Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ жил ёкозүна зодог тайлах уу

Нөгөө талаас “4 ёкозүнагийн үе” нь сүмод үе солигдох болж байгааг анхааруулдаг.


Японы Осака хотод мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн эхэллээ. Япон ёкозүнатайгаас гадна энэ башё 17 жилийн дараа 4 ёкозүна барилдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Сүмогийн урт удаан түүхэнд урьд өмнө 15 удаа л 4 аварга нэгэн зэрэг барилдаж байжээ. Гэхдээ энэхүү 15 тохиолдлын 10-д нь “Дөрвөн ёкозүнагийн үе” нэг жилийн дотор өндөрлөж байв. Өөрөөр хэлбэл ганц жилийн дотор хэн нэг нь зодог тайлахаас өөр аргагүй болсон гэсэн үг. Энэ нь дөрвөн аварга нэгэн зэрэг барилдах нь маш хэцүү гэдгийг яруу тодоор харуулж байгаа юм.
“Ёкозүна” хэмээх цол банцүкэд анх тэмдэглэгдсэн нь 1890 он. Гэхдээ дохёнд гарах ёслол хийх бөхөд олгодог нэр төдий зүйл байсан юм. Харин 1909 оноос эхлэн сүмогийн хамгийн дээд цол болон албан ёсоор батлагдсан билээ. 1917 оны зун буюу яг 100 жилийн өмнө анх удаа Тачияма, Оотори, Нишиноүми, Оонишики гэсэн 4 аварга башёд барилдсан. Гэхдээ тэдний үе хоёр башё л үргэлжилжээ. Тэр цагаас хойш хамгийн удаан үргэлжилсэн  “4 ёкозүнагийн үе” бол 1955 оны Хацү башёгоос 1958 оны Хацү башё хүртэл үргэлжилсэн Чиёонояма, Кагамисато, Ёшибаяма, Точинишики нарын үе байлаа. Тэд 3 жил 14 башё өрсөлдсөн. Харин Кашивадо, Тайхо, Точиноүми, Саданояма аваргууд 11 башё хамт барилдсан байна.

“4 аваргын үе”-ийг харахад дунджаар 5 башёд л дуусаж байсан байх аж. Хамгийн сүүлд Акэбоно, Таканохана, Ваканохана, Мүсашимарү нар ч таван тэмцээний дараа л дууссан. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката буюу Хокүтоми ёкозүна асан өөрөө “4 аваргын үе”-д долоон башё барилдсан туршлагатай хүн. Тэрбээр “Аваргууд бүгд хүчтэй сайн хэвээр байгаасай гэж хүсч байна. Хоорондоо барилдах хүртлээ хэн нь ч өвдөг шороодохгүй бол сайн” гэж ярьсан. Гэхдээ тийм амар юм гэж юу байх вэ. Бүх аварга амжилттай сайн барилдаад байна гэдэг хэцүү. Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс энэ жилдээ аль нэг ёкозүнад амжилтгүй барилдаж байгаа тул зодог тайл гэсэн анхааруулга өгөх магадлал тун өндөр. Харин тэр нь хэн байх бол? Энэ утгаараа 2017 он ёкозүна нарын хувьд тун хэцүү, дарамттай жил болох нь. Гэмтэж бэртэн, тэмцээн алгасахаас эхлээд хэд унахад л тэднийг зодог тайл гэж шахаж эхлэх болно. Япон аварга байна, одоо энэ олон ёкозүнагийн хэрэг алга гэж буй мэт л. Магадгүй Кисэносато өөрөө ч ёкозүна болсноороо зодог тайлах цагаа ойртуулсан байх. Дээр дурдсанчлан сүмогийн түүхээс харахад “4 ёкозүнагийн үе” удаан үргэлжилдэггүй. 1990 онд Чиёонофүжи, Хокүтоүми, Оонокүни, Асахифүжи гэсэн 4 аваргын үе таван башё л үргэлжилж, Чиёонофүжи зодог тайлснаар өндөрлөсөн. Дараа нь 1999 оны Нагоягаас эхэлсэн Акэбоно, Таканохана, Мүсашимарү, Ваканохана нарын үе мөн л таван башё үргэлжлэн, Ваканохана зодог тайлснаар хөшгөө хаасан түүхтэй. Тэгэхээр энэ удаагийн “4 аваргын үе” мөн таван башё буюу ирэх 1 дүгээр сарын тэмцээнд хэн нэгэн аварга зодог тайлснаар дуусна гэж шинжээчид таамаглаж байна. 

Харин тэр аварга нь хэн бол? Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн Мория Хидэшигэ “Хүчтэй аварга нь ялж, сул дорой нь ялагдана гэсэн тун ойлгомжтой үед сүмо бөх орлоо. Дөрвөн аваргын үе удаан үргэлжлэхгүй” гэж хэлсэн. Доороос шинэ залуучууд олноор гарч ирж байгаа энэ үед сул ёкозүнатай байх нь холбоонд эдийн засгийн алдагдалтай. Учир нь маэгаширад ёкозүна ялагдах бүрт холбооноос ялсан бөхөд мөнгө өгдөг. Өнгөрсөн тэмцээнд долоон маэгашира бөх ёкозүнаг унагаасан.  
Нөгөө талаас “4 ёкозүнагийн үе” нь сүмод үе солигдох болж байгааг анхааруулдаг. Чиёонофүжи, Хокүтоүми, Оонокүни, Асахифүжи нар ээлж дараалан зодог тайлснаар 1992 оны Нагояд ёкозүнагүй болсон байлаа. Ингээд л Акэбоно, Таканохана нар тодрон, шинэ үе гарч ирсэн. Тэдний дараагийн “4 ёкозүна үе” Ваканохана зодог тайлснаар дуусаж, аваргуудад дарагдаж байсан Кайо, Мүсояма нар озэки болон, удалгүй Асашёорюү гарч ирсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
29
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.