Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

САЙХАН БИЕ: Таны хувьд гоо үзэсгэлэн гэж юу вэ?

Энэхүү асуултыг "Сайхан бие" үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн хүмүүсээс асуулаа. Хариулт нь энэ:


Танхим руу ормогц та бидний сайн мэдэх түгээмэл төрхүүд угтах болно. Суганы үс, духан дахь үрчлээ, унжсан арьс гээд л... Энэ бүгд хүн бүрт байдаг, байх ч ёстой зүйлс. Харин эдгээрийг яагаад ч юм нууж, далдаж, хэн нэгэн “сайхан эмэгтэй” гэх нийгмийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн нэгнийг дуурайхыг нийгэм биднээс шаардаж байдаг. Тэгвэл энэ бүх гоо сайхны тухай түгээмэл төсөөллийг эвдэж, хүн эхээс төрсөн энэ биеэ хайрлан, хэнээс ч санаа зоволгүй сэтгэл хангалуун байх ёстойг “Сайхан бие” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд бидэнд эргэн сануулж байна.

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын бүтээлч бүсгүйчүүдийн санаачилсан “Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр “UB” арт галерейд нээлтээ хийлээ. “IC creative division” гэрэл зургийн студитэй хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй эл үзэсгэлэн энэ жил АНУ-ын Элчин яамны санхүүжилттэй зохион байгуулагдаж байгаа юм.

"Сайхан бие” үзэсгэлэнд гэрэл зургууд нь тавигдсан монгол эмэгтэйчүүд өөр өөр цаг үеийн гоо сайхныг илэрхийлсэн уран зургуудыг өөрсдийнхөөрөө дахин амилуулж, гоо сайхны үнэлэмжийн тухай тогтсон ойлголтыг өөрчлөхийг зорьсон юм. Өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бид хүмүүсээс гоо сайхны тухай ойлголт болоод үзэсгэлэнгийн тухай сэтгэгдлийг авснаа хүргэж байна. Та ч бас өөрөөсөө “Гоо үзэсгэлэн гэж юу вэ” гэх асуултыг асуугаад үзээрэй. Хариултаа доор комментоор үлдээхээ мартуузай!


Биатрис Кэмп

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны даргын үүрэг гүйцэтгэгч

Гоо үзэсгэлэнгийн тухайд:

Миний хувьд гоо үзэсгэлэн гэдэг бол надад сайхан мэдрэмж, аз жаргалыг бэлэглэдэг зүйл. Гоо үзэсгэлэнгийн ойлголтын тухайд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хурцаар хөндөгдөх болжээ. Хөгшин залуу хамаагүй янз бүрийн бие, царай төрхийг сурталчилж, өөрийгөө хайрлахыг уриалсан олон ажил хийгдэж байгаад их баяртай байдаг. Бид өөр өөрийнхөө гоо үзэсгэлэнг олж харах хэрэгтэй.

“Сайхан бие” үзэсгэлэнгийн тухайд:

Эгэл жирийн монгол бүсгүйчүүд энэ төсөлд гар бие оролцож, өөрийн биеэр урлагийн бүтээлүүдийг амилуулж буй нь маш зоримог алхам болсон. Үзэсгэлэнг ирж үзсэн хүн бүр түүхэн дэх эмэгтэй хүний гоо сайхны үнэлэмж хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг олж харах болов уу. Ийм бүтээлч, урлагийн хэлбэрээр эмэгтэй хүний гоо сайхны үнэлэмжийн тухай асуудлыг хөндөж байгаад их баяртай байна.


Д.Бумаа

Монголын үндэсний музейн судлаач

Гоо үзэсгэлэнгийн тухайд:

Гоо үзэсгэлэн гэдэг бол цогц ойлголт. Залуу охид олон нийтийн хэрэгслээр үргэлж хардаг өндөр, туранхай эмэгтэйчүүд шиг болохыг хүсдэг болсонд тэднийг буруутгах аргагүй. Харин эцэг эх нь хүүхдээ багаас нь өөрийгөө хайрлах ухаанд сургаж, буй байгаа нь гоо үзэсгэлэн юм шүү гэдгийг ойлгуулж байгаасай.

