монгол цай бүрдэх бөгөөд бас нэг монгол цайны орц бол сүү юм.

Хонь, ямааны сүүгээр цай сүлбэл тэжээллэг өег болдог.

Үнээний сүүг цайнд нийтлэг хэрэглэдэг. Үнээний сүү нь шингэц сайтай байдаг.

Сарлагийн сүү бол өтгөн бөгөөд тослог цай болдог.

Мөн цааны сүүгээр цай чанадаг. Цааны сүү бол хүний дархлааг сайжруулж, өлчир чийрэг болгодог.

Аян жинд явах, удаан хугацаагаар хол явах бол хуурай сүү бэлддэг. Ингэхдээ хонины сүүлийг нарийхан хэрчиж, тогоотой сүүнд зөөлөн гал дээр байнга хутгаж чанадаг. Энэ үед сүүний ус нь ширгэж, будагч бодис болон шим нь сүүлэнд шингэдэг. Ингээд хатааж, улмаар нүдэж чийг орохгүй илгэн уутанд хадгалдаг.

Мөн монгол цай бол эмчилгээний чанартай. Тухайлбал хий өвчин буюу нойр бага, сэтгэл тавгүй үед хий дарахын тулд давхар битүү хэмээх цай чанадаг. Энэ нь хонины 5 хуйх буюу толгой, шийр, өвчүү, уураг сүүл, баян түрүүний үсийг хуйхалж, гүзээнд нь хийн амыг нь уяад, хоёр тогоо хөмрөн давхар битүү маягаар чанана. Ингэсний хойно чанаж байгаа цайн дээрээ нөгөө давхар битүү 5 хуйхны шөлөө хийж, 100 самарна. Ингэснээр дэгдэмхий рашааны мөн чанартай өтгөн цай болно. Ийм цайнаас 3-4 аяга ууснаар бие тавирч, хий дарагдана. 

Гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг өргөхөөс гадна хээр хөдөө яваа эр хүн дээжийг нь эхэлж галдаа өргөнө. Лам хувраг хүн бол цайны дээжийг бурханд өргөхөөс гадна дараагийн шинэ чанаж байгаа цайндаа дээжээ оруулан таслахгүй чанадаг. Энэ уламжлал өнөө хир байгаа бөгөөд цайныхаа дээж, бурхны ундаа болсон цайны дээжээ таслалгүй байгаа газар бол Гандан хийдийн гал тогоо. 

Энэхүү лам нарын цайны соёл Гандан хийд байгуулагдсан өдрөөс эхлэн өнөөг хүртэл тасраагүй юм.
Монгол цайны тухай танд өчүүхэн төдий өгүүлэхэд ийм байна. Монголчууд минь цайгаа л эрхэмлэе. Архины оронд цайгаа идээний дээж болгоё. 

Энэ бол дэлхийд өөр хаана ч тохиолдохгүй 5 махбодь болоод сүүнээс бүрдсэн МОНГОЛ ЦАЙ.

Судлаач Г.Ням-Очир

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.