Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

“Наран трейд”-ийн захирал О.Удвал 27 жилийн бизнесийн туршлагаа хуваалцаж байна


“Наран трейд” компанийн гүйцэтгэх захирал О.Удвал өөрийгөө хатан биш ажилчин зөгий гэж боддог тухайгаа бизнес эрхэлдэг бүсгүйчүүдэд хэлэв. Тэрбээр “Women in Business 2017” үдэшлэгт ирсэн бизнес эрхэлдэг залуу бүсгүйчүүдэд эмэгтэй хүн хэрхэн бизнес хийдэг талаарх туршлагаасаа хуваалцсан юм. 

Үдэшлэгт оролцсон бизнес эрхлэгч бүсгүйчүүд болон “Гэрэг” сэтгүүл, "Ub.life" сайт түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна. 

Би өөрийгөө ажилчин зөгий гэж боддог. Энд ирсэн охид миний ижил ажилчин зөгийнүүд байх аа. Хатан зөгий биш шүү. Тиймээс бидний жаргал зовлон нэг байж магадгүй юм. Хийж буй ажил, зорьж буй зүйл маань ижил байх гэж бодож байна. Бизнес эрхэлсэн туршлагаа Та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. 

Би худалдааны үйлчилгээний салбараас бизнесийн гараагаа эхэлж, 27 жил ажиллажээ.  Хувийн бизнес эрхлэхийн хамгийн сайхан зүйл нь хэзээ ч тэтгэвэрт гардаггүйд оршдог юм байна. Арван жил болон дээд сургуулийн  найзууд маань хэдийнэ  тэтгэвэрт суусан. Харин би “Үүргэвчтэй аялал”-ын Г.Ганхүүтэй “Hard rock” кафе нээгдэхэд тааралдсан шүү дээ. 

Хүн зүс царай, байгалийн жамаараа хөгширдөг ч залуучуудтай хамт ажиллахад сэтгэл санаагаараа хөгширдөггүй юм билээ. Залуучуудаас маш их эрч хүч авдаг. Мөнхийн ажил хөдөлмөртэй байлгадаг нь бизнес эрхлэхийн хамгийн том давуу тал юм шүү. Бурхны оронд очтолоо ажиллана даа гэж бодож байгаа. 

“Prime pictures” компанийн асуулт: 

-Бизнесийн байгууллагад ажиллахад таны ментор хэн байсан бэ. Худалдаа үйлчилгээний салбарт ороход хэн таныг чиглүүлсэн бэ?

-Монгол Улс 1990 онд зах зээлд дэвшин ороход “Наран шоп”-оос ажлаа эхлүүлж байлаа. Гэр бүлийн бизнес байсан юм. Миний хамтрагч манай нөхөр шүү дээ. Манай нөхөр тухайн үед Гадаад худалдааны яаманд мэргэжилтэн, улмаар хэлтсийн дарга хийж байсан. Барууны орнуудтай худалдаа хийж байсан учраас худалдааны бизнес эрхлэхэд тус дөхөм болсон. Тухайн үед “Хотш” банкнаас 8000 ам.долларын зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Худалдаа, үйлчилгээний салбарын онцлог нь хүн бүрийн нүдэнд ил ажилладаг. Ил тод харагддаггүй бизнесүүд ч байдаг шүү дээ.  Тухайлбал, уул уурхай салбарын бизнес хүний нүдэнд харагдахгүй ч бүтээн байгуулалт хийж байдаг. Энэ салбарт ажиллаж, хүнд бизнес эрхэлж буй хүүхнүүд ч зөндөө бий. Тэдний нэгтэй өнөөдөр уулзсан. Хүнд салбарт ажиллаж буй хүүхнүүдээр бахархахгүй байхын аргагүй. 

Бизнес эрхэлдэг бүсгүйн асуулт:

-Эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспорт хийх боломж манай монголчуудад байдаг байх. Ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Манай компанийн хувьд импортын бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс экспортын туршлага бага байна, үнэнийг хэлэхэд. Гэхдээ сүүлийн хэдэн жил өөрийн брэнд бий болгохоор зорьж байна. Брэнд бий болгоход асар их өртөгтэй байдгийг юуны өмнө хэлье. 

Манайд орж ирээд гурван жил болсон “Tulip” гэдэг үсний будгийг хамгийн эхлээд нэрлэж болно. Үсний будаг хийдэг үйлдвэрүүд дэлхий дээр өчнөөн бий болжээ. Тэд нэр хүндтэй брэндийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх захиалга авдаг юм. Тэдний нэг болох Италийн дэлхийд нэртэй том үйлдвэрт “Tulip” будгийн захиалга өгч, дотоодын зах зээлд амжилттай гаргаж байна. 