“Сайхан бие” үзэсгэлэнгийн тухайд:

Эмэгтэй хүн өөрийнхөө гоо үзэсгэлэнг олж хараад, түүндээ сэтгэл хангалуун байгаасай гэж уриалж буй нь их таалагдлаа. Мөн чөлөөтэй, зоримог бай гэсэн уриа нь олон эмэгтэйчүүдэд урам зориг өгөх байх.


Ж.Адъяасүрэн

КАС ТББ-ийн гишүүн

Гоо үзэсгэлэнгийн тухайд:

Гоо сайханы тухай тогтсон ойлголт эмэгтэйчүүдийн хувьд хурцаар яригддаг ч эрчүүдийн хувьд ч тулгардаг асуудал. Гоо үзэсгэлэнг шууд нэг үг, өгүүлбэрээр тодорхойлоход хэцүү шүү дээ. Би яг юу гэж тодорхойлохоо сайн мэдэхгүй л байна. Хүн бүрийн үнэлэмж өөр болохоор тодорхойлоход хэцүү байх. Байгаадаа сэтгэл хангалуун, итгэлтэй байж, аливааг хайрцагнаас гадуур сэтгэх нь чухал.

“Сайхан бие” үзэсгэлэнгийн тухайд:

Нийгэмд энэ асуудлыг хөндөж, олны өмнө дэлгэн харуулж байгаагаараа энэ үзэсгэлэн их онцлог санагдлаа. Хэн нэгэн нийгэмд түгээмэл байдаг энэ сэдвийн хажуугаар чимээгүй өнгрөлгүй, ийм бүтээлч байдлаар хөндсөн нь таалагдаж байна.


Б.Халиун

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ийн гишүүн

Гоо үзэсгэлэнгийн тухайд:

Бид бүгд хүний биеийн олж төрсөн нь өөрөө гоо үзэсгэлэн гэж би боддог. Хэрвээ бурхан биднийг бүтээдэг бол, аль эсвэл ямар нэг байгалийн шалгарлаар бид бүтээгдсэн бол энэ байгаа маань л төгс төгөлдөр шүү дээ.

Нэг судалгаанд дурдсанаар хүн өдөрт давхардсан тоогоор 4000 гаруй сурталчилгаа хардаг гэсэн байсан. Үүний дийлэнх дүр нь эмэгтэй хүн, тэр дундаа загвар өмсөгч, модел эмэгтэйчүүд байдаг. Энэ нь цаагуураа эмэгтэйчүүдийн тархинд “Чи ийм өндөр, туранхай болох ёстой. Тэгж байж л чи гоо үзэсгэлэнтэй болно” гэсэн мессежийг өгч байдаг.

“Сайхан бие” үзэсгэлэнгийн тухайд:

Би олон нийтийн хэрэгслээр үргэлж гардаг “гоо үзэсгэлэн” гэх тогтсон ойлголтод нийцэхийн тулд олон золиос гаргаж байсан. Өсвөр насны охин байхдаа жингээ нэмэхгүйн тулд хоолоо хорих, туулга уух гээд маш олон эрсдэлтэй алхам ч хийж байсан. Бүсгүйчүүд туранхай л байвал сайхан, гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэх тогтсон ойлголтын золиос болж байна. Харамсалтай нь энэ сэдэв одоог хүртэл асуудал хэвээр байна. Энэ ойлголтыг багахан ч гэсэн өөрчилж, хүн оршин буй байгаа нь сайхан юм шүү гэдэг санааг нийгэмд түгээх зорилгоор бид энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаа юм.

Бид боловсол, эрүүл мэнддээ зарцуулж болох мөнгөөрөө хуурамч гоо сайхныг худалдан авч, телевизээр гарсан хэн нэгийг дууриах гэж хичээж байна. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй.


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: "Сайхан бие" үзэсгэлэнд тавигдсан зургуудын 22 эх бүтээл ба тэдний тухай

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
16
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.