Өмнө нь “Stimorol”, “Dirol” зэрэг бохийг зах зээлд нийлүүлдэг байлаа. Брэнд болгоод, борлуулалт сайжрах үеэр өөр айл булаагаад авчихсан. Тухайн компанийнх нь менежерийн халаасанд хээл, хахууль өгч байгаад булаагаад авчихдаг юм байна билээ. Тэгтэл тухайн үед манай компанид дистрибьютерийн баг ажиллаж байлаа шүү дээ. Агуулах сав, машин тэрэг нь ч байсан. Тэднийг ажилгүй болгож байгаа юм. Ингээд өөрийн брэнд үүсгэх нь дээр юм байна гэж бодсон.  Ингээд бид “Dr Rolls” гэж бохь гаргаж ирсэн. Хамгийн гол нь “Dirol” болон “Stimorol-ийн үйлдвэрээр хийлгэж байна. Тэгэхээр амт, чанар ижил гэсэн үг. Мөн зах зээлд хямд гарч байгаа.  

Энэ мэтээр барааг гадаад зах зээлд үйлдвэрлээд, дотоодод зарж болдог. Монголын үйлдвэрүүд энэ бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн хийж, цаашдаа ч хөгжих ёстой. 

“Гэрэг” сэтгүүл, "Ub.life" сайтын асуулт: 

-Үнэнээ хэлж ажиллах зарчмын талаар Та өмнө нь ярьж байсан. Энэ зарчим манай монголчуудад дутагдалтай байх шиг анзаарагддаг? 

-Анх бид Япон компанитай хамтарч ажилласан юм. Япон менежерүүдтэй ний нуугүй ойлголцох гэж хичээсээр байгаад таван жилийн хугацаанд тэднээс олон зүйл сурсан. Үүний дараа баруун Европын хөрөнгөтөн орны компаниудтай хамтарч ажилласан юм. Ерөөсөө л бүх юм ил тод. Илэн далангүй ойлголцох ёстой. 

Харин монголчуудын нэг дутагдал бий. Таг чиг болоод алга болчихдог. Захиа бичээд байхад хариу өгдөггүй. Сайн эсвэл муу байгаа нь мэдэгдэхгүй. Гадныханд чимээгүй байна гэдэг бүх юм OK, сайн байна гэсэн үг шүү дээ. Гэтэл Монголд чимээгүй байна гэдэг хамаг юм муу болчихдог. 

Тиймээс бид өөрийн компанийн ажилчдад ямар нэг зүйл болохгүй бол хурдан мэдээлж бай гэж захидаг.Амьд харилцаатай байснаар болохгүй бүтэхгүйгээ ярилцаж чаддаг: Хугацаа алдахгүй, асуудлыг түргэн шийдэх боломж олгодог. Илэн далангүй байх соёлыг барууны компаниудаас сурсан. 
 
-Бизнес хийж байхад шантрах үе танд байсан байх. Тэр үедээ өөртөө юу гэж хэлж, бэрхшээлийг даван гардаг байсан бэ? 

-Зоригтой бай, хийсэн юмныхаа ард гарч сураарай гэж хэлмээр байна. 

Бизнес хийж байхад шатах үе зөндөө бий. Гэхдээ өөр юм хийж болно шүү дээ. Энэ салбараа орхиод, өөр зүйл хийх хэрэгтэй. Судалгаа хийх чухал шүү. Мөн гадагшаа явж юм үзэх хэрэгтэй. Юм үзэж нүд тайлснаар зөндөө олон бизнес байгааг олж харна. 

Манай Монголын зах зээл залуу, 20 гаруйхан настай. Гэтэл 200 гаруй настай хөрөнгөтөн орнуудад бизнес хийж болж байхад манайд байгаа гэсэн үг биз. 

Манай зах зээл жижиг боловч, бизнес хийх хэрэгтэй. Үйлдвэр байгуулаад, экспортод бүтээгдэхүүнээ гаргаж болно. Зөвхөн уул уурхайгаас шалтгаалсан бус олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес байж болно.

Жишээ нь, боловсролын салбарт ч бизнес хийх орон зай байна гэж би бодож байгаа. Хувийн сургуулиар бизнес хийдэг улс орнууд ч бий. Бид энд сургууль байгуулаад, гаднаас багш урьж авчирч болно. Бодож, сэдвэл бизнесийн орон зай маш их байна. 

-Эдийн засгийн нөхцөл байдал энэ онд сэргэх болов уу?

-Эдийн засгийн хямрал 2015 оноос хойш өдийг хүртэл улам даамжирч ирлээ. Эдийн засгийн хямралын үеэр компаниуд их хэмжээгээр ажилтнуудаа цомхтгож, ажлын байргүй болж байна. Ажилгүйдэл их байна. Олон хүн гадаадад ажил хийхээр тэмүүлж байна шүү дээ. 

Манай төр, засгийн мэдээлэл нууц, хумигдмал байна. Эсвэл худлаа мэдээлэл тараах юм. Нэг юм яриад, тэрнээсээ буцдаг. УИХ-д 65 суудалтай нэг нам гарчаад байхад хүртэл нэг үгээр ярьж чадахгүй байгааг Та бүхэн ч анзаарч буй байх. Олон байр суурь харагдаж байна шүү дээ. Өмнө нь Ардчилсан нам байхад ч яг ийм нөхцөлд байсан шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав эрс, тэс байр суурьтай, хоорондоо хагаралтай байгаа нь ажиглагддаг. Нэгнийхээ хэлсэн үг, хийх ажлыг байнга үгүйсгэх юм. Улс орныхоо төлөө нэг баг болж ажиллаж чадахгүй байна. Надад ямар ашигтай вэ гэсэн зарчмаар хөдөлж байгаа учраас төр бизнесийг баллаад байна. Төрийн бодлогоос шалтгаалаад бизнес эрхэлж буй жирийн хүмүүс мөрөөрөө ажлаа хийх боломжгүй болж байна. 

Манай компанийн хувьд ярихад л өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад борлуулалт 50 хувиар буурчээ. Бид жил бүр бизнесийн төлөвлөгөө хийдэг. Тэгтэл энэ жил ямар ч барьц алга.

-Компаниуд эрсдэлийн удирдлагаа сайжруулж, хямралыг даван гарах гэж оролдож байна. “Наран трейд” компани ямар алхам хийж байна вэ?

-Шуудхан хэлэхэд ичиж, зоволгүй л зардлаа хасаж байна. Манай цахилгааны төлбөр сард 15 сая төгрөг гардаг юм. Урсдаг шат маш их цахилгаан хэрэглэдэг учраас ажиллуулахгүй байгаа. Урсдаг шатаа хаахад дэлгүүр орох хүн цөөрч байна. Гэхдээ урсдаг шат тойроод цахилгаан шат бий шүү дээ. Лифтээр зорчооч гэсэн самбар хадаж, зардлаа хасаж байна. Үнэнээ хэлээд, урсдаг шатаа хаалаа гэж зарим үйлчлүүлэгчдээ тайлбарлахад “Үнэнээ хэлсэнд баярлалаа” гээд ойлгоод, л өнгөрдөг. Мөн зарим дэлгүүрийн ажилтнуудын ажиллах цагийг богиносгох арга хэмжээ авсан. Энэ мэтээр зардлаа хэмнэж, хямралыг даван туулахаар оролдож байна. 

Манай компанид харагдаж байгаа өөр нэг жишээг дурдъя. Бүтэн нэг жил “Naran palace” гээд барилга барихаар ажиллаа. Эдийн засгийн хямралаас шалтгаалаад гурван орцтой байрныхаа нэг орцыг л ашиглалтад оруулсан байна. Таван давхар үйлчилгээний төвийн гурвыг ашиглалтад оруулсан.Энэ мэтээр бололцоондоо тулгуурлаж, аажуухан ажиллаж байна. Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж байгаа нь энэ шүү дээ. 

-Бизнесийн орчин хэцүүдэж байгааг төр, засгийнханд дуулгах хэрэгтэй биз дээ?

-Манай компани МҮХАҮТ-ын гишүүн байгууллагаар 20 гаруй жил ажиллаа. Бид танхимаараа дамжуулж болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг уламжилсан. Гэхдээ бидний хэлж буй зөвлөгөөг хүлээн авч буй хүн алга. Ямар сайндаа Засгийн газартай нэг ширээний ард суугаад хэлэлцээр хийе гэж хүртэл ярьж байх вэ дээ. Өмнө нь 1990 онд Ардчилсан хувьсгал гарахад Хувьсгалт намынхантай нэг ширээний ард суугаад хэлэлцээр хийж байсан шүү дээ. Үүнтэй ижил хэлэлцээр хиймээр байгаа юм. 

Хэлэлцээрийн ширээний ард авилгал, хээл хахуулиа яаж арилгах, офшор дансанд байгаа мөнгөө оруулж ирэх эсэхийг ний нуугүй ярилцмаар байна. Мөн зарим хүнтэй хариуцлага тооцох эсэхийг ч хэлэлцмээр санагддаг. Жишээ нь, офшор дансанд мөнгө хийчхээд Элчин сайдын тушаалаар шагнуулаад байгаа хүн ч бий шүү дээ. Бид л шахаж, энэ бүгдийг хийлгэхгүй бол улстөрчдийн хүч хүрэхгүй байгаа бололтой. Эсвэл бүгд орооцолдчихсон байдаг ч байж мэднэ. Үнэндээ улсынхаа сайн сайхны төлөө юу ч хийхгүй байна. Номхон ард түмнийг ноолж байхад болж байдаг гэж бодчихсон бололтой. Засгийн газартай халз уулзах хэрэгтэй байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
16
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.